Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогч С.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1613 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Аийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Бд холбогдох 1806052521576 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гөрөөчин овгийн С-н Б, 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................../,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлсэн.

С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Атэй маргалдан, улмаар хөл рүү нь өшиглөн хугалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Гөрөөчин овогт С-н Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар С.Бд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаас, С.Бгийн урьд цагдан хоригдсон нийт 63 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 945 нэгж буюу нийт 945.000 төгрөгийг торгуулийн ялаас хасч, С.Бгийн торгох ялыг 9.055.000 төгрөгөөр тогтоож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч С.Аэд нийт 1.740.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж,

хохирогч С.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч С.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хохирол эмчилгээний зардалд нэхэмжилсэн нийт 6.121.860 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй, мөн хуулийн 16.2 дугаар хэсгийн 1.5-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохоор хуульчилсан.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирлын баримтыг гаргаж өгсөн боловч хэргийг шалгаж байсан мөрдөгч нь шүүх хуралдаан дээр гаргаж өг гээд аваагүй, мөн ажиллаж байсан “Элгэн” ХХК-иас гэрчийн мэдүүлэг аваагүй нь хохирогч миний эрх ашгийг дордуулсан гэж үзэхээр байна. Миний бие “Элгэн” ХХК-д өрмийн туслахаар ажиллаж байхдаа өөрийн “Хаан” банкны дансаар цалин мөнгөө авдаг байсан ба тус компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, мөн компанийн тодорхойлолтоор  хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдгийг нотлох зорилгоор 4 сарын цалин нэхэмжилсэн холбогдох баримтуудыг бүгдийг анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн боловч нотлох баримтыг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шийдвэрлээгүй. 2018 оны 6 сараас эхлэн росторын ээлжийн амралтаа авч, 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус компанийн төслийн ажил эхэлсэн учраас ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой байсан юм. Гэтэл хөлөө хугалуулснаас болж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, ажиллах ёстой ажлын байрандаа ажиллаж чадалгүй олох ёстой цалин хөлсөөрөө хохирсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр бодит хохирлын зардалд шүүгдэгчээс 1.740.000 төгрөгийг хүлээж авсан. Шүүгч баримтыг үнэлэхгүй гэж гэм буруугийн хурлыг хийхээс өмнө хэлчихсэн тул үлдэгдэл цалин хөлсний хохирлын мөнгийг шүүгдэгч талаас төлөхөөс татгалзсан гэж үзэж байна.

Миний бие анхан шатны шүүх хуралдааны дараа гэмтлийн эмнэлэгт хоёр дахь хагалгаа хийхээр эмнэлгээс шийдвэрлэсэн ба хагалгаа эмчилгээний зардлыг төлүүлэх зорилгоор хорих ял бус торгох ял оногдуулж өгөхөөр шүүхээс хүссэн. С.Б нь хохирлын мөнгийг төлнө, хорих ял эдэлбэл төлөх боломжгүй гэж учирлан гуйж байсан учраас торгох ял оногдуулж өгөхийг шүүхээс хүссэн. Шүүх хуралдааны дараа хагалгаанд орсон хэдий ч эмчилгээний төлбөрийг төлөх нь байтугай хаана юу хийж яваа болох нь тодорхойгүй сураггүй болж дахин дахин хохироож байгаа явдалд гомдолтой байна. С.Б нь дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр цагдан хоригдож байсан.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирол мөнгөө төлүүлэх зорилгоор шүүгдэгчид торгох ял шийтгэж өгөхийг шүүхээс хүссэн нь буруу болсон байна. Мөн надад учирсан хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй, дахин дахин хагалгаанд орж, сэтгэл санаа бие махбодийн хувьд шанал зовиур ихээр амсаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасан байна. Иймд С.Бд холбогдох ялыг хүндрүүлж хорих ял шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл төлбөр 4.381.860 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч С.Аийн өмгөөлөгч Т.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зүйлчлэлтэй холбоотой хэсэгт маргахгүй. Шүүгдэгч С.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Аэд хүнд гэмтэл учирсан. Эрүүгийн хариуцлагын тухайд 10.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд холбогдуулж давж заалдах гомдлыг гаргасан. Тус гэмтлийн улмаас хохирогч С.А өнөөдрийн байдлаар сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хувьд хохиролтой байгаа. Хохирогч С.А энэ гэмт хэрэг болохоос өмнө “Элгэн” ХХК-д нэг сарын өрмийн туслахаар 900.000-1.200.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Гэмт хэрэг гарснаас хойш С.А энэхүү ажлын байранд ажиллах боломжгүй болсон. Улмаар С.Аийн хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар буурч тогтоогдсон. Тэтгэмжид өнөөдрийн байдлаар 230.000 төгрөг улсаас авдаг. С.А нь хүнд гэмтэл авсан бөгөөд бүрэн эдгээгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг үргэлжилсэн байдалтай байгаа. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч С.А нэг удаа хагалгаанд орсон. Хагалгааны зардлыг шүүгдэгч С.Б хариуцна гэсэн байдалд итгэж, торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн. Гэтэл шүүгдэгч С.Б нь хохирлын мөнгийг төлөхгүй, сураггүй алга болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч мөн шүүгдэгч С.Бтэй холбоогүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Хэргийг шалгах явцад шүүгдэгч С.Б дуудсан цагт ирдэггүй цагдан хоригдож байсан. Цаашдаа шүүгдэгч С.Бийг торгуулийн ялыг биелүүлнэ гэдэгт итгэхгүй байна, түүнийг торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй хүн гэж үзэж байна. Эмчилгээний зардалд 6.121.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнд баримтаар 1.728.690 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр 1.740.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Үлдэгдэл зөрүү төлбөр болох 4.381.860 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгосон. Ингэж шийдвэрлэхдээ шүүх гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Гэтэл бид нар энэ баримтуудыг хөдөлмөрийн гэрээ, дансны хуулга, ажлын байрны тодорхойлолтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн. Гагцхүү энэ нь нотлох баримтын шаардлага хангаж шийдвэрлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Давж заалдах гомдол дээр 4.381.860 төгрөгийг шүүгдэгч С.Бгээс гаргуулж өгөхийг хүссэн байгаа. Үүнээс баримтаар нотлогдохгүй байгаа 780.860 төгрөгийг хасаж 3.600.000 төгрөгийг шүүгдэгч С.Бгээс гаргуулахаар гомдлын шаардлагыг өөрчилж байна. Үүнд 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 4 сарын цалинг нэг сарын 900.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Хохирогч С.А нь 6 дугаар сарын 13-ны өдөр хохирсон, хэрэгт авагдсан “Элгэн” ХХК-ийн шүүхэд өгсөн тодорхойлолтоор 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс ороосторын амралтаа авсан. “Ороостор” гэдэг нь түр хугацааны ажилгүй үеийн амралт гэж ойлгож байгаа. “Элгэн” ХХК нь 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн төслийн ажил нь үргэлжилж явагдсан бөгөөд бид нарын хэрэгт өгсөн тодорхойлолтод компанийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхэлж явагдсан талаар байхгүй байгаа. Үүнийг бид нар тухайн үедээ хэрэгт гаргаж өгөөгүй нь бид нарын алдаа болсон юм. Хохирогч С.А 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн ажлаа хийж байсан гэж үзвэл 12 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 4 сарын цалинг нэхэмжилж байна. Шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг хорих ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хуралдаан нэг удаа хойшилж байсан. Шүүх хуралдаан хойшлоход шүүгч хохиролтой холбоотой баримтуудыг бүгдийг нь гаргаж өгөөрэй гэж тайлбарлаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч талын гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Тиймээс нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хагасыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсад орлого олж байгаа иргэн нийгмийн даатгалын шийтгэлийг төлөх ёстой бөгөөд энэ байдлаар ажил эрхэлдэг нь нотлогдоогүй. “Элгэн” ХХК-иас авчирсан тодорхойлолт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх үед байгаагүй. Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Прокурорын зүгээс хорих ялыг санал болгосон. Тухайн үед хохирогч С.А гомдолгүй гэж байсан тул шүүх ялын хамгийн доод хэмжээгээр шийдвэрлэсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Нарантуул” ОУХудалдааны төвийн хашаанд хохирогч С.Атэй маргалдан, улмаар жийж унагаан, хөл рүү нь өшиглөн хугалж түүний бие махбодид учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч С.Бгийн “...цээж рүү нь нэг жийгээд арагшаа ухарахад нь С.Аийн зүүн хөлийг нь хавсараад газар унагахад баруун хөл нь хугарчихсан. ...баруун хөл нь хугараад яс нь гараад аягүй их цус гарахаар нь би зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

хохирогч С.Аийн “...миний баруун хөл рүү хөлөөрөө жийсэн. Тэр үед миний баруун хөл шилбэ хэсгээрээ хугарч яс ил гарч цус алдсан. Тэр залуу зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Аийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 7634 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч нарыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Бд анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх ялын зорилгод, түүнчлэн мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Энэ талаар хохирогч С.Аийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан ялыг хүндрүүлж хорих ял шийтгэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг ... хүндрүүлж болно” гэж тодорхойлон заасан тул шүүгдэгч С.Бгийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.740.000 төгрөгийг хохирогчид төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэх, мөн түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцох өөрчлөлтийн шүүхийн шийдвэрт оруулахаар тогтлоо.

Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлын талаар дүгнэлт хийхдээ “...хохирогчийн гаргасан баримт нь хуулийн шаардлага хангахгүй, ...нотлох баримтаа хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хэдийгээр хохирогч С.А нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2013 оноос хойш төлөөгүй боловч түүний “Элгэн” ХХК-д ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь Хөдөлмөрийн гэрээ /хх-89-92/, ажлын байрны тодорхойлолт /хх-93/, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-94/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас хохирсон гэм хорын хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалинг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм буруутай этгээдээс гаргуулах боломжтой гэж үзнэ.

  Хохирогч С.Аийн “Элгэн” ХХК-д ажиллаж байхдаа 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд сүүлийн 6 сараар авч байсан цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаартай “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад авагдсан байдлаар тооцоход сарын дундаж цалин 768.334 төгрөг болж байна.

Тэрээр шүүгдэгч С.Бгээс 2018 оны 8 дугаар сараас эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн байх тул хохирогч С.Аийн 6 сарын цалин хөлстэй тэнцэх 4.610.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бгээс гаргуулж олгох заалтыг анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1613 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч С.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдааны оролцогч нарын нэрсийг бичихдээ өмгөөлөгч Т.Отгонбаатарын нэрийг “өмгөөлөгч Т.Отгонбаяр” гэж ташаа бичснийг дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1613 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-н Бг хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Бгийн цагдан хоригдсон нийт 63 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бгээс ажилгүй байсан хугацааны цалин 4.610.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Аэд олгосугай.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Хохирогч С.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1613 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ