Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 0517

 

 

  

 

 

 

 

 

2019 он 08 сарын 26 өдөр                                            Дугаар 128/ШШ2019/0517                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “И Э П С” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч “И Э П С” ТББ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[1]:

1. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байхад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжинд байрлах  И Э П С -гийн барилга болон Л  ЕБДС-ийн барилгуудын хоорондын хэсгийн, мөн  И Э П С  сан-гийн барилгын баруун талд байгаа нийтийн эзэмшлийн хэсэг газрыг бүгдийг нь Л  сургуульд эзэмшүүлэх буюу ашиглуулахаар байгуулсан 2018 оны гэрээг илт хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгох.

2. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны дарга Э.Б-аас  И Э П С  сан ТББ-д ирүүлсэн Зам талбай чөлөөлж хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01- 06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох;

 И Э П С  Сан ТББ нь 1993 оноос хойш 25 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа англи хэлний IELTS олон улсын шалгалтын Монгол Улс дахь албан ёсны төв юм. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 540 м.кв газрыг эзэмшиж, өөрийн өмч болох сургуулийн зориулалттай барилгыг 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 17 жилийн туршид англи хэлний олон улсын шалгалт, гадаад хэлний сургалтуудыг зохион байгуулж иргэдийн боловсролыг дэмжсэн олон талт үйл ажиллагаа явуулж байна.

Анх сургуулийн барилгаа барих үед манай барилгын баруун талд нийтийн орон сууцнууд, зүүн талд Монгол Улсын Их Сургуулийн спорт заалны барилга баригдсан, урд болон хойд талд ойр орчимд ямар нэг барилга, авто болон явган хүний зорчих зам байгаагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд бид ямар нэгэн зам, талбай хааж нийслэл хотын төлөвлөлт, олон нийтийн, бусад байгууллага, хувь хүний эрх ашгийг зөрчсөн үйлдэл, мөн газар эзэмших, төлбөр төлөхтэй холбоотой ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно.

Хожим нь манай барилгын урд талд нийтийн орон сууцны барилга, хойд талд одоогийн Л  нэртэй хувийн Ернөхий боловсролын дунд сургуулийн барилга тус тус шинээр баригдсан. Тэдгээрийн эзэмшилд хамаарах хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, контейнерууд зэрэг объектууд бий болж Монгол Улсын Боловсролын ИХ Сургуулийн барилгатай зах нийлснээр манай барилгын зүүн талаар автомашин, явган зорчигчид урагшаа, хойшоо нэвтрэх хөдөлгөөн хязгаарлагдсан юм.

Баруун талаасаа манай барилгын доод талд байрлах гаражд машин нэвтрэх замын хэсгийг эс тооцвол тал бүрээс хашигдаж, хөл хөдөлгөөн багатай болсон нийтийн эзэмшлийн энэ хэсэг газарт төвийн шугамаас салаалсан Монгол Улсын Боловсролын ИХ Сургуулийн спорт заал, манай барилгын дулааны болон цэвэр бохир усны шугамууд, зангилаа худгууд байрладагаас түүнийг арчлан хамгаалах шаардлагатай байдаг бөгөөд Монгол Улсын Боловсролын ИХ Сургуулийн аж ахуйн ажилтнуудтай хамтран бид энэ үүргээ биелүүлсээр ирсэн.

Гэвч орон гэргүй тэнэмэл хүмүүс худагт орж байрлах, мөн түлэгдэж осолдох, оройн цагаар согтуу хүмүүс бөөгнөрч зодоон хийх, манай барилгын гаражийн пандусын хэсэгт сууж архи ууцгаах, ил задгай бие засч хог тарих, тус байгууллага дээр олон улсын шалгалт явагдаж байх үед их дуу чимээ гаргах зэрэг нийтийн эрх ашигт саад учруулсан сөрөг үйлдлүүд ихээр гарах болсон тул бид хашаа барьж өнөөдрийг хүртэл зэрлэг ургамал, хог хаягдлыг цэвэрлэх зэргээр байнга арчлан хамгаалж ирсэн.

Мөн манай сургуулийн барилгын баруун тал буюу гол хаалга үүдний хэсэгт шалгалт өгөх, сургалтад хамрагдах олон хүний аюулгүй байдлыг хангах, цэвэр бохир усны шугам хоолойг хамгаалах, өөрсдийн тарьсан жимсний модыг хамгаалах зорилгоор барьсан хашаа байдаг. Энэ нь нийтийн эзэмшлийн зам, талбайг хааж саад болдоггүй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль-ийн 17 дугаар зүйлийн 7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир усны ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна, 17 дугаар зүйлийн 14-д Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэсэн заалттай нийцэж байгаа юм.

Бид дээрх нийтийн эзэмшлийн газарт эко ногоон төгөл бий болгох, орчны үзэмжийг сайжруулах зорилгоор өөрийн зардлаар монос, хайлаас, улиас гэх мэт 4 төрлийн 100 орчим тооны мод тарьж суулган арчилж байна.

Цаашид сургуулийн орчны нийтийн эзэмшлийн газрыг зүлэгжүүлэх, мод тарих, явган хүний зам барих ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийх зорилгоор гадна тохижилтын зураг төсөл хийлгэсэн бөгөөд үүнийгээ хот төлөвлөлт, газрын албаны ажилтай уялдуулахаар газрын албанд хандсан албан боловч одоогоор манайд хариу өгөөгүй байна.

Гэтэл Нийслэлийн газрын албаны дарга Э.Б 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот албан бичгээр ...нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан тул 2018 оны 10 дугаар сарын 05-ны дотор буулгаж газар чөлөөлөх шаардлагатай... гэсэн утгатай мэдэгдлийг манай байгууллагад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн юм.

Бид үүдний хэсгийн хашаагаа буулгаж, энэ хэсэгтээ явган хүний замыг өөрсдийн хөрөнгөөр тавих шийдвэр гаргаад хэрэгжүүлж амжаагүй байтал 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай хөрш орших Л  ЕБДС-ийн удирдлага гэх Б.М гэдэг хүн манай дэд захирал Д.М-тай утсаар ярьж Танай ар талын газрыг манайх авсан, тиймээс хашаагаа маргаашийн дотор буулга, бид өөрийн газарт ажлаа эхлэнэ гэж мэдэгдэн, сургуулийн жижүүрт хашаа буулгах тухай, цаг хугацаа тэмдэглэсэн жижиг цаасны тасархайг албан мэдэгдэл өглөө гэж үлдээгээд явсан.

2018 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд Л  сургуулийн захирал гэх эмэгтэй болон Б.М нар авто кран, ажлын багаж хэрэгсэлтэй олон хүн дагуулан ирж сургуулийн хашааг хүчээр буулгахыг оролдсон.

Энэ үед сургуулийн жижүүр Сүхбаатар дүүргийн цагдаад дуудлага өгч, бидэнд мэдэгдсэнээр тэднийг хууль бус, хүч түрэмгийлсэн ажлаа зогсоохыг шаардан, энэ өдөр англи хэлний олон улсын шалгалт эхлэх гэж байгаа тул үймээн дэгдээж саад болохгүйг анхааруулж дуудлагаар ирсэн цагдаагийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг нь зогсоосон болно.

Энэ явдлын дараа бид Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн н.В тэй очиж уулзан уг асуудлыг мэдэгдэхэд Бид Л  сургуультай танай барилгын хойд тал, зүүн талд гараж руугаа орж гарах замаас бусад бүх газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулсан тул та нар хашаагаа яаралтай буулга. Үгүй бол албадан буулгаж зардлыг танайхаар төлүүлнэ гэж мэдэгдсэн. Бидний зүгээс газар олгох эзэмшүүлэх захирамжаа, гэрээний хамт үзүүлэхийг хүсэхэд Та нарт үзүүлэх албагүй, үг дуугүй газраа л чөлөөл гэсэн хариу өгсөн юм.

Дараа нь бид гаражийнхаа хаалга, пандусын хэсгийг засварлах ажлын явцад гарсан хог шороог ачуулахаар 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орой (ачааны машиныг хотын төв замд 22.00 цагаас хойш явахыг зөвшөөрдөг) ачигч техник оруулж ирэх үед Л  сургуулийн удирдлагуудаас ...бидний газар дээр ажил хийж байна хэмээн цагдаагийн байгууллагад дуудлага өгч манай ажлыг саатуулан, үүнээс болж бид ажлаа хийлгэж чадалгүй ачааны машины жолоочид сул зогсоосны мөнгө төлж хохирол хүлээсэн.

Бид энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/28 тоот албан бичиг хүргүүлсэн юм. Энэ албан бичгийн хариуд ирсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Д ын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09/4442 тоот албан бичигт дээрх газартай холбоотой Нийслэл, Дүүргийн Засаг даргын ямар нэг захирамж гараагүй байгааг мэдэгдсэн.

Нийслэлийн газрын албаны албан тушаалтнууд, Л  сургуулийн энэхүү үйл ажиллагаа нь:

1. Нийтийн эзэмшлийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах тохиолдолд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31.2, 31.3, 33.1.1, 33.1.2-т зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тухайн шатны засаг дарга шийдвэр гаргаж, эсвэл дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах замаар хэн нэгэн этгээдэд олгох буюу гэрээгээр эзэмшүүлэх буюу ашиглуулах журамтай байтал ийм ажиллагаа хийгээгүй бөгөөд энэ орчинд үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид мэдээлэл өгөлгүйгээр зөвхөн Л  сургуульд эзэмшүүлэх, эсвэл ашиглуулах гэрээ байгуулсан нь Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан эрх нь хөндөгдөж байгаа манай байгууллагад мэдэгдэж захиргааны гэрээ байгуулах ажиллагаанд оролцох эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Мөн Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б , мэргэжилтэн н.В нар нь Нийслэл хотод зарим байгууллага, аж ахуйн нэгж олон нийтийн эрх ашгийг зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай хааж барилга объект зөвшөөрөлгүй барьсныг журамлан цэгцлэх талаар Нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа зөв зүйтэй арга хэмжээг далимдуулан төрийн албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхлын зорилгоор ашигласан байж болзошгүй байна. Учир нь нийтийн эзэмшлийг чөлөөлөх нэрээр нийтийн эзэмшлийн газрыг олон жил хамгаалж арчилж ирсэн байгууллагыг хохироож эрх ашгийг нь зөрчин, харин эзэмшил газраа өргөтгөж тэлэх зорилгоо гүйцэлдүүлэхээр төрийн албанд ажиллагсдыг ашиглахыг эрмэлзсэн хүмүүстэй холбогдож, тэдэнд нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар олгохыг оролдож байгаа нь тэдний үйл ажиллагааны нягт уялдаа холбоотой байдлаас илт харагдаж байна.

 

Л  хувийн сургуулийн эзний мэдэлд гэрээгээр гэх нэрээр газар олгосон хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэсэн нь нэгэнт тодорхой болсон, энэ тухай газрын албаны мэргэжилтэн н.В удаа дараалан хэлж байгаа ч тус албанаас бидэнд ирүүлсэн Хашаа буулган газар чөлөөлөх тухай 2 удаагийн албан мэдэгдэлдээ энэ талаар огт дурьдахгүй байгаа, ялангуяа өвлийн ид хүйтний улиралд, хэнд ч саад болоогүй хашааг буулгуулахыг чармайн зүтгэж байгаа нь ч үнэн чанартаа төрийн албаны, нийтийн эрх ашгийн төлөө биш, хувийн ашиг сонирхлын зорилготой болохыг илтгэж байна.

Иймд эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлсэн тухай захирамж гаргаагүй байхад Нийслэлийн газрын алба, Л  сургуулийн хооронд хийсэн гэх газрыг эзэмших, ашиглах гэрээ байгуулсан нь илт хууль бус захиргааны акт болох тул түүнийг хүчингүй болгох хуулийн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Энэхүү хэргийг шийдвэрлэх хүртэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн газрын албаны дарга Э. Б ы 2018 оны 10 дугаар сарын 03-ны 01-06/4271 тоот албан бичгийн хэрэгжилтийг түдгэлзүүлж өгнө үү.

Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын алба ба Л  ерөнхий боловсролын дунд сургуультай байгуулсан Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Оюутны гудамж  И Э П С  сан ба Л  сургуулийн хооронд байх газар эзэмших ба ашиглах гэрээг бидэнд өгөхгүй бөгөөд олдохгүй байгаа тул Нийслэлийн Газрын албанаас шаардан гаргуулж хэргийн нотлох баримтаар үнэлж шийдвэрлэнэ үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч  И Э П С  сан ТББ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчлөхдөө[2]:  И Э П С т сан ТББ нь Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1. Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байхад Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжинд байрлах  И Э П С  сан ТББ-ын барилга болон Л  ЕБДС-ийн барилгуудын хоорондын хэсгийн, мөн  И Э П С  сан ТББ-ын барилгын баруун талд байгаа нийтийн эзэмшлийн хэсэг газрыг бүгдийг нь Л  сургуульд эзэмшүүлэх буюу ашиглуулахаар байгуулсан 2018 оны гэрээг илт хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгох;

2. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б аас  И Э П С  сан ТББ-д ирүүлсэн Зам талбай чөлөөлж хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болго.

Нэхэмжлэгч  И Э П С  сан ТББ нь хариуцагчийн үйл ажиллагаанаас хамааран нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо маргаан бүхий асуудлаар гарсан захиргааны акт шийдвэрийн нэр, томъёог зөв тодорхойлж чадаагүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна.

Нийслэлийн Газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 62 дугаарт байгаа О ХХК-д Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах" гэсэн шийдвэрийг илт хууль бус шийдвэр гэж үзэн хүчингүй болгох.

Үндэслэл нь: Анх О ХХК-д 2008 онд 2145 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга 378 тоот захирамж гарсан байхад энэхүү газрын хэмжээг эрх зүйн үндэслэлгүй өөрчлөн нэмэгдүүлж нийтийн эзэмшлийн зам талбайг хамруулан ашиглуулах нэрээр өөрчлөн нэмэгдүүлж, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг зөрчсөн байна.

Энэ зүйлд заасны дагуу бид энэхүү газрыг ашиглах тухай төсөлд саналаа уралдуулах, дуудлага худалдаанд оролцох эрхтэй бөгөөд Нийслэлийн Засаг дарга энэхүү ажиллагааг нийтэд нээлтгэй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийтэд нээлттэй танилцуулан хэрэгжүүлэх үүрэгтэй.

2. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу маргаж буй газрын хэсгийн хуульд заасан журмын дагуу батлагдсан хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулах үүрэг хүлээлгэх гэж нэмэгдүүлэн өөрчлөх хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэжээ.

1.3. Нэхэмжлэгч  И Э П С  сан ТББ 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа[3]: Нэхэмжлэгч  И Э П С  сан ТББ нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн газрын алба /шинэ нэрээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын Алба/-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн 1-р шаардлага:

Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 62 дугаарт байгаа О ХХК-д Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох;

Нэхэмжпэлийн 2 дугаар шаардлага:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий эөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасны дагуу Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанд Маргаж буй газрын хэсгийн хуульд заасан журмын дагуу хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулах үүрэг даалгах;

Нэхэмжлэлийн 3 дугаар шаардлага:

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын дарга Э.Б аас  И Э П С  сан ТББ-д ирүүлсэн Зам талбай хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь:

-Монгол Улсын Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д аймаг, нийслэлийн газрын албанд олгох эрхийг тодорхойлж дурдсан бөгөөд энэ зуйлд газар ашиглах эрхийг түр болон ямар нэг хугацаагаар гадаад улсын, эсвэл харъяалалгүй болон монгол хуулийн этгээд, иргэдэд олгох эрхийг: газрын албанд олгоогүй байгаа тул өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын шийдвэргүйгээр О ХХК-д газрыг ашиглуулахаар олгож, мөн Газрын тухай хуулийн 23.3,7, 44.8-ыг зөрчсөн гэж үзэж байна.

-Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нийтийн эзэмшлийн газрын зохион байгуулалт, зориулалтын төлөвлөгөөг дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр боловсруулан баталж, мэргэжлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх бөгөөд энэхүү төлөвлөгөөг иргэдэд нээлттэй танилцуулах үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

-Нийслэлийн газрын алба нь газар чөлөөлөх тухай мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд газар зохион байгуулалтын ажил гүйцэтгэх эрх, үүргийн хэмжээнд байгаагүй эрх, үүргийг хэрэгжүүлсэн тул Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 44.8, 56 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд олгогдоогүй эрхээ хэрэгжүүлсэн гэж маргаж байна гэжээ.

Хоёр. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч Нийслэлийн Газрын албанаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[4]:

 

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 2145 м.кв газрыг контор үйлчилгээний зориулалтаар Л  сургуулийг үүсгэн байгуулагч О ХХК-д эзэмшүүлсэн байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 566 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Л  сургуулийн урд талд байршуулан 540 м2 газрыг  И Э П С  сан ТББ-д тус тус эзэмшүүлсэн байна.

 И Э П С  сан ТББ нь газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, дах заалтыг зөрчин, зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан байх тул 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  И Э П С  сан ТББ-д Нийслэлийн Газрын албаны 01-06/4271 дугаар газар чөлөөлөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн болно.

О ХХК-д маргаан бүхий газрыг Нийслэлийн Газрын албаны 2018 оны 09

дүгээр сарын 14-ний өдрийн 143007/0124-1 дугаар актаар зам талбайд ногоон байгууламж, авто зогсоолын зориулалтаар газрын үнэлгээний 1 дүгээр бүсчлэлд хамаарах 2090 м.кв газрыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ашиглуулсны төлбөр болох 2090 м.кв (440*15) төг 13 794 000 /Арван гурван сая долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгийг төлүүлсэн байна. О ХХК-тай хийсэн тус актыг Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгэзр сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд О ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга.

3.1. Гуравдагч этгээд О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[5]: Нийслэл дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байхад Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дуүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжинд байрлах  И Э П С  сан ТББ-ын барилга болон Л  ЕБДС-ийн барилгуудын хоорондын хэсгийн, мөн  И Э П С  сан ТББ-ын барилгын баруун талд байгаа нийтийн эзэмшлийн хэсэг газрыг бүгдийг нь Л  ЕБДС-д эзэмшүүлэх, ашиглуулахаар байгуулсан 2018 оны гэрээг илт хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Хариуцагч Нийслэлийн Газрын алба болон гуравдагч этгээд О ХХК нар нь 2018 нэхэмжлэгчийн дээр дурьдсан байршил бүхий газруудад аливаа газар эзэмших эсвэл ашиглах гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн илт хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах аливаа захиргааны акт огт байхгүй юм.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан нийтийн эзэмшлийн зам талбайг нийтийн зориулалтаар нь буюу Л  ЕБДС-ийн сурагчид болон Сүхбаатар дүүргийн дугаар хорооны нийт оршин суугчид амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүхий ногоон байгууламж зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам бүхий орчны газар болгон тохижуулах зорилготойгоор талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 143007/0124-1 тоот Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашигласны төлбөр тогтоох актыг үйлдсэн.

Өөрөөр хэлбэл тухайн бүс дэх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулан нийт иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангах үүднээс тухайн бүс нутагт олон жил үйл ажиллагаа явуулсан О ХХК-ийн санаачлага. хөрөнгө оруулалтаар тухайн талбайг нийтийн зориулалтаар нь ашиглах нөхцөл бололцоог сайжруулах үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Тухайн талбайг тохижуулан орчны газар болгосноор 8 дугаар хорооны нийт иргэдэд тустай үйл ажиллагаа болох бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг огт хөндөхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан захиргааны акт огт гараагүй бөгөөд гарсан захиргааны акт нь нийтийн эрх ашиг сонирхолд нийцсэн нэхэмжлэгчийн хууль эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй, түүнчлэн захиргааны ерөнхий хуулийн 47 дутаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б-аас  И Э П С  сан ТББ-д ирүүлсэн зам талбай чөлөөлж хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 И Э П С  сан ТББ-ын өөрсдийн эзэмшил газрын параметрээс хэтрүүлэн барьсан тус хашаа нь дээр дурьдсан орчны эдэлбэр газрын орц гарцыг бүрэн хааж байдгаас гадна манай харьяа Л  ЕБДС-ийн урд талд байрлах галын гарцыг бүрэн хааж галын ослын үед сурагчдыг галын аюулаас нүүлгэн шилжүүлэхэд саад учруулсан байдалтай байдаг.

Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь зохих зөвшөөрөлгүй хууль бусаар хашаа барьсан төдий үйлдэл биш бөгөөд энэ нь тус сургуульд сурч боловсорч байгаа 1.5-аас 18 хүртэлх насны 650 хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн хариуцлагагүй, амин хувиа хичээсэн үйл ажиллагаа учир Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт Монгол Улсын газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий агентлагийн хувьд авч хэрэгжүүлж буй зөв зүйтэй хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон байна.

Дээрхи захиргааны актууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг тухайн бүс нутагт хангах, Сүхбаатар дуүргийн 8 дугаар хороонд оршин суудаг нийт иргэд болон сургуулийн сурагчдын эрүүл, аюулгүй орчинд оршин суух, сурч боловсрох эрхийг хангахад чиглэсэн захиргааны ерөнхий хууль болоод бусад хууль тогтоомжид бүрнээ нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг хэрэгт цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий акт, эс үйлдэхүйн хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Анх нэхэмжлэгч  И Э П С  сангаас гаргасан Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байхад Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамжинд байрлах  И Э П С  сан-гийн барилга болон Л  ЕБДС-ийн барилгуудын хоорондын хэсгийн, мөн  И Э П С  сан-гийн барилгын баруун талд байгаа нийтийн эзэмшлийн хэсэг газрыг бүгдийг нь Л  сургуульд эзэмшүүлэх буюу ашиглуулахаар байгуулсан 2018 оны гэрээг илт хууль бус захиргааны актад тооцон хүчингүй болгох, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны дарга Э.Б-аас  И Э П С  сан ТББ-д ирүүлсэн Зам талбай чөлөөлж хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01- 06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох; шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн газрын албаны даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.[6]

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа:

1.Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 63 дугаарт байгаа О ХХК-д Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох;

2. Нийслэлийн Газрын албанд Маргаж буй газрын хэсгийн хуульд заасан журмын дагуу хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахын даалгах;

3. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын албаны дарга Э.Б аас  И Э П С  сан ТББ-д ирүүлсэн Зам талбай хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох[7] гэж өөрчилжээ.

 

Хоёр.Маргаан бүхий акт буюу гуравдагч этгээд О ХХК-д газар түр ашиглуулсан шийдвэрийн тухайд /Нэхэмжлэлийн эхний шаардлага/:

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгээр[8] Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 2145 м.кв газрыг контор үйлчилгээний зориулалтаар Л  сургуулийг үүсгэн байгуулагч О ХХК-д эзэмшүүлж, 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатайгаар олгожээ.[9]

Л  бүрэн дунд сургуулийн захирлаас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн газрыг тохижилтын зориулалтаар ашиглах эрхийн гэрчилгээг тус сургуулийн нэр дээр гаргаж өгнө үү. гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.[10]

Үүний дараа Худалдаа, үйлчилгээний О ХХК-ийн захирлаас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд Тохижилтын зориулалтаар маргаан бүхий газрыг ашиглах хүсэлтийг дахин гаргажээ.[11]

Уг хүсэлтийг үндэслэн Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл №10-ын 63 дахь хэсгээр О ХХК-д сургалтын зориулалтаар 4235 м.кв газрыг 143051/0088 нэгж талбарын дугаар бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулахаар хэлэлцэн шийдвэрлэжээ.[12]

Улмаар Нийслэлийн Газрын албаны 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 143007/0124-1 дугаар Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашигласны төлбөрийг тогтоох тухай акт-аар нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж, авто зогсоолын зориулалтаар газрын үнэлгээний 1 дүгээр бүсчлэлд хамаарах 2090 м.кв газрыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ашиглуулсны төлбөр болох 2090 м.кв (440*15) төг 13, 794, 000 /Арван гурван сая долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ[13].

Гуравдагч этгээдэд түр ашиглуулахаар хариуцагчаас шийдвэрлэсэн маргаан бүхий газар нь зарим хэсгээрээ нэхэмжлэгч  И Э П С  сангийн эзэмшлийн газрын баруун талд байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарч байгаа нь кадастрын зургийг давхцуулсан зураг[14], газрын үзлэгээр[15] тогтоогдож байна.

2.1. Маргааны үйл баримтаас үзэхэд, маргаан бүхий газар нь нийтийн гудамж, зам талбай буюу нийтийн эдэлбэр газарт хамаарахаар байх бөгөөд уг нийтийн эдэлбэр газрыг хариуцагч Нийслэлийн газрын албанаас гуравдагч этгээдэд түр ашиглуулахаар шийдвэрлэж, газрын төлбөр тогтоосон захиргааны акт гаргасан байна.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино., 6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана., 6.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.2.хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;, 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө., 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна. гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч Нийслэлийн газрын албанаас нийтийн эдэлбэр газрыг гуравдагч этгээд компанид түр ашиглуулахаар шийдвэрлэсэн, төлбөр тогтоосон акт гаргасан зэрэг үйлдэл нь дээр дурдсан Газрын тухай хуулийн зохицуулалтын дагуу газрыг аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах харилцааг үүсгэсэн гэж үзнэ.

Учир нь хариуцагч талаас газар түр ашиглуулах шийдвэрээр нийтийн эдэлбэрийн газрыг сургалтын зориулалтаар гуравдагч этгээд компанид түр ашиглуулах эрх олгож, улмаар түр ашиглуулсны төлбөр болох 13, 794, 000 /Арван гурван сая долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгийг төлөх үүргийг газар ашиглах гуравдагч этгээдэд үүрэг болгосон, улмаар уг түр ашиглуулах шийдвэрийн дагуу нийтийн эдэлбэрийн газрыг гуравдагч этгээдээс гаргасан төлөвлөгөө, төслийн дагуу тохижуулах үр дагаврыг бий болгох байдлаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага гуравдагч этгээд компанийн хооронд газар ашиглах харилцааг үүсгэсэн, хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээд компанид газар түр ашиглуулах эрх олгосон байна.

Иймээс гуравдагч этгээд талаас Газрын албанаас газар эзэмшүүлэхгүйгээр зөвхөн төлбөр тогтоогоод түр ашиглуулахыг зөвшөөрөх шийдвэр гарсан. Тэгэхээр Газрын тухай хуульд заасан газар ашиглуулах харилцаа талуудын хооронд үүсээгүй ... газрыг ашиглуулах харилцаа үүсээгүй учир төлбөртэйгээр ашиглуулах актын хувьд энэ Газрын тухай хуулиар зохицуулагдаагүй харилцаа ... гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.2. Газрын тухай хуулиар газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан, уг газар ашиглуулах харилцаа нь Газрын тухай хуульд нийцсэн байх шаардлагатай.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн Засаг даргад газрын харилцааны талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг олгожээ.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д Нийслэлийн газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;, 23.3.8-д газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах. эрх хэмжээтэй байхаар заажээ.

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтлах-аар заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд, Нийслэлийн газрын алба, түүний дэргэд ажиллах Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлд нийтийн эдэлбэрийн газрыг хуулийн этгээдэд түр ашиглуулах шийдвэрийг гаргах эрх хэмжээг хуулиар олгоогүй харин Нийслэлийн Засаг дарга нь хуулийн этгээдэд нийтийн эдэлбэр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар нь газар ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхтэй байхаар газар ашиглах харилцааг зохицуулсан Газрын тухай хуульд зохицуулжээ.

Түүнчлэн Нийслэлийн газрын албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/15 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагааны журмын 1.1-д Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан барилга байгууламжийн газрын асуудал, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацааг сунгах, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж дүгнэлт, зөвлөмж гарган нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллах-аар[16] заажээ.

Уг журмаас үзэхэд Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгох шийдвэр гаргах эрх хэмжээгүй харин газар ашиглах эрхийг баталгаажуулах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, газар ашиглах эрхийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах эрх хэмжээтэй байна.

Дээрх хууль, дүрмийн зохицуулалтаас дүгнэхэд, Нийслэлийн газрын алба, түүний дэргэд ажиллах Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөр маргаан бүхий газрыг гуравдагч этгээд компанид түр ашиглуулахаар гаргасан тэмдэглэл, төлбөр тогтоосон акт гаргах замаар хариуцагч захиргаа нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хуульд нийцээгүй бөгөөд хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдлэн, хууль зөрчиж газар ашиглуулах шийдвэр гаргасан хариуцагч захиргааны байгууллагын үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газрын хөрш залгаа байрлалтай нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; гэж зааснаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хариуцагч эдлэн, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна.

Гурав.Нийслэлийн Газрын албанд Маргаж буй газрын хэсгийн хуульд заасан журмын дагуу хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахын даалгах гэсэн нэхэмжлэлийн тухайд /Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага/:

Нэхэмжлэгч  И Э П С  сан ТББ-аас хариуцагчаас Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг авах талаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй гэж маргаж, уг төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Энэхүү нөхцөл байдлыг хариуцагч байгууллагаас тодруулахад  И Э П С  сан ТББ нь 2018 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг авах тухай хүсэлт гаргаж байгаагүй... гэсэн хариуг өгчээ.

Нэхэмжлэгчээс ...Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн газрын албаныхантай уулзаж ярилцсан. Тэр үед хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцуулж өгөөч бид тэр төлөвлөгөөний дагуу явмаар гэж хэлэхэд тэгье гэсэн...бид төлөвлөгөөгөө өгнө гэж хүлээж байхад О ХХК-д энэ газрыг ашиглахаар олгосон...албан бичиг өгөөгүй. Өгнө гэсэн учраас итгээд хүлээж байсан... гэж нэхэмжлэгч талаас тайлбарлажээ.[17]

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт дараах шаардлагыг хангасан байна: 11.3.2-д хүсэлт гаргагч нь хуулийн этгээд бол нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаараа бичиж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан байх., 12 дугаар зүйлийн 12.2.Мэдээлэл хүсэгч мэдээлэл авахдаа дараах үүрэг хүлээнэ: 12.2.1-д хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх; гэжээ.

Нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь хариуцагч захиргааны байгууллагад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг авах талаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дээр дурдсан 11 дүгээр зүйлийн 11.3.2, 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан хүсэлт гаргаж, хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлсэн нөхцөл байдал маргааны үйл баримтаас тогтоогдсонгүй.

Иймээс хариуцагч захиргааны байгууллагыг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй. гэсэн заалтыг зөрчсөн, нэхэмжлэгч хуульд заасны дагуу хүсэлт гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад түүний хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан, нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргаж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хариуцагч байгууллагаас гаргуулан авах нь нээлттэй байгаа дурдах нь зүйтэй.

Дөрөв. Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн тухайд /Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага/:

Нэхэмжлэгч  И Э П С  сан ТББ нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 566 дугаар захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших гэрчилгээний[18] дагуу Сүхбаатар 540 м2 газрыг Сургалт, боловсрол-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг байна.

Нийслэлийн газрын алба буюу хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01-06/5729 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч  И Э П С  сан ТББ-д ...зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан байх тул зөрчил арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгдье..., газар чөлөөлөөгүй тохиолдолд ...албадан чөлөөлөх арга хэмжээ авч, ...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авах үндэслэл... болохыг анхааруулъя гэсэн мэдэгдлүүдийг[19] хүргүүлсэн байна.

Нийслэлийн газрын алба буюу хариуцагчаас уг мэдэгдлийг гаргахдаа нэхэмжлэгч байгууллагыг өөрийн эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан гэдгийг агаарын зураг, газрын үзлэгээр тодруулсан гэх тайлбарыг хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-04/1924 гэсэн албан бичгээр ирүүлжээ.[20]

Өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн хашаа барьсан нөхцөл байдалтай нэхэмжлэгч маргаагүй, уг талбайд мод тарьж, нийтийн эзэмшлийн хэлбэрээр ашиглахаар төлөвлөж байгаа, уг талбайг нийтийн эзэмшлийн зориулалтаар гуравдагч этгээдтэй адил ашиглах эрхтэй гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраасаа хэтрүүлэн нийтийн эдэлбэр газарт хашаагаа барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;, 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, ... тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх; гэсэн заалтыг биелүүлэх үүрэгтэй.

 

Маргаж байгаа мэдэгдлээр нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газраасаа хэтрүүлэн нийтийн эдэлбэр газарт хашаагаа сунган барьсан үйлдлийг газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг хангаагүй, уг болзлыг хангуулахаар шаардлага тавьсан агуулгатай байна.

Иймээс нэхэмжлэгч ТББ нь газар эзэмшигчийн хувьд газар эзэмших гэрээнд заасан хэмжээний хүрээнд газар эзэмших, гэрээнд заасан болзлыг биелүүлэхээр хариуцагчаас шаардсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй юм.

Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах; гэж заажээ.

Энэхүү заалтаас үзэхэд хариуцагч Нийслэлийн газрын алба нь Нийслэлийн хэмжээнд газар зохион байгуулалттай холбоотой газар эзэмшигчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Үүний учир Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлэхийг шаардсан хариуцагчийн мэдэгдлийг хууль зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 44 дүгээр зүйлийн 44.8, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2, 12 дугаар зүйлийн 12.2.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  И Э П С  САН ТББ-ын 1.Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 63 дугаарт байгаа О ХХК-д Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох; 2.Нийслэлийн Газрын албанд Маргаж буй газрын хэсгийн хуульд заасан журмын дагуу хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахын даалгах; 3.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын дарга Э.Б аас  И Э П С  сан ТББ-д ирүүлсэн Зам талбай хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох гэсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1.Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 63 дугаарт байгаа О ХХК-д Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох; гэсэн хэсгийг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл №10-ын 63 дахь хэсгээр О ХХК-д сургалтын зориулалтаар 4235 м.кв газрыг 143051/0088 нэгж талбарын дугаар бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгөөс 35.100 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 128/2018/1051/3 индекстэй хэргийн 1-р хавтас 1-6 дахь тал.

 

[2] Хэргийн 1-р хавтас 93-94 дэх тал.

 

[3] Хэргийн 2-р хавтас 66-68 дахь тал.

 

[4] Хэргийн 2-р хавтас 66-68 дахь тал.

 

[5] Хэргийн 1-р хавтас 72-73 дахь тал.

 

[6] Хэргийн 1-р хавтас 29-30 дахь тал

 

[7] Хэргийн 2-р хавтас 66-67 дахь тал

 

[8] Хэргийн 2-р хавтас 200-203 дахь тал

 

[9] Хэргийн 2-р хавтас 101 дэх тал

 

[10] Хэргийн 2-р хавтас 83-85 дахь тал

 

[11] Хэргийн 2-р хавтас 97-99 дэх тал

 

[12] Хэргийн 2-р хавтас 194 дэх тал

 

[13] Хэргийн 1-р хавтас 40-41, 46-47 дахь тал

 

[14] Хэргийн 1-р хавтас 204-206, 2-р хавтас 62-64 дэх тал

 

[15] Хэргийн 1-р хавтас 106-118 дахь тал

 

 

 

[16] http://land.ub.gov.mn/index.php/2016-11-08-01-21-17/2018-01-10-06-17-12/559-a-2016

 

 

 

[17] Хэргийн 2-р хавтас 52-53 дахь тал

 

[18] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал

 

[19] Хэргийн 1-р хавтас 11, 12, 51 дэх тал

 

[20] Хэргийн 2-р хавтас 60 дахь тал