Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0749/З |
Дугаар | 888 |
Огноо | 2019-12-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 888
2019 оны 12 сарын 10 өдөр Дугаар 128/ШШ2019/0888 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И” ХХК,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо,
Гуравдагч этгээд: Г.Г,
Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай “И” ХХК нь анх 2002 онд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн 9015001032 дугаар бүртгэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, өнөөдрийг хүртэл хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 албан тоотоор манай Банк бус санхүүгийн байгууллагыг “банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталсны дагуу танай байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоосон хэмжээнд хүргэх үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Иймд танай Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх болсныг мэдэгдье” гэсэн мэдэгдэл ирүүлсэн.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно.”
Компанийн тухай хуулийн 31.2 дугаар зүйлд “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно”, 31.2.1 “нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах”, 31.2.2 “хувьцаа нэмж гаргах замаар өсгөх”, 31.2.3 “өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авч, хүчингүй болгох замаар бууруулах” гэж заасан.
Манай байгууллага хууль, журам, тогтоолд заасан шаардпагыг хангаж ажиллаж байсан. Гэтэл уг мэдэгдлийг гарахаас өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаалаар манай байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалыг хүчингүй болгосон байдаг бөгөөд энэ талаар өнөөдрийг хүртэл бидэнд огт мэдэгдээгүй юм. Уг тушаалыг манай Банк бус санхүүгийн байгууллага 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдэж гардаж авсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдпын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг зөрчиж сонсох ажиллагаа хийгээгүй юм. Мөн дээрх тушаалыг бидэнд огт мэдэгдээгүй байж Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 албан тоотоор манай байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх талаар мэдэгдэл ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Бид уг маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаалыг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлд 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр бичгээр гомдол гаргасан боловч Хяналтын зөвлөлөөс 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 9 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаал хууль бус тул тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тогтоосон хэмжээнд хувь хэмжээгээ нэмэгдүүлээд явсан боловч бидэнд мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр хууль бус гэж маргаж байгаа. Дүрмийн сангаа 1 тэрбум 200 сая хүргэх ёстой гэдгээ мэдэж байгаа. Өмнө нь энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо, шүүхэд маргаж байсан зүйл байхгүй. Одоо хурлын зарын талаар Г.Гт и-мэйл хаягаар нь мэдэгдсэн. Ирэх 7 хоногт уулзахаар хурлаа зарласан байгаа.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Эдгээр захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....“И" ХХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл болон Санхүүгийн зохицуулах хорооиы даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. Нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
“И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор дүрмийн сангаа 200,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, тус байгууллагын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот албан бичгээр дүрмийн санг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Хороонд ирүүлсний дагуу Хорооны даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны одрийн 196 дугаар тушаалаар дээрх өөрчлөлтийг зөвшөөрсөн байдаг. “И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болох үед хувьцаа эзэмшигч Г.Г нь саналын эрх бүхий хувьцааны 50 хувийг, хувьцаа эзэмшигч Д.Т нь 37.5 хувь, хувьцаа эзэмшигч Д.О нь 12.5 хувийг тус тус эзэмшиж байсан буюу дараах байдалтай байсан байдаг.
№ | Хувьцаа эзэмшигчийн нэр | Хувьцааны тоо | Үнийн дүн | Хувь |
1 | Г.Г | 4000 | 400,000,000.00 | 50% |
2 | Д.Т | 3000 | 300,000,000.00 | 37,5% |
3 | Д.О | 1000 | 100,000,000.00 | 12,5% |
| Нийт | 8000 | 800,000,000.00 | 100% |
Улмаар хувьцаа эзэмшигч Г.Гээс “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан дүрмийн санг нэмэгдүүлэх тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул шалгуулах тухай хүсэлтийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус Хороонд ирүүлснийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдсон.
“И" ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хувьцаа эзэмшигч Д.Т /37,5/, хувьцаа эзэмшигч Д.О /12,5/ нарын ирцтэй буюу 50 хувийн ирцтэй болсон бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан мөн “И” ХХК-ийн дүрмийн 9.2-т “Хувь нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн дагуу хуралдуулна” гэж заасны дагуу ээлжит бус хурал нь хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэл тогтоогдсон.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь нэгэнт хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдсон учир тухайн хурлаас гарсан шийдвэр мөн хүчин төгөлдөр бус тул “И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлаас гарсан шийдвэрийг зөвшөөрсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаал нь хүчин төгөлдөр бус тул захиргааны байгууллагын зүгээс тухайн захиргааны актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаалаар хүчингүй болгосон тул уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй болно.
2. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Санхүүгийн зохицуулах хороо нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж заасны дагуу 2017 оны 27 дугаар тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагууд нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргийг хүлээсэн. “И” ХХК нь одоогоор 800,000,000.00 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгаа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 27 дугаар тогтоолоор хүлээсэн 2019 оны 2 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хорөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй тул банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болсон.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллах үүргээ биелүүлээгүй талаар тайлбар гаргах боломж олгож тус 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот албан бичгийг хүргүүлсэн. Мөн тухайн албан бичгийн дагуу “И” ХХК-д ямарваа нэгэн шууд үр дагавар бий болгоогүй буюу захиргааны акт биш тул хүчин төгөлдөр бус болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тушаалыг гардаж авсан гэдэг дээр хүлээн авсан Майцэцэг, Г.Цэнд-Аюуш нар гарын үсэг зуран хүчингүй болгосон тушаалыг хүлээн авсан баримт байдаг. Тиймээс мэдэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй. 196 дугаар тушаалаа хүчингүй болгохдоо 2, 3 удаа уулзалт Санхүүгийн зохицуулах хороонд зохион байгуулагдаад хувьцаа эзэмшигч нар нь өөрсдөө ирж оролцоод явсан. Тухайн хурлаар хувьцаа эзэмшигч нар хоорондоо учраа олчихвол асуудалгүй юм байна гэж байсан. 05 дугаар сарын тушаалаас өмнө хэлж байсан. Өнгөрсөн оноос эхлэн түрүү жилийн намар хувьцаа эзэмшигчид Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргатай ирж уулзсан гэдэг. Гэхдээ ямар нэгэн протокол хөтөлсөн зүйл байдаггүй. Тухайн үед цохолтоор хариуцаж байсан хүнийх нь гараар бичсэн тэмдэглэл байна. Тухайн уулзалтад “И” ХХК-иас гүйцэтгэх захирал Д.О, хуулийн зөвлөх нар оролцсон байдаг.
Бас нэг гар бичмэл байна. Үүнд “09 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө 10 цагт хувьцаа эзэмшигч Д.Отой утсаар холбогдож “Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга уулзах хүсэлтэй” байгааг хэлэхэд “эргээд холбогдье” гэсэн. 09 дүгээр сарын 05-ны өдөр 70112360 гэсэн утсанд 10 цаг 46 минутад холбогдох гэсэн боловч утсаа аваагүй. 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 36 минутад хуулийн зөвлөх нь утсаа авч уулзалтын цагийг орой хэлэхээр тохиров. 09 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 20 минутад хуулийн зөвлөх, хувьцаа эзэмшигч Д.О нар ирж 304 тоотод Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргатай уулзав” гэсэн байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа 05 дугаар сард тушаалаа хүчингүй болгохоосоо өмнө албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан зүйл байхгүй. Үүнтэй холбоотойгоор З байцаагчаас Ттай утсаар ярьсан гэдэг.
Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж байж аливаа хуулийн этгээдийн эрх, үүрэг нь үүсэж, дуусгавар болгодог. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Энэ асуудал 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тул Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ бол зөвхөн хувьцаа эзэмшигчид хоорондын маргаанаас үүсэлтэй маргаан юм.
Мэдэгдлийн хувьд хурлаар оруулах тухай мэдэгдэл болохоос эрх, үүрэг, хариуцлага ногдуулсан захиргааны акт биш тул нэхэмжлэлийн 2 шаардлагын аль аль нь үндэслэлгүй байна. Мэдэгдэлд заасан хорооны хурал нь 2019 оны 08 дугаар сард болоогүй. Шүүхээр нэгэнт маргаан нь шийдвэрлэгдэж байгаа, шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гаргасан тул энэ мэдэгдэл нь шүүхээр шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд түдгэлзсэн байгаа.
Дүрмийн санг нэмэгдүүлсэн хөрөнгийг Санхүүгийн зохицуулах хороо бэлнээр тооцогддоггүй, тухайн Банк бус санхүүгийн байгууллагын дансанд байгаа хуулгыг харж бүртгэдэг. Санхүүгийн зохицуулах хороо тухайн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж, хууль ёсоор орж ирсэн эсэхийг шалгадаг. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалаар өөрчлөлт орсон талаар тэмдэглэсэн байна. 196 дугаар тушаалаа хүчингүй болгоход хавсралтад өөрчлөлт тэмдэглэгээ хийгдэх ёстой. Гэтэл гэрчилгээний эх хувь тухайн ББСБ-д байдаг учир эднийх өөрсдөө ирж тэмдэглэгээгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч "И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, Санхүүгийн зохицуулах хорооны 2019оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Г нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал миний бие нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл нь “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журмын 7.2.3-т “Хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллаагүй бол тусгай зөвшөөрлийг З сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.” гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо тус мэдэгдэлийг “И” ХХК-д хүргүүлсэн нь хууль болон журамд нийцсэн гэж үзэж байх тул тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хууль бус шаардлага байна.
2. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг мөн эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь дээрх 392 тоот тушаалаар “И” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн 2018 оны З дугаар сарын 16-ны өдрийн 196 тоот тушаалыг хүчингүй болгосон ба 392 тоот тушаал нь өөрөө хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр болсон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт нийцүүлж, сайн дураар хууль бус шийдвэр тушаалаа хүчингүй болгосон үйл ажиллагаа болно. Тодруулбал: “И” ХХК нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар өөрчлөлт оруулахдаа Компаний тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.3 дахь заалтыг ноцтой зөрчиж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хууль бусаар нэмэгдүүлсэн байсан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх нь энэхүү хууль зөрчиж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагааг хууль бус болохыг эцэслэн тогтоосон болно. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга тушаалаа хүчингүй болгосон нь хууль, бусад холбогдох дүрэм журамд нийцсэн гэж үзэж байна. Иймд “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “И” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэгдүгээрт, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэлийг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаатай санал нэг байна. Тус албан бичиг нь захиргааны эрх зүйн акт биш юм. Хурлын зарыг агуулсан албан бичиг.
Хоёрдугаарт, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн 392 тоот тушаал нь Санхүүгийн зохицуулах хорооны 196 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тогтоол байгаа. Учир нь уг тогтоолыг гаргах болсон шалтгаан нь хууль бус байсан. “И” ХХК нь 2018 оны 01 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурал хийж дүрмийн сангаа нэмэгдүүлсэн гэдэг боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүрээгүй байхад шийдвэр гаргаж, 50 хувийн хувьцаа эзэмшдэг Г.Гт хурлын товыг мэдэлгүй хурал хийж дүрмийн сангаа нэмэгдүүлсэн нь хууль бус байсныг Захиргааны хэргийн 3 шатны шүүх шийдсэн байдаг.
“И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Г нь өөрөө Санхүүгийн зохицуулах хороонд “И” ХХК-ийн Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татаж шийдвэрлэсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалыг хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүй хууль бусаар дүрмийн сангаа нэмэгдүүлж, дийлэнх хувьцаа эзэмшигчдээр Д.О, Д.Т нарыг болгосон нь хууль бус юм. Хууль бусаар дүрмийн сангаа нэмэгдүүлснийг нь харгалзан Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолыг гаргасан нь хууль бус гэсэн гомдлыг гаргаж байсан. Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар зөв. Гаргасан тушаалаа хүчингүй болгох эрх Санхүүгийн зохицуулах хороонд байсан. Иймд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 392 тоот тушаал нь хууль бус биш хүчинтэй акт юм.
Банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн улс даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны хэм хэмжээний актад заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой байсан. Дүрмийн сангаа 1 тэрбум болгосон гэдэг боловч тэр нь албажаагүй, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Дүрмийн сангаа дахин нэмэгдүүлэх талаар албан ёсоор хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаагүй, хурлын зар ирүүлээгүй байгаа. Эдгээр үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалыг биелүүлж ажиллаагүй байгаа учраас 196 тоот тушаалыг хүчингүй болгосон 392 тоот тушаал нь хууль ёсны юм.
Улсын дээд шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар татсан хэргийг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шийдсэн. Уг хэрэгт “И” ХХК-ийг төлөөлж Энхбаяр гэж хүн орсон. Дээд шүүхээс “танай Банк бус санхүүгийн байгууллагын 1 тэрбум төгрөгийн дүрмийн сангийн хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэсэн юм байна. Тиймээс уг 196 тоот тушаал автоматаар хүчингүй болох юм байна шүү” гэдгийг сануулж байсан. Хууль бус гэсэн үндэслэлээ мэдэгдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. 392 тоот тушаалаар 196 тоот тушаалаа хүчингүй болгосноо мэдэгдэх ёстой байсан, мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах”-аар Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “И” ХХК 2006 онд үүсгэн байгуулагдаж, 2011 онд дүрмийн сангаа 800,000,000.00 төгрөг болгон нэмэгдүүлж, үүсгэн байгуулагчийн тоо 3 болж үйл ажиллагаа явуулж байсан нь тус компанийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгджээ. Энэ 800,000,000.00 төгрөгийн дүрмийн сангаар 1 бүр нь 100,000.00 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг хувьцаа эзэмшигч Г.Г нь 400,000,000.00 төгрөгийн хувьцаа буюу 50 хувийг, хувьцаа эзэмшигч Д.Т нь 300,000,000.00 төгрөгийн хувьцаа буюу 37.5 хувийг, хувьцаа эзэмшигч Д.О нь 100,000,000.00 төгрөгийн хувьцаа буюу 12.5 хувийг тус тус эзэмшиж байжээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 онд олгосон 1/106 тоот банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд 2009 онд дүрмийн сангийн хэмжээ 400,000,000.00 төгрөг, 2011 онд 800,000,000.00 төгрөг болж нэмэгдсэнийг, мөн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тогтоолоор 1,000,000,000.00 төгрөг болж нэмэгдсэнийг тус тус тэмдэглэсэн байх бөгөөд 2011 онд 400,000,000.00 төгрөгөөр Г.Г дүрмийн санг нэмэгдүүлж хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж бүртгэгджээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2,500,000,000.00 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, энэ тогтоолыг гаргах үед үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болж, 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг 2018 оны 2 дугаар сарын 10-наас 1,000,000,000.00 төгрөгөөр, 2019 оны 2 дугаар сарын 10-наас 1,400,000,000.00 төгрөгөөр, 2020 оны 2 дугаар сарын 10-наас 1,900,000,000.00 төгрөгөөр, 2021 оны 2 дугаар сарын 10-наас 2,500,000,000.00 төгрөгт хүргэхээр баталсан байна.
Санхүүгийн зохицуулах хороо “И” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 07 тоот албан бичгээр дүрмийн санг нэмэгдүүлэх тухай хүсэлт ирүүлснээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 тоот тогтоолоор дүрмийн сангаа 200,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Хорооны даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалаар дээрх өөрчлөлтийг зөвшөөрсөн байдаг.
Дүрмийн сангийн энэ өөрчлөлтийг бүртгэснээр тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орж, хувьцаа эзэмшигч Г.Г 400,000,000.00 төгрөгийн буюу 40 хувийг, хувьцаа эзэмшигч Д.Т 473,100,000.00 төгрөгийн буюу 47.31 хувийг, хувьцаа эзэмшигч Д.О 126,900,000.00 төгрөгийн буюу 12.69 хувийг тус тус эзэмшихээр болсон байна.
Дүрмийн сангийн энэ өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр тус компани 2018 оны 3 дугаар сарын 21-нд хандсанд улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзаж, улмаар “И" ХХК шүүхэд “Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дүрмийн сангийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, компанийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэл гаргаж, энэ захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 652 дугаар шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 651 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 65 дугаар тогтоолоор “ ... “И" ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд саналын эрхтэй хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцоогүй гэсэн үндэслэлээр тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын эс үйлдэхүй хууль ёсны бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасанд нийцсэн” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалаар зөвшөөрсөн дүрмийн санг нэмэгдүүлсэн “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит бус хурал хувьцаа эзэмшигч Д.Т /37,5/, хувьцаа эзэмшигч Д.О /12,5/ нарын ирцтэй буюу 50 хувийн ирцтэй болсон нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, тус компанийн дүрмийн 9.2-т “Хувь нийлүүлэгчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг Компанийн тухай хуулийн дагуу хуралдуулна” гэж зааснаар тогтоосон ирц хүрээгүй хуралдсан уг хурал хүчин төгөлдөр бус гэж үзэх, улмаар хурлаар шийдвэрлэсэн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэл болсныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ийнхүү тогтоожээ.
Хувьцаа эзэмшигч Г.Г дүрмийн санг нэмэгдүүлснийг зөвшөөрсөн шийдвэрт Санхүүгийн зохицуулах хороонд 2018 оны 7 дугаар сарын 09-нд гомдол гаргаж, улмаар өөрөө гуравдагч этгээдээр оролцсон захиргааны хэргийн дээрх шүүхийн шийдвэрүүдийг хороонд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга уг гомдол, шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр хууль бус гэж үзэх үндэслэл нь тогтоогдсон, гомдол гаргагчид сөрөг нөлөөлөл бүхий “И” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр мэдээлэлд орсон өөрчлөлтийн бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр хууль ёсны болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул уг хурлаас гарсан шийдвэрийг зөвшөөрсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалыг хууль бус гэж үзсэн, гомдол гаргагч хувьцаа эзэмшигч Г.Гт сөрөг нөлөөлөл бүхий гэж үзсэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар тушаал хуульд нийцсэн байна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Дүрмийн сан нь банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний хэмжээг улсын эдийн засгийн байдал, мөнгөний ханшийн өөрчлөлт, банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Санхүүгийн зохицуулах хороо тогтооно”, 14.5-д зааснаар “банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд оруулах бүрд Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж зөвшөөрөл авах” бөгөөд 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн дүрмийн сан нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд” байх ёстойн дээр 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар дүрмийн сангийн хэмжээг дүрэмд тусгах ба 10.2-т зааснаар дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг энэ тухай шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор Санхүүгийн Зохицуулах хороонд болон улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой.
Иймээс тус компани дүрмийн сангаа 1,000,000,000.00 төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар шийдвэрлэснээ буюу дүрмийн сангийн энэ өөрчлөлтөө 10 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлснээр энэ өөрчлөлт баталгаажих учиртай, ийнхүү хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүргэж нэмэгдүүлсэн гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгч “И” ХХК нь дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон хэмжээнд хүргэж нэмэгдүүлээгүй байгаа нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудал бөгөөд энэхүү маргаан үүнээс үүдсэн, харин аливаа захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанаас хамааралгүй байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “дүрмийн сангаа нэмэгдүүлсэн гэж үзэхээргүй болсон" тул уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон “И” ХХК-д “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаар тушаалыг хүчингүй болгох” шийдвэртэй холбогдуулан сонсох ажиллагаа явуулах шаардлага байгаагүй.
Хоёр. Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот албан бичгээр 2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй тул банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болсон” талаар мэдэгдэл хүргүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдэл нь нэхэмжлэгчид чиглэсэн үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх нөхцөл үүсгэх эрх зүйн үр дагавар үүсгэхээр байх тул захиргааны акт биш гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, захиргааны хэргийн шүүх уг актын хууль зүйн үндэслэлийг дүгнэж шийдвэрлэхээр байна.
Нөгөө талаас энэ мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг хангасан байна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон дүрмийн сангийн хэмжээнд банк бус санхүүгийн байгууллага хувь нийлүүлсэн хөрөнгөө хүргэх ёстой бөгөөд 14.6-д “дүрмийн санг нэмэгдүүлэх, хорогдуулах, шинээр хувьцаа гаргах, худалдах, шилжүүлэхэд мөрдөх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж зааснаар Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журмын 7.2.3-т “Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг З сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр байна.
Дээр дурдсанчлан Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 271 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2,500,000,000.00 төгрөг байхаар шинэчлэн тогтоож, үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2017 оны 27 дугаар тогтоолоор үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталсан, энэ хуваариар 2018 оны 2 дугаар сарын 10-наас 1,000,000,000.00 төгрөгт, 2019 оны 2 дугаар сарын 10-наас 1,400,000,000.00 төгрөгт хүргэж нэмэгдүүлэх ёстой байсан.
Гэтэл нэхэмжлэгч “И” ХХК-ийн дүрмийн сангийн хэмжээ 2019 оны 6 дугаар сард 800,000,000.00 төгрөг байгаа нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны журмын 7.2.3-т зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг З сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, цаашлаад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй үндэслэлээр дээрх журмын 7.7.5-д зааснаар үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үр дагавар үүсгэхээр байна.
Энэ үндэслэлээр “2017 оны 27 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй тул банк бус санхүүгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болсон” талаар мэдэгдсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот албан бичиг нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасанд болон Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5, 14.6 дахь хэсгийг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 392 тоот тушаал, тус хорооны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9/2950 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА