Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/570

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Э.Ц-э, түүний өмгөөлөгч Л.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ын Ц-эд холбогдох 0000000000000 дугаартай хэргийг 2018 оны 10 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19** оны 0* дугаар сарын 0*-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Тээврийн менежмент зохион байгуулалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, Баянгол дүүрэг 0 дүгээр хороо “Ц” хотхоны 000-** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Э-ын Ц-э /РД:**000000000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ц-э нь 2018 ооны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо “П” баарны гадна Н.Ч-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Ц-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Н.Ч-ийн: “...Манай найз хэсэг бүлэг залуучуудаас гал асууж  таксинд явах хүн байна уу, дуудлагын жолооч байна уу, гэж асуутал жолооч шиг харагдаад байна уу, та нар хэн болчоод бид нарыг жолооч гээд яваад байгаа юм бэ гээд маргалдсан. Тэгээд маргалдаж байсан найзыгаа аваад явтал нэг нь ирээд араас хамар луу цохьсон. Тэгээд манай нөгөө найзын хөлрүү нь өшиглөж цээжин тус газар нь цохьсон. Тэгээд тэд нар машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч А.Э-ын: “...Бид нарыг зогсож байхад тамхи асууж байхгүй гэсэн чинь гуйлгачид байна гэж орилоод байсан. Тэнд нилээн олон хүмүүс байсан. Манай найз Ц-той тэр 3 залуугийн нэг нь муудалцсан. Бид дөрөв салгах гэтэл манай найз Ц- нөгөө залууг толгой хэсэгт нь нэг удаа, зүүн хөл хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Буцаагаад манай найзыг нөгөө залуу нэг удаа цохьсон тэгээд бид хэд бүгдийг нь салгаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ж.А-ын: “...Би Ц-ийг хүн цохиж байхыг хараагүй. Бөгсөн хэсэг рүү нь өшиглөж байсныг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Х.Т-ын: “...Он сарыг нь санахгүй байна найз Ч-, Э- нартай хамт “П” бааранд орсон. Баарнаас гарч явж байхад Э- надаас гал асуухаар нь би байхгүй тэнд зогсож байгаа таксины ах нараас асуучих гэхэд тэнд байсан өндөр нуруутай ах чи хүн болгоныг таксины хүн гэж боддог юм уу, гээд дайрахаар нь уучлаарай ахаа гэж хэлэхэд ах гэж хэллээ гэж уурлахаар нь уучлаарай хөгшөөн гэхэд уурлаад дайраад зогсож байхад Ч- ирээд намайг явья гэж дагуулж шатнаас буусан. Тэгээд тэр залуу гүйж ирээд Ч-ийг цохиод Э-ыг өшиглөөд машинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №10461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.Ц-э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Над руу гурван залуу дайрч ирээд нэг залуу нь цээж рүү цохиж түлхэхээр нь би зөрүүлээд тэр залуугийн нүүрэнд нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуу хамраа барьсан чинь хамт явсан залуу нь над руу дайрахаар нь гуя руу нэг удаа өшиглөхөд тэр залуу доошоо сөгдөж суугаад цагдаа дуудаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-30 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 45 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.Ц-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Э.Ц-э нь 2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо “П” баарны гадна Н.Ч-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-30 дүгээр хуудас/, хохирогч Н.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч А.Э-ын мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ж.А-ын мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Х.Т-ын мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №10461 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Н.Ч-ийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн хохирогч Н.Ч-ийн биед учирсан “хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Э.Ц-э нь дээр дурьдсан тодорхой шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Э.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний гэм буруутай дээрх үйлдэлд нь тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.Ц-э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд тус тус нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.      

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Ц-э нь шүүхийн шатанд хохирогч Н.Ч-ийн эрүүл мэндэд учруулсан хохиролд нийт 120.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Н.Ч- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Ц-э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Б овогт Э-ын Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ц-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Ц-эд мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Ц-э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Хохирогч Н.Ч- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.0 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.0 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ