| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 101/2017/01164/И |
| Дугаар | 183/ШШ2017/02100 |
| Огноо | 2017-10-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2017/02100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г ХХК-д холбогдох
Даатгалын төлбөр барагдуулсны 1 682 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг гүйцэтгэгч талаас харин захиалагч талаас *******, ******* тоотод оршин суух Ч******* овогтой Б******* нарын хооронд байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч байгууллага *******,******* тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус орон сууц нь 2015 оны 11 сарын 9-ний өдөр далд шугам цоорч их хэмжээний ус алдсан. Уг асуудлаас болж иргэн Ч.Б-ын гэрийн том өрөөний паркетин шал нэлэнхүйдээ норж хөөлт өгч, өрөөний хаалга пэмбийж хөөсөн. Компьютерийн ширээ хуулга хууларч хөөлт өгсөн, мөн унтлагын өрөөний паркетан шал нэлэнхүйдээ хөөлт өгсөн, орны хөл хөөж хуулга хууларч, тумбочка хөөсөн ханын обой шарласан, коридорын хувцас гутал, хивс зэрэг нь үнэр орж норсон. Уг байрны хохирлыг арилгахын тулд дээрх бүх эвдэрч хэмхэрсэн зүйлийг шинээр авах янзлуулах зардал гарсан. Харин уг гарсан зардлыг Н.Д ХХКнь төлж барагдуулсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 1 682 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Барилга байгууламжийг улсын комиссод хүлээлгэн өгөх тухай 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1852013 бүхий улсын комиссын актаар маргаж буй орон сууцыг ямар компани улсын комиссод хүлээлгэн өгсөн мөн захиалга гүйцэтгэгч нь хэн болох нь тодорхой байгаа. Үүнд Бэрэнмортгэйж ХХК хамааралгүй. Тухайн барилгыг улсын комиссод хүлээлгэн өгөөгүй, барилгыг бариулаагүй, захиалаагүй, гүйцэтгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хавтаст хэргийн 61 тал дээр 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03708 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлтэд орон сууц нийтийн аж ахуй улсын газраас шинжээчийн дүгнэлтэд ямар хариу ирүүлсэн юм бэ гэхээр тухайн газраас ажил үйлчилгээ ашиглалтыг Ц.Х.Д ХХК-д хүлээлгэн өгсөн байна. Тус айл 2015 онд ус алдсанаас хойш бүрэн засвар хийсэн тул далд шугамын гэмтлийг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох боломжгүй гэсэн байна. Хавтаст хэргийн 6 талд байгаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн.Н.Д ХХК-ийн 42122 дугаартай итгэмжлэлд Н.Д ХХК-ийн итгэмжлэлтэй Т.Н СӨХ-д холбогдох итгэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Шт олгосон. Нэхэмжлэгч итгэмжлэлдээ нэхэмжлэлийг солих эрх олгоогүй. Т.Н СӨХ-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ сольж гарын үсгээ зурж , хэн нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д ХХК хариуцагч Б.Г ХХК-аас гэм хорын даатгалын төлбөр 1 682 400 төгрөг гаргуулахыг шаардаж, хариуцагч үүнийг эс зөвшөөрч манай компани хариуцахгүй гэж маргажээ.
Уг нэхэмжлэлийн шаардлага Н.Д ХХК өөрт учирсан гэм хорын төлбөр нэхэмжилж буй хэрэг биш харин гэм хорын даатгалын нөхөн төлбөр олгосны төлбөр буюу Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан даатгалын харилцаанаас үүссэн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс даатгуулагчаас төлбөрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан гэж үзэж нэхэмжилж байна.
Н.Д ХХК иргэн Ч.Б-тай 2015 оны 9 сарын 29-ний өдөр ******* тоот хаягтай орон сууц болон даатгуулагчийн амь нас эрүүл мэндийг даатгуулсан гэрээ байгуулсан байна. /28-р хуудас/
2015 оны 11 сарын 9-ний өдөр дээрх орон сууцны дулааны шугам хагарч, их хэмжээний ус алдаж, эд хогшил болон орон байрны засварын зардлыг Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 7 708 287 төгрөг гэж тогтоосон талаар талууд маргахгүй байна.
Харин хариуцагчаас Н.Д ХХК даатгуулагч Ч.Б-д нөхөн төлбөрт нь 1 682 400 төгрөгийн хохирлыг олгосон талаарх баримт хэрэгт байхгүй, гэм хорын төлбөр хариуцах үндэслэл байхгүй, тухайн хохиролд буруугүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан /6-р хуудас/ 1 682 400 төгрөгийн нөхөн төлбөрийн шийдвэр нь даатгуулагчид мөнгийг олгосон талаарх баримт биш байх бөгөөд Иргэний хуулийн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7. Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. гэсний дагуу Номин даатгал шаардах эрхтэй эсэхээ нотолж чадахгүй байна.
Мөн хариуцагч Б.Г ХХК нь Ч.Б-тай 2013 оны 4 сарын 22-ны өдөр уг орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээний 3.1.1-т чанарын шаардлага хангасан материалаар холбогдох хууль тогтоомж, стандартын горимд нийцсэн орон сууцыг тогтоосон хугацаан, төлөвлөгөөний дагуу барьж ашиглалтанд оруулна гэсний дагуу шаардаж байна гэсэн үндэслэл нь Б.Г ХХК-ийн уг төлбөрийг хариуцах гэм буруутай этгээд гэдгийг нотлож чадахгүй, дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн борлуулагч бөгөөд Б энэ талаар гомдол гаргаагүй бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас ирүүлсэн дүгнэлтэд тус айл нь 2015 онд ус алдсанаас хош бүрэн засвар хийсэн тул далд шугамын гэмтлийг тодорхойлох боломжгүй байна гэсэн, мөн уг орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгсөн аж ахуйн нэгж Б.Г ХХК гэсэн комиссын акт зэргээс үзэхэд хариуцагч Б.Г ХХК уг төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй байна.
Хариуцагчаас шүүх хуралдааны шатанд мэтгэлцэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд Т.Н СӨХ-д холбогдох гэсэн байх тул хуулийн шаардлага хангахгүй байна гэж тайлбарлах боловч тэрхүү итгэмжлэлд нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг олгосон бөгөөд уг эрхийн дагуу хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих хүсэлтийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн тул хууль зөрчөөгүй байна гэж үзсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон хариуцагч Б.Г ХХК-аас 1 682 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА