Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 883

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр             Дугаар 128/ШШ2019/0883             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, түүний өмгөөлөгч А.Б, гэрч К.Т, Ч.Ц, Ж.А, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн Д.О миний бие Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 тушаалаар Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн тул намайг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/137 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд жинхлэн томилсон. Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэг нь улсын төсвөөр санхүүждэг, эрхлэгч нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагч юм.

Миний бие тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа үүрэгт ажлаа алдаа дутагдалгүй, чанартай сайн гүйцэтгэж, удаа дараа үр дүнгийн гэрээг “А” үнэлгээтэй дүгнүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2018 оны үр дүнгийн гэрээг “А” буюу “Маш сайн” үнэлгээтэй дүгнүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн дагуу төсвийн шууд захирагч нарын ажлын үр дүнг улирал бүр дүгнэж, урамшуулал олгохоор болсон. Үүний дагуу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Урамшуулал олгох тухай” А/36 дугаар тушаалаар миний 2019 оны 1 дүгээр улирлын ажпын үр дүнг 92 буюу “А" үнэлгээтэй, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Урамшуулал олгох тухай” А/72 дугаар тушаалаар 2 дугаар улирлын үр дүнг 91 буюу “А” үнэлгээтэй тус тус үнэлж надад холбогдох урамшууллыг олгосон.

Гэвч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар тушаалаар намайг Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар хэсгийн 2.2, 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.3.13, 6.3.14, 7 дугаар хэсгийн 7.2-т заасныг тус тус үндэслэн чөлөөлсөн. Үндэслэлээ тайлбарлахдаа эрх бүхий албан тушаалтнаас чөлөө авалгүй 2019 оны 05 дугаар сарын 03-наас 10-ны өдөр хүртэл ажил тасалсан, хандив, санхүүгийн тусламжийг зохих зөвшөөрөлгүй бусдаас хүссэн, хууль бус төлбөр хураамжтай холбоотой хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч миний бие хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйл ажиллагаа огт явуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажпаа таслаагүй байхад намайг үүрэгт ажлаас чөлөөлсөнд миний бие гомдолтой байна. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ажпаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг миний бие хүлээн аваад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/982 тоот албан бичгээр маргаан бүхий асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул миний бие Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ‘Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би төрийн байгууллагад 32 жил ажиллаж байна. Үүнээс 20 жил багшаар, 5 жил арга зүйчээр, 7 жил эрхлэгчээр ажиллаж байна. 50 настай 4 хүүхэдтэй учир 2020 оны 4 дүгээр сард тэтгэврээ тогтоолгох юм.

2016 онд Хүрээ тулга бүрэн дунд сургуультай манай дүүргийн Боловсролын хэлтэс хамтран ажилласан. Энэ хүрээнд манай дүүргийн 13 цэцэрлэг Солонгос улсын хувийн цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурсан. 2018 оны 10 дугаар сард Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу “Уншлагыг дэмжих-2021 төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн 2 сард Хүрээ тулга бүрэн дунд сургуулиас номын өргөө байгуулах аян зарлаж, үүнд 10 цэцэрлэг оролцсон. Үүний дагуу манай дүүргээс 3 цэцэрлэг шалгарч Хүрээ тулга дунд сургуулийн багш нартай хамт Солонгос явах багт багтсан. Энэ үед визний асуудал хүндрэлтэй байсан. Виз гарахад материалаа өгөөд 3 сарын хугацаа шаарддаг байсан. Явах шийдвэр нь 4 дүгээр сарын сүүлээр 5 дугаар сарын эхээр гарсан. 05 дугаар сарын 02-ний өдөр Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жтай бид 3 уулзаж өргөдлөө өгөхөд Л.Ж дарга “3 хоногийн чөлөө олгох эрх нь надад байгаа тул миний зүгээс 3 хоногийн чөлөөг олгоно. Хүрээ тулга дунд сургуулиас албан бичиг ирэхээр өөрийнхөө мэдлийн 3 хоногийн чөлөөг олгоё. 05 дугаар сарын 06-ны өдрөөр огноог нь тавиад өргөдлөө өгчих” гэж бичүүлж авсан. Өргөдөлдөө огноогоо 05 дугаар сарын 06-ны өдрөөр тавьсан. Ямартай ч виз гараг, гарахаар нь шийдье гэсэн. 05 дугаар сарын 02-ны орой 3 хүний тийз олдчихлоо, танайхаас 1 хүний виз нь байгаа юмыг чинь 1 хүн нь нөгөө сургуулийн 2 хүнтэй явахаар боллоо, явах уу гэж ажил тарсны дараа шийд өгсөн. Ингээд би 05 дугаар сарын 03-ний өглөө ниссэн. Үлдсэн 2 эрхлэгч 05 дугаар сарын 05-ны өдөр араас нисч очсон. Ингээд бид бүгдээрээ Солонгос улсад туршлага судалчихаад 05 дугаар сарын 10-ний өдөр онгоцоор ирсэн. 05 дугаар сарын 10-ны өдөр ирэнгүүтээ 04 цаг 30 минутад онгоцны буудал дээр буугаад ажил дээрээ очоод ажлаа үргэлжлүүлж хийсэн.

Намайг Солонгос явсан байх хойгуур манай цэцэрлэгийн бүлгийн багш К.Т засварын мөнгө гэж удирдлагадаа мэдэгдэлгүй мөнгө хураасан байсан. Энэ асуудлыг хамт олны хурлаар хэлэлцээд К.Т багшид арга хэмжээ авсан. 21-н хүүхдээс авсан мөнгийг эцэг эхчүүдтэй нь уулзаж эргүүлж өгч, гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж авсан. 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын Г.Д даргад бүх албан бичгээ и-мэйлээр нь явуулсан.

13-ний өглөө Нийслэлийн Боловсролын газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Буянтогтох дарга дуудсан. Дуудаад яамруу явуулсан албан бичиг, миний явуулсан албан бичгийг барьчихсан, эдгээрийг засаад Ж.Г даргаруу edoc-оор явуулаатах гэсэн. Үүний дагуу би Ж.Г даргаруу edoc-оор албан бичгүүдээ явуулсан.

05 дугаар сарын 30-ны өдөр А.У намайг Солонгос хамт явсан 2 эрхлэгчийн хамт Солонгос явсан талаараа  тайлбар өг гэж дуудсан. Үүнээс хойш 2,3 удаа дуудаж тайлбар авсан. 06 дугаар сарын 20-ны өдөр ажил тарахын үед би А.Утай очиж уулзсан. А.У “та өглөө газрын даргатай ирж уулзаад бүх учраа ярьж, уучлал гуй” гэсэн. Тэгээд би 06 дугаар сарын 21-ний өглөө 07 цаг өнгөрч байхад газрын даргатай уулзахад, би гомдол хүлээж авдаг хүн биш гэсэн. А.Ут болсон учраа хэлэхэд дуудаж оруулснаа  надад тушаалын төслөө танилцуулсан. Д дарга тушаалын төсөл танилцуулж байна гээд уншчихаад гараад явсан. Дараа нь А.Уаа энэ чинь ажлаас халж байгаа тушаал юм биш үү? Би гарын үсэг зурахгүй гэхэд “тийм биш та гарын үсгээ зурчих” гэсэн. Тэгээд би гарын үсэг зурсан. А.Ут “би удахгүй тэтгэвэртээ гарах гээд 04 дүгээр сард өргөдлөө өгчихсөн, төсөвт 36 сарын тэтгэмжээ суулгачихсан” гэхэд “танд аргагүй байдлын шалтгаан байна уу”, гэхээр нь би “манай нөхрийн дүү нь Солонгост олон жил ажиллаж байгаа, Монголд ирэхээрээ шар хадны эмнэлэгт хэвтдэг тэр хүн Солонгос явсан түүнийг олж ирэх хувийн шалтгаан байсан” гээд энэ бичгээ өгсөн. 08 дугаар сарын 07-ний өдөр А.У ажил дээр ирж захирамж өгсөн.

Онгоцны тийз, бусад зардлыг хувиасаа гаргасан. 05 дугаар сарын 04-нөөс 05-ны өдрүүд амралтын өдрүүд байгаа. 03, 06, 07-ны өдрүүдэд чөлөө авалгүй ажлаа тасалсан болоод байна. Миний хувьд 02 дугаар сараас хойш Вьетнам, Солонгос явна гээд бүх материалаа өгч мэдэгдэж байсан. Визний асуудлаар Хүрээ тулга дунд сургуулиас албан бичгээр хандсан. Нөгөө 2 эрхлэгчийн виз 04 дүгээр сарын сүүлээр гарахаар байсан. Тухайн үед Вьетнам, Тайланд явна гээд манай бусад эрхлэгч нар Солонгосын элчин сайдын яамнаас гадаад паспортоо эргүүлж аваад Вьетнамын элчинд өгч байсан. 05 дугаар сарын 03-ны өдөр 3 хүний тийз нь гарчихсан. Гэтэл нөгөө 2 эрхлэгчийн маань виз нь гараагүй болохоор би 1 жилийн хугацаатай олон удаагийн /мульти/ визтэй учраас Хүрээ тулга дунд сургуулийн багш нартай түрүүлээд 03-ны өдөр явсан. Хүрээ тулга сургуулийн 10-н хэдэн багш, манай цэцэрлэгийн 3 эрхлэгч нийлээд 25 хүн явсан. Дүүргийн боловсролын хэлтсийн дарга Л.Ж даргад хэлж цааш нь уламжлуулсан. Хандив тусламжийг судлах гэж явсан. Солонгос улсаас 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 114 дүгээр цэцэрлэгийг сонгож 9 сая төгрөгийн өртөгтэй номын өргөөг барьж тохижуулсан.” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “...Нэхэмжлэгчтэй хамт явсан 2 цэцэрлэгийн эрхлэгч 05 дугаар сарын 03-ны өдөр чөлөө аваад 05 дугаар сарын 05-ны өдөр Солонгос явсан байхад 2 хоногийн ажил тасалсан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан баримт хавтаст хэрэгт ирсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, М.С нарыг урьдчилан мэдэгдсэн гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь 05 дугаар сарын 06-ны өдрөөр огноо тавигдсан 3 цэцэрлэгийн эрхлэгчийн чөлөө хүссэн өргөдөл байна. Үүнээс өөрөөр урьдчилан мэдэгдсэн баримт ирээгүй. Урьдчилан мэдэгдсэн тухайд 18 цэцэрлэгийн эрхлэгч, багшийг Вьетнам, Тайланд улс руу туршлага солилцуулахаар сургалтад явуулах тухай баримт л байна. Солонгос явахтай холбогдуулж урьдчилан мэдэгдсэн өөр баримт байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд тийзний олдоц, визний хүчинтэй хугацаанаас шалтгаалан 05 дугаар сарын 03-ны өдөр БНСУ-ыг зорьсон. Д.О эрхлэгч 05 дугаар сарын 03-ны өдөр  Хүрээ тулга дунд сургуулийн 2 эрхлэгчтэй яваад, үлдсэн 2 эрхлэгч нь Хүрээ тулга сургуулийн үлдсэн багш нартай 05 дугаар сарын 05-ны өдөр явсан.

Маргаан бүхий Б/122 дугаар захирамжаар Хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэдэг ч хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалгах шаардлагатай байсан. Хөдөлмөрийн гэрээнээс ажил тасалсантай холбоотой харилцааны зохицуулалтыг харвал хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан байсан эсэхийг харгалзаж үзэхээр байдаг. Талуудын тайлбар болон бусад баримтуудаас хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь харагддаг. 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Боловсролын хэлтсийн даргадаа мэдэгдэж байсан. 05 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан явах хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн юм.

Хоёрдугаарт, “хандив тусламжийг зөвшөөрөлгүйгээр бусдаас хүссэн” талаарх асуудлыг ярьдаг. Комиссын дүгнэлтэд бичигдсэнээр 66 дугаар цэцэрлэг хандив тусламжийг аваагүй, 114 дүгээр цэцэрлэг авсан талаар бичсэн байдаг. 66 дугаар цэцэрлэгийн хувьд санхүүжилт олохоор явсан гэдэг нь тогтоогддог. Хандив, тусламжийг авсан 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид шийтгэлийг ногдуулалгүй, аваагүй 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт, “хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” гэдэг. Д.О эрхлэгч нь К.Т багшид гаргасан зөрчилд нь холбогдуулан 05 дугаар сарын 10-ны өдөр  сахилгын шийтгэл ногдуулж Нийслэлийн Боловсролын газарт албан бичгээр мэдэгдсэн. 05 дугаар сарын 13-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолвол энэ зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс комиссын дүгнэлтийг танилцуулсан гэдэг. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах шаардлагатай. Сонсох ажиллагааг шийдвэр гарсны дараа бус гарахаас нь өмнө эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдэж, өөрийгөө өмгөөлж хамгаалах, тайлбарлах  боломжоор нь хангах ёстой байсан. 08 дугаар сарын 07-ны өдөр холбогдох захирамжийг гардуулсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/56 дугаар тушаалаар байгуулагдсан комиссын шалгалтаар нийслэлийн Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О нь хандив, санхүүгийн тусламж авах талаар эрх бүхий байгууллага, ажил олгогчоос зөвшөөрөл аваагүй байх бөгөөд гадаадын байгууллагаас хандив, санхүүгийн тусламж хүссэн, 2019 оны 05 дугаар сарын 03-10-ны өдөр хүртэл чөлөө аваагүй ажлын 6 өдөр ажил тасалсан нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар хэсгийн 6.3.2 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 2 өдөртэй тэнцэж байвал” гэснийг зөрчсөн болохыг комиссын 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 2019/01 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь комиссын дүгнэлтэй маргаан үүсгэж гомдол санал гаргаагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжаар Д.Оийг ажлаас чөлөөлсөн. Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагыг удирддаг төрийн үйлчилгээний албан тушаалтан юм. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдпыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан. Нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 23 дугаар зүйлд зааснаар байнгын ажлын байран дээр хугацаагүй гэрээг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ЦЭ2018/187 дугаар хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байг/улсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан. Мөн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Улсын Дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолын 3.1-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь шүүхэд харьяалагдах бөгөөд тэдгээрийн дотор ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг ерөнхий харьяаллын шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арвандөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан байгууллага, албан тушаалтан гаргасан хэдий ч хөдөлмөрийн эрхийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул тухайн асуудлаарх маргааныг ерөнхий харьяаллын шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймээс Д.Оийн нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чөлөө олгосон асуудлыг шалгаж байх явцад Д.О нь Нийслэлийн Боловсролын газарт удаа дараа тайлбар гаргасан байдаг. Эдгээр тайлбарт 05 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийг хугацаанд чөлөө авсан талаараа бичсэн байдаг. Гэтэл нотлох баримтаар гадаад паспортынхаа хуулбарыг гаргаж өгөхөд 05 дугаар сарын 07-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд явсан гэж засвар оруулсан байдаг. Чөлөө хүссэн баримтуудыг Баянгол дүүргээс шаардаж авахад 05 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрийн хугацаанд чөлөө олгосон тушаал, хүсэлтүүдийг ирүүлсэн байдаг. Эдгээрээс дүгнээд харвал чөлөө авах асуудлыг шийдвэрлэсэн тушаалыг нөхөж бичсэн, хүсэлтээ ч нөхөж бичсэн харагддаг. Нийслэлийн Боловсролын газарт удаа дараа гаргасан тайлбартаа 03-ны өдрөөс 08-ны өдрийн хугацаанд ажлаа хийж байсан мэтээр тайлбар гаргаж байсан.

Чөлөө олгох асуудал Нийслэлийн Боловсролын газрын даргын А/91 тоот тушаалаар батлагдсан Гадаадад томилолтоор ажиллах журмын дагуу 7 хоногийн дотор эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч баталгаажуулсан байхыг шаарддаг. Мөн Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журманд чөлөө авахдаа ажилтан нь ажил олгогчоос чөлөө авахаар заасан байдаг. 

Нийслэлийн Боловсролын газраас ажлын хэсэг тогтоол гаргаж, дүгнэлтийг танилцуулаад Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.15 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргад Д.Оийг ажлаас чөлөөлөх хүсэлт хүргүүлсэн байдаг. Уг саналыг Нийслэлийн Засаг дарга хүлээж аваад Д.Оийг ажлаас чөлөөлсөн. Д.О нь Нийслэлийн Боловсролын газрын тогтоол, дүгнэлтэд ямар нэгэн байдлаар гомдол санал гаргаагүй байдаг.

Д.О нь Нийслэлийн Боловсролын газарт гаргасан тайлбартаа “Хүрээ тулга” дунд сургуультай хамтран ажиллаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн холбоог бэхжүүлэх зорилгоор Солонгос улсын Канъёон /Gangneung / хотын соёлын газраас 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон гэсэн байдаг. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны А/91 “Гадаад улсад томилолтоор ажиллах журам”-ын дагуу гадаадын улстай уулзалт хийж, хандив тусламж хүсэх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн гэрээнд үүнийг ноцтой зөрчил гэж тусгаж өгсөн байдаг.

Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсэгт цэцэрлэгийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллахаар заасан байдаг. Цэцэрлэгийн эрхлэгчийг эзгүй хооронд бүлгийн багш хүүхдүүдийн эцэг эхчүүдээс хууль бусаар мөнгө хураасан явдал гарч, энэ асуудал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болсноор энэ асуудлыг шалгасан. К.Т багш нь мөнгөө төлөөгүй хүүхдүүдийг гарыг нь өргүүлж шийтгэсэн. Хууль бус хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргаас 2016 оноос хойш удаа дараа чиглэл зөвлөмж өгч байсан. Багш, сурагчдын хооронд ямар нэгэн хэлбэрээр мөнгөний харилцаа үүсэх эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, хяналт тавих үүрэг нь цэцэрлэгийн эрхлэгчид байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа.

Хандив тусламж авахдаа “Сургууль цэцэрлэгийн төвлөрсөн сангийн дүрэм”-ийн дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байдаг. Хэдийгээр 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр явсан гэдэг ч хөрөнгө оруулалт нь орж ирээгүй. 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч тайлбар дээрээ Солонгос улсаас хандив тусламж ирнэ гэсэн. Үүнийгээ ирснийхээ дараа мэдэгдсэн. Д.О эрхлэгч чөлөө зөвшөөрөлгүй явсан асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй. Нөгөө 2 эрхлэгч нь зөвшөөрөлгүй явснаа хүлээн зөвшөөрсөн. М.С, Б.Н нар нь Солонгос явах гэж байгаа талаараа урьдчилаад мэдэгдсэн зүйл байхгүй. Ирсэн хойноо Солонгосоос хүмүүс ирж уулзалт хийнэ гэж хэлсэн. Хичнээн төгрөгийн хандив тусламж үзүүлэх гэж байгаа талаараа бол хэлээгүй.  Гадаадын иргэн, байгууллагатай санамж бичиг байгуулахдаа гадаад харилцааны байгууллага болон Төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг журамтай. Хэрвээ эдгээр байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээгээ баталгаажуулж, дугаар олгогдоогүй бол хүчингүй гэж үзнэ. Уншлагыг дэмжих хөтөлбөр ямар байдлаар санхүүждэг  талаар тодорхой хэлж мэдэхгүй байна.  Төсвийн тухай хуулинд зааснаар төсвөөс өөрийн үйл ажиллагааны орлого, хандив, тусламж зэргийг төсөв гэж үзэх тохиолдолд зайлшгүй тайлан тооцоо гарч байх ёстой. Хандиваар орж ирсэн хөрөнгө заавал төсөвт тушаагдаад төрийн сангаар дамжих ёстой.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Д.Оийг ажлаас нь чөлөөлсөн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн Б/122 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байдаг. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн гадаад паспорт, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн хилээр орсон гарсан баримтаар хангалттай нотлогддог.

2 эрхлэгчийн хувьд 2 хоногийн хугацаагаар ажил тасалсан нь тогтоогдсон тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Оийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан буюу ажлын 6 хоног тасалсан нь үйл баримтаар хангалттай тогтоогддог. Өөрөөр хэлбэл 2 эрхлэгчийн зөрчлийн шинж чанартай дүйцүүлэн үзэх боломжгүй.

Дээд шатны байгууллагад нотлох баримт гаргаж өгөхдөө засвар оруулсан. Өөрөө ч энэ асуудал дээр маргадаггүй. Чөлөө хүссэн өргөдлийг 05 дугаар сарын 06-ны өдөр буюу явсныхаа дараа нөхөн үйлдэж Төрийн байгууллага, албан тушаалтныг хуурч мэхлэх замаар хууль бус баримтыг бүрдүүлж өгсөн нь ноцтой зөрчил гэж үзэх хангалттай үндэслэл болж байгаа. Нийслэлийн Боловсролын газрын даргын 91 тоот тушаалаар батлагдсан журмаар 7 хоногийн өмнө ажил олгогчид чөлөө хүссэн өргөдөлөө гаргах ёстой. Д.Оийн хувьд ажил олгогч буюу Нийслэлийн Боловсролын газарт чөлөө хүссэн өргөдөл гаргаж байгаагүй. Зөвхөн дүүргийн боловсролын хэлтэст хандаж байсан.  Сүүлд өгсөн тодорхойлолтоос үзвэл 02 дугаар сараас хойш Солонгос явна гэж ярьж байсан тухай тодорхойлолт гаргаж өгсөн байна. Л.Жын хувьд Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш.  Мөн Төрийн байгууллагын өргөдөл, чөлөө хүссэн хүсэлтийг зайлшгүй бичгэн хэлбэрээр гаргадаг.

Иймд, Д.Оийн хууль бусаар гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гэж үзэх хангалттай үндэслэлтэй учир ажлаас нь чөлөөлсөн. Мөн хууль бус төлбөр хураамжтай холбоотой хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл нэмэгддэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Гэрч К.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 66 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг. Боловсролын салбарт 44 жил ажиллаж байгаа. Төлбөр, хураамж авсан нь үнэн. Олон жил ажилласан болохоор өөрөө мэдээд хураачихсан. Гэхдээ буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Манай арга зүйч онгоцноос буухаас нь өмнө эрхлэгчид энэ талаар хэлсэн байсан.  Д.О эрхлэгч ирээд “хэн чамайг мөнгө ав гэсэн юм” гээд уурлаад надад сахилгын арга хэмжээ авсан. Хоёр дахь өдөр буюу 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж хурааж авсан. Хураан авсан мөнгөө хүүхдүүдийн эцэг эхчүүдэд буцаан өгч гарын үсэг зуруулсан. Эрхлэгчийн зөвшөөрөлгүйгээр мөнгө хураасан асуудалд арга хэмжээ авсан. Арга хэмжээ авсан хурал 05 дугаар сарын 10-ны 5 дахь өдрийн оройхон болсон. Орой 06 цаг өнгөрч байхад эрхлэгч ирсэн. Манай ангид орж ирээд “К.Т, чи яасан болчимгүй зүйл хийдэг юм бэ?” гэж манай ангид орж ирж намайг загнаад, хурал зарласан.

Д.О эрхлэгч 05 дугаар сарын 06-ны өглөө ажилдаа ирэхэд байхгүй байсан.  05 дугаар сарын 03-ны өдөр эрхлэгч байгаагүй байхаа. Би доошоо давхруудаар буугаад байдаггүй.” гэв.

Гэрч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгт биеийн тамирын багш. 05 дугаар сарын 10-ны өдөр манай цэцэрлэг их цэвэрлэгээ хийж байхад Д.О эрхлэгч 17 цаг өнгөрөөгөөд ирээд багш ажилчдын хурал хийсэн. Бүлгийн багш К.Тг хүүхдүүдээс дур мэдэн засварын мөнгө хураасан талаар хуралдсан. Хурал 40 орчим минут үргэлжилсэн санагдаж байна. 05 дугаар сарын 03-ны өдөр буюу 5 дахь өдөр Д.О эрхлэгч ажилласан эсэхийг сайн санахгүй байна.” гэв.

Гэрч Ч.Цэрэннадмид шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгт нярав. Д.О эрхлэгч 05 дугаар сарын 10-ны өдөр 6 өнгөрөөгөөд ирсэн байх. К.Т бүлгийн багшийн асуудлыг хэлэлцэж хурал хийсэн. Сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тухайн бүлгийн багш нь эцэг эхчүүдээс хууль бусаар мөнгө авсан зөрчил гаргасан. Цагийн бүртгэлийг ээлжийн манаач болон өдрийн жижүүрүүд бүртгэдэг, хяналтыг би тавьж ажилладаг. 05 дугаар сарын 03-ны өдөр Д.О эрхлэгч ажилдаа ирсэн эсэхийг санахгүй байна. Эрхлэгчийг 05 дугаар сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирээгүй гэж тэмдэглэсэн. 06 дугаар сарын 11-ний өдөр тайлбараа гаргасан. 05 дугаар сарын 10-ны өдөр ангиуд тарсны дараа хурал болсон. Дүүргийн Боловсролын хэлтсээс Д.О эрхлэгчид чөлөө олгосон тушаал тухайн үед ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Цэцэрлэгт тушаал шийдвэрийг эрхлэгч гаргадаг. 05 дугаар сарын 13-ны өдөр  дахин хурал хийсэн. Ажилчдыг хариуцлагатай ажиллах талаар хурал хийсэн. 05 дугаар сарын 10-ны өдөр, 13-ны өдөр хуралдсан. 05 дугаар сарын 10-ны өдөр Д.О эрхлэгчийг хурал хийнэ гэж арга зүйч зарласан. 10-ны өдрийн хурлаар К.Т багшид арга хэмжээ авсан. Эрхлэгчийн тушаал хэзээ гарахыг би мэдэхгүй. Тушаал гаргадаг хүн нь би биш.” гэв.

Гэрч Ж.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгт нягтлан бодогч. Байгууллагын ирцийн бүртгэлийг өглөө оройдоо жижүүр бүртгээд, нярав баталгаажуулаад би хянаад цалин олгодог. Д.О эрхлэгч 05 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн. Миний хувьд Солонгос явсан хугацаанд чөлөөтэй гэж ойлгож байсан.  5 дугаар сарын 03-ны өдөр байсан эсэхийг нь сайн санахгүй байна. 05 дугаар сарын 10-ны өдөр үдээс хойш Д.О эрхлэгч ирж хурал хийсэн. К.Т багшийн асуудлаар хуралдсан. Цэцэрлэгийн эрхлэгч урд нь чөлөө авах, эзгүй байх явдал тохиолдож байгаагүй. Аман хэлбэрээр ажлаар явж байгаа гэсэн ойлголттой байсан. Манай байгууллагад тушаал хэзээ ирснийг сайн мэдэхгүй байна. 05 дугаар сарын цалинг бүтэн олгосон. Нөгөө 2 цэцэрлэгийн няраваас эрхлэгчийн цалинг яаж бодсоныг асуухад цалинг нь бүтэн олгоно гэсэн учраас би бас бүтэн олгосон. Тэгээд ч ажлаар явж байгаа гэсэн ойлголттой байсан учраас бүтэн олгосон. Манай цэцэрлэг 2018-2019 оны хооронд Солонгос улсаас хандив тусламж авсан зүйл байхгүй.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Д.О нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 тушаалаар Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалтын дүн гартал түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/137 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажиллажээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/122 дугаар захирамжаар түүнийг Хөдөлмөрийн гэрээний 5.3-т заасан “хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх” үүргээ зөрчиж “эрх бүхий албан тушаалтнаас чөлөө авалгүй 2019 оны 5 дугаар сарын 03-наас 10-ны өдөр хүртэл ажил тасалсан”, “хандив, санхүүгийн тусламжийг зохих зөвшөөрөлгүй бусдаас хүссэн”, “хууль бус төлбөр хураамжтай холбоотой хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ... цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” /2002 оны Боловсролын тухай хуульд энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/ бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал байх тул түүний эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар байна. Энэ зохицуулалтаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн заалтаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэх шүүхийн хэргийн харьяаллын талаар нэгэнт захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “хэдийгээр төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгаа боловч тэрээр Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн албанд орсон, хариуцагчтай “үр дүнгийн гэрээ” байгуулан ажилладаг, төрийн /үйлчилгээний/ байгууллагын удирдах албан тушаалтан буюу төсвийн шууд захирагчийн хувьд “төрийн захиргааны” чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний хөдөлмөрийн харилцаа нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн” гэж захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг зөрчил тус бүрээр үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчийг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр томилж, чөлөөлдөг ч түүнтэй хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийг төлөөлж нийслэлийн Боловсролын газрын дарга, харин төсвийн шууд захирагчийнх нь хувьд үр дүнгийн гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч болох дүүргийн Засаг дарга байгуулдаг байна.

Хөдөлмөрийн гэрээний 7.1-д “хууль тогтоомжид заасан зөрчил гаргасан бол сахилгын шийтгэл ногдуулах”-аар, 7.2-т “гэрээний 6.3-т заасан зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэх”-ээр, 6.2.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “... ноцтой зөрчил”  гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар, 6.3-т “ноцтой зөрчил”-д ямар үйлдлийг тооцохыг заасан, тухайлбал маргаан бүхий захирамжид баримталсан 6.3.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан ...”, 6.3.13-т “багш, суралцагчаас хууль бус төлбөр хураамж авсан, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй”, 6.3.14-т “ажил олгогч, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй бусдаас хандив, санхүүгийн тусламж хүссэн, авсан, зарцуулсан”  бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор заасан байна.

“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан” гэх зөрчлийн тухайд:

Хөдөлмөрийн гэрээний 2.4-т “ажилтан чөлөө авах тухайгаа урьдчилан мэдэгдэх ба ажлын 3 хүртэлх хоногийн чөлөөг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, түүнээс дээш хоногийн чөлөөг нийслэлийн Боловсролын газрын дарга шийдвэр гаргаж олгохоор байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын Хүрээ тулга бүрэн дунд сургуулиас 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 19/11 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргад ирүүлсэн “сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл, цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж, БНСУ-ын цэцэрлэгийн үйл ажиллагаа, бага боловсролын залгамж холбоог хэрхэн хэрэгжүүлдэг талаар туршлага судлах сургалтад цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулж байгаа билээ. Энэ удаа Каннен хотын Дүрслэх урлагийн музейн хамт олноос “Уншлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 66, 114, 164 дүгээр цэцэрлэгүүдэд хүүхдийн номын сан байгуулах бөгөөд цэцэрлэгүүдийн эрхлэгч нарыг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд БНСУ-д туршлага солилцох сургалт-уулзалт зохион байгуулах тул 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О, 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.С, 164 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нарыг дэмжиж чөлөө олгож өгнө үү” гэх хүсэлт, 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О, 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.С, 164 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нарын 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөр огноолон бичгээр гаргасан “дээрх зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 10-ны өдрүүдэд 3 хоногийн чөлөөг Хөдөлмөрийн гэрээний 2.4-т зааснаар олгож өгнө үү” гэх хүсэлтийг тус тус үндэслэн Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр А/08 дугаартай тушаалаар “2019 оны 5 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд 3 хоногийн чөлөө олгосон байдаг. Нэхэмжлэгч энэ хүсэлтээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан, огноог нь 06-ны өдрөөр бичсэн гэж тайлбарладаг.

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газар 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01/893 тоотоор тодруулсны дагуу Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 161 тоотоор Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтэст тайлбар хүргүүлсэн байдаг.

Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарч 5 дугаар сарын 10-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн онгоцоор хилээр орсоноор бүртгэгдсэн байна. Мөн Эйр эксперт трейвэл ХХК “Зорчигч Д.О нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн УБ-Сөүл чиглэлийн нислэгээр 15 хүний групп зорчигчидтой явах гэсэн боловч захиалга оройтож орсны улмаас суудал хүрэлцэхгүй байсан тул 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн нислэгээр явсан” хэмээн тодорхойлсон байдаг.

Дээрхээс үзвэл 2019 оны 5 дугаар сарын 08, 09, 10-ны өдрүүдэд БНСУ-д туршлага солилцох сургалт-уулзалтад оролцох зорилгоор Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О, 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.С, 164 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нарт тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга  2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр А/08 дугаартай тушаалаар 2019 оны 5 дугаар сарын 08-наас 10-ны өдрүүдэд 3 хоногийн чөлөө олгосон, 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.О нь нислэгийн тийзний захиалгаас хамаарч 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр буюу Баасан гаригт, 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.С, 164 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нар 5 дугаар сарын 05-ны өдөр буюу Ням гаригт яваад 5 дугаар сарын 10-ны өдөр буюу Баасан гаригт хамт ирсэн, өөрөөр хэлбэл Д.О 5 дугаар сарын 03-ны Баасан, 6, 7-ны Даваа, Мягмар гаригт, М., Б.Н нар 5 дугаар сарын 6, 7-ны Даваа, Мягмар гаригт ажилдаа ирээгүй, энэ хугацаанд нь эрх бүхий этгээдээс чөлөө олгогдоогүй байдаг. 

Гэвч Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Н, М.С нарыг “5 дугаар сарын 06, 07-ны 2 өдөр ажил тасалсан” үндэслэлээр 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/75, Б/76 дугаар тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д зааснаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулж, Д.Оийг “5 дугаар сарын 03-наас 10-ны өдөр хүртэл ажлын 6 хоног  ажил тасалсан гэж үзэж “ажлаас чөлөөлөх” саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлжээ. Өөрөөр хэлбэл 1 тушаалаар олгогдсон 3 хоногийн чөлөөг М.С, Б.Н нарын хувьд чөлөө олгогдсон гэж үзсэн атлаа нэхэмжлэгч Д.Оийн хувьд чөлөө олгогдоогүй гэж үзсэн нь тэгш биш хандсаны дээр онгоцны тийзний захиалгаас хамаарч ажлын 1 өдрийн өмнө ниссэн хүндэтгэн үзэх шалтгааныг авч үзээгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Ийнхүү зөрчлийн шинж байдлыг “ялгаатай гэж” авч үзсэн үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нийслэлийн Боловсролын газар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, нөгөө 2 эрхлэгчийн хувьд урьдчилан мэдэгдсэн” гэж тайлбарладаг боловч “БНСУ-д туршлага солилцох сургалт-уулзалтад цэцэрлэгийн эрхлэгч нар оролцох талаар албан ёсоор урьдчилж мэдэгдсэн” баримт үгүй, харин Баянгол дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэр бүхий 18 эрхлэгч Вьетнам улсын цэцэрлэгүүдтэй танилцах туршлага судлах аялалын хөтөлбөрт хамрагдахаар 2019 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд чөлөө хүссэн баримт ирүүлсэн байна.      

Нэхэмжлэгч нь “эрх бүхий албан тушаалтнаас чөлөө авалгүй 2019 оны 5 дугаар сарын 03, 06, 07-ны өдөр ажил тасалсан” зөрчил гаргасан байх хэдий ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзаагүй, тэгш биш хандсаны дээр шийтгэл нь зөрчлийн шинж байдалтай тохироогүй байна гэж шүүх үзлээ.

“Хандив, санхүүгийн тусламжийг зохих зөвшөөрөлгүй бусдаас хүссэн” гэх зөрчлийн тухайд:

Номын сангийн тухай хууль 2014 онд батлагдсан бөгөөд энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар номын сангийн санхүүжилт нь улсын төсвийн болон гадаад, дотоодын байгууллага, иргэний хандив, тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого зэргээс бүрдэхээр байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаар тогтоолоор “хүний хөгжил, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн чанарт нөлөөлөх, боловсролыг дэмжих дэд бүтцийг бий болгох зорилготой “Уншлагыг дэмжих – 2021” төслийг баталсан, уг төсөл нь 2018-2021 онд хэрэгжих бөгөөд нийслэл, дүүргийн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдийн номын сангийн баяжилт, үйл ажиллагааг сайжруулах зорилт тавьсан байна. Төслийг нийслэл, дүүргийн орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар номын сангийн зориулалтаар хандив тусламж хүссэн, энэ талаараа Нийслэлийн Боловсролын газарт мэдээлсэн, тус цэцэрлэгт хандив тусламж ирээгүй байдаг, түүнчлэн 114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч мөн адил хандив тусламж хүссэн, энэ талаараа өмнө нь мэдээлээгүй, мөн л зөвшөөрөл аваагүй, ирсэн хойноо энэ талаараа мэдээлсэн бөгөөд тус цэцэрлэгт хандив тусламжаар номын сан байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр цэцэрлэгүүдийн эрхлэгч нар хандив тусламж бусдаас хүсэх талаар өмнө нь мэдээлж, зөвшөөрөл аваагүй, сүүлд мэдэгдсэн үйл баримт адилхан байхад 114, 164 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарын хувьд үүнийг зөрчил гэж үзээгүй байдаг.

Нөгөөтэйгүүр Номын сангийн тухай хуулиар номын санг хандив тусламжаар санхүүжүүлэх зохицуулалт бий тул хэдийгээр зөвшөөрөл аваагүй хандив тусламж номын сангийн зориулалтаар бусдаас хүссэн ч энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн гэрээний  6.3.14-т заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй.  

“Хууль бус төлбөр хураамжтай холбоотой хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” гэх зөрчлийн тухайд:

Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш К.Т нь  2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр “дур мэдэн засварын мөнгө хураан авсан” зөрчил гаргасан байх боловч 5 дугаар сарын 10-ны өдөр эцэг эхчүүдээс хураасан мөнгийг буцаан өгч хохиролгүй болгож, гомдол, асуудалгүй гэх гарын үсэг авсан, энэ зөрчлийн талаар 2019 оны 5 дугаар сарын 10, 13-ны өдөр тус цэцэрлэгийн багш ажилчдын хурлаар хэлэлцэн тухайн багшид сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн, энэ талаар Нийслэлийн Боловсролын газарт мэдэгдсэн болох нь эцэг эхчүүдийн гарын үсэг бүхий баримт, багш ажилчдын хурлын тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлэг, сахилгын шийтгэл ногдуулсан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаартай тушаал, Нийслэлийн  Боловсолын газарт хүргүүлсэн албан бичиг зэргээс тогтоогдож байна.   

Иймд цэцэрлэгийн эрхлэгчийн түр эзгүйд болсон “засварын мөнгө хураан авсан” багшийн үйлдэлд сахилгын шийтгэл хүлээлгэсэн, мөнгийг буцаан өгч хохирлыг арилгасан байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл шийтгэл нь зөрчлийн шинж байдал тохироогүй байна.

Шалган тогтоох комиссын 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 2019/01 тоот дүгнэлттэй нэхэмжлэгч маргаан үүсгэж гомдол гаргаагүй гэж хариуцагч тайлбарлах ч комиссын дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийн шинж байдалд халах сахилгын шийтгэл тохироогүй гэж нэхэмжлэгч маргаж байх тул комиссын дүгнэлттэй маргаагүй нь ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлтэй,  сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалтай тохирсон эсэхтэй маргах эрхийг хязгаарлахгүй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нь сахилгын  зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тул сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах хөөн хэлэлцэх хугацааны талаарх мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэн ногдуулна” гэсэн зохицуулалт хамаарах бөгөөд илрүүлсэн хугацааг Нийслэлийн Боловсролын газрын шалган тогтоох комисс зөрчлийг шалгаад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дүгнэлт гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 01/1007 тоотоор Нийслэлийн Засаг даргад хүргүүлснээр тооцох тул сахилгын шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.

Д.Оийн 2019 онд авсан цалингийн картаас үзвэл 2019 оны 8 дугаар сарыг дуустал цалин олгогдсон байх тул ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцохоор байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Оийг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ТҮБД-6 зэрэглэлийн 4 дүгээр шатлалаар тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 3 сар 6 хоногийн хугацааны цалин 2.923.935 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан дээрх хугацаанд зохих бичилт хийх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/122 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Оийг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 3 сар 6 хоногийн хугацааны цалин 2.923.935 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА