Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/835

 

 

   2020        10          26                                    2020/ШЦТ/835

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Ц.Батбямба,

            шүүгдэгч, хохирогч Б.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч, хохирогч Л.Т  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

шүүгдэгч А.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн А.Б , Уран овгийн Л.Т , мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюунт овгийн Б.Б  нарт холбогдох эрүүгийн 2011011590775 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Оюунт овгийн Б.Б , 1984 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, ......-д орчуулагч, Япон хэлний багш ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Боржигон овгийн А.Б , 1981 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хорооллын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Уран овгийн Л.Т , 1982 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ...... ХХК-д тээврийн менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ...дугаар хороо, .... дугаар хорооллын ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  ,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутагт үйл байрлах “....” төвийн 5 дугаар давхрын .. тоотод үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ний байранд хохирогч Л.Т ийн толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд “толгойн орой хэсгийн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн зовхи, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацар, хамрын зүүн угалз, амны зүүн доод хэсэгт зулгаралт” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Б , Л.Т  нар бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ...дүгээр хорооны нутагт үйл байрлах “....” төвийн .... дугаар давхрын ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-ний байранд хохирогч Б.Б ийн нүүр лүү гараараа цохиж, цээж рүү өшиглөж, үстэж чирсний улмаас эрүүл мэндэд нь “8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, 9 дүгээр хавирганы зөрөөтэй, тархи доргилт, дээд уруулд шарх, дух, баруун шилбэнд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн өвдөгт цус хуралт” бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Б  нь мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Л.Т ийн төрсөн өдөр болж байсан, уулзаагүй удсан байсан бөгөөд ажлын талаар асуух зүйл байсан учир ярилцахаар уулзсан. Бид ресторанд сууж байсан боловч хаах цаг болсон тул дэлгүүрээс архи ундааны зүйл аваад Л.Т ийн ажил руу явсан. Би Л.Т ийн нөхөр ирсэн гэж мэдээгүй. Л.Т тай үл ялих зүйлээс болж марган бие биеийнхээ биед халдсан. Би тухайн үед цочролд ороод яахаа мэдээгүй. Үүний дараа ах руугаа утасдан түргэн тусламж болон цагдаагийн байгууллага дуудсан. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Л.Т ийг эрүүл саруул байгаад нь баярлаж байна. Уучлалт гуйж эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Л.Т  нь мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан учраас ажлын ойролцоо Б.Б тэй уулзсан. Бид тухтай ярилцаж амжаагүй байхад ресторан хаасан учраас дэлгүүрээс архи, ундааны зүйл авч манай оффис руу явсан. Ойрд уулзаагүй гээд хөөрсөн байсан учраас янз бүрийн зүйлийн талаар ярьж улмаар муудалцсан. Манай нөхөр ирэхэд бид муудалцсан байсан. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б  нь мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө 3 цагийн үед манай эхнэр төрсөн өдөр тэмдэглэж байна. Багийн найзтайгаа байна ирээд ав гэсэн. Ажил дээр нь авахаар очиход нэлээд их согтсон, маргасан байдалтай байсан. Манай эхнэр бие муутай, цусны өвчтэй, гамтай байхгүй бол хавдар болох магадлалтай гэдэг учраас эхнэрийг маань үсдэхээр нь салгах гэж байгаад ийм зүйл болчихсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Л.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны 19 цагийн орчимд Улсын Их дэлгүүрийн баруун ард талын пивоны газар уулзаад жинтоник уусан. Тэнд бид хоёр 2 цаг гаруй ярьж суугаад бид хоёр тэгээд ойрхон болохоор нь манай ажил руу очсон. Манай ажил дээр очиж бид хоёр хуучнаа ярьж суугаад хоорондоо маргасан Бя тэгсэн ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу цохиж хагалсан. Би өмнөөс нь түлхсэн чинь надыг түлхээд би тэгэхээр нь үсдэж авсан тэр бас үсдэж авсан хоорондоо үсдэлцээд баахан зууралдсан. Ба манай ажлын өрөөний  дотор байсан эд зүйлийг эвдэж хэмхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 6392 дугаар дүгнэлтэд: “...Л.Т ийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн зовхи, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацар, хамрын зүүн угалз, амны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 32-33/,

Гэрч Я.Хүрлээ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Тийн толгойноос цус гарсан байдалтай над руу ойртоод ахаа манай найз миний толгой руу цохичихлоо гэж хэлэхээр нь би сандраад юу болоод байна, түргэн дуудсан юм уу гэсэн чинь Т түргэн, цагдаа дуудсан гэж хэлсэн. Намайг доод давхарт очиход дахин дээд давхарт чанга дуу, чимээ гарч эхэлсэн. Тэр үед би буцаад яваад очтол үүдний хэсэгт нөгөө эмэгтэй газар суучихсан хажууд нь газарт 2 ширхэг гар утас хэвтэж байхаар нь өөрт нь авч өгөөд цааш өрөө рүү ороход Т нь нөхөртэйгөө зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Хохирогч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутагт байрлах “....” ресторанд 18 цаг өнгөрөөд Т уулзсан. Номин их дэлгүүр ороод уух юм аваад оффис руу нь ороход жижүүр нь асуудал гаргалгүй суугаарай гэсэн. Бид хоёр ойр зуурын юм яриад авсан уух зүйлээ ууж халчихсан байж байтал Т нөхөр Б гэж дууддаг нэртэй хүн ирсэн. Б хамт юм ярьж суунгаа сүүлдээ хэл амаар доромжилж надтай маргалдаж эхэлсэн. Сүүлдээ Б намайг цохиж эхэлсэн, тэгэхээр нь би уурлаад мөн адил хараалын үг хэлж маргалдахад Б миний гэдэс, цээж хавьцаа өшиглөсөн. Тэгээд би айгаад хойшоо болтол Т миний нүүр ам руу цохиж, өшиглөж, үснээс зулгаагаад байхад Б салгахгүй байсан хэрнэ дараа нь намайг газар унагааж Тгаар цохиулж, өшиглүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 6313 дугаар дүгнэлтэд: “...Б.Б ийн бие 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, 9 дүгээр хавирганы зөрөөтэй, тархин доргилт, дээд уруулд шарх, дух, баруун шилбэнд зулгарал, баруун бугалга, шуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 37-38/,

Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 05 цаг 13 минутад манай дүү болох Б.Б  нь миний 960317.. дугаар луу залгаад намайг хүмүүс зодоод байна гэж залгаж ярьсан. Тэгэхээр нь би дүүгээ шууд цагдаа дуудаач гэж хэлсэн. Манай дүү намайг хүрээд ирээч гээд байсан. Тэгээд би шууд гэрээсээ гараад явж байтал үүдний харуул гэх хүн манай дүүгийн утаснаас цагдаа дуудаач гэхэд эхлээд чи хүрээд ирээч гээд байсан. Тэгээд би хаягийн харуулаар заалгаад иртэл харуул нь манай дүүтэй зодолдсон хүнтэй цуг зогсож байсан. Тэгээд дотогшоо ороход манай дүү шалан дээр суусан нүүр ам нь хавдаж хөхөрсөн байдалтай хана түшээд сууж байсан. Тэгээд шууд 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 28/,

Шүүгдэгч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 48/,

Шүүгдэгч Л.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 49/,

Шүүгдэгч А.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Бя, Т хоёрыг салгахыг хүссэн. Салгаж байх явцад Бяийн хавирга хугарсан байна. Хэргийн талаар маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 48/,

Шүүгдэгчийн нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 51, 57, 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52, 58, 66/, шүүгдэгч нарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх 53, 59/, хохирогч Б.Б ийн эрүүл мэндийг тодорхойлох баримт /хх 75-76/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн ... дугаар давхрын ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ний байранд хохирогч Л.Т ийн толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд “толгойн орой хэсгийн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн зовхи, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацар, хамрын зүүн угалз, амны зүүн доод хэсэгт зулгаралт” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Б , Л.Т  нар бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн ... дугаар давхрын ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-ний байранд хохирогч Б.Б ийн нүүр лүү гараараа цохиж, цээж рүү өшиглөж, үстэж чирсний улмаас эрүүл мэндэд нь “8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, 9 дүгээр хавирганы зөрөөтэй, тархи доргилт, дээд уруулд шарх, дух, баруун шилбэнд зулгаралт, баруун бугалга, шуу, зүүн өвдөгт цус хуралт” бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Т ийн “...2020 оны 5 дугаар сарын 27-ны 19 цагийн орчимд Улсын Их дэлгүүрийн баруун ард талын пивоны газар уулзаад жинтоник уусан. Тэнд бид хоёр 2 цаг гаруй ярьж суугаад бид хоёр тэгээд ойрхон болохоор нь манай ажил руу очсон. Манай ажил дээр очиж бид хоёр хуучнаа ярьж суугаад хоорондоо маргасан Бя тэгсэн ширээн дээр байсан архины шил аваад миний толгой руу цохиж хагалсан. Би өмнөөс нь түлхсэн чинь надыг түлхээд би тэгэхээр нь үсдэж авсан тэр бас үсдэж авсан хоорондоо үсдэлцээд баахан зууралдсан. Ба манай ажлын өрөөний  дотор байсан эд зүйлийг эвдэж хэмхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 22-23/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 6392 дугаар “...Л.Т ийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн зовхи, баруун сарвууны ард цус хуралт, зүүн хацар, хамрын зүүн угалз, амны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 32-33/, гэрч Я.Хүрэлээгийн “...Тийн толгойноос цус гарсан байдалтай над руу ойртоод ахаа манай найз миний толгой руу цохичихлоо гэж хэлэхээр нь би сандраад юу болоод байна, түргэн дуудсан юм уу гэсэн чинь Т түргэн, цагдаа дуудсан гэж хэлсэн. Намайг доод давхарт очиход дахин дээд давхарт чанга дуу, чимээ гарч эхэлсэн. Тэр үед би буцаад яваад очтол үүдний хэсэгт нөгөө эмэгтэй газар суучихсан хажууд нь газарт 2 ширхэг гар утас хэвтэж байхаар нь өөрт нь авч өгөөд цааш өрөө рүү ороход Т нь нөхөртэйгөө зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/, хохирогч Б.Б ийн “...Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутагт байрлах “...” ресторанд 18 цаг өнгөрөөд Т уулзсан. ... их дэлгүүр ороод уух юм аваад оффис руу нь ороход жижүүр нь асуудал гаргалгүй суугаарай гэсэн. Бид хоёр ойр зуурын юм яриад авсан уух зүйлээ ууж халчихсан байж байтал Т нөхөр Б гэж дууддаг нэртэй хүн ирсэн. Б хамт юм ярьж суунгаа сүүлдээ хэл амаар доромжилж надтай маргалдаж эхэлсэн. Сүүлдээ Б намайг цохиж эхэлсэн, тэгэхээр нь би уурлаад мөн адил хараалын үг хэлж маргалдахад Б миний гэдэс, цээж хавьцаа өшиглөсөн. Тэгээд би айгаад хойшоо болтол Т миний нүүр ам руу цохиж, өшиглөж, үснээс зулгаагаад байхад Б салгахгүй байсан хэрнэ дараа нь намайг газар унагааж Тгаар цохиулж, өшиглүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 17-18/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 6313 дугаар “...Б.Б ийн бие 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, 9 дүгээр хавирганы зөрөөтэй, тархин доргилт, дээд уруулд шарх, дух, баруун шилбэнд зулгарал, баруун бугалга, шуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 37-38/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Б.Б , Л.Т , А.Б  нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Л.Т , А.Б  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Б.Б , Л.Т , А.Б  нарыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б , Л.Т , А.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Иймд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлуудыг тус тус харгалзан, Б.Б ийг хуульд заасан ялаас чөлөөлөх, Л.Т , А.Б  нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, 

шүүгдэгч Л.Т , А.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Т , А.Б  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч Б.Б , Л.Т , А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оюунт овгийн Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин овгийн А.Б , Уран овгийн Л.Т  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.  

3. Шүүгдэгч Л.Т , А.Б  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т , А.Б  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т , А.Б  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Б.Б , Л.Т , А.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Л.Т , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН