Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 103

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч  С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

           

Улсын яллагч                                      А.Золзаяа

           Нарийн бичгийн дарга                        Б.Урангоо нар  оролцов.

 

            Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Сангийн Эрдэнэчимэгт холбогдох 201601000107 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 14-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, эмэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо  50-12 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрал бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Харчу овогт Сангийн Эрдэнэчимэг, /РД:ИЭ-72071400/,

 

            Шүүгдэгч С.Эрдэнэчимэг нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн төрсөн охин Цэрэнчимэдийн Нямхишигийн Е1369089 дугаартай гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1.Шүүгдэгч С.Эрдэнэчимэгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би анх 2008 он хавьцаа байх нэг гадаад паспорт гаргуулан эрээн явах гээд авч байсан юм. Тэгээд гадаад паспортын хугацаа дууссан байсан. Урьд нь би ОХУ-ын иргэн Е.Алегсандра гэж хүнтэй 8 жил монголд хамтран амьдарч байсан. 2014 онд миний хамтран амьдрагч   Е.Алегсандра авто аваарын хэрэг хийгээд Баянгол дүүргийн шүүхээр таслагдаад 3 жил 6 сарын хорих ял аваад өршөөлийн тухай хуулиар суллагдаад хар тамга даруулаад нутаг руу нь албадан гаргасан юм. Тэгээд над руу оросод очсон хойноо өдөр болгон 79631998338 гэдэг дугаартай өөрийнхөө гар утсаар холбогддог байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 28-ны үед байх Е.Александра над руу залгаад “би Улан-Үүдэд ирчихсэн байсан, чи хурдан хүрээд ир, би чамд бага зэрэг мөнгө өгье” гэсэн. Би тэгээд гэртээ ирээд гадаад паспортаа үзсэн чинь хугацаа нь дууссан байсан болохоор өөрийн найз Лавжин гэж хүн рүү яриад “50,000 төгрөг өгөөч, гадаад паспортаа сунгуулах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд Лавжин миний хаан банкны 5019234182 данс руу 50,000 төгрөг хийсэн. Яг хэзээ гэдгийг одоо санахгүй байна. 2016 оны 05 дугаар сарын хорин хэднээр байх сайх санахгүй байна. Өөрийн охин Нямхишигийг утсаар дуудаад гадаад паспортыг нь бас давхар сунгуулъя гэж бодсон. Нямхишигийн паспорт надад байдаг болохоор хамт паспортын хэлтэс дээр ирээд охин Нямхишигийн Е1369089 дугаартай гадаад паспортыг сунгуулсан. Өөрийн паспортыг 3 хоног яаралтай гаргахаар захиалга өгсөн. Тэгээд Е.Александра буюу Саша над руу завсар зайгүй залгаад “би яараад байна, чи монголоос хурдан хүрээд ирээч” гээд байхаар нь охин Нямхишигийн сунгуулсан паспорт нь надад байсан болохоор бид 2-н царай ойролцоо юм чинь гайгүй байх гээд Нямхишигт хэлэлгүй гадаад паспортыг нь аваад Сэлэнгэ явах автобусанд суугаад хил дээр очоод 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хил нэвтрэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хилийн шалган дээр өдрийн 13 цагийн үед очиход “энэ таны паспорт биш байна” гээд баригдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 105-р ху/,

            2.Шүүгдэгч С.Эрдэнэчимэгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2008 оноос эхлэн Е.Александра гэж хүнтэй нэг гэрт хамт амьдраад 8 жил болсон. Бид 2 албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Е.Александра бид 2 хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийж амьдардаг байсан. Тэгээд 2014 онд 22-н товчооны хажууд авио аваарын осол хийгээд 3 жил 6 сарын ял аваад 6 сар шоронд хоригдож байгаад өршөөлийн хуульд хамрагдаж Монгол улсаас 2015 оны 11 дүгээр сард албадан гаргагдсан. Албадан гарснаасаа хойш над руу байнга холбоотой байдаг байсан. 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Е.Александра над руу залгаад “би Улан-Үд яваад очье, чи хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед надад мөнгө байхгүй, дээрээс нь миний гадаад паспортын хугацаа дууссан байсан. Тэгээд өөрийн найз Лавжингаас 50,000 төгрөг зээлүүлээч гэж гуйсан. Лавжин надад дансаар /5019234188/ 50,000 төгрөг хийсэн. Би тэр мөнгийг аваад өөрийн охин Нямхишигтэй гадаад паспортын хэлтэс дээр очоод охин Нямхишигийн паспортыг 2 жилээр сунгуулсан. Өөрийнхөө паспортыг 5 жилийн хугацаагаар шинээр гаргуулахаар захиалсан. Тэр өдөр миний захиалсан паспорт гараагүй болохоор Нямхишигийн паспортыг хадгалж байя гэж бодоод гэр лүүгээ аваад явсан. Намайг маргааш нь хилээр гарах гэж байгааг Нямхишиг мэдээгүй. Маргааш өглөө нь би Сэлэнгэ аймаг руу автобусаар яваад 13 цагийн үед Алтанбулаг боомт дээр очсон. Тэгээд Нямхишигийн гадаад паспортыг үзүүлээд хилээр гарах гэсэн чинь “энэ таны паспорт биш байна” гэсэн тэгэхээр нь би шалгагч нарт үнэнээ хэлсэн. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Нямхишиг рүү ярьж хэлэхэд Нямхишиг өөрийнх нь паспортыг авч явсныг мэдсэн. Тэгээд тэр өдрөө буюу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөө Улаанбаатар хот руу ирсэн. гэх мэдүүлэг, /хх-ийн 116-р ху/,

           3.Шүүгдэгч С.Эрдэнэчимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би хүүхдийнхээ паспортоор хил гаръя гэж бодоогүй. Би санаатай ингэж гараагүй. Паспортыг нь аваад гараад ирсэн байсан. Хил дээр ирээд л мэдсэн. Надаас регистрийн дугаарыг нь асуухад би мэдэхгүй байсан. Охиныхоо паспортыг  сунгуулаад аваад гарсан. 3 хоногийн дараа миний паспорт хэвлэгдэж гарах ёстой байсан. Миний хамтран амьдрагч хэн Александр гэж орос хүн байдаг, бид Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байсан. Тэгээд хэрэгт ороод өршөөлийн хуулиар суллагдаад Орос руу явсан. Тэгээд түүнтэй Улаан Үд хотод уулзахаар болсон байсан.  Тэгээд би хүүхдийнхээ паспорттой өөрийн паспортоо хамт аваад явсан байсан. Хил дээр ирээд мэдсэн. Хүүхдийнхээ паспортоор хил нэвтрэхийг завдсан буруутай. Би хууль мэдэхгүй харанхуй байсан байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хүүхдийнхээ паспортыг андуураад гаргаж өгсөн байсан. Тэгээд айсандаа юу ч хэлж чадаагүй. ...гэх мэдүүлэг,       

            4.Гэрч Ц.Хосбаатарын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын тасгийн дарга Г.Бямбасүрэнгээс өглөөний 08:00 цагт ээлжийн ахлах хийх үүрэг авч ажилдаа орсон. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гарах чиглэлд бичиг баримтын шалгагч Д.Алтанчулуун үүрэг гйүцэтгэж байсан. Тэгээд өдрийн 13-14 цагийн үед Улаанбаатараас Улаан-Үүд чилглэлийн шугамын орос автобус Монгол улсаас ОХУ-руу хил нэвтрэхээр ирсэн. Тухайн автобусанд сууж явсан зорчигч Сангийн Эрдэнэчимэг гэх эмэгтэй шалгагч Д.Алтанчулуунд бичиг баримтаа буюу гадаад паспортаа шалгуулахдаа тавьсан асуултанд хариулж чадахгүй байна гээд шалгагч Д.Алтанчулуун над руу гадаад поспартын хамт авч ирсэн. Тэгээд Хосбаатар миний бие гүнзгийрүүлсэн шалгалт буюу сорилт асуулт асууж эхлэхэд С.Эрдэнэчимэг нь Цэрэнчимэдийн Нямхишиг гэх нэртэй Е серийн 1369089 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг “энэ бол миний эзэмшлийн паспорт” гэж хэлсэн.  Би тэгээд С.Эрдэнэчимэгээс “энэ паспорт таных гэдгийг өөр нотлох баримт бичиг байна уу” гэж асуухад С.Эрдэнэчимэг “байхгүй” гэхээр нь иргэний бүртгэл мэдээллийн сангаас шүүж Ц.Нямхишигийн регистрийн дугаарыг хийхэд эцэг эхийн мэдээлэл хамт гарч ирсэн. Тэгэхээр нь ээжийнх нь регистрийн дугаарыг хийхэд С.Эрдэнэчимэг өөрөө гараад ирсэн учир С.Эрдэнэчимэгт “та охиныхоо гадаад паспортаар хил нэвтрэх гэж байсан юм уу” гэхэд С.Эрдэнэчимэг надад “даргадаа битгий хэлээрэй, яаралтай ажил гараад охиныхоо гадаад паспортаар гарах гэж байсан  юм” гэж хэлсэн учир би тасгийн дарга Г.Бямбасүрэнд танилцуулж шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг ,/хх-ийн  88-р ху/,

            5.Гэрч Д.Алтанчулууны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өглөө 08 цагаас оройн 20:00 цаг хүртэл шалган нэвтрүүлэх албанд үүрэг гүйцэтгэхээр тасгийн дарга Г.Бямбасүрэнгээс үүрэг авсан. Тэгээд Улаанбаатараас Улаан-Үүд чилглэлийн шугамын орос автобус Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр ОХУ-руу хил нэвтрэхээр өдрийн 13 цагийн үед орж ирсэн байх яг цагийг сайн санахгүй байна. Тухайн автобусанд ирсэн зорчигчид нь 3 кабинд хуваагдан оочирлон нэг нэгээрээ шалгуулж байхад Санги овогтой Эрдэнэчимэг нь миний үүрэг гүйцэтгэж байсан гарах чиглэлийн 4 дүгээр комьпютер дээр Монгол улсын хилээр гарч ОХУ-руу нэвтрэхээр ирсэн би “та сайн явж байна уу?” гэж ажил үүргийн хуваарь асуухад “сайн” гэж хэлээд “та поспартаа шалгуулна уу” гэхэд надад улаан өнгөтэй Е серийн энгийн паспорт надад өгөхөд би нэрийг нь харахад Цэрэнчимэдийн Нямхишиг гэх нэртэй 1992 оны хүний пасдорт байсан. Миний хувьд шалгагчийн зайлшгүй хийх үйлдлийн дагуу зургийг эзэмшигчийн царайтай тулгахад тухайн хүний царайнд үрчлээ суусан паспортын

зурган дээрх хүнээс илүү хөгшин харагдсан болохоор бү бүр нарийвчлан шалгаж эхэлсэн. Тэгээд зайлшгүй үйлдлийн дагуу сорилт асуулт тавьсан /та регистрийн дугаараа хэлнэ үү/ гэхэд С.Эрдэнэчимэг хэлж чадахгүй байсан. Би тэгэхээр нь “та ядаж хэдэн оны хэдэн сард төрснөө санахгүй байгаа юм уу” гэхэд С.Эрдэнэчимэг регистрийн дугаараа бүрэн хэлж чадахгүй байсан болохоор Улсын бүртгэлийн санд хайлт хийж үзэхэд Цэрэнчимэдийн Нямхишиг гэх нэр бүхий мэдээлэл гарч ирсэн. Тэгээд би Ц.Нямхишиг гэх хүний зургийг томруулж С.Эрдэнэчимэгтэй харьцуулан харахад ерөнхий нүүрний хэлбэр адилхан харин хамар, чих, нүд өөр байсан учир с.Эрдэнэчимэгээс өөрөөс нь “энэ таны паспорт мөн үү” гэж асуухад “тийм ээ, энэ миний паспорт мөн” гэж хариулсан. Би тэгэхээр нь “энэ таны паспорт биш байна, би ээлжийн ахлахдаа хэлж асуудлыг шийдвэрлэнэ” гэж хэлээд ээлжийн ахлах Ц.Хосбаатарт С.Эрдэнэчимэгийг гадаад паспортын хамтаар хүлээлгэн өгөөд дараагийн хүнийг шалгах гээд кабин руугаа орсон. гэх мэдүүлэг,  /хх-ийн 90-р ху/,

            6. Гэрч Д.Лавьжингийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Эрдэнэчимэг над руу 2016 оны 05-р сарын 25-ны өдөр 99698718 гэсэн утаснаас залгаж “мөнгө зээлээч” гэсний дагуу 50.000 төгрөгийг өөрийн 99487159 дугаарын утаснаас мобайлдаж ХААН банкны дансаар шилжүүлсэн. Дансны дугаарыг би санахгүй байна. Чимгээ гэсэн өөрийнх нь данс байсан. .../хх 96-р ху/, гэх мэдүүлэг,

            7. Сэжигтэн Ц.Нямхишигийн  2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   ...Манай нөхөр Баяраа бид хоёр 2016 оны 05-р сарын 25-ны өдөр ээж Эрдэнэчимэгийнд очиж хоносон. Маргааш нь ээжийнхээс гараад явж байхад ээж Эрдэнэчимэг  утсаар “ээж нь охиныхоо паспортыг сунгуулаад өгье” гэхээр нь “миний  гадаад паспорт хадам ээж Даваажаргалд байгаа” гэхэд ээж Эрдэнэчимэг нь “тэгвэл Молороор авахуулая” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө амжаагүй, маргааш нь буюу 26-ны өдөр ээжтэй цуг явж өөрийн Е 1369089 дугаартай гадаад паспортаа сунгуулж, ээж мөнгийг нь өгсөн. Тэгээд ээжийн Е 0645229 дугаартай паспортын хугацаа нь дууссан болохоор  шинээр захиалсан. Харин миний Е1369089 дугаартай паспорт  4-5 цагийн дараа сунгалт хийгдээд гараад ирсэн. Тэгээд ээж Эрдэнэчимэгт “хадгалж байгаарай” гээд  гадаад  паспортаа  өгсөн. Тэгээд 2016 оны 05-р сарын 27-ны өдөр 6 цагийн үед ээж над руу залгаад “Чиний гадаад паспортаар гарах гэж байгаад баригдчихлаа. Одоо Сэлэнгэ аймгийн тагнуулын газар байна” гэж ярьсан. Тэгээд 2016 оны 05-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд ирэхдээ “ээж нь чамд хэлэлгүй  чиний гадаад паспортаар гарах гэж байгаад баригдчихлаа” гэж хэлсэн....гэх мэдүүлэг, /хх 109-110–р ху/,

             Шүүгдэгч С.Эрдэнэчимэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас/ хх 129-р ху/, сэжигтнээр тооцох тогтоол /хх 102-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 103-106-р ху, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол, /хх 112-114-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 115-117-р ху/,  зөрчлийг шалгасан нотломж, /хх 4-11-р ху/, гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл, /хх 17-19-р ху/, утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл, утасны билл, /хх 20-22,  26-68-р ху/, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл,/хх 69-72-р ху/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, /хх 86-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа  /хх  121-р ху/, зэрэг болно.

 

              Шүүгдэгч С.Эрдэнэчимэг нь 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн төрсөн охин

Цэрэнчимэдийн Нямхишигийн Е1369089 дугаартай гадаад паспортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  сэжигтнээр байцаасан тэмдэглэл яллагдагчийг байцаасан тэмдэглэл, зөрчлийг шалгасан нотломж,  гадаад паспортад үзлэг хийсэн тэмдэглэл, утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл, утасны билл, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Иймд шүүгдэгч С.Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийн 32.1-д заасныг журамлан, тусгай ангийн 89-р зүйлийн 89.1-д заасан “Хууль бусаар Монгол улсын хийлийг нэвтрэхийг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           Шүүх хууль сануулагдан өгсөн гэрч хохирогч нарын мэдүүлэг  зэрэг нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэлтэй баримтууд мөн гэж үзлээ.

           Шүүгдэгч С.Эрдэнэчимэгт прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул уг зүйл ангиар ял шийтгэл оногдуулахдаа  үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон хуульд заасан торгох ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60-р зүйлийн 60.3-д заасныг журамлан, оногдуулах нь зүйтэй байна .    

          Шүүгдэгч С.Эрдэнэчимэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтас хэргийн 86-р хуудсанд  авагдсан Ц.Нямхишигийн Е1369089 дугаартай гадаад паспортыг эзэнд нь буцаан олгож, шүүгдэгч С.Эдэнэчимэгийн Е 0645229 дугаартай паспортын хугацаа нь дууссан тул хураан авч энэ хэргийн хадгалах хугацаа дуустал нь хэрэгт нь хавсарган үлдээх  нь зүйтэй.

Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 284, 286, 290-р   зүйлийн  290.3, 294, 295,296, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 дэхь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Харчу овогт Сангийн Эрдэнэчимэгийг мөн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийн 32.1-д заасныг журамлан, тусгай ангийн 89-р зүйлийн 89.1 дэхь  хэсэгт заасан “Хууль бусаар Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.           

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60-р зүйлийн 60.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэчимэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47-р зүйлийн 47.3 дэх хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ялтан С.Эрдэнэчимэгт мэдэгдсүгэй.

 4.Энэ гэмт хэргийн улмаас ялтан С.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хавтас хэргийн 86-р хуудсанд  авагдсан Ц.Нямхишигийн Е1369089 дугаартай гадаад паспортыг эзэнд нь буцаан олгож, шүүгдэгч С.Эдэнэчимэгийн Е 0645229 дугаартай паспортын хугацаа нь дууссан тул хураан авч энэ хэргийн хадгалах хугацаа дуустал нь хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

6.Шүүгдэгч С.Эрдэнэчимэгт урьд авсан  батлан даалтын  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор  тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж, уг тогтоолын хувийг прокурор, ялтан нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  303-р зүйлийн 303.1, 303.2, 304-р зүйлийн  304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, ялтан нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн  Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            С.НОЛХООСҮРЭН