Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1496

 

 

   2020        08           13                                  2020/ШЦТ/1496

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овогт Цэнджавын Бид холбогдох эрүүгийн 2006 02720 1755 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-аас 2020 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхор нуурын 1-5а тоот хашаанд байсан Г.Батмөнхийн эзэмшлийн 20 тонны контейнерийг /чингэлэг/, дотор нь байсан 5 ханатай монгол гэрийн иж бүрдлийн хамт нууцаар, хууль бусаар 24-18 УНК улсын дугаартай кран маркийн автомашин ашиглаж, 3.800.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11/, хохирогч Г.Батмөнхийн мэдүүлэг /хх-11-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-32-34/, гэрч Б.Балжиннямын мэдүүлэг /хх-35-36/, гэрч Ж.Батсайханы мэдүүлэг /хх-37-38/, гэрч Ц.Цогтбилэгийн мэдүүлэг /хх-39-41/, Dong feng DFD5250 маркийн автомашин 70.300.000 төгрөгний үнэтэй гэх авто машин үнэлгээний дүгнэлт /хх-44/, гэрч А.Сонинбаярын мэдүүлэг /хх-47-48/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-50-51/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-аас 2020 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхор нуурын 1-5а тоот хашаанд байсан Г.Батмөнхийн эзэмшлийн 20 тонны контейнерийг /чингэлэг/, дотор нь байсан 5 ханатай монгол гэрийн иж бүрдлийн хамт нууцаар, хууль бусаар 24-18 УНК улсын дугаартай кран маркийн автомашин ашиглаж, 3.800.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батмөнхийн: “...хулгайд алдагдсан контейнер дотор бүтэн 5 ханатай монгол гэр байсан. Би 20 тонны контейнерийг 3 сая төгрөгөер, 5 ханатай бүтэн гэрийн комыг 2 сая төгрөгөөр тус тус үнэлж байна... /хх-11-18/ гэх мэдүүлэг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-32-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Балжиннямын: “...2020 оны 06 дугаар сарын 09-ний шөнийн 02:00 цагийн орчимд улаан өнгийн чингэлэг ачсан ачааны машинтай ирээд надад хэлэхдээ энэ манай аавын чингэлэг байгаа юм. Буулгах гэсзн чинь буулгах газар олдохгүй байна. Танай гэрийн хажууд буулгачихаад хэд хонуулаад авчихна гэхээр нь би за тэгвэл удаахгүй аваарай гэж хэлээд гэртээ ороод амарчихсан....” /хх-35-38/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батсайханы: “...2020 оны 06 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим манай хашаатай ойрхон том машины дуу гараад байхаар нь би хог буулгаж байна уу, аль эсвэл баруун блокон хашааны контейнерийг хүн ачаад байна уу гэж бодоод босоод гараад иртэл 24-18 УНК улсын дугаартай кран машин контейнерийг ачиж байсан. Контейнерийн эзэн мөн үү гэж асуутал би контейнерийн эзэн байна гэж хариулсан...” /хх-37-38/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Цогтбилэгийн: “...Тэр залуу намайг улиастай гүүрэн дээрээс дагуулаад Баянзүрх дүүргийн 11 дүгээр Хонхор руу блокон хашааны үүдэн дээр дагуулж ирээд хаалгыг өөрөө онгойлж өгсөн. Урд талын контейнерийг ачаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд мэдэхгүй хашаанд буулгаж өгсөн...” /хх-39-41-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Dong feng DFD5250 маркийн автомашин 70,300,000 төгрөгний үнэтэй гэх авто машин үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-44/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сонинбаярын “...Тухайн үед Цогтбаяр надад товчооноос Улиастай руу контейнер ачих гэж байна гэж хэлснээс еөр зүйл хэлээгүй. Машинаар ачаа тээвэрлэсэн ажпын хөлсний 30 хувийг Цогтбилэг өөрөө авдаг юм. Би тухайн үед Цсгтбилэгийн тээвэрлэсэн контейнерийг хулгайн эд зүйл болох эсэх талаар огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-47-48/

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “...контейнер 3.000.000 сая төгрөг, 5 ханатай иж бүрэн гэр 800.000 төгрөг тус тус үнэлэгдсэн, нийт 3.800.000 төгрөг...” /хх-50-51/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 08-аас 2020 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхор нуурын 1-5а тоот хашаанд байсан Г.Батмөнхийн эзэмшлийн 20 тонны контейнерийг /чингэлэг/, дотор нь байсан 5 ханатай монгол гэрийн иж бүрдлийн хамт нууцаар, хууль бусаар 24-18 УНК улсын дугаартай кран маркийн автомашин ашиглаж, хулгайлсны улмаас 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

             Шүүгдэгч Ц.Бид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ц.Бид хуульд заасан ялаас доош татаж 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөл эзэмшилд байгаагүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж бага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос арилаагүй үлдсэн хохирол байхгүй мөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамаарахгүй тул тээврийн хэрэгслийг хураах, эсхүл түүний үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Хуацай овогт Цэнджавын Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.Бид оногдуулсан нийт 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА