Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

Г.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч Б.А,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 930 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Г.От холбогдох 1805006941051 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Г-н О, 1982 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мяралзаа” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 1, /Увс аймгийн ............... гэх газарт оршин суух бүртгэлтэй/, одоо Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

Г.О нь “найзынхаа хөөргийг алдчихлаа 1.500.000 төгрөг зээлээч” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Ааас 1.460.000 төгрөгийг 5812080794 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон овогт Г-н От холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар Г.От холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Хохирогч Б.А нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр Г.Оын оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.О баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийн нотлогдсон байдал: Шүүгдэгч Г.О нь төлбөрийг буцаан төлөх санаа бодолгүйгээр, амар хялбараар мөнгөтэй болохын тулд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр утсаар танилцсан, өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй Б.Ат “...Найзынхаа хөөргийг алдчихлаа 1.500.000 төгрөг өгч туслаач. Би хөөргийг нь авчихаад эргүүлээд өгнө...” гэж хандан зохиомол байдал зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогчийг хуурч 1.460.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн аваад хувийн хэрэгцээнд ашиглаж гэмт санаа бодлоо хэрэгжүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар батлагдсан. Харин хохирогч Б.Аийн хувьд Г.От итгэл хүлээлгэн зөвхөн найзынх нь эд зүйлсийг буцаан авахад тусалж байна мөнгөө буцаан авна гэж бүрэн төөрөгдөлд орж банкнаас 1.460.000 төгрөгийн мөнгөний зээл аваад буцаан авах нөхцөлтэйгөөр шилжүүлсэн байна.

Гэвч Г.О нь өөрийн ахуйн хэрэгцээнд ашигласан 1.460.000 төгрөгийг хохирогчоос удаа дараа нэхэмжилсний дагуу 2018 оны 1 дүгээр сард 200.000 төгрөгийг дүр үзүүлэн өгөөд, үлдэгдэл төлбөрийг хохирогчийг банкнаас зээл авч өгснийг мэдсээр байж тухайн 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, буцаан төлөх төлбөрийн чадвар байсаар байхад “төлбөрийн боломжгүй” гэдгээр шалтаглаж огт төлөөгүй нь мөнгийг буцаан төлөх зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн тогтоолд “...хуурч мэхлэх арга...” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ.

“...бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан...” гэдэгт өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг зөрчих замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг ойлгоно...” гэж заасан байдаг.

Дээрх байдлаас дүгнэхэд хохирогчид 1.460.000 төгрөгийн бодит хохирол учирснаас гадна банкинд зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөрийг төлөх хор уршиг бий болж хохирсон байх бөгөөд Г.О нь “...Ангарагт худал хэлж мөнгө аваад захиран зарцуулах нь...” гол биш харин зохиомол зүйлийг бий болгоод хохирогчийн итгэлд үндэслэн анхнаасаа буцаан төлөх огт санаа бодолгүйгээр мөнгө авч залилах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн болох нь шүүгдэгч “...найзынхаа хөөргийг алдчихлаа гэж худал хэлээд мөнгө авсан...” ингээд 1.460.000 төгрөгийг хүлээн авмагц хувьдаа хэрэглэсэн, мөн шүүгдэгчийн ажил хийдэг, тогтмол цалин орлоготой хувийн байдал, хохирогчоос мөнгө авснаас хойш холбоогүй болсон зэрэг нөхцөл байдлаар “Залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон, тогтоогдсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг өөрөөр дүгнэх боломжтой, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, эрх зүйн байдал дордохгүй болно.

Шүүгдэгч Г.О нь өөрийн үйлдэлд дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 1.160.000 төгрөг прокурорын шатанд нөхөн төлж, 300.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснээр хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт бичгээр гаргаж, үүний дагуу шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхэд шүүгдэгч өмгөөлөгчийн хамтаар хуралдаанд оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдэн, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Г.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай учир прокурорын сонсгосон ялыг оногдуулах тухай” дүгнэлт гаргасан болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д шууд заасан 16 төрлийн гэмт хэргийг яллагдагч хүсэлт гаргах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан учир гэмт хэргийг шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан хэлэлцээд шүүхийн цагаатгах эсхүл шийтгэх хэлбэртэй тогтоол гаргана гэж заасан байна. Харин шүүгдэгч Г.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэг буюу “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-д зааснаар хэргийг хуульд заасан нөхцөл байдлыг хянан мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “хэргийг прокурорт буцаах”-аар байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг удирдлага болгож хэргийг цагаатгасан.

З. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн талаар: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “...энэ хэрэг гарсан гэх цаг хугацаа нь...” хохирогч Б.Ааас шүүгдэгч Г.От 1.460.000 төгрөг шилжүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд “...хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой бөгөөд тухайн хэрэгт тэр үед мөрдөгдөж байсан хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ. Гэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх боловч Г.Оын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж шүүх шийдвэрлэсэн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйл /эрүүгийн хариуцлагад татах хугацаа/-д заасан хугацаа өнгөрсөн байхыг ойлговол зохино...”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...” гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” байдаг бөгөөд энэ хэргийн хувьд дээрх шинжгүй байна гэж тус тус дүгнэсэн нь анхан шатны шүүх тухайн фактыг хэрхэн дүгнэж байгаа нь эргэлзээтэй буюу гэмт хэрэг биш, эсхүл гэмт хэрэг мөн гэж дүгнээд байгаагийн аль нь болох нь тодорхойгүй, шүүхийн цагаатгах тогтоол ойлгомжгүй гэж үзэхээр байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9, 34.19 дүгээр зүйлийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн талаар: Мөн “цагаатгах тогтоол”-ын тогтоох хэсгийн 1-д “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2-д нь “...34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.От холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай” гэсэн нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол ...хэргийг прокурорт буцаана.” гэснийг гэмт хэргийн шинж байгаа боловч тухайн хүн, хуулийн этгээд үйлдээгүй бол үйлдэлдээ хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийж болохоор байна. Гэтэл цагаатгах тогтоолын зарим хэсгээр Г.От холбогдох хэргийн хувьд түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж үгүйсгэсэн бол хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах үйлдэл байхгүй гэж ойлгогдохоор байна. Мөн тухайн үйл баримтыг нотолж мөрдөн шалгах ажиллагаа явуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад дүгнэлт хийн энэхүү үйл баримт нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж байгаа бол хэрэг бүртгэлтэд хэргийг буцааж,  ажиллагаа бүрэн хийгдсэн нэг үйл баримтад 2 байгууллага шийдвэр гаргахад хүрэхээс гадна хохирогч учирсан хохирлын асуудлаараа Иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан асуудал гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжгүй байдал үүсэх үр дагавартай. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 930 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “...Шүүгдэгч Г.О нь Ангарагаас авсан мөнгөөрөө хөөрөгний төлбөр төлөөгүй гэх байдал нь Б.Аийн хувьд ямар ч үр дагавар үүсгэхгүй бөгөөд харин түүний өгсөн мөнгийг нь эргүүлж төлөөгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээ эдлэж шүүхэд хандах боломжтой юм.” гэх дүгнэлт хийж Г.Оыг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй тайлбарлаж шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон дансны хуулга зэрэг шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан шатны шүүх ямар учраас үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 930 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.От холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 930 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.От холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хэлэлцтэл Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                             Ц. ОЧ