Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 56

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Б.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Э.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Балдангийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 201608000142 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Дорноговь аймгийн Сайншанд суманд 1973 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 121-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ЕЙ73101412 дугаарын регистртэй, Боржигон овгийн Балдангийн Тэмүүжин

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Тэмүүжин нь согтуугаар 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 113-1 тоотод оршин суух иргэн А.Өлзийгийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан саналдаа:

Яллагдагч Б.Тэмүүжин нь согтуугаар, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 113-1 тоотод оршин суух иргэн А.Өлзийгийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж бие махбодид нь духны баруун талын няцарсан шарх, дээд уруулын урагдсан шарх, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох мэдүүлгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинжилсэн байцаалт зэргээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч Б.Буянболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тэмүүжингийн өмгөөлөгч Э.Гантуяа гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Тэмүүжинд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан шүүгдэгч Б.Тэмүүжин …Намайг А.Өлзийгийн гэрт нь ороход Өлзий халамцуу байсан. Бид хоёр цуг архи уугаагүй. Тэгээд Өлзийтэй ярьж сууж байгаад гарахдаа том өрөөнийх нь хаалганы хажууд байсан зурагтыг халамцуу байсан болохоороо шүргээд унагачихсан юм. Тэгтэл Өлзий уурлаад "чи гэрт агсан тавиад байна" гэхээр нь би танайд агсан тавиагүй, санамсаргүй татаад унагаачихлаа гэж хэлээд гартал Өлзий араас цуг гарч ирээд намайг долир, сохор пизда минь гээд намайг элдвээр хэлээд хашгичаад байхаар нь би Өлзийгийн нүүрэнд нь хоёр удаа гараараа цохьсон. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Урьд нь хувийн таарамжгүй харьцаанаас болоод хүнтэй маргалдаж байсан. Харин улсын яллагчийн оногдуулж байгаа ял шийтгэлийн талаар надад ямар нэгэн санал алга, би энэ талаар ойлгоогүй, мэдээгүй... гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан хохирогч А.Өлзий ...Надад гомдол, санал байхгүй. Сохор, доголонгоор нь дуудсан миний буруу байгаа. Эм тарианы мөнгө 50.000 төгрөг, даатгал бөглүүлэх гээд 32.500 төгрөг авсан... гэв.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд эрүүгийн 201608000142 дугаартай хэргийн 19 дүгээр хуудсанд

"...А.Өлзийгийн биед духны баруун талын няцарсан шарх, хамрын нурууны зулгаралт, дээд уруулын урагдсан шарх, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрхи гэмтлүүд нь 2016.08.27-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

Дээрхи гэмтүүдийн духны баруун талын няцарсан шарх, дээд уруулын урагдсан шарх, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах ба хамрын нурууны зулгаралт нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 19 дүгээр хуудас/ гэх Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 291 дугаартай дүгнэлт

мөн шүүгдэгч Б.Тэмүүжингийн урьд ял шийтгэгдэж байсан талаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтүүд /хх-ийн 9, 10 дугаар хуудас/ тус тус авагдсан байна. 

 

Хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Тэмүүжин нь согтуугаар, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 113-1 тоотод оршин суух иргэн А.Өлзийгийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж бие махбодид нь духны баруун тапын няцарсан шарх, дээд уруулын урагдсан шарх, дээд, доод уруулын дотор салстын цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч А.Өлзий, гэрч Б.Лхамсүх, сэжигтэн, яллагдагч Б.Тэмүүжин нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 291 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх ба шүүгдэгч Б.Тэмүүжингийн дээрхи үйлдэлд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар татах тогтоолыг баталж, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр түүнд оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал бичиж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Тэмүүжин нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Өлзий нь түүнд оногдуулах ял шийтгэл болон өөрт учирсан хохирол /гэмтлийн/-ын талаар маргаагүй, шүүгдэгч хохирогч нар нь харилцан зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж, шүүгдэгч Б.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Тэмүүжинд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх, харин урьд мөн зүйл ангиар тус шүүхээр ял шийтгэгдэж байсныг хүндрүүрэх нөхцөлд тус тус тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Тэмүүжин цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2., 418.4,

418.5., мөн хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3.,

295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Балдангийн Тэмүүжинг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Балдангийн Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Балдангийн Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Боржигон овгийн Балдангийн Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шүүгдэгч Боржигон овгийн Балдангийн Тэмүүжингийн баривчлах ял эдлэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийг дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Балдангийн Тэмүүжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН