Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 362

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа би

Нэхэмжлэгч Улаанаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16А байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, 7-р багт байрлах Далайн хөгжил хоршооны  захирал С.Мөнхбаатар /ЗП79122618/-д холбогдох

24314940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 14-ний  өдөр хүлээн авч, 2017 оны 08 сарын 21-ний өдөр 139/2017/00329 дугаарын индекстэй иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Мал хамгаалах сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сангаас О.Оюунчимэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2011 оны 07 сарын 20-ны өдрийн А/132 тоот тушаалыг үндэслэн иргэн, аж ахуй нэгжид хөнгөлттэй нөхцөлөөр олгосон зээлээс 40000000 төгрөгийн зээлийг ММХ-02/2011/17 тоот зээлийн гэрээг байгуулан Далайн хөгжил хоршооны захирал гэх нэр дээр жилийн 6 хувийн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлөөр авсан байна. О.Оюунчимэг нь үндсэн зээлээс 23790000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлөөгүй. Иймд зээлийн үлдэгдэл 16209960 төгрөг, алданги 8104980 төгрөг, нийт 24314940 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Хариуцагч нь зээлийн барьцаанд дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, сумын төвд 1776м2 талбайтай агуулах, үйлчилгээний барилга /000088910 гэрчилгээний дугаартай, Ү-0813000046 улсын бүртгэлийн дугаартай/, 1260м2 талбайтай эзэмшлийн газар /0208410 гэрчилгээний дугаартай, Г-0813000527 улсын бүртгэлийн дугаар/, 600м2 талбайтай эзэмшлийн газар /0076131 гэрчилгээний дугаартай, Г-0813000526 улсын бүртгэлийн дугаар/, 300м2 талбайтай эзэмшлийн газар /0076135 гэрчилгээний дугаартай, Г-0813000525 улсын бүртгэлийн дугаар/-тай эд хөнгүүдийг барьцаалсан. Эдгээр эд хөрөнгөнөөс болон ММХ-02/2011/17 дугаар бүхий барьцааны гэрээний 4.2, 4.3 дахь заалтад заасны дагуу барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус сан нь Далайн хөгжил хоршооны захирал О.Оюунчимэгийг шүүхэд хариуцагчаар татах нэхэмжлэл гаргасан. Гэвч тус хоршооны одоогийн захирал нь С.Мөнхбаатар /РД:ЗП79122618/ байх тул хариуцагчийг сольж 2017 оны 09 сарын 25-ны өдөр С.Мөнхбаатартай байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Далайн хөгжил хоршооны дарга С.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Далайн хөгжил хоршоо нь 2011 онд Мал хамгаалах сангаас 40000000 төгрөгийг 4 жилийн хугацаатай авсан боловч зээлийн үлдэгдэл 16000000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрсэн байсан ба тус сангаас иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж зээл төлүүлэх талаар хандсан байна. Манай хоршоо Мал хамгаалах сантай биечлэн уулзан 2017 оны 09 сарын 25-нд эвлэрлийн гэрээ байгуулж зээлийг 2017 оны 12 сарын 15-нд багтаан төлж барагдуулахаар тохиролцсон учир дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагч Далайн хөгжил хоршооны дарга С.Мөнхбаатар нар нь эвлэрлийн гэрээндээ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй Далайн хөгжил хоршооны захирал О.Оюунчимэгт холбогдох 24314940 төгрөгийн зээлийн гэрээний нэхэмжлэлд талууд харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Далайн хөгжил хоршооны одоогийн захирал нь Санжмятав овогтой Мөнхбаатартай эвлэрлийн гэрээг байгууллаа.

Эвлэрлийн гэрээнд тохиролцсон байдал: Нэхэмжилж буй 24314940 төгрөгөөс харилцан тохиролцож 5104940 төгрөгийг хасаж нийт 19200000 төгрөг дээр дараах байдлаар харилцан тохиролцлоо. 2017 оны 10 сарын 15-ны дотор 6400000 төгрөг, 2017 оны 11 сарын 15-ны дотор 6400000 төгрөг, 2017 оны 12 сарын 15-ны дотор 6400000 төгрөгийг Мал хамгаалах сангийн Төрийн сангийн 100900019044 тоот дансанд тушааж тухай бүрд нь мэдэгдэж байх. Хариуцагч Далайн хөгжил хоршооны захирал С.Мөнхбаатар нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болон огт гүйцэтгээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар барьцаа хөрөнгөнөөс албадан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон болно.

Энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагч Далайн хөгжил хоршооны дарга С.Мөнхбаатар нар нэхэмжлэлийн шаардлага болох 24314940 /хорин дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгөөс 5104940 /таван сая нэг зуун дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий татгалзаж, үлдэх 19200000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2017 оны 10 сарын 15-ны дотор 6400000 төгрөг, 2017 оны 11 сарын 15-ны дотор 6400000 төгрөг, 2017 оны 12 сарын 15-ны дотор 6400000 төгрөгийг Далайн хөгжил хоршооны дарга С.Мөнхбаатар бүрэн төлж барагдуулах, хариуцагч Далайн хөгжил хоршооны захирал С.Мөнхбаатар нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болон огт гүйцэтгээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар барьцаа хөрөнгөнөөс албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий, хариуцагч Далайн хөгжил хоршооны дарга С.Мөнхбаатар нарын нэхэмжлэлийн шаардлага 24314940 /хорин дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгөөс 5104940 /таван сая нэг зуун дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Өлзий татгалзаж, үлдэх 19200000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2017 оны 10 сарын 15-ны дотор 6400000 төгрөг, 2017 оны 11 сарын 15-ны дотор 6400000 төгрөг, 2017 оны 12 сарын 15-ны дотор 6400000 төгрөгийг Далайн хөгжил хоршооны дарга С.Мөнхбаатар бүрэн төлж барагдуулах, хариуцагч Далайн хөгжил хоршооны захирал С.Мөнхбаатар нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болон огт гүйцэтгээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар барьцаа хөрөнгөнөөс албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Мал хамгаалах санг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 19200000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 253950 /хоёр зуун тавин гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь буюу 126975 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун далан тав/ төгрөгийг Далайн хөгжил хоршооноос гаргуулж улсын төсөвт оруулсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

   ШҮҮГЧ                         Г.БАЯРДАВАА