Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, улсын яллагч Д.Энх-Оргил, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа /№1591/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Ч.Нд холбогдох 201725030701 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад, шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №374 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Ч.Н,

 Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/: Яллагдагч Ч.Н нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах автобусны буудал дээр хохирогч Г.Басбаатарын халааснаас самсунг эс 6 эджи загварын гар утсыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр автобуснаас буух гэж байгаад урд утас байхаар нь би авсан. Тухайн үед эм тарианы мөнгө байхгүй байсан учраас авсан. Ийм хэрэг хийсэндээ одоо хүртэл харамсаж байна. Эхнэр мэдээд сална гэж байсан. Надад ганц боломж олгоно уу гэв. Хохирогч Г.Басбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 3 дугааар capын 18-нд 17:20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис театрын автобусны буудал дээр автобусанд суух үед миний араас автобусанд орж ирсэн 1 эгч чиний түрийвчийг авчихлаа гэж хэлсэн. Би эд зүйлээ шалгахад миний баруун халаасанд хийсэн байсан гар утас алга болсон байсан. миний алдагдсан гар утас нь түрийвч шиг гадуураа арьсан гэртэй байсан. Намайг автобусанд суух гэж байхад намайг унагах шахам хүчтэй мөрлөж өнгөрсөн үл таних 35 орчим насны ахыг дагаж яваад 4922убт улсын дугаартай саарал өнгийн приус 20 загварын машинд суугаад явахад нь би цагдаад болсон явдлын талаар бичгээр өргөдөл гаргасан. миний алдсан гар утас самсунг эс 6 эджи загварын ногоон өнгөтэй гар утас байсан. Би уг гар утсаа 2017 оны 02 дугаар сард Теди худалдааны төв дээр шинээр нь 700.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/ Сэжигтэн Ч.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: би 2017 оны З дугаар сарын 18-нд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын автобусны буудал дээр 4-р хороолол явах гэж зогсож байтал миний суух чиглэлийн автобус ирсэн. Намайг автобусанд суух гэтэл миний урд өндөр залуу автобусны шатаар өгсөх үед куртикны баруун халаасанд гар утас байхаар нь аваад буцаж эргээд явсан. Би тэндээс холдож явахдаа гар утсыг нь шалгаж үзэхэд самсунг эс 6 эджи загварын гар утас байсан…” гэх мэдүүлэг. /хх-ийн 30х/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13х/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /ххийн 19х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/ зэрэг болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Ч.Н нь 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын урд байрлах автобусны буудал дээр хохирогч Г.Басбаатарын халааснаас самсунг эс 6 эджи загварын гар утсыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 30х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Басбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13х/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх боловч шүүгдэгч Ч.Нгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ангилалын хэрэг байх ба хохирогч Г.Басбаатар нь шүүгдэгч Ч.Нтэй сайн дураар эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 9, 34 х/ байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Ч.Н нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №374 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байх ба түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул шүүгдэгчийг тус өршөөлийн хуульд хамрагдаж байх тул шүүгдэгч Ч.Нг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Боржигон овогт Чимэдбалжирын Нг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ч.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 3. Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Нд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ