Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/227

 

Б

 

                                                           

 

 

 

 

 

2021          04          05                                   2021/ШЦТ/227

                                                         

 

                                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-д холбогдох эрүүгийн 2011000000759 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, хүргэн ах, эгчийн охин, хүүгийн хамт, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд амьдардаг гэх,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-630 тоот нийтийн байранд хамтран амьдрагч Д.Бат-Оргилтой маргалдан улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь баруун нүдний нулимсны сувгийн бүрэн тасал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хатгагдсан шарх, зүүн чихний дэлбэн, уруулд сэтэрсэн шарх, 1 шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 29 өдөр би нийтийн байрны хажуу өрөө түрээсэлдэг Нямдоржийн хамт барилгын ажил хийгээд орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд Нямдоржийн хоёр найз нь хөдөөнөөс гэрт нь ирсэн байсан. Тэгээд Нямдоржийн эхнэр Оюука манай гэрт 2,5 литрийн Нийслэл пиво 1 ширхгийг аваа: орж ирсэн. Би тухайн үед гэртээ Б.У-тай хамт байсан. Б.У, Оюука хоёр авчирсан пивыг хувааж уугаад сууж байсан. Би нэг аяга пиво уусан. Нямдорж араас нь орж ирээд намайг ороод ирээч гэж хэлэхээр нь би уумааргүй байна гээд орохгүй сууж байтал Б.У намайг ор ор, 1 цагийн чөлөө өгье гээд байхаар нь би ганцаараа Нямдоржийн гэрт яваад ороход тэнд Нямдорж, Хүрэлтулга, Доржоо Төөгөө нар 1 шил 0,750 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Намайг ороход тэд нар надад архи хийж өгсөн. Би хэсэг хугацаанд тэд нартай архи уугаа: юм ярьж суусан. Нэг мэдсэн би гэртээ ороод унтчихсан байсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 06 сарын 30-ны өдөр өглөө 08 цагт сэрээд Нямдоржийг ажилдаг явъя гэж хэлээд сэрээх гэтэл тэрээр босохгүй байсан. Гаднаас Оюука, Доржоо хоёр 1 шил 0,750 литрийн Хараа нэртэй архи, 2,5 литрийн 1 ширхэг пиво авчираа: бид нар бүгдээрээ хувааж уусан. Б.У намайг Оюукатай хардаад уурлаж эхлээд Б.У миний баруун талын нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед миний нүднээс маш их цус гарсан бөгөөд би даавуу, нойлын цаасаар дараад сууж байсныг санаж байна Би өөрөө нэлээн согтчихсон байсан болохоор яг юу болоод байгааг сайн ойлгоогүй. Нэг ухаан орох үед гэртээ орчихсон миний урд Б.У жижиг төмөр хутга барьчихсан “намайг өөр хүүхэн сонирхоод байна, ална шүү гээд зогсож байсан. Тэгээд би Б.У-с хутгийг нь авах гээд аргадаж эхэлсэн. Гэтэл тэрээр улам зөрүүдэлсэн. Гартаа барьсан хутгыг тавихгүй байсан. Ингэж байхдаа миний баруун гарын шууны гадна хэсэгт 2 удаа хутгаараа хатгасан Тэгээд нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн би нийтийн байрны гадаа үүдний хэсэгт сууж байсныг санаж байна. ...Хамтран амьдрагч Б.У миний баруун нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Миний 1 сарын өмнө гэмтээсэн байсан чих рүү Б.У гараараа 1-2 удаа алгадсаны улмаас улам сэдрээсэн. Оёдолтой байсан уруул руу гараараа цохиж оёдлыг нь задалсан. Дээрх гэмтлүүдийг Б.У надад учруулсан.”

 “...Баруун нүдний нулимсны сувгийн бүрэн тасрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хатгагдсан шарх гэмтлүүдийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-630 тоот нийтийн байрны 8 дугаар өрөөнд хамтран амьдрагч Б.Уд зодуулсан. Баруун нүдний нулимсны сувгийн бүрэн тасрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг Б.У миний баруун нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсний улмаас учирсан. Харин баруун шуунд хатгагдсан шарх гэмтлийг Б.У намайг ална гээд жижиг төмөр хутга бариад дайрахдаа хатгаж учруулсан. Харин зүүн чихний дэлбэн, уруулд сэтэрсэн шарх, 1 шүдний хугарал гэмтлүүдийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хамт архи ууж байгаад улмаар миний уруул руу заазуураар зүсэж, повер банк буюу цэнэглэгчээр шүд рүү цохиж гэмтээсэн. Зүүн чих рүү ус буцалгагчаар цохисон байж магадгүй. Учир нь би өөрөө тухайн үед их согтсон байсан болохоор яг юугаар цохисон гэдгийг нь санахгүй байна. ...намайг хардаад зоддог. Төрсөн ээж эгч нартайгаа хардаж байсан удаа бий.”

“...би өөрийгөө ална гэж хутга аваагүй. Харин Б.У намайг ална, алцгар хүүр минь гэж хэлээд хутга бариад надтай хэрэлдээд байсан. Тэр үед бид хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Б.У гартаа барьсан хутгаараа миний баруун шуу руу хутгалсан”

“...би эмчилгээ хийлгээд эдгэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохирол төлбөрт 1 удаа ч төлөөгүй. Гэхдээ би нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20, 21-23, 24-25, 158-159-р хуудас/,

Гэрч Б.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-630 тоот хашаанд байдаг нийтийн байрыг хариуцдаг. ...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эхнэр нөхөр болох Б.У, Оргил хоёр ирж байрны 8 тоот өрөөг түрээслэн авсан. Б.У, Оргил хоёр хөдөө ажлаар явж ирээд ирэх болгондоо архи ууж хоорондоо хэрүүл маргаан үүсгэдэг. Өнөөдөр Б.У, Оргил хоёр согтуу байхаар нь би өрөөнд нь унт гэж оруулсан. Нэг мэдсэн чинь гадаа цагдаа байхаар нь нийтийн байранд орсон чинь Оргилын баруун гарын шуу хэсэг цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Гэрч Ц.Хүрэлтулга мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн орой 22 цагийн үед найз Нямдорж, Оюун-Эрдэнэ, Доржоо, Бархаа, хажуу өрөөний оршин суугч Б.У, Бат-Оргил нарын хамт 2 ширхэг 2,5 литрийн том савтай пиво, 0.750 литрийн “Хараа” нэртэй архи 2 ширхгийг хувааж уугаад шөнө 02 цагийн үед өрөө өрөөндөө ороод унтсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед босоод дэлгүүрээс 1 шил 0.750 литрийн “Хараа” нэртэй архи, 1 ширхэг 2,5 литрийн пивыг найз Доржоо дэлгүүрээс аваад манай түрээслэн суудаг өрөөнд Нямдорж, Оюун-Эрдэнэ, Доржоо, Бархаа нартай хуваагаад ууж байтал гаднаас Б.У орж ирээд бид нарын ууж байсан тал хэмжээтэй архийг авч гарсан. Хэсэг хугацааны дараа дахин Б.У орж ирээд пивоноос ууна гээд байхаар нь би нийтийн байрны эзэн Заяа гэх эмэгтэйд “энэ Б.У гэх эмэгтэй хаалга нүдээд орж ирэхээрээ ууж байсан архи пивыг авч гарах гээд байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Заяа эгч орж ирээд Б.У гэх эмэгтэйг загнасан. Б.У буцаж орж ирээд би цагдаа дуудсан байгаа та хоёрыг чирээд цагдаа руу аваад явна гэж хэлэхээр нь би дахин Заяа эгчид хэлсэн. Тэгээд Заяа эгчийн хамт буцаад ороод иртэл манай өрөөнд цагдаа нар ирчихсэн байсан. Миний бодлоор Б.У нөхөр Бат-Оргилтой муудалцаад тэр уурандаа цагдаа дуудлага өгсөн. Учир нь Б.У Бат-Оргил нар өрөөндөө хэрэлдэж маргалдаад чанга чанга хашиграад орилоод байсан. Тэгээд Бат-Оргилын нүүрэн хэсэгт цус болчихсон араас нь Б.У хутга барьчихсан байдалтай манай өрөөнд хоёулаа орж ирэхээр нь би Заяа эгчийг дуудах гээд гарсан. Тухайн үед Б.У жижиг, төмөр хутга гартаа барьсан байсан. Цагдаа нар ирээд Б.У гэх эмэгтэйг хайсан чинь Б.У тухайн үед хажуу талд байрлах эзэнгүй өрөөнөөс гарч ирсэн. Тэрнээс хойш хутга хаана байгааг би мэдээгүй. Бат-Оргилын нүүр нь цус болчихсон байсан. Өөр бэртэж гэмтсэн байсан талаар би анзаарч хараагүй ...Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн үед өрөөндөө хоорондоо чанга чанга хэрэлдэж орилоод байсан. Тэгээд удалгүй Бат-Оргил өрөөнөөсөө гарч ирэхдээ нүүр хэсэгт нь цус болсон байсан. Би бодохдоо Б.У гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Б.У, Бат-Оргил нарыг өрөөндөө маргалдаж байхад би Нямдорж, Оюун-Эрдэнэ, Доржоо, Бархаа нарын хамт өөрийн өрөөндөө пиво уугаад сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч У.Сумъяасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ээж Бат-Оргил болон манай дүү Сумъяабазарын хамт Улаанбаатар хотод ирээд нийтийн байр түрээслэж амьдарсан. ...2020 оны 4 дүгээр сард ээж Б.У, дүү Сумъяабазар, Бат-Оргил ахын хамт 1 сарын хугацаанд нийтийн байранд нь амьдарсан. ...Эхлээд хоорондоо эвтэй байсан. Сүүлдээ намайг хамт амьдарч байх үед хоорондоо хэрэлдэж муудалцаад байдаг болсон. Манай дүүг гар утсаар нь тоглож байхад Бат-Оргил ах уурлаад дүүг минь өшиглөөд гар утсаа булааж авдаг байсан. Хоолны аяга тавгыг уур нь хүрэхээрээ шиддэг. ...Бат-Оргил ах ажил хийж олсон мөнгөөрөө архи аваад уучихдаг. 7 хоногт 3-4 удаа архи уудаг. Мөнгөгүй үедээ өөрийнхөө ах дүү нараасаа мөнгө аваад архи уучихдаг. ...би гадаа найзуудтайгаа тоглож байсан. Гэтэл гэнэт Бат-Оргил ах гарч ирэхэд нүүр, чих, уруулнаас нь цус гарч байсан. Би гэртээ ороход хамаг эд зүйл цус болоод эвдэрчихсэн байсан. Жишээ нь ус буцалгагч цус болоод эвдэрчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №7690 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Д.Бат-Оргилын биед баруун нүдний нулимсны сувгийн бүрэн тасрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хатгагдсан шарх, зүүн чихний дэлбэн, уруулд сэтэрсэн шарх, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Д.Бат-Оргилын биед учирсан баруун нулимсны сувгийн бүрэн тасрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хатгагдсан шарх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Зүүн чихний дэлбэн, уруулд сэтэрсэн шарх, 1 шүдний хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

Шинжээч Г.Ханхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Бат-Оргилын  биед учирсан баруун нулимсын сувгийн бүрэн тасрал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа болон нийтэд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шуунд хатгагдсан шарх нь ир үзүүр бүхий хүчин зүйлээр үүснэ. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүснэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154-155-р хуудас/

Шүүгдэгч Б.У мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би жижиг хутгаар баруун шуу руу нь хутгалсан. Толгой руу нь сандалаар цохисон. Чих рүү нь гараараа 1 удаа алгадсан”

“...Би гар луу нь хутгалсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Тэр үед ус буцалгагчаар цохих үед Бат-Оргилын гэмтэлтэй байсан чихний шархыг сэдрээсэн. Хэрэг болсон үеэс өмнө Бат-Оргилын чих нь гэмтсэн байсан. Шархыг нь сэдрээсэн асуудал бий. Зөв зүгээр байсан чихийг ийм болгосон юм биш.  Үүнийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61,143-145-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 56-57-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 6-11-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор шаргал, эрээн иштэй төмөр хутгыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул ...эд мөрийн баримтаар тооцсугай” /хавтаст хэргийн 12-р хуудас/,

Цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хавтаст хэргийн 72-76-р хуудас/,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 2020/ЗШ/236 тоот шийтгэвэр /хавтаст хэргийн 102-103-р хуудас/

Хохирогч Д.Бат-Оргилд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд: “...хэргийн материалтай танилцлаа, санал хүсэлт гомдол байхгүй”

“...гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 104, 147-р хуудас/,

Шүүгдэгч Б.У-н иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хавтаст хэргийн 62-63-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-630 тоот нийтийн байранд хамтран амьдрагч Д.Бат-Оргилтой маргалдан, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хутгыг зэвсэг болгон хэрэглэж хүний биед баруун нүдний нулимсны сувгийн бүрэн тасрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд хатгагдсан шарх, зүүн чихний дэлбэн, уруулд сэтэрсэн шарх, 1 шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Бат-Оргил, гэрч Ц.Хүрэлтулга, Б.Мөнхзаяа, насанд хүрээгүй гэрч  У.Сумъяасүрэн, шинжээч Г.Ханхүү  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №7690 дугаартай дүгнэлт,  хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Аюулын зэргийн үнэлгээ, Цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа, шүүгдэгч Б.Уянгын мэдүүлгүүд зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; хэлнэ гэж тодорхойлсон байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; гэж заажээ.  

Шүүгдэгч Б.У нь хохирогч Д.Бат-Оргилтой гэр бүлийн хамтын амьдралтай хүмүүс бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад зааснаар хохирогч Д.Бат-Оргил нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна.

            Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй, хохирогчийн бие махбоди, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд байнга халдаж, дарамтад байлгасан, айдас түгшүүрт оруулсан, харгис хэрцгий хандсан, догшин авирлах, тарчлаах зэрэг үйлдлээр илэрдэг. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдэх үйлдлийн давтамж болно.

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бат-Оргилын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үргэлжилсэн үйлдлээр 2 удаа хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн Б.У болон Д.Бат-Оргил нар нь архидан согтуурч хоорондоо маргалддаг талаар гэрч Б.Мөнхзаяа, насанд хүрээгүй гэрч У.Сумъяасүрэн нар мэдүүлдэг, мөн цагдаагийн байгууллагын  АСАП сангийн лавлагаа, дуудлага мэдээллийн бүртгэл, Аюулын зэргийн үнэлгээ зэрэг баримтуудаар дээрх нөхцөл байдлууд тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.У нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, нотлох баримтын хүрээнд маргаагүй гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос Б.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуулийн зүйлийн дотор алгасуулан иш татаж хэрэглэх зохицуулалтыг оруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахаар заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална гэж заажээ. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголт, нэр томьёо, ухагдахууныг тайлбарласан бие даасан хуулийг баталсан, энэхүү хууль нь хүчин төгөлдөр дагаж мөрдөж, үйлчилж байх тул гэр бүлийн хүчирхийлэл, хамаарах этгээд, хүчирхийллийн төрөл, хүчирхийлэлд тооцох үйлдэл зэрэг ойлголтуудыг тайлбарлахад дээрх хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.У нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-630 тоот нийтийн байранд хамтран амьдрагч Д.Бат-Оргилын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасныг журамлан үргэлжилсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч Д.Бат-Оргил нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг ирүүлээгүй, хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй болно.

Хохирогч Д.Бат-Оргил нь шүүгдэгч Б.Уас гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.У-н үйлдэл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б-.У нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд огтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, 6 дахь хэсэгт тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулав.

Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Hong Li гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хутга нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, 6 дахь хэсэгт тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулсугай.

5.Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Hong Li гэсэн бичиглэлтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР