Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/785

 

 

 

 

 

 

 

    2020        12         18                                       2020/ШЦТ/785

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

Нарийн бичгийн дарга Э.Даариймаа,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ш.Аийг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010007720415 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

    

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

   Яллагдагч Ш.А нь учрах саадыг арилгах зорилгоор _ УБҮ улсын дугаартай “Пронтер” маркийн машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Хөндлөн Уул” гэх газарт “Глобал рост” ХХК-ийн баригдаж байсан барилгаас тус компанийн вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, хохирогч Б.Бийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ:  

“...2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө ажлаа дуусгаад 00 цагийн орчим Өлзийтийн постын дэргэдээс өвс авах ажилтай байсан. Тэгээд явж байтал тэр хавьд баригдаж байгаа барилгаас 50,000 төгрөгөөр толгойт руу юм ачуулъя гээд 2 хүн суусан.Тэгээд  барилга дээр очоод эд зүйлс ачаад очоод мөнгийг  нь өгье гэхээр нь би тэр хүнд бензин хийе, одоо мөнгөө өгчих гэтэл мөнгө байхгүй байна, очоод өгье гэсэн. Тэр хүн та энэ багажнуудаас үнэ тохироод авчих, пуужин таных шиг том машиныг өвөл хурдан асаадаг, 500,000 төгрөгөөр ав гэхээр нь надад 200,000 төгрөг байна гээд 200,000 төгрөгөөр худалдан авч, хашаандаа авчирч тавьсан. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай хашаанд цагдаа орж ирээд багажийг хулгайн эд зүйл байна гээд авч явсан. Мөрдөгч Болор-Эрдэнэ та эдгээр зүйлсийг яаж алга болгочихоогүй юм, хохирогчдоо өгөх хохиролгүй юм байна, ил хулгай юм чинь торгууль, нийтэд тустай ажил хийлгэх л ялтай гэсэн. Би торгуулаад өнгөрнө гэж бодоод, ажил ихтэй байсан учир би авсан гээд хэлчихсэн юм. Тэгсэн  намайг цагдан хорьсон, дээрээс нь машин механизм ашигласан байна гээд зүйл анги хүндэрсэн. Тэгэхээр нь би эдгээр зүйлсийг худалдан авсан гэдгээ хэлсэн ч шалгаагүй. Надад эд зүйл зарсан хүн 7 сард _ дугаарын утаснаас Намсрай байна 150,000 төгрөг нэмээд өгчих гэж ярьсан. Маргааш өглөө манаач нар эд зүйлс алга болчихлоо гээд тэр хавиар хайж О гэх хүн машины мөр шороон дээр байна гэж хэлсэн байсан. О гэх хүн эд зүйлс алга болсныг яаж мэдсэнийг шалгуулах хүсэлттэй байна. Энэ хүн ганцаараа яаж мэдсэн юм. Нэг хүний гутлын мөр байна гэсэн. Би урдаас хойд зүг рүү хараад зогссон, машинаасаа буугаагүй. Үүн дээр шинжээч томилох боломжтой. Жолоочийн эсрэг талын мөр үү, жолоочийн талын мөр үү гэдгийг тогтоолгох хүсэлттэй байна. Намсрай, О гэж 2 хүн надтай машинд хамт явсан гэж би бодоод байгаа. Оыг шалгаж өгнө үү гэв.

 

Эрүүгийн 2010007720415 дугаартай хэргээс:

1.Хохирогч Б.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би гэртээ байж байхад 09 цагийн орчим Г гэх сангийн инженер 99020750 гэсэн дугаараас залгаж барилга дээрээс урьд шөнө эд зүйл алдагдсан байна гэхээр нь би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “_” гэх газар баригдаж байгаа мал эмнэлэг ариутгалын барилга дээр ирэхэд 2 ширхэг халаагч пуужин, 1х2 хэмжээтэй вакум цонх, манай барилга дээр ажиллаж байгаа ажилчдын цахилгаан багажнууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

2. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр салхитай байсан учраас шаврын ажил хийж болохгүй гадна дотно илүү дутуу хогоо цэвэрлэчихээд орой 20 цагийн орчим орж ирсэн. Орж ирээд бид нар хоолоо идээд унтаж амарсан. Энхэр бид хоёр контейнерт унтдаг юм. Эхнэр бид хоёр жаахан Facebook ухаж байгаад 22 цагийн үед унтаж амарсан. Надтай хамт ажилладаг Ө, О хоёр зүүн талд байдаг манаачийн путканд хоносон. Маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагийн үед Ө, О хоёр орж ирсэн. Тэр үед эхнэр бид хоёр дөнгөж босож байсан. Бид нар цай чанаж уучихаад 08 цагийн үед ажилдаа гарсан. Тэгээд ажлаа хийж эхлэх гээд цахилгаанаа залгах гэтэл залгуур байхгүй утсыг нь тасдаад авчихсан байсан. Тэгэнгүүт нь бид нар юм алга болчихсон юм биш байгаа даа гэж бодоод бусад багаж хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, 1 ширхэг вакум цонх зэрэг эд зүйл байхгүй байсан. Бид нар эхэндээ арай ч алга болчхоогүй байх гэж бодоод бусад багаж хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, жижиг гар тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, урт залгуур 2 ширхэг, 1 ширхэг вакум цонх зэрэг эд зүйл байхгүй байсан. Бид нар харуул Отгоог энэ барилгыг бариулж байгаа “_” ХХК-ны инженер Б.Б руу залгуулсан. Тэгсэн Б.Болдоо би цагдаа дуудчихъя хамаагүй наад хавиараа юм оролдож, битгий яваарай гэж хэлсэн. Би очлоо гэж хэлсэн. ...Би алдагдсан эд зүйлээ бүгдийг нь бүрэн бүтэн буцааж авсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

3. Гэрч Ж.Б.-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Өглөө ...08 цагийн үед ажилдаа гарсан. Тэгсэн тасдагч, дрилл, уртасгагч залгуур зэрэг байхгүй байсан. О-г хураасан байж магадгүй гээд барилга дотор үзсэн чинь халаагч пуужин 2 ширхэг, гадаа хураасан байсан цонхноос 1 ширхэг вакум цонх байхгүй байсан. Тэгсэн О овгор шороон дээр гараад энд машины мөр байна гэсэн. Тэгээд цагдаа руу ярьсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

4. Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө барилга дээр ажилчдаа ажиллуулж 20.00 цагийн орчим бууж эд зүйлээ болон барилгын багаж төхөөрөмжөө баригдаж байгаа барилга дотор хийгээд амарсан. Тэгээд шөнө 23.00 цагт амраад 4 дүгээр сарын 08-ны өглөө 07 цаг 40 минутад босоод ажлаа эхлэх гэхэд барилгын багаж болон вакум цонх байхгүй байхаар нь барилга хариуцаж байсан Болдбаатар гэх хүнд хэлж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

 

5. Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:

“...4 сарын 7-ноос 08-ны шилжих шөнө 00:00 цагийн орчим гэрээсээ өөрийн эзэмшлийн “Пронтер” маркийн _ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж тухайн барилга дээр ганцаараа очиж вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлийг барилга дотор байхаар нь хулгайлж машин дээрээ ачиж гэртээ аваачиж нуусан. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 79-80/,

 

6. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “_” гэх газарт хийсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...тээврийн хэрэгслийн мөрийг хэмжихэд дотор талаас 130,140 см, урт хөндлөн зураастай дугуйны мөр, мөн тээврийн хэрэгслийн мөрний хойд талд ертөнцийн зүгээр урагш харсан чиглэлтэй 2 ширхэг гутлын мөр байх ба нийт урт нь 29.5 см өлмийн өргөн 11.5 см, өсгийн өргөн 9 см хэмжээтэй өлмий хэсэгтээ гурвалжин хээтэй ...” гэх тэмдэглэл бүхий хэсэг  /хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас/,

 

7. Төв аймгийн Сэргэлэн сум Өндөр дэнж гэх газарт Ш.Аийн хашаанд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Төв аймгийн Сэргэлэн сум “Өндөр дэнж” гэх газар ..хашааны голд ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү харуулан тавьсан цагаан өнгийн _ УБҮ улсын дугаартай ...автомашин ...саарал өнгийн бүтээлгээр хучсан автомашины зүүн талд түшүүлэн тавьсан вакум цонх ...Үзлэг хийсэн газраас вакум цонх 1 ширхэг, том халаагч пуужин 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, жижиг халаагч пуужин 1, 1 ширхэг, дамартай уртасгагч 60 метр 1 ширхэг, гар тасдагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан. ...” гэсэн тэмдэглэл бүхий хэсэг /хавтаст хэргийн 14-20 дугаар хуудас/,

 

8. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтатс хэргийн 3 дугаар хуудас/,

 

9. Хулгайд алдагдсан эд зүйлийг Ш.Ааас хураан авч, хохирогч Б.Б-т 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

10. “Kia prontier” маркийн __ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоол /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

 

11. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

12. Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа / хавтаст хэргийн 95-96/

 

13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 87-110 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ш.А нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б дүгнэлтдээ “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдэх боломжгүй. Ш.А нь замд таарсан залуугаас авсан бүх зүйлээ цагдаад хүлээлгэн өгсөн учир ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж бодон тухайн үед мэдүүлэг өгсөн, тэдгээр эд зүйлсийг ачиж аваад гэртээ авчирсан нь үнэн боловч хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, Ш.А хулгайлаагүй. Иймээс Болдбаатарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч нь гэм буруугийн талаар мөн маргасан.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.А нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 2020 оны 4 дүгээр сарын 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “_” гэх газарт “_” ХХК-ийн баригдаж байсан барилгаас тус компанийн эзэмшлийн вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэгийг, мөн хохирогч Б.Бийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг эд зүйлийг хулгайлж, нийт 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор _ УБҮ улсын дугаартай “Пронтер” маркийн машин механизм ашиглаж үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г гэх сангийн инженер ...залгаж барилга дээрээс урьд шөнө эд зүйл алдагдсан байна гэхээр нь би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “_” гэх газар баригдаж байгаа мал эмнэлэг ариутгалын барилга дээр ирэхэд 2 ширхэг халаагч пуужин, 1х2 хэмжээтэй вакум цонх, манай барилга дээр ажиллаж байгаа ажилчдын цахилгаан багажнууд алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

-Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ажлаа хийж эхлэх гээд цахилгаанаа залгах гэтэл залгуур байхгүй утсыг нь тасдаад авчихсан байсан. ...багаж хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, 1 ширхэг вакум цонх, ...жижиг гар тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, урт залгуур 2 ширхэг, зэрэг эд зүйл байхгүй байсан. ...Алдагдсан эд зүйлээ бүгдийг нь бүрэн бүтэн буцааж авсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

-Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ажилдаа гарахад ... тасдагч, дрилл, уртасгагч залгуур зэрэг байхгүй байсан. ...барилга дотор үзсэн чинь халаагч пуужин 2 ширхэг, гадаа хураасан байсан цонхноос 1 ширхэг вакум цонх байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

-Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...4 дүгээр сарын 08-ны өглөө 07 цаг 40 минутад... ажлаа эхлэх гэхэд барилгын багаж болон вакум цонх байхгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

-Төв аймгийн Сэргэлэн сум Өндөр дэнж гэх газарт Ш.А-ийн хашаанд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Хөндлөн уул” гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-20, 6-12 дугаар хуудас/,

-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

-Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...4 сарын 7-ноос 08-ны шилжих шөнө 00:00 цагийн орчим гэрээсээ өөрийн эзэмшлийн “Пронтер” маркийн _ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж тухайн барилга дээр ганцаараа очиж вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлийг барилга дотор байхаар нь хулгайлж машин дээрээ ачиж гэртээ аваачиж нуусан. ...” гэсэн мэдүүлэг /хх-н 79-80/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А-аас “эд зүйлийг би хулгайлаагүй, өөр хоёр залуу хулгайлсан, би худалдаж авсан” гэж гэм буруугийн талаар маргасныг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаах тухай дүгнэлт зэргийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Ш.А нь би эд хөрөнгө хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүгдэгчийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь тухайн эд зүйлийг _ УБҮ тээврийн хэрэгсэлд ачиж, улмаар өөрийн гэрийн гадаа буулгасан нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Ш.А-ийн “хулгайлах гэмт хэргийг өөр хоёр хүн үйлдсэн, хулгайлсан эд хөрөнгийг нь би худалдан авсан” гэх мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдоогүй бөгөөд, шүүгдэгч нь хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Харин шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад эх сурвалж баримтаар тогтоогдсон.

Машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгох ба шүүгдэгч Ш.А нь хэргийн газар “Пронтер” маркийн _ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож очсон, улмаар хулгайлсан эд зүйлээ дээрх автомашинд ачиж явсан, машин механизм ашиглахгүйгээр хулгайлсан эд зүйлсийг авч явах боломжгүй нөхцөл байдал байх тул түүнийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.А-ийн үйлдэл нь идэвхтэй, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.           

Тус хэргийн хохирогч нар эд зүйлээ буцаан  авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох” гэсэн дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Б-с “...шүүгдэгч Ш.Ат хуульд заасан доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ш.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 5 удаа ял шийтгэгдэж байсан боловч нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ш.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           

            3.Бусад асуудлаар:

1/Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.

Прокурорын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн /хх24-25/ шүүгдэгч Ш.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан _ УБҮ улсын дугаартай “Кia prontier” маркийн тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар шүүгдэгчийн өөрийнх нь эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдож байх тул, битүүмжлэлийг хэвээр үлдээж, дээрх хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 162 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах, хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.А-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 162  /нэг зуун жаран хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

 

5. Хэрэгт шүүгдэгч Ш.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ш.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, түүний  эзэмшил өмчлөлд бүртгэлтэй _ УБҮ улсын дугаартай “Кia prontier” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл  энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд  зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН