| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2017/00344/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2017-10-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 363
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Саруул төвд байрлах “Бумжин заан” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 19-2 тоотод оршин суух Боржигон овогт Мяхандоржийн Баярсайхан /ЗК67052409/-д холбогдох
1928896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 ны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 139/2017/00344 дугаарын индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандал 1-1 тоотод оршин суух Хулд овгийн Ажиршгүйн Чулуунпүрэв /ЕЭ64122471/
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунпүрэв
Хариуцагч М.Баярсайхан
Нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.
Нэхэмжлэгч “Бумжин Заан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Баярсайхан нь 2016 оны 09 сарын 03-нд хот руу явж эмнэлэгт үзүүлж, оношлогоо хийх шаардлагатай байна гэж тус компаниас 668527 төгрөг, 2016 оны 06 сарын 09-нд 200000 төгрөгийг тус тус барьцаагүйгээр зээлсэн болно. Тухайн үед зээлсэн мөнгөнүүдийнхээ хүүг сар бүрд нь төлнө гэж хэлж байсан. Гэвч хүүгээ төлөлгүй удсан тул тус компани нь М.Баярсайханаас мөнгөө нэхэмжлэхэд авсан нь үнэн, өгөх нь үнэн, бизнесийн зээл авахаар хүүтэй нь өгнө, эсвэл хүү Ууганбаатарыг гурван сар тутамд ажил хийхээр Өмнөд Солонгос яваад ирэхэд нь өгнө гэсээр 2017оны 08 сар болголоо. Манай компани нь 2016 оны 09 сарын 03-наас 2017 оны 08 сар хүртэлх энэ хугацаанд М.Баярсайханы авсан зээлийн үндсэн нийт мөнгө болох 868527 төгрөгийг дараагийн зээлдэгчдэд 11 сар зээлж болох байсан. Иймд М.Баярсайханаас түүний зээлж авсан нийт мөнгө болох 868527 төгрөг болон компанийг дутагдалд оруулсан 1060369 төгрөг, бүгд 1928896 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бумжин заан” ХХК-ний захирал нь хөгжлийн бэрхшээлтэй явж чаддаггүй хүн байдаг. Хариуцагч эмчилгээ хийлгэх гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлээч гэхээр нь “Бумжин заан” ХХК-ний захирал хүнд туслах үүднээс өгчих байх гэж бодоод хариуцагчид барьцаагүйгээр мөнгө зээлүүлсэн. Зээлсэн мөнгө, хүүгээ 3 сар төлсөн. Үүнээс хойш өгөхгүй байж байгаад дутуу мөнгө өгсөн. 60000 төгрөгөөс нь 4 сарын хүүг өгснөөр тооцож хасаад 2017 оны 01 сараас хойш хүү өгөөгүй гэж бодсон байгаа. 06 сараас хойш 09 сар хүртлэх бүх мөнгөнийхөө хүүг өгсөн. 09 сараас хойш 01 сар хүртэл 04 сарын хугацааны буюу дутуу өгсөн 60000 төгрөгөөс нь зээлсэн 200000 төгрөгөөс суутгаж 64000 төгрөгийг өгснөөр тооцсон. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хүүг нь бодож нэхэмжилсэн байгаа. 868527 төгрөгийг 8 хувийн хүүгээр бодоод 7-9 сарын хүүг төлөөд гарын үсэг зурсан баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс хойш 60000 төгрөг өгсөн. Дутуу мөнгө өгсөн учраас тэмдэглэгдээгүй. Үүнээс хойш мөнгө өгөөгүй. Өгсөн 60000 төгрөгийг нь би 200000 төгрөгөөс хасаад 04 сарын хүүг бодоход 64000 төгрөг болсон. Үүнийг нь өгснөөр бодсон. 668527 төгрөгийн хүү нь 09 сараас хойш төлөгдөөгүй байгаа. Хүүгээс хүү тооцож байгааг хасаж болно. 668000 төгрөгийн хүүг 10 сараас тооцоод, 200000 төгрөгийн хүүг нь 2017 оны 2 сараас эхэлж тооцож авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 06 сарын 03, 06 сарын 09-ний өдрүүдэд мөнгө зээлсэн нь үнэн. Би 11 сард харавчихаад хэвтэрт байсан. Тэгээд 06 сарын эхээр цөсний хагалгаанд орохоор болоод хот руу явахдаа нэхэмжлэгч талаас 1 сая төгрөг зээлж авсан. Үүнээс өмнө нь би 200000 төгрөг зээлсэн байсан. Үүнийхээ хүүг нь суутгаад үлдэгдэл зургаан зуун жаран хэдэн төгрөгийг гар дээрээ авсан. Тэгээд хотод очоод үзүүлсэн чинь мөнгө хүрэхгүй байхаар нь дахиад 200000 төгрөг зээлж авсан. Ирээд би 07 сарын 03-наас эхлээд хүүгээ төлсөн. Миний өрөөсөн хөл маань татчихсан болохоор явж чаддаггүй байж байгаад чадах ядахаараа ажил хийгээд олсон мөнгөө нэхэмжлэгчид өгсөн. Солонгос улсад очоод хөл, гараа эмчлүүлчихээд ирээд өгч чадаагүй. Банкнаас зээл хийх гэсэн боловч тахир дутуу, ажил хийж чадахгүй хүн төлөхөд бэрхшээлтэй гээд надад зээл өгөөгүй. Гэртээ ганцаараа байдаг. Хүүхэд маань энэ жил сургуулиа төгсөж ирнэ. Авсан нь үнэн учраас өгөх нь үнэн. Тиймээс би үндсэн мөнгө мөн үүнийхээ сар бүрийн хүүг өгнө. Харин хүүгийн хүүг нь өгч чадахгүй. Одоо бие маань гайгүй болчихсон ажил хийж байгаа болохоор өгнө гэж бодож байхад шүүхэд өгсөн байсан. Намайг элдвээр дарамталдаг болохоор зээлээ төлөх ямарч эрмэлзэлгүй болгочихдог. 600000 гаран төгрөгөө тусдаа тооцсон, 200000 төгрөгөө бас тусдаа тооцсон. 200000 төгрөгийнхөө хүүг 2, 3 сар өгөөд орхичихсон юм. Найз нөхдийн холбоотой болохоор болчих байх гэж бодоод баримт авахгүй явдаг байсан. Тэгсэн 600000 гаран төгрөгийн 3 сарын хүү төлсөн гэсэн баримт хэрэгт байна лээ. Би бодохдоо 12 сарын хүү өгсөн гэж бодоод байгаа юм. Би 868527 төгрөг, 868527 төгрөгийн хүүг 2017 оны 01 сараас 08 сар хүртэл төлнө. Үндсэн мөнгөө хүүтэй нь төлөх саналтай байна гэв.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Бумжин заан ХХК нь М.Баярсайханд холбогдуулан 1928896 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунпүрэв нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж үндсэн зээл 868527 төгрөг, хүү 700303 төгрөг, нийт 1568830 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Баярсайхан төлөхийг зөвшөөрч талууд эвлэрлэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Бумжин Заан” ХХК нь М.Баярсайханд холбогдуулан 1928896 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунпүрэв нь нэхэмжлэлийн шаардлага болох 1928896 төгрөгөөс 360066 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үлдэх 1568830 төгрөгийг хариуцагч М.Баярсайхан нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрөн талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зохигч ийнхүү эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45812 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.4, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Чулуунпүрэв нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 868527 төгрөг, хүү 700303 төгрөг, нийт 1568830 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч М.Баярсайхан төлөхийг зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бумжин Заан ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45812 /дөчин таван мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА