Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1529

 

 

2018             11             12                                                  2018/ШЦТ/1529

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

 

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

 

Хохирогч, шүүгдэгч М.Б, С.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б, С.П нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 00856 1814 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б, С.П нар нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” бааранд хоорондоо маргалдаж, зодолдсоны улмаас М.Бын биед хөнгөн

 

хохирол, С.Пын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б, С.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 1806 00856 1814 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч М.Б, С.П нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч, шүүгдэгч С.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Би бааранд ороод бүжгийн талбай дээр гараад бүжиглэх үед нэг залуу архи уучихсан миний хажууд бүжиглээд зогсож байсан. Тэгсэн тэр залуу мөрөөрөө миний мөр рүү мөрлөхөөр нь би нээх юм хэлээгүй, тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад холдуулсан. Тэгээд текин дээр зогсож байтал нөгөө залуу ирээд надтай маргаан эхлүүлсэн. Тэр миний баруун талын шанаа, эрүү рүү гараа атгаж байгаад цохисон. Миний биед учирсан гэмтлийг надтай зодолдсон М.Б учруулсан.

 

Би шинжээчийн дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би М.Б гэх хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 79/,

 

Хохирогч, шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн:

Нэг танихгүй залуу хүрч ирээд “Ах юм асууя” гэхээр нь дагаад явсан чинь 00-ын өрөө рүү яваад орсон. Тэгсэн араас толгой руу цохисон. Урагшаа тонгойсон чинь нүүр рүү цохиод ухаан алдаад унасан байсан. Миний үүдэн хоёр шүд унасан. Урд талын 3 шүд хөдөлсөн. Толгойны баруун хойд талд хагарсан байсан. Уруул дотор талдаа язарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Би өөрийн хийсэн хэргийг хүлээж байна. Пүрэвцамжийн биед гэмтэл учруулсан нь үнэн. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Эрдэнэтуулийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Манай зөөгч 00-ын болон баар руу ордог хаалга хоёрын голд хүмүүс маргалдаад байна гэхээр нь очсон чинь ахимаг настай байрын ах, залуухан залуугийн өөдөөс дунд хуруугаа гаргаад салаавч өгөөд байсан. Баарны хаалгаар орж гарахдаа тухайн залууг мөрлөөд яваад байсан. Тэгээд өөрөө өдөж хоргоогоод байсан. Туранхай залуу нь орж ирээд удаагүй эрүүл байсан. Нөгөө ах хөл дээрээ тогтож чадахгүй, мөнгөө ч тоолчиж чадахгүй байсан. Би тэр ахимаг настай хүнд

 

хандаж настай хүн байж залуу хүн өдөж хоргоогоод гэж хэлсэн. Тэгсэн нөгөө туранхай залуу руу үсчээд толгой руу цохиж гар хүрээд байсан. Тэгсэн тэр залуу ах болиоч гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь дайваад нойл руу унаад почкин хагалсан. Тэр настай ах өөрөө л тэр туранхай залууг өдөж хоргоож байгаад ийм зүйл болсон. Би салгаад боль гэхэд залуу нь орж гараад яваад байсан. Настайвтар ах харин би цохиулчихсан хар гээд орилоод тек цохиод цагдаа дууд гээд орилоод амгалан тайван байдал алдагдуулсан. Ил харагдах шарх байгаагүй. Тэр настай ах нь миний 1 шүд уначихсан гээд орилоод байсан. Унасан зүйл харагдаагүй. Цус гоожиж бариагүй байсан. Би өдөр нь авахуулчихаад тэгж байгаа юм байна гэж ойлгосон. Нөгөө залуу нь бол настай хүн байна гээд гар хөдлөхгүй байсан. туранхай залуугийн толгой руу нь цохиод, орилж чарлаад мөрлөөд маяглаад байсан. Тэр залуугаас болоогүй, харин настай ахаас болж ийм юм болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өндөр туранхай залуу 260.000 төгрөг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 69-71/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1240 дугаартай:

С.Пын биед хүзүү, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-

 

ийн 37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 1253 дугаартай:

М.Бын биед тархи доргилт, дээд уруулд няцарсан шарх, дээд 2 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 2 шүдний булгаралт цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/,

 

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.П, М.Б нарын урьд эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, цагдаагийн газрын мэдээллийн сангийн баримт /хх-ийн 45-62/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нар хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.П, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.П, М.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Пын иргэн М.Бын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Бын иргэн С.Пын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч М.Б нь хохиролд 3.600.000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хавтаст хэрэгт Улсын гуравдугаар эмнэлэгт үйлчлүүлж төлбөр төлсөн гэх баримт байх боловч тухайн баримт дахь үнийн дүнг ЭМД-аас төлсөн байх ба иргэн ямарч төлбөр төлөөгүй байна. Нөгөөтэйгүүр тухайн эмнэлгээс авсан үйлчилгээ нь бүсэлхийн зураг, мэдрэл судлал гэх утгатай байх ба шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэлтэй холбоогүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй болно.

 

Хохирогч нар нь тухан гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэн тухай баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Сын П, Т тайж овогт Мгийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, С.П нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, С.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэргийн учир шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь тухайн хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан
 

сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Н.БААСАНБАТ