Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/241

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч С.С

Иргэний нэхэмжлэгч Б.Батцагаан, Д.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Сд холбогдох, эрүүгийн 201625000685 дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 17ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 1978 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Тахилт 7 дугаар гудамж 249 тоотод оршин суух хаягтай боловч тэр хаяган дээрээ оршин суудаггүй, /Налайх дүүрэг 6 хороо амбан оломын 1 тоотод оршин сууж байгаа/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн

 

Шүүгдэгч С.С /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 07 сарын 24-ний орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн зуслангийн замд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, …хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, гэсэн заалтыг зөрчин 1.80 хувийн согтолттой /драйгер багажаар/, үедээ Тоёота Марк-2 маркийн 08-80 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн 8.2” Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжэ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Болормаагийн жолоодож явсан 21-13 УБЦ улсын дугаартай Тоёота Raw 4 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 473.000 төгрөгний шууд, 703.000 төгрөгийн нийт хохирол, Б.Батцагааны жолоодож явсан 82-74 УНҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн машиныг мөргөж 863.000 төгрөгний шууд, 1.378.000 төгрөгийн нийт хохирол учруулж, иргэн Б.Батцагааний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, зам тээврийн осол гаргаад, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ” а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохио асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гадагш явж болохгүй тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 09 сарын 21-ны өдрөөс хойг 2016 оны 11 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Сгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2016 оны 07 сарын 24-ний өдөр найз Уранчимэг, Алтанхуяг, Алтанзул, ой 5 сартай хүүхдийн хамт Шарга морьтын наад талд байрладаг Сэлбийн гол дээр очсон бүгдээрээ усанд орчихоод 0.75-тай Хараа хувааж уусан. Улмаар Алтанхуяг бид 2 үл ойлголцлоос болоод хоорондоо муудалцсан. Тэгээд би уурлаад Алтанзул хүүхдийнх нь хамт хот руу буцах замдаа Шадивлангийн замаар хойноос урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байтал Алтанзулын өвөр дээр сууж явсан хүүхэд машины гэрлийг оролдож байгаад унтраачихсан юм, би гарыг цохиод асаатал урд талд машин ороод ирсэн тэгээд баруун тал руу дарах гэж байгаад мөргөчихсөн, дахин урд машин таарсан хажуу тийшээ дарах гэж байгаад бас мөргөчихсөн тэгж мөргөх үед зүүн талын дугуй хагараад ослын газраас 20-30 м яваад автобусны буудлын арканд ороод зогссон удалгүй цагдаа ирээд намайг үлээлгээд "та согтуу байна, эрүү нь хугаралтай эмнэлэг яваад маргааш ир" гэж явуулсан. Би яг 2 машин мөргөөд зогсолгүй явсан нь буруу юм. Учир нь эхний машин мөргөснөө мэдсэн. Би зогсоох гэж тоормос гишгээгүй, надад эхний машин мөргөөд зогсох боломж байсан. Би машинаараа мөнгө олж эхнэр хүүхдээ тэжээдэг тэгээд архи уучихсан согтуу байсан, эхний машин мөргөөд зогсвол эрхээ цаашаа тэр чигтээ давхичихсан юм. Тэгээд өөрийнхөө эгнээнд орох гэтэл 2 машин ар араасаа ойрхон явж байсан, эсрэг урсгалд замын голын цагаан зураасыг давчихсан явж байтал ахиад машин ороод ирсэн дарж амжилгүй мөргөчихсөн. Тэгтэл зүүн урд дугуй хагараад руль зүүн гар тийш булаагаад ахиад Ланд машин шүргэчихсэн хэрвээ дугуй хагараагүй бол Ланд машиныг шүргэхгүй байсан юм. Тэгээд дугуй хагараад цаашаа явах боломжгүй тэр чигтээ автобусны буудлын тэнд очиж зогссон. Би осол хэргийн газраас санаатай зугтааснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн 2016 оны 9 сарын 21-ний өдрөөс мөрдөн байцаалтанд шалгагдаж байхдаа байцаагчдаа хэлэлгүй 1 сар гаруй Хэнтийн бага ноён нуруу Майргат гэсэн газарлуу самранд явсан учруулсан хохирлоо төлж барагдуулья гэж бодсон юм. Тэр хооронд ямар нэгэн захиргааны зөрчил гаргаагүй, хэлэлгүй алга болсон буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд хүмүүст учруулсан хохирлоо төлж барагдуулна" гэсэн мэдүүлэг/1хх 85-86,126, 165,168 хуудас/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Би Б.Батцагаан, Д.Болормаа нарын машиныг мөргөөд цааш явж дугуй хагараад автобусны буудлын тэнд очиж зогссон нь үнэн. Мөн ахмад Төгсбаяр “утсаар яръя” гэж хэлсэн бөгөөд утсаар ярихгүй байхаар нь ууланд самарт явсан нь үнэн. Гэмшиж байна. Тэр машиныг би Дашдорж ахаас худалдаж авсан юм. Мөнгийг нь төлж дуусгаагүй. Надад төлсөн баримт байхгүй. гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "2016 оны 07 сарын 24-ний өдөр хотын төвөөс Яргайтын зуслан орох гээд Шадивлангийн замаар урдаас хойшоо чиглэлд 2 дугаар эгнээгээр явж байтал өөдөөс ирж явсан Тоёота Марк-2 маркийн автомашин огцом өөдөөс далбилзаж орж ирээд миний машины урд болон хойд хэсгийг мөргөчихөөд зогсолгүй, шууд чигээрээ яваад өгсөн. Удалгүй цаашаа яваад 1 хар өнгийн машин мөргүүлчихсөн зогсож байсан. Ингээд цагдаа ирээд "мөргөсөн машиныг чинь олсон" гэж хэлээд хэмжилт хийгээд явсан. Ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, мөн автомашины төлбөрөө нэхэмжилнэ" гэсэн мэдүүлэг /1 хх 15-16/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гомдолтой байна. Би баримтуудаа гэртээ орхисон. Уг нь хэрэгт хавсаргасан боловч тэр нь хуулбар материал байгаа. Дараа нэхэмжлэх эрхтэй үлдээж өгнө үү. гэсэн мэдүүлэг.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Тэр өдөр Шадивлангийн замаар урдаас хойшоо чиглэлд 2 дугаар эгнээгээр Тоёота Рав-4 автомашинтайгаа явж байтал өөдөөс буюу эсрэг урсгалд Тоёота Марк-2 автомашин 2 талруугаа далбилзаад яваад байсан би харангуут 1-р эгнээрүүгээ шилжих гэсэн боловч нөгөө машин миний зүүн урд хэсэг рүү мөргөөд хажуугаар гарсан. Би машинаа зогсоотол хойно пис гэх чимээ гарсан. Миний хойно явсан Приус машиныг мөргөчихөөд зогсолгүй чигээрээ яваад өгсөн. Тухайн үед зогсох боломж байсан боловч зогсоогүй зугтсан. Уг жолооч тухайн үедээ согтуу байсан болохоор санаа зорилго нь зугатаах сэдэлттэй байсан. Хэрвээ зугтаах зорилгогүй бол эхний машин мөргөөд зогсох байсан. Автомашинд үнэлгээнд тусгагдаагүй эд ангийн эвдрэлүүд 560.000 төгрөг болж байна. Гомдолтой байна гэсэн мэдүүлэг /1 хх 42-43,114/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Рав-4 маркийн машины урд гар 80.000 төгрөг, 2 ширхэг амортизатор худалдаж авсан 120.000 төгрөг, засвар үйлчилгээ 100.000 төгрөг, үнэлгээ 30.000 төгрөг, оношлогоо 30.000 төгрөг, ачилт 60.000 төгрөг, оношлогооны тодорхойлолт 60.000 төгрөг, вьетнам засварт 300.000 төгрөг, шайраг авсан 55.000 төгрөг, засвар үйлчилгээ 120.000 төгрөг буюу нийт 895.000 төгрөг дээр машины цапп солиулах мөнгөө нэмж нэхэмжилнэ гэв.  

 

Гэрч Л.А мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Содовцэрэнтэй 2 жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа, би 3 хүүхэдтэй хамгийн бага охин Содовцэрэнгийн хүүхэд юм. Осол болдог өдөр хамт ажилладаг Алтанхуяг "хамт гол орьё" гээд Шарга морьтын зуслангийн хажууд гол дээр 4 үүлээ хамт очсон. Тэнд очоод Алтанхуяг тэр хоёр 1 шил 500 грам архи хувааж уусан, тэгээд хоорондоо муудалцаад байхаар нь "явья" гээд охиноо аваад машинтайгаа явсан. Ингээд замаар хойноос урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байтал охин Мөнхзаяа машины гэрлийг оролдож байгаад унтраачихсан. Тэгээд гэрлээ эргүүлээд асаатал эгц өөдөөс машин ороод ирсэн, тэгэхэд нь машинаа баруун гар тийш дарж мөргөөд хажуугаар нь гарсан баруун гар талруугаа дараад эхний машиныг гаргатал араас нь дахиад нэг машин тулчихсан дараад баруун гар талруугаа дараад хажуугаар гарах гэсэн боловч мөргөчихсөн. Тэгээд мөргөсний дараа дугуй хагараад замаа чөлөөлөөд зогссон удалгүй цагдаа ирээд драгер үлээлгээд согтуу болохыг мэдсэн. Тухайн үед эрүү нь хугархай байсан болохоор цагдаа бид 2-г явуулчихсан юм. Маргааш нь бие нь өвдөөд цагдаа дээр очоогүй юм. Тухайн өдөр би машин барихыг хориглосон боловч миний үгэнд ороогүй юм. Содовцэрэн урд 7 сард хүний байшин засаж байгаад 2 давхараас унаад эрүүгээ хугалсан юм, би болон охин гэмтээгүй гэсэн мэдүүлэг /1 хх 60-61/

 

Гэрч Э.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Осол болсон өдөр эхнэр машинаа бариад 2 дугаар эгнээгээр явж байтал өөдөөс ирж явсан Тоёота Марк-2 машин урсгал сөрж манай машины зүүн урд хэсгийг мөргөөд хажуугаар гарсан. Эхнэр машинаа зогсоогоод араас нь харсан чинь тас гээд явчихсан. Манай машины араас явж байсан нэг машин мөргөөд зугатаагаад явчихсан хүн гэмтсэн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 63-61/

 

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Чингэлтэй дүүргийн нутагт үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 21.18 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн зуслангийн замд "осол болсон" гэх дуудлага 3 өөр утаснаас, 3 өөр хүн 102-т дуудлага өгсний дагуу очиж шалгахад 08-80 УБЦ улсын дугаартай Тоёота Марк-2 маркийн автомашин замын баруун тал руу шахаад зогсчихсон, дугуй нь хагарчихсан, жолооч нь Содовцэрэн /согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэх хүн байсан ба эхнэр хүүхдийн хамт явж байсан, харин уг автомашины харалдаа эсрэг урсгал дээр Тоёота Ланд-200 маркийн автомашин зүүн урд хэсэгтээ шүргэгдсэн байдалтай зогсож байсан, уг ослын газраас ертөнцийн зүгээр хойшоо 150 орчим метр зайд очиход Тоёота Приус маркийн 82-74 УНҮ улсын дугаартай, Б.Батцагаан жолоочтой машин, уг машинаас цааш 100 орчим метр зайд Тоёота Рав-4 маркийн 24-13 УБЦ улсын дугаартай Д.Болормаа жолоочтой автомашинууд мөн зүүн урд хэсэгтээ шүргэгдэж мөргөлдсөн байдалтай зогсож байсан гэсэн мэдүүлэг /1 хх 110-111/

 

Гэрч Т.Мөнхдоржоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: "2016 оны 07 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим өөрийн Лексус 470 автомашинтайгаа Гоодойн амнаас хотын төв явж байтал араас нэг машин мөргөчихөөд зогсолгүй яваад өгсөн, тэгээд араас нь 200 метр явж гүйцэд түрүүлээд хашиж зогсоогоод осол гаргасан машин дээр очиход жолооч нь согтуу хажууд нь нэг эмэгтэй байсан. Тэр үед цагдаагийн хүмүүс ирсэн, миний машин жаахан зураас гарсан байсан болохоор би яваад өгсөн, өмнө машин мөргөөд явж байсныг мэдээгүй сая л өөр машинууд мөргөснийг мэдсэн, би хашиж зогсоогоогүй бол төвлөрсөн газар орж аюул хийх байсан, миний машины баруун хойд талд жижигхэн зураас л гарсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /1 хх 141/

 

2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлт: 08-80 УБЦ улсын дугаартай Тоуоtа mагк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүриийн 8.2 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" мөн дүрмийн 2.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ" а/ Тээврийн
хэрэгслэлээ нэн даруй зогсоож, ослын дохио асаах ба ослын зогсолтын тэмдэгийг
энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд
холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх" б/ зам тээврийн осолд
нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв
бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан
тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа
тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн
хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа
буцаж ирэх", /в "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан-д/
мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд
холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн
байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2.7. "Жолоочид дор дурдсан зүйлийг
хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.21-13 УБЦ улсын дугаартай Тоуоtа Raw-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Болормаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүриийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна. 82-74 УНҮ улсын дугаартай Тоуоtа Рrius маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Батцагаан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт /1 хх 78-79/

 

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 379 дугаартай давтан гаргасан техникийн шинжээчийн дүгнэлт: ...хэргийн газрын үзлэг, схем зураг, оролцогч нарын байцаалттай танилцахад Тоёота Марк-2 маркийн 08-80 УБЦ дугаарын автомашины жолооч Сарантуяа овогтой Содовцэрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүриийн 2.7-ийн /а/ "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 8.2-р заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 9.2-р заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2.5-ийн а/ Тээврийн хэрэгслэлээ нэн даруй зогсоож, ослын дохио асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх" б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх", /в "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан-д/ мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэснийг тус тус зөрчсөн байна. 2.Тоёота Рав-4 маркийн 21-13 УБЦ дугаарын автомашины жолооч Д.Болормаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүриийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй. Тоёота Приус маркийн 82-74 УНҮ дугаарын автомашины жолооч Б.Батцагаан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчөөгүй. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №418 дугаарын техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна гэсэн дүгнэлт /1 хх 129-130/

 

Шүүгдэгч С.Сгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 92/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 101/, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр" С.Сд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 384.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн /1 хх 96-97/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 71, 103/, 2016 оны 09 сарын 27-ны өдрийн ¹379 дугаартай дүгнэлт, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ "МЕГА МАРЗ" ХХК-ны автомашин техникийн үнэлгээний №5865/0716 дугаартай тайлан /2 хх 70-71/, Хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ны автомашин техникийн үнэлгээний №940 дугаартай тайлан /2 хх 74-75/ хохиролыг баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.С нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн зуслангийн замд архи ууж согтуурсан үедээ Тоёота Марк-2 маркийн 08-80 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэний нэхэмжлэгч Д.Болормаагийн жолоодож явсан 21-13 УБЦ улсын дугаартай Тоёота Рав 4 маркийн тээврийн хэрэгслийг, иргэний нэхэмжлэгч Б.Батцагааны жолоодож явсан 82-74 УНҮ улсын дугаартай Тоёота Приус маркийн машиныг мөргөж, зам тээврийн осол гаргаад зогсолгүй цааш явж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан нь шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр,

 

Шүүгдэгч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, …хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 8.2” Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжэ авна” 2.5-ын а/ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохио асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь техникын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

 

Мөн 2016 оны 08 сарын 02-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор шүүгдэгч С.Сд гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч тэрээр 2016 оны 09 сарын 21-ны өдрөөс хойш 2016 оны 11 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул С.Сг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Сгийн зам тээврийн осол гаргасны улмаас Б.Батцагааны бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирч, түүний унаж явсан авто машинд үнэлгээгээр шууд 863.000,  шууд бус 515.000 нийт 1.378.000 төгрөгийн, Д.Болормаагийн унаж явсан авто машинд үнэлгээгээр шууд 473.000, шууд бус 230.000 нийт 703.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд тэднийг мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.

Шүүгдэгч С.Сгийн унаж яван зам тээврийн осол гаргасан Тоёота Марк-2 маркийн 08-80 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Дашдоржийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, удаа дараалан авсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар уг авто машиныг “С.Сд зарсан, үлдэгдэл мөнгийг аваагүй байгаа” гэж мэдүүлэх боловч энэ нь ямар нэг гэрээ хэлцэл, мөнгө шилжүүлсэн болон хүлээлгэж өгсөн, хүлээн авсан зэрэг бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Иймд Б.Дашдоржийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.С нь иргэний нэхэмжлэлээс төлж барагдуулаагүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Батцагаанаас ирүүлж хэрэгт хавсаргасан нэхэмжлэлийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул автомашины эвдрэл, үнэлгээний тайланд тусгагдсан шууд зардал болох 863.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Болормаагаас ирүүлж хэрэгт хавсаргасан баримтыг үндэслэж 895.000 төгрөгийг иргэний хариуцагч Б.Дашдоржоос /РД:ЧМ66040573/ гаргуулан тэдэнд тус тус олгохоор шийдвэрлэв. Иргэний нэхэмжлэгч Д.Болормаагаас гаргаж өгсөн баримт нь үнэлгээний үнийн дүнгээс зөрүүтэй бөгөөд үүнийгээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “тийм багаар засварлах боломжгүй байсан” гэсэн нь үндэслэлтэй бөгөөд төлбөрийн баримтуудаар нотлогдож байна. Иргэний нэхэмжлэгч Б.Батцагаан нь хохиролыг баримтаа бүрдүүлж үнийн дүн нь энэ тогтоолоор олгосон 863.000 төргөрөөс их бол зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

Хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор битүүмжилсэн Баатархүүгийн Дашдоржийн эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 08-80 УБЦ улсын дугаартай JZX1006040521 арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж хохиролд тооцуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.С нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй өөрийгөө өмгөөлж оролцоно гэснийг, иргэний хариуцагч Б.Дашдорж нь шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хөдөө явж байх тул оролцох боломжгүй” гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Сгийн 2016 оны 11 сарын 19-нөөс 2017 оны 02 сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.С Зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сгийн цагдан хоригдсон 88 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Даш/РД:ЧМ66040573/ 1.758.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б863.000 төгрөг, Б.Болд 895.000 төгрөгийг тус тус олгосугай

 

8. Иргэний нэхэмжлэгч Д.Бат нь баримтаа бүрдүүлж гэм хорын зөрүүг иргэний хариуцагч Б.Дашдоржоос иргэний хариуцагч Б.Дашдорж нь шүүгдэгч С.Сгээс гэм хорд төлсөн нийт төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэй.

 

9. Хэрэгт битүүмжилсэн Баатархүүгийн Дашдоржийн эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 08-80 УБЦ улсын дугаартай JZX1006040521 арлын дугаартай, цагаан өнгийн автомашиныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шүүгдэгч С.С нь тогтоолыг эс зөвшөөрвөл бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч Д.Батцагаан, Б.Болормаа, иргэний хариуцагч Б.Дашдорж нар нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэрэгт хэсэгт тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР