Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03462

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр           Дугаар 101/ШШ2017/03462           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух, 26 настай, эмэгтэй, Б овогт Бын Оийн /**********/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Жанжин 0 дугаар гудамж, 0 тоотод  оршин суух, 27 настай, эмэгтэй, С овогт Нийн Мд /********/ холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 085 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.ООО, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч Б.ООО шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Б.ООО би Н.Мд 2015 онд Дэнжийн мянгын Хүчит шонхор захаас өөрийн худалдаж байсан махнаас 1 085 000 үнэтэй махыг зээлээр өгсөн. 7 хоногийн хугацаатайгаар мах зээлсэн боловч өнөөдрийн хүртэл мах зээлсэн мөнгийг буцааж өгөөгүй байна. Миний махыг зээлж авсан хариуцагч Н.Маас 1 085 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

 

Хариуцагч Н.М нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан ба 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбар гаргах хугацаанд тайлбар гаргаагүй байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Б.ООО нь хариуцагч Н.Мд холбогдуулан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрт 1 085 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талууд хооронд байгуулсан мах зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.

Зохигч талуудын хооронд мах зээлээр худалдах, худалдах авах гэрээ байгуулан үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээн мах худалдсан, гэрээний дагуу мах хүлээн авсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарт хариуцагч тал хариу тайлбар өгөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагааны ард “2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр” “Н.М” гээд гараар бичсэн хэсэгт, “2016 оны 1, 2, 3, 4, 5, 6 сард махны өглөг нийт 5 570 000 төгрөг болтол худалдан аваад мөнгийг өгөөгүй байгаа ба 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрийг барагдуулна, барьцаанд үл хөдлөхийн гэрчилгээ өгсөн болно.” гэж тэмдэглэсэн байна. /х.х-ийн 4 дэх талд/

Нэхэмжлэгч тус тэмдэглэлд дурдсанаар гэрээний дагуу төлбөр төлбөрөөс төлөлт хийн 1 085 000 төгрөг төлөх үүрэг үлдсэнийг нэхэмжилж байгааг тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл болон хэрэгт хавсарган ирүүлсэн дурдсан баримтуудад хариуцагч тал хариу тайлбар өгөөгүй, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт, “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан байх тул дурдсан үндэслэлээр хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт, “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулжээ.

Зохигчид хооронд мах худалдах болон үнийг дараа хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон агуулга нь дээр дурдсанаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний агуулгад нийцэх бөгөөд тус тохиролцоог талууд амаар хийсэн нь мөн хуулийн 263 дугаар зүйлийн зорилгын дагуу хэлбэрийн шаардлага зөрчсөн гэж үзэхгүй.   

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг болон 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх худалдагч талд үүссэн байна.

Тус шаардлагын дагуу 1 085 000 төгрөг төлөх үүрэг үлдсэн талаар нэхэмжлэгч  тайлбарлах ба хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн болон хариуцагчийн бичсэн тэмдэглэл зэргээс дурдсан шаардах эрх, үлдэгдэл төлбөр төлөх үүргийн үнийн дүн тогтоогдсон гэж үзэх боломжтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэл бүрдсэн гэж үзэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт товлосон бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа талаарх тайлбар, хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Маас 1 085 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ОООт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  35 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Н.Маас 35 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.ОООт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.АМАРЖАРГАЛАН