Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0351

 

Иргэн С.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн С.Т-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох / захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн С.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ** дугаар гудамжны ** тоот хашааны 518.5 м.кв газрыг иргэн С.Т, түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлэхээр шийдвэрлэж, мөн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар газар өмчлүүлсэн уг шийдвэрийг газар эзэмших эрх үүсээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ** дугаар

гудамжны 270А тоот хашааны 517.63 м.кв газрыг иргэн Б.Т, түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т болон иргэн Б.Т-д өмчлүүлсэн газрын хаяг, талбайн хэмжээ өөр байгаа боловч иргэн Б.Т нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад гаргасан өргөдөлд өмчлөхийг хүсэж буй газрын хаягийг “Сурагчийн ** дугаар гудамжны ** тоот” гэж бичсэн, эдгээр иргэдийн гараар үйлдэж газар өмчлөх хүсэлтэд хавсаргасан газрын байршлын тойм зурагт тусгасан байршил, тус дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б.Т-д, 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдөр С.Т-д олгосон тодорхойлолтод дээрх иргэдийг сурагчийн ** тоот хашаанд оршин суудаг болохыг тодорхойлсон байх тул маргаж буй газар нь нэг газар гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч нэхэмжлэгчид газар өмчлүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга 2005 оны 74 дүгээр захирамжаар хүчингүй болгож, уг газрыг бусдад өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

... Чингэлтэй дүүргийн Засаг даргаас гаргасан тайлбар, нотлох баримтаар иргэн С.Т-д тус дүүргийн Засаг даргын 2001 оны 136 дугаар захирамжаар маргаж буй хашааны газрыг эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжийн иргэн С.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгох эсэх нь уг газрыг эзэмших эрхтэй этгээдийг тогтооход ач холбогдолтой биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 25-270А тоот хашаа нь Б.Т миний нэр дээр хууль ёсны бүртгэл, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байлаа. Тухайн үед өөрийн ажил амьдралын байдлаас шалтгаалан иргэн С.Т, н.Д нарын 4 иргэний амьдралын аргагүй байдлыг харгалзан үзэж тус хашаанд түр хугацаагаар суулгах болсноор энэхүү маргаан үүссэн билээ.

Улмаар 2004, 2005 онд Монгол Улсын иргэнд газар өмчлөх хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 25-270А тоот хашааны 518 м.кв газрыг өмчлөлд бүртгүүлэхээр нотлох баримт, материалаа бүрдүүлэн нийслэлийн Газрын албанд хүсэлт гаргахад иргэн С.Т нь ямар нэгэн аргаар нийслэлийн Засаг

 

даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар өмчлөх эрхийн гэрчилгээ авчихсан байсныг анх олж мэдсэн. Тэр цагаас хойш Нийслэлийн Газрын алба, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба зэрэг олон шатны байгууллагад тус газрыг өөрийн эзэмшлийн газар мөн болохыг баталсан гэрчилгээ болон нотлох баримт, өргөдлөө гарган явснаар доорх захирамж шийдвэрүүдийг хүлээн авсан боловч “С.Т-ын өмчлөх эрхийн гэрчилгээг хураан авч танд шинээр гэрчилгээ олгох ёстой” гэсэн тайлбараар захиргааны ажилтны мэргэжлийн ур чадвар, тогтворгүй байдал, хүнд суртал тэдгээрийн хариуцлагагүй байдлаас болж цаг хугацаа алдан эрх минь зөрчигдөж хохирсоор ирсэн.

Б.Т миний бие 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Чингэлтэй дүүргийн шүүх миний нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн боловч С.Т нь уг хашаанд 1997 оноос хойш амьдарч, хууль ёсны эзнээс нь 2008 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 450.000 төгрөгөөр хуулийн дагуу баталгаажуулан худалдан авсан байх юм. Гэтэл С.Т нь 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ авч, 2004 онд мөн өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийн бичгээ гаргуулсан байсан.

Иймд С.Т-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээд Б.Т миний газар өмчлөх эрх, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгө маань давхар хохирсоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 21- ний өдрийн 155 дугаар захирамжийн Б.Т-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн С.Т-д холбогдох хэсгийг тус тус хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Т давж заалдах гомдолдоо: “1. Нэхэмжлэгч С.Т 2013 оны 10 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг ба

 

/надад гардуулсан нэхэмжлэлийн огноо 2013 оны 10 дугаар сарын 14/ шүүх 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн захирамж гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Шүүгч энэ хуулийн 34.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

  1. Түүнчлэн шүүх С.Т-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байхад тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” хуулийн 34.1-д зааснаар шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах хуулийн заалтыг ноцтой зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч С.Т-д газар өмчлүүлсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга 2005 оны 74 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байхад захиргааны хэргийн шүүхэд хандах хүртлээ С.Т энэ талаар маргаж, гомдол гаргаагүй. Тодруулбал нэхэмжлэгч С.Т нь 2005 онд Нийслэлийн Засаг даргын шийдвэр гараад 8 жил өнгөрсөн байхад гомдол маргаан гаргаагүй байдаг юм.
  2. Түүнчлэн маргаан бүхий газрыг миний бие 1996 онд Г.Янжмаа гэх хүнээс худалдан авсан ба уг асуудлаар гэрч Г.Янжмаа “1996-1997 оны үед Б.Т-ынх манай хашаанд байсан, тэр хашаанд 2 жил гаран хугацаанд амьдарсан”, “Би газраа зарахдаа муу санаа агуулаагүй. Б.Т-д газраа зарна гэж тохирсон байсан болохоор Б.Т-аас мөнгөө аваагүй байсан ч гэсэн Туулын нэр дээр бичиг баримтаа шилжүүлнэ гээд Газрын албан дээр хамт очсон” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт орсон, түүнчлэн анхдагч эзэмшигчийн 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших үнэмлэх, миний газар өмчлөх гэрчилгээ холбогдох шийдвэр захирамж зэрэг нотлох баримтууд байхад шүүх нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... 1997 оноос хойш С.Т уг газарт амьдарч ...” тогтоогдож байх тул гэсэн нь хууль бус юм

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, С.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн ** дугаар гудамжны 207А тоотын хашааны газрыг иргэн С.Т-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн боловч тухайн шийдвэрээ 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар “эзэмших эрх үүсээгүй” гэж үзэн хүчингүй болгосон, улмаар 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар захирамжаар газрыг иргэн Б.Т-д өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Б.Т-д 1997 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх, гэрч Г.Янжмаагийн мэдүүлэг зэргээс үзвэл маргаан бүхий газрыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 10-126 тоот хаягтай байхад иргэн Г.Янжмаагаас Б.Т худалдан авахаар тохирсон, газар эдлэх эрхийн үнэмлэхийг авч байсан нь тогтоогдсон боловч энэ нь тухайн газрыг өмчлөх эрхтэй гэх үндэслэл болохооргүй байна. Тодруулбал, хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу эзэмших эрх үүсээгүй байхад газрыг өмчлөх боломжгүй.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1- д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга тухайн иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж энэ талаар тодорхой заажээ.

Харин хэрэгт авагдсан баримтуудаар иргэн С.Т маргаан бүхий газарт хашаа худалдсаны төлбөрийг Г.Янжмаад төлсний үндсэн дээр амьдарч ирсэн нь тогтоогдсон бөгөөд Нийслэлийн Засаг дарга 2005 оны 74 дүгээр захирамжаар урьд гаргасан шийдвэрээ өөрчилж, С.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгохдоо С.Т тийнхүү 1997 оноос хойш амьдарсаар ирснийг болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон гэх асуудлыг буюу С.Т газрыг өмчилж авах эрх бүхий этгээд эсэхийг бүрэн судлаагүй нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн, үндэслэл муутай,

 

 

 

 

хууль бус захиргааны акт болсон, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл маргаан бүхий газарт газар эзэмших эрх хууль ёсоор С.Т, Б.Т нарын хэнд нь эхэлж үүссэнийг тодруулж, газар өмчлүүлэх шийдвэр гаргах үед газрыг бодит байдлаар эзэмшиж байсантай холбоотой асуудлуудыг тодорхой болгосны дараа хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Гуравдагч этгээдээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх боловч захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрээ нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт байхгүй, маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш Б.Т-ыг газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргах хүртэл С.Т тухайн газарт амьдарч байсан зэргээс үзэхэд захиргааны актуудын талаар түүнийг мэдэж байсан гэх боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид,

 

тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.