Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч  Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Г- түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос  Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 190500830322 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг Баянхонгор сум .. дугаар баг ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан  харгалзсан,  Г-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 8 давхарт иргэн Н.Алтангэрэлтэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Гэрч Ц.Сартуултуяагийн “2018 оны 12 дугар сарын 23-ны өдөр манай ажлын шинэ шил болоод нөхөр Алтангэрэлийн хамт Модны хоёрт байдаг нэг караоке пабад очиж баяраа тэмдэглэж байгаад орой 03 цагийн үед гэр рүү харьсан.Манай байрны цахилгаан шат 00 цагаас зогсчихдог учир бид 2 дээшээ 10 давхар руу шатаар өгсөж явж байтал 3-4 давхарын хооронд 3-4 насны эрэгтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй хажуугаар уйлаад зөрсөн. Дээгээ явж байхад халууцаад байсан учир 8 давхарт зогсоод нөхөр Алтангэрэл хүрэмнийхээ цахилгааныг тайлах гээд ноцолдоод тонгойгоод зогсож байтал хажуугаар нэг залуу холдоорой гэлүү нэг юм хэлээд нилээн ууртай зөрсөн.Удалгүй буцаж дээшээ гарч ирээд эхнэрээсээ салсан хүн ямар байдгийг харах уу гээд Алтангэрэлийн нүүр рүү цохитол 8 давхарын шатнаас 7 давхар руу өнхөрөөд уначихсан. Алтангэрэл босоод иртэл нөгөө залуу дахиж очоод барьцалдаж аваад Алтангэрэлийн нүүр рүү цохиод байсан.

          ... Алтангэрэл хөлөө жийж суучихаад босч чадахгүй байхаар нь цагдаа дуудаад хадам ээж Оюунгэрэл рүү залгаад Алтангэрэл орцонд хүнд зодуулчихлаа босч чадахгүй байна, та гараад ир гээд дуудсан. Энэ үед хажуугаар махлагдуу нүдний шилтэй залуу зөрөөд доошоо буусан. Ээж удалгүй гарч ирээд бид хоёр Алтангэрэлийг түшиж босгох гээд зогсож байтал Алтангэрэлийг зодсон залуу сүүлд хажуугаар зөрсөн залуутай хамт буцаад дээшээ гараад ирэхээр нь би намхан туранхай  залуу нь заагаад энэ зодсон гэтэл хадам ээж Оюунгэрэл чи яахаараа хүүхэд зоддогийн гэтэл намхан туранхай залуу Алтангэрэлийн нүүр толгой руу дахиад цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

          “... 8 давхрын шатан дээр Алтангэрэлийг Г- гэх залуу цохиод зууралдаад 7 давхрын шат руу буусан. Үүний би унасан гээд хэлчихсэн байна. Алтангэрэл согтуу байсан учир нөгөө залууг цохиж чадахгүй зууралдаад 6 давхрын шат руу буусан. Тэгээд нөгөө залуу цохиж байгаад тавиад доошоо буух үед Алтангэрэл муужирсан юм шиг харагдаж байснаа гишгэгдэл алдаад доошоо унасан. Тэгээд хөлөө гэмтээсэн юм. Би өмнөх мэдүүлэг дээрээ бага зэрэг буруу ярьсан байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

         

          Гэрч Г.Оюунгэрэлийн “... 3-4 насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй уйлчихсан хажуугаар зөрөөд гартал араас нь нэг залуу холдоорой гээд гүйгээд бууж иртэл Алтангэрэл хүрэмнийхээ цахилгааныг тайлах гээд ноцолдож байгаад сонсоогүй юм. Тэгтэл нөгөө залуу Алтангэрэлийг зай тавьж өгсөнгүй, эхнэр хүүхэддээ хаягдсан хүн ямар байдгыг харах уу гээд Алтангэрэлийн нүүр рүү цохиж зодож байгаад доошоо буусан. Араас нь ахиад нэг залуу гарч ирээд Алтангэрэлийг бас зодсон гээд яриад зогсож байтал доороос намхан туранхай залуу гүйж гарч ирээд та нар ямар их цагдаа дууддагийн, тэр цагдаа чинь хаана байна гээд Алтангэрэлтэй барьцалдаад авахаар нь би хүүхдээ цохиулахгүй гээд дундуур нь ороод салгах гэтэл доороос нүдний шилтэй махлагдуу өндөр залуу гарч ирээд миний цамцны хойд талаас татахад би газар уначихсан. Би босч ирээд та нар нэгнийгээ аллаа ш дээ, нэг байрны хүүхдүүд байж гээд туранхай намхан залууг салгахаар нь өндөр нүдний шилтэй залуу нь гүйж очоод өшиглөөд цохиод байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

          “Манай бэр Саруултуяа над руу залгаад та гараад ирээч Алтангэрэлийг хүн зодчихлоо гэхээр нь би хувцсаа өмсөөд гартал 7-8 давхар руу гардаг шатны хооронд хүү Алтангэрэл хана налаад хагас суучихсан байсан. Харахад нүүр ам нь нил цус болсон байсан. Тэгээд бэрээс юу болсон талаар асуугаад байж байтал доороос намхан туранхай /Г-/ залуу гарч ирээд та нар ямар их цагдаа дууддагийн гэж хэлээд өнгөрөх үед Алтангэрэл араас нь татаад барьцалдаад авсан. Тэгээд манай хүүг дахиад нүүр рүү нь олон удаа цохисон. Хэдэн удаа гэдгийг би мэдэхгүй байна.

          ... Тэгээд Сүрэнжав гээд байгаа залуу салгах гээд нөгөө хоёр нь зууралдсан гараа тавихгүй байсан чинь манай хүүгийн хэвлий рүү гараараа цохиод хөл рүү нь өшиглөөд тавиач гэж хэлсэн. Би очоод та нар хүн аллаа нийлж зодлоо гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу дээшээ гүйгээд гарсан. Тэр үед бэр Саруултуяа цагдаа ирчихлээ гэж хэлсэн юм. Тэгээд би хүүгээ аваад гэртээ орсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

 

          Гэрч Я.Сүрэнжавын “... 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байж байтал найз Г- утсаар дуудаад хүрээд ир гэсэн. Тэгээд гэрт нь 22 цагийн үед байх очсон. Тэгтэл Г- 2.5 литрийн савлагаатай 4 пиво авсан. Үүнийг уугаад хамт суусан.Тэр үед эхнэр нь гэх эмэгтэй байсан бөгөөд Г- маргалдаад эхэлсэн чинь эхнэр нь хүүхдээ дагуулаад гараад явсан.

          ... Би түрүүлээд шатаар өгсөж явсан бөгөөд надтай зөрсөн эрэгтэй, эмэгтэй хоёр 7 давхарын орчимд сууж байсан. Тэгээд би зөрөөд гараад явахад Г-тэй Алтангэрэл /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ зууралдаад үлдсэн. Г- Алтангэрэлийн нүүр рүү 5-6 удаа цохисон. Нэг настайвтар эмэгтэй очоод бас зууралдаад байхаар нь би татаж холдуулаад салгах гэтэл Г- Алтангэрэл хоёр бие биенээ зуураад тавихгүй байхаар нь аль алийг нь цохиж гарыг нь тавиулсан. Алтангэрэл гээд байгаа залуугийн гэдэс рүү нь нэг удаа гараараа цохиод баруун хөл рүү нь тавь гэж хэлээд хоёр удаа өшиглөсөн. Гэхдээ тэгэж чанга цохиж зодсон зүйл бол байхгүй. Г- эхнэрийнхээ араас нь гараад шатаар буухдаа тэр залууг цохисон гэсэн. Тэрийг нь би бол хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

         

          Хохирогч Н.Алтангэрэлийн “Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө  гээд андуураад өгсөн байна. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай эхнэр Саруултуяагийн ажлын газрын шинэ жилийн баяр болоод би хамт оролцсон. Манай эхнэр Нарны хороололд байрлах дэлгүүрт худалдагч хийдэг юм. ... Ингээд тараад шууд гэр рүүгээ явсан бөгөөд байрны лифт зогсчихсон байсан болохоор дээшээ 10 давхар руу эхнэрийн хамт алхаж байсан. Тэгтэл 8 давхарт очоод халууцаад куртикны цахилгаан тайлах гээд доошоо бөхийгөөд пизда чинь гэсэн хараал хэлтэл хажуугаар зөрөөд гарсан залуу эргэж хараад хүрч ирээд “эхнэрээсээ салсан хүн ямар байдгийг харах уу” гэж хэлээд баруун гараараа зүүн хацарт цохисон. Тэгтэл би яаж байгаа юм гэж хэлээд цохих гээд зууралдсан. Тэр үед нөгөө залуу миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэр үед манай эхнэр ирээд одоо болио гэж хэлээд салгасан. Тэгтэл тэр залуу доошоо бууж явсанаа буцаж эргэж ирээд нүүр рүү гараараа 8-9 удаа орчим цохисон. Нүүрний энд тэнд л цохиод байсан. Ингээд бид хоёр 8 давхарын шатнаас зууралдаж доошоо бууж байгаад 7 давхарын шатнаас 6 давхарын шат руу шилжих хэсэг дээр явж байхад намайг цохиод би хойшоо гишгэгдэл алдаад шатны уруу унасан. Унах үед би зүүн өвдөгөөрөө шатны өнцөг хэсгийг цохиод хөлөө гэмтээсэн. Тэгээд би босож чадахгүй шатны дунд хэсгийн тавцан дээр сууж байхад нөгөө залуу доошоо буугаад явсан. ... Миний толгой хэсэг рүү маш олон удаа бараг 10-аас дээш гараараа цохисон учир миний толгой, тархинд гэмтэл учирсан.

          ... Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр очиж 31-ний өдрийг хүртэл 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэрнээс хойш эмнэлэгт хэвтээгүй. Одоог болтол эм тариа авч эмчилгээ хийлгэж явж байгаа. Эмчилгээний баримтуудаа бүгдийг нь цуглуулсан байгаа. Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг зарцуулсан. Энэ талаархи ихэнх баримт байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/

          “... Г- гэх залуу намайг олон удаа нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Миний биед ямар нэг гэмтэл зовиур байхгүй. Би эмчилгээний зардалдаа 2.500.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.

          ... Г-тэй явсан тэр залуу миний нүүр толгой руу огт цохиогүй” гэсэн  мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №619 дугаартай

          “1. Н.Алтангэрэл-н биед дагз ясны хугарал, хатуу хальсны дээрх цус хуралт, тархи доргилт, зүүн тойг ясны хугарал, хоёр зовхинд цус хуралт, дээд доод уруулын салстад цус хуралт, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 45 дугаар хуудас/

 

          Б.Г-гийн яллагдагчаар өгсөн “... Тэгэхээр нь би очоод боль гэж хэлсэн чинь нөгөө залуу миний араас толгой руу гараараа цохихоор нь би эргэж хараад зүүн шанаа хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тэгтэл намайг зөрүүлж баруун шанаанд цохисон. Тэр үед надад цохиулсан залуу 7-8 давхарын шатны дундах тавцан дээр байсан.

          ... Би хажуугаар нь зөрөөд дээшээ гарах гэтэл миний цамцнаас зуураад авахаар нь эргэж хараад баруун шанаа, уруул, ам хэсэгт нь 5-6 удаа гараараа цохисон. Тэгээд байж байтал ээж нь гэх настай эмэгтэй гарч ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм гэж хэлсэн. Би нөгөө залууг цохиод л байсан.

          ... Би цохиж зодсон нь үнэн. Энэ хүнд хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ намайг цохих үед Алтангэрэл шатны уруу унаад хөлөө гэмтээсэн зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Г- нь Н.Алтангэрэлтэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Алтангэрэл  мөрдөн шалгах явцад “... Би эмчилгээний зардалдаа 2.500.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Г-г баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч Б.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г  15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г- нь торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Г- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Б.Г-  гэмт хэргийну улмаас учруулсан хохирол хор уршигт, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ