Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2077

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020            12            18                                         2020/ШЦТ/2077

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Оюунцэцэг,   

хохирогч  Ж ,

гэрч  Ж ,

шүүгдэгч Э.Н , түүний өмгөөлөгч Н.Ганбат (ҮД:0346),

шүүгдэгч Л.У , түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар (ҮД:1955) нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.У , Э.Н нарт холбогдох эрүүгийн 1906 02417 2222 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Э.Н, Монгол Улсын иргэн,

 

2. Л.У , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Н , Л.У  нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4  дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” зочид буудлын 404 тоот өрөөнд байрлаж байсан  Ж гийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бэлэн мөнгөний машинд уншуулж 2,230,000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тус тус холбогджээ.      

                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Л.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруу дээр маргах зүйлгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг[1],

                              

Шүүгдэгч Э.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгэхэд би хөдөөнөөс ирсэн байсан бөгөөд буудалд орсон. 600,000 төгрөгийг авсан нь үнэн” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч  Ж  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хэрэг гарсан өдөр би  Ж тай хамт очиж уулзацгаасан. Би У л ганц таних бөгөөд картын нууц дугаараа  Ж т чангаар хэлээд дэлгүүр лүү гаргасан. Карт маань өмдний халаасанд байсан бөгөөд картаа алга болгосноо үүрийн 5 цагт мэдсэн. Би У 1,115,000 төгрөгийг авсан. Одоо үлдсэн 1,115,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

                                         

Гэрч  Ж ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ж гийн картаас мөнгө алга болсныг маргааш өглөө нь мэдсэн.  Ж гийн картыг авч байхыг сүүлд камераас харсан.  Ж  надад картын нууц дугаараа хэлэхэд Л.У , Э.Н  хоёул байсан” гэх мэдүүлэг,

                                                   

Хохирогч  Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр найз Жамбаагийн хамт 19 цагийн үед Натур-ын зам дээр хүлэг гэх ресторанд хоол идээд байж байтал найз Заяа утасдаад КТМС-ийн ойролцоо “Тэргэл” буудалд байна. Хүрээд ирээч гэхээр нь найз Жамбаагийн хамт очсон. Дөрвөн давхар 404 тоот өрөөнд ороход... Заяа нэг үл таних хүүхэнтэй цуг байсан... бид дөрөв ууж байгаад 20 цагийн орчимд найз Жамбаагийн хамт тус буудлын 2020 тоот өрөөнд орж унтаж амарсан... 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 05 цагийн үед сэрээд гаднаас юм авах гэтэл миний Хаан банкны виза карт байхгүй байхаар нь Хаан банк руу залгатал таны карт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цаг 56 минутаас 21 цаг 34 минут хүртэл 500,000 төгрөгөөр хоёр удаа, 200,000 төгрөгөөр 2 удаа, 280,000 төгрөгөөр нэг удаа зурагдаж нийт 2,230,000 төгрөг уншуулсан байна гэсэн. Миний хэтэвчинд карт байсан... сүүлд “Тэргэл” гэх буудалд 30,000 төгрөг уншуулаад найз Жамбаад өгч гарган нэг шил архи, хоол унд авхуулсан. Тэгэхэд 19 цаг өнгөрч байсан. Тэрнээс хойш би картаа ашиглаагүй.” гэх мэдүүлэг[3],

Гэрч  Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр найз Жавзанжамъянгийн хамт пабд архи уугаад сууж байтал найз Жавзанжамъянгийн гар утас руу үл таних эмэгтэй залгаад хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь бид хоёр “Тэргэл” нэртэй зочид буудал руу орсон... хоёр эмэгтэй байсан бөгөөд бид дөрөв хамт архи уусан... Ж надад архи захиж картаа өгөхдөө пин кодоо чанга хэлсэн. Тэр хоёр эмэгтэй кодыг сонссон байх... өглөө сэрэхэд... Жавзанжамъянгийн карт алга болсон байсан.” гэх мэдүүлэг[4],

Шүүгдэгч Л.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр би найз Н хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” зочид буудалд байхад Ж над руу... залгаад найзаа хаана байна гэж асуухаар нь би буудалд байна гэж хэлэхэд би амралтаа авсан. Яваад очъё гэхээр нь... байгаа газраа зааж өгсөн... тэр хоёр ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн... улмаар Ж найздаа картаа өгч архинд яваад ир гэж хэлээд гаргасан... найз нь “Экспорт” гэх нэртэй 0.75 литрийн архи авчраад Жавзанжамъян, түүний найз бид гурав хувааж уусан... Э.Н  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... Ж агсан тавиад байхаар нь тусдаа өрөө авч орсон... Ж согтоод унтсан. Тэгэхээр нь би Жавзанжамъянгийн найзад дээшээ гарч хувцсаа өмсчхөөд ирье гэж хэлээд гарах үед доод талын өрөөнд Ж түүний найз... Н нар үлдсэн. Хувцсаа өмсчхөөд доод өрөө рүү бууж ирэхэд урдаас Н гарах уу гээд гарч ирсэн... Н машинд сууж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Норжин худалдааны төвийн үүдэнд байдаг Хас банкны АТМ-д очоод Н нь намайг намайг картаас мөнгө аваад өг. Би мөнгө авч чаддаггүй юм гэж хэлэхээр нь зөвшөөрөөд картаас нь олон удаагийн давтамжтайгаар мөнгө авсан. Яг хэдэн төгрөг авснаа санахгүй байгаа ба ямар ч байсан их хэмжээний мөнгө авсан... шууд Н бэлнээр өгсөн ба тэр үед Н нь би банкны зээлтэй. Одоо шууд мөнгөө ээж рүү Интернэт банктай хүн олж байгаад шилжүүлнэ гэж хэлж байсан... маргааш над руу Ж залгаж чи миний картыг яагаад аваад явсан юм гэхээр нь би хаана байгаа газар чинь очиж уулзъя. Хаана байгаа юм гэж хэлээд... байгаа газарт нь очиж уулзаад Ж Н утсаар яриулахад Н Ж У энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Би авсан юм. Мөнгөө авах гэж байгаа бол надаас ав гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[5],  

Шүүгдэгч Э.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... тэр үед Заяа надад манай нэг найз цалингаа авчихсан. Надад байрны түрээсийн мөнгө авчирч өгсөн гэж хэлж байсан... Заяагийн мөнгө авах гэж байсан залуу намайг өрөөнөөсөө хамт ирсэн найзтай нь 1, 2 цаг гарчхаад ирээч гэхээр нь би чадахгүй гэсэн. Тэгтэл намайг хэл амаар доромжлоод чамайг гуйхгүй. Өрөө авчих мөнгөтэй гэж хэлээд тэр гурав хоёр давхарт өрөө авсан. Би дөрвөн давхрын өрөөндөө ганцаараа байж байсан чинь Заяа хоёр гар утас, Хаан банкны виза карт барьчихсан орж ирээд ... шууд намайг гарчхаад ирье гэж хэлэхээр нь яах гэж байгаа юм гэж асуухад нөгөө яриад байсан мөнгөө авах гэж байна. Ойрхон АТМ байхгүй. Чи машинаараа хамт яваад өгчих гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр “Эко” супермаркетын Хаан банкны АТМ руу Заяа ганцаараа ороод гарч ирээд мөнгө гаргахгүй байна гэж хэлсэн. Урагшаа чигээрээ яваад “Норжин” худалдааны төвийн доод давхарт байрлах “Хас” банкны АТМ-ээс би тухайн картыг уншуулан 4 удаагийн үйлдлээр 1,830,000 төгрөгийг Заяад авч өгсөн. Заяа эгч нь согтуу байна. Хамт ороод эгчдээ аваад өгчих гэж хэлсэн юм... улмаар бид хоёр машинд суухад Заяа надад 600,000 төгрөг өгсөн. Ууганбаяр ах шоронд орчихсон байсан ба найзуудтай нь уулзах боломжгүй. Өөрөө очих боломжгүй байсан болохоор намайг өгөх гэж байгаа мөнгөн дээрээ нэмэрлээд өгчхөөрэй гэж хэлж байсан... маргааш 11 цагийн үед Заяа над руу залгаад нөгөө хоёр найзтайгаа ууж байна. 10 дугаар хорооллын энд хүрээд ир. Манай өчигдөр хамт байсан найз мөнгөө нэхээд байна гэж утсаар ярж байсан чинь цаанаас нэг залуу “чи арай ч дээ миний хоёр, гурван сая төгрөгийг аваад явсан байна. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Заяа шууд утсаа тасалсан.” гэх мэдүүлэг[6],

Хохирогч  Ж гийн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Депозит дансны хуулга[7],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[8],

Шийтгэх тогтоолын хуулбар[9],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10],

Яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай шүүгчийн захирамж, тэмдэглэл[11],

Ялын тооцоо[12] мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн “Хаан” банкны орлогын мэдүүлэг, төрсний гэрчилгээ, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг 4 хуудас нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Э.Н , Л.У  нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4  дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” зочид буудлын 404 тоот өрөөнд байрлаж байсан  Ж гийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бэлэн мөнгөний машинд уншуулж 2,230,000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Э.Н , Л.У  нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Э.Н , Л.У  нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4  дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” зочид буудлын 404 тоот өрөөнд байрлаж байсан  Ж гийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бэлэн мөнгөний машинд уншуулж 2,230,000 төгрөгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч  Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр найз Жамбаагийн хамт 19 цагийн үед Натур-ын зам дээр хүлэг гэх ресторанд хоол идээд байж байтал найз Заяа утасдаад КТМС-ийн ойролцоо “Тэргэл” буудалд байна. Хүрээд ирээч гэхээр нь найз Жамбаагийн хамт очсон. Дөрвөн давхар 404 тоот өрөөнд ороход... Заяа нэг үл таних хүүхэнтэй цуг байсан... бид дөрөв ууж байгаад 20 цагийн орчимд найз Жамбаагийн хамт тус буудлын 2020 тоот өрөөнд орж унтаж амарсан... 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 05 цагийн үед сэрээд гаднаас юм авах гэтэл миний Хаан банкны виза карт байхгүй байхаар нь Хаан банк руу залгатал таны таны карт 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цаг 56 минутаас 21 цаг 34 минут хүртэл 500,000 төгрөгөөр хоёр удаа, 200,000 төгрөгөөр 2 удаа, 280,000 төгрөгөөр нэг удаа зурагдаж нийт 2,230,000 төгрөг уншуулсан байна гэсэн. Миний хэтэвчинд карт байсан... сүүлд “Тэргэл” гэх буудалд 30,000 төгрөг уншуулаад найз Жамбаад өгч гарган нэг шил архи, хоол унд авхуулсан. Тэгэхэд 19 цаг өнгөрч байсан. Тэрнээс хойш би картаа ашиглаагүй.” гэх мэдүүлэг[13],

Гэрч  Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр найз Жавзанжамъянгийн хамт пабд архи уугаад сууж байтал найз Жавзанжамъянгийн гар утас руу үл таних эмэгтэй залгаад хүрээд ир уулзъя гэж хэлэхээр нь бид хоёр “Тэргэл” нэртэй зочид буудал руу орсон... хоёр эмэгтэй байсан бөгөөд бид дөрөв хамт архи уусан... Ж надад архи захиж картаа өгөхдөө пин кодоо чанга хэлсэн. Тэр хоёр эмэгтэй кодыг сонссон байх... өглөө сэрэхэд... Жавзанжамъянгийн карт алга болсон байсан.” гэх мэдүүлэг[14],

Хохирогч  Ж гийн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Депозит дансны хуулга[15] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Н , Л.У  нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба хохирогч  Ж гийн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Депозит дансны хуулгыг харахад түүний данснаас  2,230,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.У , Э.Н  нар нь хохирогч  Ж гийн “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь  өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж, хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Л.У , Э.Н  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг” бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ““Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнөгэж тус тус зааснаар гэм хор учирсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч  Ж д 2,230,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.У  хохирогчид 1,115,000 төгрөгийг барагдуулсан нь “Хаан” банкны орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Харин шүүгдэгч Э.Н  нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Н ээс 1,115,000 төгрөгийг гаргуулж хохирогч  Ж д олгуулахаар шийдвэрлэлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.У , Э.Н  нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Л.У , Э.Н  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар тогтоох, уг ялыг хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Мөн тэрээр энэ хэрэгт нийт 91 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд нь уг цагдан хоригдсон хоногийг оруулан тооцуулах, шүүгдэгч Л.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

 

Шүүгдэгч Э.Н ийн өмгөөлөгч Н.Ганбат “Улсын яллагчийн ялын дүгнэлтийг сонслоо. Миний үйлчлүүлэгчид санал болгож буй ялын хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Э.Н  нь хохирогчид учруулсан хохирлоо ажил хийж барагдуулахаа илэрхийлсэн”,

Шүүгдэгч Л.У гийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй. Мөн тэрээр өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэрэг хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн Л.У  нь 7 настай хүү, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 3 сар гарантаа Дөлгөөний Сондор гэх бага насны хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ өөрөө асран хүмүүжүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Л.У гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид... учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Н ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Л.У , Э.Н  нарын хувьд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар нь бүлэглэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарыг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон шүүгдэгч Л.У , Э.Н  нарт 1 жил хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Н  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ял буюу 1 жил 4 сарын хорих ял /2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгосон/ дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял буюу 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар хорих ялаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.У д оногдуулсан 1 жил хорих ял, Э.Н т оногдуулсан 2 жил 04 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн... гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зоричх эрхийн хязгаарлах, эсхүл 6 сараас таван жил хүртэл хорих ял шийтгэнэ” гэж зааснаар уг гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч Л.У  нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн 3 сар 24 хоногтой хүүхэдтэй, мөн ганц бие эх гэдэг нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй бөгөөд хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч  Л.У д 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллага хяналт тавихыг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэв. 

                                                                                                            

Шүүгдэгч Л.У , Э.Н  нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Н т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Н, Л.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.У , Э.Н  нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Н  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ял буюу 1 жил 4 сарын хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У д оногдуулсан 1 жил хорих ял, Э.Н  оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Л.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н ээс 1,115,000 төгрөгийг гаргуулж, хохирогч  Ж д олгосугай.

 

9. Шүүгдэгч Л.У , Э.Н  нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Э.Н т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ        

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтас хэргийн  19-23 дугаар хуудас,

[4] Хавтас хэргийн  31-32 дугаар хуудас,

[5] Хавтас хэргийн  27-28 дугаар хуудас,

[6] Хавтас хэргийн  33-41 дүгээр хуудас,

[7] Хавтас хэргийн  102 дугаар хуудас,

[8] Хавтас хэргийн  46, 66 дугаар хуудас,

[9] Хавтас хэргийн  52-63 дугаар хуудас,

[10] Хавтас хэргийн  51, 71-72 дугаар хуудас,

[11] Хавтас хэргийн  146-150 дугаар хуудас,

[12] Хавтас хэргийн  151 дүгээр хуудас,

[13] Хавтас хэргийн  19-23 дугаар хуудас,

[14] Хавтас хэргийн  31-32 дугаар хуудас,

[15] Хавтас хэргийн  102 дугаар хуудас,