Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 805

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр      Дугаар 128/ШШ2019/0805                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Л.Ж

          Хариуцагч: НБГД,

         Нэхэмжлэлийн шаардлага: “НБГДын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Л.Ж намайг Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж, түүний өмгөөлөгч Д.О, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Л.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НБГД Ж.Г-ын Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байх хугацааны цалин хөдөлмөрийн хөлс олговор, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. НБГ нь Б/81 дүгээр тушаал, жил гаруйн өмнө гаргасан гэх 2018 оны 6 дугаар сарын Б/121 дүгээр тушаал, 2019 оны 5 дугаар сарын А/56 дугаар тушаалуудаар манай хэлтсийг шалгаж байсан удаагүй бөгөөд ямарч зөрчил гаргаагүй байхад нотлох баримтгүйгээр, санаатайгаар буруутгаж, үндэслэлгүйгээр ажлаас халсанд НБГ-д маш их гомдолтой байна. НБГ нь удаа дараа гэнэт гэнэт ажлаас халах тушаал гаргадаг, ямар алдаа дутагдал гаргасан юм бэ гэхээр тайлбарладаггүй. Гаргасан тушаалаа танилцуулдаггүй, өгдөггүй, тайлбар сонсдоггүй, асуултанд хариулдаггүй. Өмнө нь 2016 оны 11 сард ингэж хууль бусаар гүтгэн ажлаас халж байсан, одоо ч бас ямар нэг зөрчил гаргаагүй байхад гүтгэн халсан нь албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл юм. НБГД Ж.Г нь Б/81 дүгээр тушаалыг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын А/521 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан дүүргийн Боловсролын хэлтсийн дүрмийн 2.2-т заасныг үндэслэсэн байх бөгөөд энэ захирамжид НБГД Ж.Г нь дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг ажлаас халах, томилох тухай үг, өгүүлбэр огт байхгүй юм. Харин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/521 дүгээр “Дүүргийн Боловсролын хэлтсийн дүрэм, чиг үүрэг батлах тухай” захирамжийн хавсралтаар батлагдсан дүүргийн Боловсролын хэлтсийн дүрмийн 2.2-т Дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг НБГДын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө гэсэн байдаг. Иймд НБГ нь өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй заалтыг буруу хэрэглэн гаргасан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39.1.3-т албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж нотлох баримтгүйгээр гүтгэсэн, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2 батлагдсан төсөвт хяналт тавих, 16.5.5 Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг хуулийн заалтуудыг үндэслэсэн нь үндсэн хэсэгтэйгээ холбогдоогүй хариуцлага тооцох тухай бус томилох тушаал агуулагдсан илт алдаатай, хуулийн заалтыг буруу хэрэглэн гаргасан тушаал байна. Үндсэн хэсэгтээ: Харьяа дээд шатны албан тушаалын хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан зөрчил нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын танилцуулгаар тогтоогдсон гэжээ. Би Төрийн захиргааны албанд 28 жил ажиллахдаа хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаж байсан удаагүй болно. Цэцэрлэгийн 3 эрхлэгч 2 сараас хойш удаа дараа Солонгос явахаар чөлөө авах тухайгаа мэдэгдэж байсан. “Х” бүрэн дунд сургуулиас манай 3 эрхлэгчийг Солонгос авч явах хүсэлт ирүүлсэн тул өөрийн чиг үүрэг, эрх мэдлийн хүрээнд 3 хоногийн чөлөө олгосон. Үүнд:НБГД эрхлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.4 дэх заалт нь “Ажилтан чөлөө авах тухайгаа урьдчилан мэдэгдэх ба ажлын 3 хүртэлх хоногийн чөлөөг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, түүнээс дээш хоногийн чөлөөг НБГД шийдвэр гаргаж олгоно” гэж заасан байдаг. Иймд ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй юм.

Нийслэлийн  Мэргэжлийн   хяналтын   газрын   2019   оны   5   дугаар  сарын  18-ны өдрийн 02-01/96 дугаар “Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай” хяналт шалгалтын танилцуулгын цаашид авах арга хэмжээний саналын 11.4.5-д Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавиагүй, арга зүй удирдлагаар ханган ажиллаагүй Л.Ж-д Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн арга хэмжээ авах санал ирүүлсэн гэжээ. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэсэн байна. Гэтэл НБГ нь манай хэлтэст ямарч шалгалт хийгээгүй, хянаж тогтоох үйл ажиллагаа явуулалгүйгээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын танилцуулгыг шалтаг болгон ашиглаж дүгнэлт бичсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Боловсролын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах байгууллагуудын нэрсийг бидэнд өгдөггүй. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч танилцуулгадаа хувийн өмчийн “У”, “Б” цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан гэж намайг гүтгэж, хянаж, тогтоолгүй, нотлох баримтгүйгээр хуурамч танилцуулга бичсэн байдаг. Тиймээс 2 цэцэрлэгийн үүсгэн байгуулагч н.П, н.М нараас шалгалтад хамрагдаагүй шалтгааныг асуухад “Энэ 2 цэцэрлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт орох тухайгаа хэлж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй, шалгалт хийгээгүй гэдэг. Түрээсийн эзэн байраа авч үйл ажиллагаа түр хугацаагаар зогсох нь гэж НБГ сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн н.У-д хэлсэн гэдэг. Гэтэл НБГ-н ОД н.Д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт энэ 2 цэцэрлэгийг шалгуулах хүсэлтийг 2 сард албан бичгээр гаргасан байдаг. н.Л байцаагч компьютерт байсан бичгээ надад үзүүлсэн юм. Үүнийг НБГ санаатай буруутгах гэж зохион байгуулсан гэж хардах үндэслэлтэй байгаа юм. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын танилцуулга, санал нь захиргааны акт, шийдвэр, дүгнэлт биш тул НБГ нь хянаж тогтоолгүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын танилцуулгын саналыг нотлогдсон болгон ашиглан тушаал гаргаж, дүгнэлт бичсэн нь илт хууль бус юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргаж хариуг авсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь НБГт боловсролын байгууллагуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн талаарх танилцуулгыг хүргүүлсэн байна. Энэ нь хяналт шалгалт хийсэн байцаагчийн зүгээс гаргаж буй захиргааны акт, шийдвэр, дүгнэлт биш юм. танилцуулгаар таны эрх ашиг хөндөгдөхгүй гэж хариу өгсөн. Иймд НБГД Ж.Г-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаал нь гаргасан зөрчилгүй, учруулсан хохиролгүй байхад нотлох баримтгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн нийгмийн баталгаа, нэмэлт баталгаа эдлэх эрхийг зөрчсөн. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Дугаар 36,32 тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4 Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад баримтлах зарчим, 2. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах зэрэг журмын заалтуудыг бүхэлд нь зөрчсөн. Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Боловсролын тухай хуулиудыг буруу хэрэглэж, илт алдаатай, өөрийн ажлын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан нь илт хууль бус байгаа тул тушаалыг хүчингүй болгож  өгнө үү” гэв.

Хоёр. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Жд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр НБГДын Б/81 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Ингэхдээ шууд ажлаас халсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар болон Төрийн албаны хамтарсан тушаал 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр батлагдан гарсан. Энэ тушаалын 6.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан” бол төрийн албанаас хална гэсэн байдаг. Гэтэл Б/81 тушаалд удаа дараа гэсэн зүйл огт байхгүй байгаа. Хариуцагчийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/121 тушаалыг хавтаст хэрэгт хавсаргасан. Энэ тушаал нь Л.Жд сахилгын шийтгэл оногдуулсан тушаал бөгөөд энэ тушаалыг үндэслэн удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа. Л.Ж нь НБГ хууль бус үйл ажиллагааны улмаас удаа дараа хохирч байсан бөгөөд өмнө нь нэг удаа үндэслэлгүй ажлаас халагдаж шүүхэд хандан дахин томилогдсон. Өөрөөр хэлбэл түүнийг ажлаас халагдаад шүүхэд маргаан үүсгээд явж байхад дээрх сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг гаргасан юм. Иймээс Л.Жд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.

Гурав. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны зөвлөл болон Монгол Улсын Засгийн газрын хамтран гаргасан журмын дагуу шаталсан дарааллаар оногдуулах ёстой байдаг. НБГД Ж.Г-ын гаргасан тушаал нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дэх хэсэгт заасны дагуу “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэж байна. НБГ дүрмийн дагуу Л.Жыг Нийслэлийн Засаг дарга ажлаас чөлөөлөх эрхтэй юм. Тэгэхээр дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй юм...” гэв.

 Дөрөв. хариуцагч НБГДын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн хэлсэн дүгнэлтдээ “чөлөөний хугацаа хэтэрсэн нь Л.Жтай хамааралгүй” гэж хэлж байна. Энэ нь чөлөөний хугацаа хэтэрсэнтэй огт хамааралгүй. Өөрөөр хэлбэл чөлөө олгосон тушаалыг нөхөж үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм...” гэв.

Тав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл ажлаас халсан актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн атлаа НБГД нь хамаарахгүй асуудлаар тушаал гаргасан гэх ойлгомжгүй тайлбарыг хэлж байна. Сахилгын шийтгэл оногдуулсан Б/121 тушаалыг нөхөж үйлдсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт одоогийн байдлаар авагдаагүй байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны эрх шилжүүлэх тухай захирамжаар НБГДд тухайн цэцэрлэгийн эрхлэгч нарт чөлөө олгох асуудлыг зохицуулсан байгаа. Энэ захирамж нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа юм. “Х” сургуулиас 3 эрхлэгчид чөлөө олгох тухай хүсэлт ирсний дагуу чөлөө олгосон гэсэн тайлбарыг хэлж байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан  шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн нийслэлийн харъяа бүх шатны байгууллага өргөдөл гомдлыг зайлшгүй “ERP” системээр бүртгэх ёстой. Гэтэл “Хүрээ тулга” сургуулиас ирсэн албан бичиг нь “ERP” системд бүртгэгдээгүй, хэзээ үйлдсэн нь мэдэгдэхгүй байгаа. Эрхлэгч нар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр чөлөө хүссэн өргөдлөө гаргасан гэж хэлж байгаа боловч тэдний өргөдлийг “ERP” системд бүртгээгүй байгааг нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгасан байсан. Маргаан бүхий Б/81 тушаал нь комиссийн дүгнэлтийг үндэслэн гарсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын шинжийг хангасан юм. Өнөөдрийн байдлаар тухайн комиссийн дүгнэлтийг хууль бус гэж дүгнэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Л.Жыг сахилгын зөрчил гаргасан тул түүнд сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг манайд ирүүлсэн бөгөөд манай зүгээс хууль ёсны баримтуудыг үндэслэн тушаалаа гаргасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх ажлын хэсгийн дүгнэлт болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын санал зэргээр Л.Жын гаргасан зөрчил нь хангалттай нотлогдож байна. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.1 дэх хэсэгт сахилгын шийтгэл оногдуулах нөхцөл байдлуудыг заасан байдаг. Мөн журмын 6.1 дэх хэсэгт “алба хаагч сахилгын зөрчил гаргаж удаа дараа шийтгүүлсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн алба хаагчийг цаашид төрийн албанд ажиллуулах үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдалтай байвал ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж болно” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/604 дугаартай дүрэмд өөрчлөлт оруулах тухай захирамжаар 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/521 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан боловсролын хэлтсийн дүрмийн 2.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан. Энэ нь дүүргийн боловсролын хэлтсийн даргыг, НБГДын саналыг үндэслэн томилж чөлөөлнө гэснийг НБГД Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилж чөлөөлнө гэсэн өөрчлөлтийг оруулсан. 2018 оны 6 дугаар сард Л.Ж нь сахилгын шийтгэл авч байсан. Уг тушаалтайгаа маргаагүй юм. Тэгэхээр шаталсан байдлаар сахилгын арга хэмжээ авсан гэж үзэж болно. Мөн түүний гаргасан зөрчлийн шинж байдал нь ажлаас халах хэмжээний зөрчил гэж үзэж ажлаас халсан байдаг. Иймд нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь тодорхой бус учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “НБГДын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Л.Ж намайг Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах” гэж гаргаж байгаад “ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх хуралдаан дээр тодруулсан болно.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

НБГДын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Л.Жд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/81 тоот тушаалаар нэхэмжлэгч Б дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жыг “харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хуульд нийцээгүй зөрчил гаргасан” нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/96 тоот “Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийсэн тухай” хяналт шалгалтын танилцуулга болон комиссын дүгнэлтээр тогтоогдсон гэж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3, 75 дугаар зүйлийн 75.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.6, 6.1, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/521 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан дүүргийн Боловсролын хэлтсийн дүрмийн 2.2-т заасныг үндэслэн “ ажлаас нь халах” сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт болжээ.

Нэхэмжлэгчээс “... надад  дээд шатны байгууллагын тушаал шийдвэрийг биелүүлээгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан удаа байхгүй,...шүүхээс 2017 онд намайг албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж, ажилдаа орсон үүнээс хойш ямар нэгэн өө хайж, удаа дараа шалгалт оруулж шалгуулсан,...НБГД нь дүүргийн боловсролын хэлтсийн даргыг  ажлаас халах эрхгүй” гэж хариуцагчаас “...нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар нийслэлийн Боловсролын хэлтсийн дүрэмд дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн НБГД томилж чөлөөлнө гэж өөрчлөлт оруулсан, ...нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын танилцуулгад Л.Жтай холбоотой мэдээлэл ирсэн тул шалгалт явуулж зөрчил тогтоогдсон” гэж маргаж байгаа болно.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай” 02-01/96 хяналт шалгалтын танилцуулгаар боловсролын хяналтын чиглэлээр 109, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр 105, хоол үйлдвэрлэл, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр 36, барилгын техникийн хяналтын чиглэлээр 36, байгаль орчны хяналтаар 5, нийт 274 сургуулийн өмнөх боловсролын байгууллага шалгалтад хамрагдсан байна. Уг танилцуулгын 11.4.5-д “сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавиагүй, арга зүйн удирдлагаар ханган ажиллаагүй ...Б дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Ж нарт Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн арга хэмжээ тооцох” гэжээ.

Үүний дагуу НБГД НБГ болон дүүргийн Боловсролын хэлтсийн албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай холбоотой сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол мэдээлэл, холбогдох баримтыг шалган тогтоох үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А/56 дугаар тушаалаар томилж, комиссын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/03 дүгнэлт гаргажээ.

Дээрх дүгнэлтэд: хяналт шалгалтын зорилгоо нийслэлийн Б дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тогтооход оршино. Шалгалтаар “Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/08 дугаар тушаалаар тус дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нарт 3 хоногийн чөлөө олгосон нь баримтаар тогтоогдсон, энэ нь хуульд нийцээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, сахилга хариуцлагыг чангатгах тухай холбогдох дээд шатны байгууллагын албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/96 тоот арга хэмжээ тооцох саналыг үндэслэн Л.Жд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг заажээ. Мөн энэ хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зааснаас үзвэл Л.Жын албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн ямар үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинж чанарыг агуулсан болохыг тогтоож, сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн  39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн гэж Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.З-д “төрийн албанаас халах” гэж зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаартай аудитын гэрчилгээгээр Б дүүргийн Боловсролын хэлтсийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийж “зөрчилгүй” дүгнэлт гаргасан. Мөн Б дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жгийн 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг “98.9” буюу “маш сайн” гэсэн дүүргийн Засаг даргын дүгнэлт зэргээс нэхэмжлэгч ажил үүргээ хангалттай, хэвийн гүйцэтгэж байсан болохыг нотолж байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/521 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан Нийслэлийн дүүргийн Боловсролын хэлтсийн дүрмийн 2.2-д “дүүргийн боловсролын хэлтсийн даргыг НБГДын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө” гэснийг нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар “дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн НБГД томилж, чөлөөлнө” гэж өөрчилсөн байх ба үүнээс үзвэл НБГД дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг нийслэлийн Засаг даргатай “зөвшилцөн” томилж, чөлөөлөхөөр байна.

Тэгвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... НБГД нийслэлийн Засаг даргатай бичиг цаасаар зөвшилцөөгүй амаар ярилцсан...” гэсэн тайлбар гаргаж байгаа бөгөөд үүнийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь “зөвшилцөх” гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол албан тушаалтан тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай бичгээр санал солилцохыг ойлгоно.

            Иймд НБГД нэхэмжлэгчийг ажлаас халахдаа хууль журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

            Б дүүргийн Боловсролын хэлтсийн дарга 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “чөлөө” олгох тухай А/08 дугаар тушаалаар “ ... тус дүүргийн 66, 114, 164 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт ажлын 3 өдрийн чөлөө олгож..” хариуцагч үүнийг албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа болно.

            Хариуцагчаас ирүүлсэн Б дүүргийн Боловсролын хэлтсийн ULAANBAATAR ERP системийн өргөдөл гомдол, EDOC программ зэргийг үзлэг хийсэн тэмдэглэл, бүртгэл хяналтын картууд, болон шүүхийн үзлэгээр чөлөө хүссэн өргөдлийг бүртгээгүй болох нь тогтоогдож байгаа хэдий ч нийслэлийн ерөнхий боловсролын “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19/11 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлт, чөлөө хүссэн цэцэрлэгийн эрхлэгч нарын өргөдөл зэрэг материалуудаас үзвэл нэхэмжлэгчийг эрх дур мэдэн чөлөө олгосон гэж үзэх боломжгүй.

Мөн НБГД цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн Хөдөлмөрийн гэрээний 2.4-д “...3 хүртэлх хоногийн чөлөөг  дүүргийн Боловсролын хэлтсийн дарга, түүнээс дээш хоногийн чөлөөг НБГД олгохоор” заасан байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ биелүүлээгүй, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

            Өөрөөр хэлбэл Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлэх болохоос байгууллагын өргөдлийн бүртгэлийн программд оруулах үүргийг хүлээхгүй, өргөдөл, гомдлыг хүлээн авсан ажилтан оруулах үүрэгтэй болно.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т”...албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэжээ. Энэ хуулийн зохицуулалтаас үзвэл  төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, тэдгээрийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг хариуцагч анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн Б.Г нь Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тушаалтай байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзсэн тул Б.Г-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэж үзсэн болно.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэнэ”, 57.12-т “Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно.”, 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”  гэж тус тус заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн цалин 815,075 төгрөг, тогтмол нэмэгдэл 122,261 төгрөг,  дэвийн нэмэгдэл 179,316 төгрөг  нийт нэг сарын цалин 1,116,652 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өнөөдрийг хүртэл дөрвөн сар, хоёр хоног тооцон ажлын 22 өдөрт хуваан нэг өдрийн цалин 50,756 төгрөг, нийт 4,568,120 /үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг суутгана/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Л.Жын НБГДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын  албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4. 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  НБГДын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Жыг урьд эрхэлж байсан Б дүүргийн Боловсролын хэлтсийн даргын  албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

  2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Жын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 4,568,120 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ