Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
Хэргийн индекс | 182/2017/01738/И |
Дугаар | 1946 |
Огноо | 2017-10-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1946
2017 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 182/ШШ2017/01946 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 45А байр 104 тоотод оршин суух Зурхайч овогт Ганхуягийн Маргад /РД: РЖ90112513/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бумцэндийн гудамж, их тойруу өөрийн байранд үйл ажиллагаа явуулах Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайханы 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/670 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Б.Бадамгарав, П.Ананд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Маргад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Маргад би 2012 оны 09 сарын 07-оос Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний "Ашид-Ундрах” ХХК-д материал, цалингийн нягтлан бодогч албан тушаалд ажилд орж ажлын гараагаа эхэлсэн. 2014 оны 10-р сарын 16-наас Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар бараа материалын нягтлан бодогчоор шилжиж, 2015 оны 10-р сарын 23-наас цалин хөлсний нягтлан бодогчоор тогтвор суурьшилтай 5 жил энэ байгууллагад ажиллаж ирсэн. Би энэ ажиллах хугацаандаа өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу боловсрол, мэдлэгээ бүрэн дайчилж үнэнч шудрагаар хөдөлмөрлөсөн. Мөн өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлж 2016 оны 01 сард Бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Өөрийн байгууллага болон систем, бусад байгууллагуудын зүгээс зохион байгуулж буй нийгмийн ажилд идэвхи зүтгэлтэй оролцож, байгууллагын нэрийн өмнөөс багийн нөхдийн хамтаар сагсан бөмбөг, гap бөмбөгийн тэмцээн наадамд хүч чадал авъяасаа дайчлан ажиллаж байнга амжилттай оролцож байсан. Үүнд: 2013 онд системийн гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд хүрэл медаль, сагсан бөмбөгийн шилдэг хамгаалагчаар, 2014 онд мөнгөн медаль шилдэг хамгаалагч, 2015 онд алтан медаль шилдэг довтлогч, мөн УСУГ-аас зохион байгуулсан Дэлхийн усны өдөрт зориулсан тэмцээнд мөнгөн медаль, Нийслэлийн санхүүчдийн Төрийн байгууллагын нягтлан бодогчдын дунд зохиогдсон гар бөмбөг, дартсын тэмцээнд алтан медаль, Барилгын Яамны аварга шалгаруулах тэмцээнд гар бөмбөгөөр алтан медаль, Барилгын яамнаас зохиогдсон нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, захирагчийн албаны тэмцээнд сагсаар хүрэл, гар бөмбөгөөр алтан медаль, Эрчим хүчний зохицуулах хорооны харъяа байгууллагын удирдах ажилтнуудын тэмцээнд алдтан медаль, 2016 оны Системийн сагс алт, гар воллейвол мөнгө, Барилгын хөгжлийн төвийн тэмцээнд сагс мөнгө, Захирагчийн албаны тэмцээнд сагс, гap бөмбөг мөнгөн медаль, Нийслэлийн санхүүчдийн дунд зохиогддог урлагийн наадамд 2-р байр, 2017 онд захирагчийн албаны тэмцээнд сагсаар мөнгө, гар бөмбөг хүрэл медалиар шагнагдаж байсан. Би эрхэлж байсан ажлаа үнэнч шударгаар гүйцэтгэж, аль нэг тал гэж туйлшраагүй, хэн нэгнийг болон байгууллагыг хохироосон зүйл байхгүй, дээд тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлж ирсэн. Ажлыг минь үнэлж байгууллагын зүгээс талархалын бичиг, ҮЭ-ийн 100-н жилийн ойн батламж, Барилгын яамын жуух бичгээр шагнасан. Би залуу хүний хувьд ахмадаасаа суралцаж, үлгэр дууриалал авч өсөж дэвшихийн төлөө хичээж ирсэн. Гэтэл шударга бусаар ажлын алдаа гаргасан гэж шийдвэр гаргасанд гомдолтой бөгөөд харамсалтай байна. Үнэхээр миний алдаа бол би шудрагаар хүлээнэ. Миний ажил үүрэг бол ямар нэгэн шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш, шийдвэрийн дагуу батлагдсан үнийн дүн, тодорхой тоог үндэслэн тооцоо бодож гаргадаг. Даргын тушаалд дурьдсан 31% нь санхүү, эдийн засгийн ажилтан 15 хүний 2017 оны 02-р сарын үр дүнгийн урамшуулал олгох тодорхойлолт нь ахлах эдийн засагчаар шалгагдаад, Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар хянагдаад гарын үсэг зурж баталгаажаад над дээр ирж тооцоо нь бодогдсон хувь юм. Би дур мэдэн өөрчилж, ихэсгэж багасгах эрх байхгүй. Би үүргээ л биелүүлсэн. Ийм атал илтэд үндэслэлгүйгээр намайг буруутгаж ажлаас халах хэмжээнд очсонд гомдолтой байна. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Г.Маргадын ирүүлсэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/670 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.
Г.Маргад нь ажил олгогчтой 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлтод заасан ажил, үүрэгт Цалин хөлсний нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх ба Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын өдөр тутмын санхүүгийн дотоод тооцоог хөтлөн явуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, өр авлагагүй ажиллах, нягтлангуудын цалингийн тооцоололд хяналт тавих болон цалингийн сангийн хэтрэлт хэмнэлтийн талаар тооцоо гаргаж энэ тухай удирдлагад мэдээлэл өгч ажиллах чиг үүрэгтэй ажилтан болно.
Гэтэл Цалин хөлсний нягтлан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрх үүргээ зөрчиж өөрт олгогдсон эрх мэдэл, чиг үүргээ ашиглан ажил олгогчийн итгэлийг алдаж Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 заасан ажпын үр дүнгийн нэмэгдэл хөлс бодохдоо газрын даргын зөвшөөрсөн 25 хувийг 31 хувь болгон нэмэгдүүлэн өөрийн хэлтэс болох Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилчид, мөн өөртөө нэмж олгож цалин хөлсийг бодсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг удирдлага болгож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба тус газар нь хөдөлмөрийн тухай хууль, газрын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг тус тус удирдлага болгон тушаал гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Маргадын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч Г.Маргад нь ажлаас буруу халсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын хугацаанд шүүхэд гаргасан гэж үзэхээр байна.
Шүүх нэхэмжлэгч Г.Маргад хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайханы 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/670 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулан, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж дараах байдлаар шийдвэрлэв.
Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/670 дугаартай даргын тушаалаар тус газрын цалин хөлсний нягтлан бодогч Г.Маргадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын цалин хөлс бодохдоо үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл хөлсийг зөвшөөрсөн 25 хувийг 31 хувь болгон нэмэгдүүлэн илүү бодож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзжээ.
Уг тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дүрмийн 8.3.1 дээх заалтад үндэслэгджээ.
Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь цалин хөлсний нягтлан бодогч Г.Маргадыг мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзсэн нь буруу бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар хариуцлага хүлээлгэх ажилтан биш байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар Г.Маргадыг ажлаас халах тушаал гаргаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байх боловч уг тушаалыг хүчингүй бологох шаардлагагүй гэж дүгнэв.
Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/76 дугаартай тушаалаар тус газрын ...Санхүү эдийн засгийн хэлтэст 2017 оны 02 дугаар сарын ажлын үр дүнгээр нэмэгдэл цалин хөлс олгох хэмжээ 25.0 хувь нэмэгдлийн сан 2.722.917.7 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд үүнд зохигч нар маргаагүй.
Харин хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нэхэмжлэгч Г.Маргадыг өөрийн санаачлагаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтнуудын цалин хөлс бодохдоо үр дүнгийн урамшуулал болох нэмэгдэл хөлсийг зөвшөөрөгдсөн 25 хувийг өсгөн өөрөө санаачлан зохион байгуулж 31 хувь болгон нийт дүнгээр нэмэгдлийн санд тохируулан цалингийн материал дунд хийчихсэн байсан буруутай үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, энэ талаар удирдлагаас 2-3 удаа түүнтэй уулзсан, энэ талаар гэрчийн мэдүүлэг, СД бичлэгээр тогтоогдоно гэсэн тайлбар гаргасан боловч үүнийг нэхэмжлэгч үгүйсгэсэн бөгөөд энэ талаар хариуцагчаас шүүхэд баримт ирүүлээгүй.
Иргэний хэргийн 31 дүгээр талд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын цалин хөлсний урамшуулалын тооцоо авагдсан байх бөгөөд уг тооцоог Санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч О.Түмэндэмбэрэл тодорхойлж, ахлах эдийн засагч А.Жанцанноров шалгаж, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Б.Бадамгарав хянаж баталгаажуулсан байна.
Дээрх баримтаар цалин хөлсний нягтлан бодогч Г.Маргадыг санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилтны урамшуулалыг газрын даргын тушаалаар тогтоосон хувь хэмжээг үндэслэлгүйгээр хэтрүүлэн байгууллагад 524,700 төгрөгийн хохирол хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2017 оны 11 сарын 28-ны өдрийн хяналт шалгалт хийсэн илтгэх хуудсаар ажилтан Г.Маргадын гэм бурууг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй.
Иймд Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-ын цалин хөлсний нягтлан бодогчийн ажилд Г.Маргадыг эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-т үүрэг болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Маргад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 5,646,170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Цалинтай тэнцэх нөхөх олговорыг гаргуулахдаа Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалд зааснаар сарын дундаж цалинг нэхэмжлэгч Г.Маргадын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдснээр тооцоход 1,524,000 төгрөг байх бөгөөд нэг өдрийн цалин 70 889 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 81 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговорт нэхэмжлэгчийн шаардсан 5,646,170 төгрөгийн хэмжээгэрэ хангаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ төлөөлүүлэх эрхээ П.Ананд, Д.Гансүх, Б.Бадамгарав нарт олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Маргад нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-аас 105,289 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Маргадыг Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-ын цалин хөлсний нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-аас 5,646,170 төгрөгийг гаруулж Г.Маргадад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Г.Маргадын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Г.Маргад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-аас 105,289 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ