| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 183/2017/02108/И |
| Дугаар | 183/ШШ2017/02101 |
| Огноо | 2017-10-05 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2017/02101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Г
Хариуцагч: Б.С нарт холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Ө.Г, хариуцагч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие С.Т нь 1989 оноос төрийн байгууллагад 27 жил үр бүтээлтэй ажилласны төлөө 2012 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас надад энэ байрыг авах эрх олгосон. Тус орон сууцны барилгын 68,6 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2012 оноос эхлэн нөхөр бид 2 нийт 51 450 000 төгрөгийн 5 удаа хуваан төлж барагдуулаад худалдаж авсан. Хүү Ө.Г нь эхнэр хүүхэдтэй болж амьдрах орон сууцгүй байсан учраас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 68,6 м2 талбай бүхий 3 өрөө орон байранд оруулж, Ө.Г, түүний эхнэр Б.С, хүү Г.Гнарт дээрх орон сууцны байраа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Хүү Ө.Г Б.С нарт зөвхөн амьдран суух зорилгоор ашиглах ба ямар нэг барьцаанд тавих, зээл авч ашиг олж болохгүй, хэрвээ та нар биднээс нууж ямар нэгэн асуудал гаргасан бол орон сууцаа буцааж авна гэж онцгойлон анхааруулсан. Хүү Ө.Г Б.С нар бид хэзээ ч асуудал гаргахгүй, аав ээж та хоёрын захисан дагуу ямар нэгэн асуудал гаргахгүй, мөн хэзээ ч барьцаанд тавихгүй, зээл олж ашиг олохгүй гэж амлалт өгч байсан. Гэтэл нөхөр бид 2 гадаад явсан хойгуур буюу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хүү Ө.Г Б.С нар нь өөрсдийн амьдран сууж байгаа орон сууцаа Бид ББСБ ХХК-д 1 жилийн хугацаатай барьцаалж, 12 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Мөн зээлээ буцаан төлөх чадваргүй болсныг нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн. Манай хүү Ө.Г 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр сураггүй алга болсон. Б.Сээс байрны ордер байна уу гэж асуухад уг нь байсан одоо байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд барьцаанд тавьсан талаар мэдсэн. Бид ББСБ ХХК-д төлөх ёстой үлдсэн зээл болон хүүгийн төлбөр болох нийт 11 384 500 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нөхөр Т.Өлзийбаяр бид хоёр төлж барагдуулсан. Хүү Ө.Г 28 хоног сураггүй байж байгаад гарч ирсэн. Энэ хугацаанд мөнгөний асуудалд орсон байна гэж бодоод асуухаар манай бэр Б.С юуч надад хэлээгүй. Хүү Ө.Г*******ыг гарч ирэхээр нь чи яагаад алга болсон юм бэ гэж асуухад би өрөө төлж чадахгүй болохоор аав ээжээс айгаад зугтаасан гэж хэлсэн. Хүү Ө.Г түүний эхнэр Б.С нар нь амьдарч байсан орон сууцаа барьцаалж авсан 12 000 000 төгрөгөөс хадам эх Ч.Лгийн санал болгосноор QUESTRA WORLD гэх үл ойлгогдох олон улсын мөнгөний сүлжээний байгууллагад гишүүнээр орж 9 000 000 төгрөг төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Сийн төрсөн эх Ч.Лгийн дамжуулан шилжүүлж ашиг олж байснаа, үлдсэн мөнгөө үрэн таран хийж, орон сууцаа барьцаалсан зэрэг дээрх бүх асуудлаа биднээс нуун дарагдуулж, удаан хугацаанд мэдэгдэхгүйг хичээж, худлаа ярьж байсан бөгөөд цаашид орон байраа алдаж, гэр бүлийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулж байна. Иймээс хүү Ө.Г Б.С нар нь бидний итгэлийг алдаж, зөвхөн амьдрах зориулалттай байсан шударга бус замаар ашиг олох зорилгоор ашигласан. Мөн авсан зээлээ цаашаа буцааж төлөх чадваргүй болж биднээр 11 384 500 төгрөгийн зээлийн өрөө төлүүлж, биднийг хохироосон. Орон байраа зээлийн барьцаанд хямдхан алдах нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байдал нь намайг ноцтой гомдоож байгаа учраас орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож орон сууцны өмчлөлийг С.Т миний нэр дээр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага дээр нэмээд Б.С-ийг хасахыг оюуны өмч улсын бүртгэлд даалгаж өгнө үү гэсэн тодруулга хийсэн байгаа. Нэхэмжлэгч С.Т 1989 оноос хойш Нийслэлийн ерөнхий зөвлөгөөний байгууллагад ажиллаад 27 жил болж байна. Удаан хугацаагаар ажилласны үндсэн дээр маргаад байгаа байрыг гэр бүлийн хамт 51 000 000 төгрөгөөр өөрийн өмчлөлөөр авсан байгаа. Хүүхдүүдээ сайхан амьдраасай гэсний үүднээс бэлэглэсэн. Бэлэглэхдээ ямар нэгэн нөхцөл журам тогтоогоогүй гэж ярьж байна. Бэлэглэхээсээ өмнө гэр бүлийн оройн хоолон дээр энэ байрыг ямар нэгэн байдлаар барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ зарахаар бол ярилцаж байж захиран зарцуулаарай гэж хэлсэн. Ө.Г, Б.С нар бид барьцаанд хэзээ ч тавихгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн гол шаардлагын хувьд бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэж байгаа. Ноцтой гомдоосон гэдгийг хуулийн тайлбар дээр янз бүрээр тайлбарладаг. Ноцтой гомдоосон гэдгийг өөрөө хэлэх боломжгүй байдаг. Мөн эдийн засгийн хувьд нэхэмжлэгчийг хохироосон. Ноцтой гомдсон гэдэгт яагаад байраа барьцаалах болсон шалтгаанаа хэлээгүй юм бэ гэдэг зүйл яригдаж байна. Ө.Г, Б.С нар барьцаанд тавиад ББСБ-аас мэдэгдэл өгсөн талаар хавтаст хэрэгт байгаа. Ө.Г Б.С нар хадам ээжийнхээ дансанд мөнгөө хийсэн. Нэхэмжлэгчийг сайн дураараа төлсөн гэж ярьж байна. С.Т төлөөгүй бол байр ББСБ-ын барьцаанд авах байсан. Үр хүүхдээ гэсэн эцэг эхийн сэтгэлийг гомдоосон. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт байгаа. Ө.Г, Б.С нар аавыгаа зүрхний өвчтэй эмнэлгийн хяналтад байдаг гэдгийг мэдэж байсан. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ө.Г*******ыг алга болоход эцэг эх нь маш их тайван бус байсан. Тайван бус байсан талаар хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдож байгаа. Аав нь энэ үйлдлээс болоод бие нь муудаж 7 хоног эмнэлэгт хэвтсэн. Ө.Г гэрээсээ гарахдаа ээж аав дээр очлоо гэж хэлээд 28 хоног алга болсон. Энэ хугацаанд эхнэр Б.Срүү мессеж бичсэн байсан. Мессеж бичсэн талаар нэг ч удаа эх эцэгт нь хэлээгүй. Яагаад хэлээгүй юм бэ гэдэг дээр гомдоод байгаа. Б.С цагдаагийн байгууллагад мэдэгдсэн зүйл байдаггүй. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ө.Г гэрээсээ баригдсан. 28 хоног алга болсон талаар Ө.Г тайлбарлахдаа сэтгэл зүйн хувьд маш дарамттай байсан. Учир нь хадам ээж байнгын мөнгөөр дарамталдаг байсан. Байрыг ашиг олох зорилгоор ашиглаж байгаа нь ноцтой гомдоосон гэж үзэж байна. Ө.Г 28 хоног алга болохдоо амиа хорлох гэж 2 удаа оролдсон. Тийм учраас бид мэдээгүй байсан гэж ярьж болохгүй. Эцэг эхчүүд энэ байрыг бүрмөсөн авах гэж байгаа биш. Өөрсдийн гэсэн байр сууриа олоод ирэхээр байрыг шилжүүлж өгөх эрх нь нээлттэй байгаа. Энэ байраа алдахгүй юмсан, эдийн засгаар хохирчихгүй юмсан гэж бодсондоо нэхэмжлэл гаргасан. Иргэний хууль, Дээд шүүхийн тайлбар, хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуудлага өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ө.Г гэж хүн гэрээсээ баригдсан талаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Ө.Г шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ө.Снь нэхэмжлэгч талаас гаргаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний талаас маргах зүйлгүй.
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Бид ББСБ ХХК-аас 12 000 000 төгрөг зээлээд 1 000 000 төгрөгийг буцааж хүүнд төлөөд үлдсэн 11 000 000 төгрөгийг ямар нэг байдлаар төлж чадахгүй улмаас гэрээсээ явсан. Мөнгөний асуудалтай болоод байрны ордерийг барьцаанд тавьсан. Мөнгө олохгүй болохоор аав ээж дээрээ ирж чадаагүй. Яагаад компанид орсон юм бэ гэхээр манай хадам ээж удаа дараа орос явахаасаа өмнө уурлаад дарамтлаад байхаар нь аргагүй байдалд орж хадам ээждээ 9 000 000 төгрөг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд
Нэг. Зохигчдын хувьд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан эсэх тал дээр маргалдаагүй бөгөөд зөвхөн тус бэлэглэлийн гэрээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тусгай зориулалттай байсан эсэх дээр маргалдаж буй болно. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй энэ төрлийн гэрээ бус харин мөн хуулийн 276 дугаар зүйлд заасан тусгай зориулалтгүй бэлэглэлийн гэрээ байсан гэж үзнэ. Учир нь зохигчийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан тус гэрээнд нэхэмжлэлд дурдагдсан зөвхөн амьдрах суух зорилгоор ашиглах, барьцаанд тавих, түүгээр дамжуулж зээл авч, ашиг олж болохгүй мэт тодорхой болзол, зорилго тусгагдаагүй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, хэрэв хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана хэмээн заасан. Гэтэл энэ тохиолдолд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд гэр бүл болсон тул бэр, ач хүүдээ бэлэглэсэн хэмээн дурдсанаас харвал нэхэмжлэгчийн хэрэгцээ шаардлага нь бэр болон ач хүүдээ тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээ бэлэглэсэн болох нь тодорхой харагдаж байна.
Хоёр. Нэхэмжлэгчийн зорилго нь нэхэмжлэлд дурдсанаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг зөвхөн амьдрах зориулалтаар ашиглана гэсэн байна. Гэтэл бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуульд зааснаар бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ бөгөөд мөн хуульд заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ биш болно. бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлнэ гэдэг нь шилжүүлэн авсан өмчлөгч тухайн эд хөрөнгийг барьцаанд тавих гэх эдийн засгийн эргэлтэнд оруулах бүрэн боломжтой. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.С нь Ө.Гтай 2009 онд танилцсан. 2011 оноос Б.С-ийнд амьдарч байгаад 2015 онд гэрлэлтээ бүртгүүлж хуримаа хийсэн. Ээж С.Т нь хүү Ө.Г, Б.С, ач хүү Г.Гт бэлэглэлийн гэрээгээр оногдох хувиа бэлэглэсэн байдаг. Тухайн байрны өмчлөгч С.Т, Ө.Г нарын нэр дээр байдаг байсан. Ө.Г*******ын хувьд бэлэг хүлээн авагч тал биш, бэлэг хүлээлгэн өгөхөд хамтран өмчлөгчийнхөө хувьд зөвшөөрсөн гэрээ байдаг. Б.Сийн хэлж байгаагаар бэлэг шилжүүлэхдээ тухайн байрыг тусгай зориулалттай, барьцаанд тавьж болохгүй гэж хэлж байгаагүй. Гэр бүл болсных нь хувьд сайн сайхан амьдраасай гэсний үүднээс бэлэглэсэн. Бид ББСБ ХХК-аас 12 000 000 төгрөгийн зээл авсан. Гэхдээ зээлийн гэрээнд Б.С оролцоогүй мөн QUESTRA WORLD мөнгөний сүлжээнд ороход Б.С оролцоогүй байдаг. Энэ сүлжээ нь 9 000 000 төгрөг хийгээд жилийн дараа 18 000 000 төгрөг болгодог. Мөнгөө нугалаад дахин нугалж авах боломжтой юм байна гэж үзэж Ө.Г өөрөө хадам ээжтэйгээ ярилцаж байгаад 9 000 000 төгрөгийг хадам ээжээрээ дамжуулаад шилжүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр элсээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэхэд 9 000 000 төгрөгийн ашиг олно. Эхний сард нь зээлээ төлөөд нийт 4,6 сая төгрөгийн ашигтай байна гэж ярилцаж орсон. Буцаагаад 7 500 000 төгрөг тухай бүр олох ёстой орлого нь ороод зээлээ төлсөн гэж Ө.Г хэлсэн. Энэ хугацаанд Б.Сийн хувьд өөрөө зээлдэгч биш учраас зээл төлөөгүй байдлыг мэдээгүй байдаг. Зээлээ төлсөн гэж ойлгож байсан. Сар болгон авдаг хөдөлмөрийн хөлсийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Зээлээ төлөх бүрэн боломжтой байсан. Зээлээ төлөөгүй гэдгийг мэдээгүй байсан. Ө.Г Б.Ст хэлэхдээ би удаан хугацаагаар тоглоом тоглосон гэж хэлсэн. Ө.Г*******ыг зээлээ төлөөд ордероо авсан гэж бодож байсан. 12 000 000 төгрөгийг хадам ээж сайн дураараа төлсөн байсан. Одоо 1 500 000 төгрөгийг төлсөн, бусад мөнгийг төлөх бүрэн боломжтой байгаа гэсэн тайлбарыг хэлдэг. Нөхөр маань алдсан юм байна. Цаашдаа үр хүүхдээ бодоод сайхан амьдрах болно. Энэ QUESTRA WORLD цаашдаа мөнгө ороод ашгаа олох боломжтой тул гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Хууль зүйн хувьд бэлэглэлийн гэрээний хувьд ямар үндэслэлээр гэрээг хүчингүйд тооцох вэ гэхээр бэлэглэгчийг ноцтой үйлдэл хийсэн гэдэг. Бэлэглэлийн гэрээн дээр Б.С байгаа. Б.Сийн хувьд бэлэглэгчийг гомдоосон ямар нэг ноцтой үйлдэл байхгүй. Бэлэглэлийн гэрээгээр байр өмчлөлд шилжсэн байдаг. Тухайн хүн өөрийнхөө өмчлөлд авсан тохиолдолд цааш захиран зарцуулах эрх нээлттэй байдаг. Барьцаанд тавьсан байдал гомдоосон үйлдэл гэж үзэхгүй. Б.С зээлийн гэрээг байгуулаагүй. Зээлийн үүрэг хариуцлага хүлээх этгээд Ө.Г, Б.С нар өөрсдөдөө эрсдэлийг бий болгосон. Бэлэглэгчид ямар нэгэн эрсдэл үүсгээгүй учраас бэлэглэгчийг гомдоох үйлдэл биш. Бэлэглэгчийн хувьд мөнгийг төлсөн гэж байна. Төлж байгаа мөнгө нь сайн дурын үндсэн дээр мөнгийг төлсөн. Б.С мөнгийг төлчих гэсэн нөхцөл байдал үүсээгүй. Гэрээн дээр зориулалтын дагуу ашиглах заалт байхгүй. Гэр бүлд нь гэдэг утгатайгаар гэрээ байгуулсан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т, хариуцагч Б.С, Ө.Г нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ бэлэг хүлээн авагч гомдоосон гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч Ө.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Б.С хүлээн зөвшөөрөхгүй, бэлэглэгч нь бэлгийн зүйлийг ямар зориулалтаар ашиглах зэрэг тодорхой болзол тавиагүй байж хүчингүй болгох гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж маргажээ.
Нэхэмжлэгч С.Т 2016 оны 10 сарын 13-ны өдөр Ө.Г, С.Т нарын өмчлөлийн Х******* 43 тоотод байрлах 68.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өөрт ногдох 50 хувь хэсгийг өөрийн бэр болох Б.С, ач хүү Г.Г нарт хариу төлбөргүй шилжүүлж, бэлэг хүлээн авагч зөвшөөрснөөр бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулсан бөгөөд орон сууцны өмчлөгч нар Ө.Г, Б.С, Г.Гнар болж өөрчлөгдсөн бөгөөд хүү Г.Г 3 настай, иргэний эрх зүйн чадамжгүй тул ээж Б.С түүний өмнөөс бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. /9-12 хуудас/
Иймд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ нэхэмжлэгч С.Т, Б.С нарын хооронд байгуулагдсан байна.
Хариуцагч Ө.Г, Б.С нарыг бэлэглэлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 3 сарын 7-ны өдөр Б.И.ДББСБ ХХК-аас 12 000 000 төгрөгрийн зээлийн гэрээ байгуулан барьцаанд тавьж, уг мөнгөний хэсгийг хадам ээж Ч.Лд өгч Questa world нэртэй сүлжээний бизнест хөрөнгө оруулалт хийсэн, энэ тухайгаа мэдэгдээгүй, үл тоож, хүндэтгэлгүй харьцах, Ө.Г гэртээ ирэлгүй 28 хоног гадуур явж, энэ талаар асуухад бэр Б.С мэдэхгүй гэх зэрэг гэр бүлийн зөрчилтэй нөхцөл байдлаас болж бэлэглэгч С.Т нь гомдож буй үндэслэл болгосон гэж тайлбарлан дээрх гэрээг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан үндэслэлд хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд 280.3 дахь хэсэгт бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэсэн үндэслэл, заалтуудтай тохирч байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бэлэглэгч нь ямар нэг болзол тавьж бэлэглэлийн гэрээг байгуулаагүй бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй бөгөөд хариуцагч Ө.Г зээлийн гэрээг байгуулсан, уг зээлийг Б.С төлөх бүрэн боломжтой байсан зэрэг тайлбарыг хэлж байгаа боловч нэхэмжлэгч С.Т өөрийг нь гомдоосон ноцтой үйлдэл гэдгийг өөрөө тодорхойлж болох бөгөөд зохигчийн садан төрлийн байдал, тодорхой тохиолдлын нөхцөл байдлыг тодорхойлж, түүнийгээ нотлон тайлбарлаж байгаа нь хэрэгт ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл 2017 оны 3 сарын 7-ны өдөр Ө.Г нь Б.И.Д ББСБ ХХК-аас 12 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 4.5 хувийн зээлж, зээлийн гэрээ байгуулан мөн бэлэглэлийн зүйл болох орон сууцыг барьцаанд тавьж, зээлийг төлөөгүй бол барьцааны зүйлийг үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээсэн /13-15-р хуудас/, С.Т энэхүү нөхцөл байдлыг мэдэж орон гэргүй болох эрсдэл үүсч байна гэж үзэж тэдний өмнөөс зээлийг төлж, барьцаанаас чөлөөлсөн /16-17-р хуудас/ зээл авсан мөнгөнөөс 9 000 000 төгрөгийг Б.С-ийн ээж Ч.Лд шилжүүлж сүлжээний бизнест хөрөнгө оруулсан, энэ талаар тодруулахад зохисгүй байдлаар хариулт хэлж, гэр бүлийн таагүй уур амьсгал бүрэлдсэн, хүү Ө.Г нь 6 сарын 1-ээс гэрээсээ гараад сураггүй хэд хоног болсныг цагдаагийн байгууллагад хандан шалгуулсан зэрэг нь баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүх дүгнэхдээ энэхүү гэр бүлийн таарамжгүй нөхцөл байдал нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэл болсон гэж үзэв.
Мөн бэлэглэлийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт энэхүү гэрээ нь 280 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болж болно гэсэн нөхцөлийг хариуцагч Б.С хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгааг мөн анхаарах нь зүйтэй юм.
Иймд дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Т-ыг Х******* 43 тоотод байрлах 68.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч болохыг тогтоохоор шийдвэрлэв.
Харин хариуцагч Ө.Г бэлэглэлийн гэрээний тал биш орон сууцны анхны хамтран өмчлөгч байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа саналыг харгалзаж, түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийг бүрэн хангасан хэмжээгээр хангаж байгаатай холбогдуулан хариуцагч Б.Сээс улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, урьдчилан төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгч С.Таас Б.С, Г.Г нарт үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн 2016 оны 10 сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, С.Т нь Х******* 43 тоотод байрлах 68.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өөрт нь ногдох хэсгийн буюу Ө.Г-тай хамтран өмчлөгч болохыг тогтоосугай.
2. Хариуцагч Ө.Г-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ээс 586 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА