Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 271

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 12-р хорооны 24-530 тоотод оршин суух Боржигон овгийн Жагдалын Отгонцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 52 нас хүрч байна. Би тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 2 сарын 22-ны өдрийн 83-р шүүхийн шийдвэрээр миний Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан жилүүдийн зарим хэсгийг нь тогтоож, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгосон жилүүдээс 1982, 1983, 1987, 1989 онуудын баримт олдсон тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргаж, хэргийг дахин шийдвэрлэхээр болсон. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн 1980 оны 3 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Отгонцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ж.Отгонцэцэгийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 1  сарын 31-ний өдрийн 41 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.С.Нэргүйн “...Ж.Отгонцэцэг нь 1980 оноос 1992 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад малчинаар ажиллаж байсан. Би тухайн үед нэгдэлд үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Би хамт ажиллаж байсан учраас би сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Пүрэвдоржийн “...Намайг 1982 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд жолоочоор очиж ажиллахад Ж.Отгонцэцэг нь тус нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Түүнээс 1992 оныг дуустал тасралтгүй малчин байсан...” гэх мэдүүлэг, 

Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн “...Намайг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд хэсгийн ахлагчаар ажиллаж байхад 1980 онд Ж.Отгонцэцэг нь малчинаар орж байсан. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл ажилласан гэв.

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 сарын 31-ний өдрийн 41 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1980 оны 3 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан тухай Жагдал овогтой Отгонцэцэгт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно.…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 сарын 20-ны өдрийн 08/44 дугаартай “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 3 сарын 12-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно...” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчийн 1981 оны 1-10 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-4 сар, 1986 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1991 онуудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, 1982, 1983, 1987, 1989 онуудын 4, 48, 80, 168 дугаартай төрөлтийн түүхийн хуулбар баримтууд болно.

 

Дээрх бичгийн баримтуудаар Ж.Отгонцэцэгийн 1980 оны 3 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Жагдалын Отгонцэцэг /ЗП64030809/ нь 1980 оны 3 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар гэрчийн мэдүүлгийг Эрдэнэдалай суманд очиж авсны зардалд 10700 /арван мянга долоон зуун/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

                      

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ