| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 102/2016/04169/И |
| Дугаар | 183/ШШ2017/02019 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2017/02019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Ц-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.К ХХК-д холбогдох,
Орон сууцны талбайн зөрүү, халаалтын төлбөрийн зөрүү, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн төлбөр нийт 21 358 664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц нь Э.К ХХК-аас 2009 оны 10 сарын 1-нд гэрээ байгуулан ******* 20 тоот м.кв-ыг нь 1000 ам доллараар тооцон 135 м.кв орон сууц 2 авто зогсоолыг худалдан авсан. Гэтэл автомашины зогсоолын хэмжээг багасгаснаас үүдэлтэй маргаанаас болж манай сууц өмчлөгчийн гэрчилгээ гаргаж өгөхгүй удааширч байх хугацаанд И.Г ХХК-аар байрны талбайн хэмжилт хийлгэхэд 123.78 м.кв болж 6.22 м.кв талбай дутсан. Энэ тухай компанийн удирдлагуудтай удаа дараа уулзаж зөрүүний мөнгөө нэхэхэд үүнээсээ татгалзвал бичиг баримтыг чинь өгнө гэдэг байсан тул шүүхэд нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээс Ц-г өмчлөгчөөр тогтоож бичиг баримтыг Э.К ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаас 6.22 м.кв талбайн зөрүү12 215 084 төгрөг, талбайн зөрүү халаалтын хөлсний илүү төлөлт 198 896.2 төгрөг, хууль бусаар татварт авсан гэх 4 600 ам доллар буюу 9 33 664 төгрөг, бүгд 21 358 664 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авах үедээ тухайн байранд хэмжилт хийсэн тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ алдсан тул орон сууцны талбайн хэмжээ зөрүү 12 215 084 төгрөг, халаалтын хөлсний илүү төлөлт 109 869 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Халаалтын хөлсийг ямар аргачлалаар бодож ямар баримтаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 5 сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манайх 135 м.кв талбай бүхий байр худалдаж авсан боловч ороод хэмжээд үзэхэд сүүлд нэмж авсан 25 м.кв байр нь 6.8 м.кв дутуу байсан учир өргөдөл өгсөн. Компани танайхаас 5 м.кв талбайг хасч өгье гээд 130 м.кв болгосон. Манайх төлбөртөө Бенз маркийн автомашиныг 90 000 ам доллараар тооцож, 59 000 ам долларыг бэлнээр өгсөн байсан. Эднийх машины үнээс 10 000 ам доллар хасчих, тэгээд танайхаас 5 м.кв-г хасъя гэсэн. Ингээд 5 000 ам долларын зөрүү гарч би 4 600 ам доллар төлж байрыг авсан. ... нэмэгдсэн өртгийн албан татварыг тохироод төлсөн мэтээр ярьж байна. Уг татварыг төлөөгүй, байрны мөнгийг төлсөн гэж тайлбарласан Мөн уг шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Э.К ХХК нэмэгдсэн өртгийн албан татвараас 4 600 ам долларыг төлсөн гэж мэтгэлцэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгч талын гэрч Ш.Э-гийн ... нэмэгдсэн өртгийн албан татвар аваагүй... гэрээг аваад буцааж өгөхдөө гэрээний заалтыг дарсан байсан гэсэн мэдүүлэг зэргийг баримтаар няцааж чадахгүй байна гэж дүгнэж хариуцагч Э.К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн захиалгын дагуу Х*******, ******* тоотод сууцны өрөө тасалгааны хэмжилт хийсэн И.Г ХХК нь тус орон сууцанд үнэн зөв эсэхэд эргэлзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Ц нь Э.К ХХК-тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл буюу шилжүүлэн авсан орон сууцны гэрээгээр тохирсон хэмжээний зөрүү болох 6.22 мкв дутуугийн төлбөр болох 12 215 084 төгрөг, талбайн зөрүүний халаалтын хөлсний илүү төлөлт болох 196 896.2 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 4600 ам доллар буюу 9 033 664 төгрөг, нийт 21 358 664 төгрөгийг хариуцагч Э.К ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч компани уг төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй, уг орон сууцны хэмжээг талууд тохиролцон багасгаж хүлээлгэн өгсөн, худалдан авагчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан татгалзаж, шүүх хуралдаанд мэтгэлцлээ.
Шинжлэн судлагдсан баримтуудаас дараах нөхцөл байдал тогтоогдов.
Хэрэгт хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ авагдаагүй ч тэдний хооронд 2009 оны 10 сарын 01-ний өдөр орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь зохигчийн тайлбар болон 2015 оны 5 сарын 04-ний өдрийн 102/ШШ2015/02879 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан 2 дугаар шүүхийн шийдвэрээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэ талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Нэхэмжлэгчээс гэрээний дагуу 130 м.кв талбай бүхий орон сууцыг худалдагчаас хүлээлгэн өгөх үүрэгтэй атал И.Г ХХК-аас хэмжилт хийлгэхэд 123.78 м.кв байсан тул зөрүү болон халаалтын хөлсний зөрүүг гаргуулахыг хүсэж уг компанийн хэмжилт хийж, тооцсон тэмдэглэл, халаалтын хөлс төлсөн баримтууд, Ц-г тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шийдвэрүүд болон шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон тайлбарлаж байна.
Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй орхиж шийдвэрлэлээ:
- Худалдагч тал болох Л.Ц 2009 оны 10 сарын 01-ний өдрийн орон сууцыг худалдах худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны хэмжээний зөрүү буюу эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч 2012 оны 11 сарын 10-ны өдрийн И.Г ХХК-аар /6-7-р хуудас/ хэмжилт хийлгэж доголдлыг илрүүлсэн, өөрөөр хэлбэр 2 жилийн дараа илрүүлсэн болох нь тогтоогдож байна.
- Мөн нэхэмжлэгчийн халаалт төлсөн хөлсний зөрүү мөнгийг нэхэмжилж байгаа нь түүний гаргаж өгсөн 9-14-р хуудаст хавсаргасан тооцооны хуудас гэсэн баримтуудаар нотлогдохгүй байна.
- Нэхэмжлэгч Л.Ц орон сууцны төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар гэж хууль бусаар суутган авсан 4 600 ам доллар буюу 9 033 664 төгрөг төлсөн гэсэн баримт хэрэгт авагдаагүй, үүнийг үгүйсгэн няцааж буй хариуцагчийн тайлбарт дурдагдсан 102/ШШ2015/02879 дугаартай шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагагүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан Э.К ХХК-аас орон сууцны талбайн зөрүү, халаалтын төлбөрийн зөрүү, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн төлбөр нийт 21 358 664 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА