Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 462 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Э.Ат холбогдох 1807003670184 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хонин овгийн Э.А, 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, /Сүхбаатар дүүргийн ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/ боловч одоо Баянзүрх дүүргийн .......... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ..............,

Э.А нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 48-03 УНЕ улсын  дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-ийн а-д “...Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасныг зөрчсний улмаас Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Чойр чиглэлийн замд онхолдож зорчигч Г.Сийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж болно” гэж заасан боловч мөн хуулийн 31.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэгч яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотолбол зохих /16.2-н 1.1, 1.4, 1.5/ байдал буюу гэмт хэрэг хаана гарсан, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг байдлуудыг бүрэн шалгаж тодруулаагүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална,” мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дахь хэсгийн 15.1.4-т “Шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт материал цуглуулах ...үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж тус тус хуульчилжээ.

Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “...Хариулт 4: Жолооч Х.Адъяабазар /ЕГ90062811 регистрийн дугаараар жолоочийн лавлагаа, мэдээллийн сангаас шүүж үзэхэд В ангиллын 1207496 тоот жолоочийн хүчинтэй үнэмлэхтэй байна. Хуулбарыг хавсаргав...” гэж өөрийн санаачлагаар баримт материал цуглуулсан, мөн хуулбарыг хавсаргав гэсэн атлаа хавтаст хэрэгт авагдаагүй зэрэг нь дээрхи заалтыг ноцтой зөрчсөн байна.

Мөн Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын “Ертөнцийн зүгээр зүүн урдаас баруун хойшоо чиглэлтэй ...Приус 11 загварын автомашинтай явж байгаад онхолдсон.” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Налайх Чойрийн чиглэлийн засмал замын зүүн талд байрлах МТ-ШТС-ийн Говь сүмбэр аймгийн чиглэл буюу ертөнцийн зүгээр урагшаа 900 метр”, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдалд “Налайх дүүргийн 3-р хорооны нутаг төмөр замын гарамны урд талд” марк “Тоёота приус”, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч “Үл хөдлөх Б-цэг МТ-ШТС”, Приус 0 маркын 48-03 УНЕ дугаарийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудаас дүгнэж үзэхэд Үл хөдлөх “Б” цэг схем зурагт тусгагдаагүй, мөн хэргийн газрын үзлэгт “МТ-ШТСтанцаас урагшаа 900 метр”, Схем зурагт “төмөр замын гарамны урд” гэж зөрүүтэй тэмдэглэсэн, Приус загварын тээврийн хэрэгсэл нь 10, 11, 20 аль нь болох, Э.Аын 1207496 дугаартай жолооны үнэмлэх хүчинтэй эсэх, хэзээ, хаана ямар ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй зэргийг шалгаж тогтоосны эцэст дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Э.Ат холбогдох 1807003670184 дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэмт хэрэг хаана гарсан болохыг хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны үед тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэж бичсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сайнбилэг нь шүүгдэгч Э.Аын эхнэр бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үед түүнээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаж өгөөгүй зэргээр Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мэдүүлэг авсан. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгч Э.Адьяабазарын үйлдсэн гэмт хэрэгт түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8-д заасан/ нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэжээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, /1.5/ өөрийгөө илчилсэн/ зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар хэлсэн үгэндээ дурдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно” гэсэн нь нотолбол зохих байдлыг зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хойш хийгдэх ажиллагаа биш, хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш мөрдөгч нь зайлшгүй хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш мөрдөгч нь хэргийн газарт үзлэг хийх, хэргийн талаар бусад этгээдээс гэрчийн мэдүүлэг авах зэргээр гэмт хэрэг хаана гарсан, хэн үйлдсэн, учирсан хохирол зэргийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүрэг хүлээж байна.

Шинжилгээ хийж дүгнэлт гаргасан хүн нь Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасагт үүрэг гүйцэтгэж буй эрх бүхий албан тушаалтан бөгөөд жолоочийн лавлагаа, мэдээллийн санг хариуцаж тэмдэглэл хөтлөх, иргэдэд лавлагаа мэдээлэл өгөх эрх, үүрэг бүхий этгээд юм:. Мөрдөгчийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолд “жолооч Э.А нь жолооч мөн эсэх, жолоочийн үнэмлэх нь хүчинтэй эсэх” талаар асуулт тавьсан бөгөөд шинжээч мөрдөгчийн асуултанд хариулсан байгаа нь хууль, журам зөрчөөгүй байна.

Хэргийн газрын үзлэг, схем зурагт гэмт хэрэг гарсан газрыг Налайх дүүргийн 3-р хорооны нутаг, ...Налайх-Говьсүмбэр чиглэлийн замын зүүн талд байрлах МТ-ШТС-аас 900 метр, төмөр замын гарамны урд талд... гэж бичиж тэмдэглэсэн бөгөөд энэ нь Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн хатуу хучилттай замын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх хэсэг бөгөөд МТ-ШТС-аас урагш 900 метрт төмөр замын гарам байдаг бөгөөд түүний урд талд зам тээврийн осол хэрэг гарсныг тэмдэглэсэн байна. Шүүх гэмт хэрэг гарсан замын чиглэл, зай хэмжилтийн талаар бичсэн тэмдэглэл нь ойлгомжгүй байна гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Урьдчилсан хэлэлцүүлгийн үед ...хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна гэснээс үзэхэд гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 463 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 462 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэтгэлцээнд үндэслэн, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох замаар хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээний дотор хэлэлцэн шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийн, шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүгчийн захирамжид дурдсан “өөрийн санаачлагаар баримт материал цуглуулсан, мөн хуулбарыг хавсаргав гэсэн атлаа хавтаст хэрэгт авагдаагүй” гэх зөрчил тогтоогдож байх боловч уг алдаа, зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 462 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ