Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2269

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дүгээр шийдвэртэй, Д.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗТН-т холбогдох, тэтгэмжийн зөрүү 7 117 957 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Автобус-1 компанийн захирлын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23 тоот тушаалаар тэрэг тавигч механикаар ажилд орсон бөгөөд автобус баазад 1977 оноос эхлэн 27 жил ажилласан. ЗТН-ын захирлын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/515 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ингээд 10 сард миний данс руу 2 033 720 төгрөг цалин гэж орсон. Тухайн үед удирдлагууд солигдсон гэх зэрэг нөхцөл байдал үүссэн учраас үйлдвэрчний эвлэлийн хороонд хандан өргөдөл гаргасан.

Тус байгууллагад тасралтгүй 9 жил 1 сар ажилласан. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гаргахад 9 сарын тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд 7 сарын тэтгэмжийг дутуу олгосон. Иймд 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 1 016 851 төгрөг бөгөөд 7 сарын тэтгэмж 7 117 957 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш тоолно гэж заасан ба нэхэмжлэгч тэтгэвэрт гарч байх үед тэтгэмжийг олгоогүй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тушаал дээр 2 033 720 төгрөг гэж байгаа. Энэ мөнгийг тэтгэмж гэж мэдээгүй. Учир нь тушаалд ЗТНийн цалин гэж бичсэн байдаг. Тэр үед АСЕМ-ийн үйл ажиллагаанд холбогдуулан тэрэг хариуцагчаар түр томилсон тухай тушаал гарсан байсан учраас энэ хугацааны цалин гэж ойлгосон.

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрхээ хамгаалахаар үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргасан уг байгууллага нь хамтын гэрээний асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Үйлдвэрчний эвлэлийн хороонд үүссэн асуудал нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй бөгөөд тэтгэмжийн хэмжээ, ажилласан жил, гэм хорын асуудлаар хариуцагч маргаагүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь ЗТНд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрөө хүсэлт гаргаж өндөр насны тэтгэвэрт гарсан. 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тэтгэмж олгох тухай тушаал гарч 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг байгууллага олгосон. Тэтгэмж олгох тушаал гараад 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөрийн даалгавраар Б.Ан дансанд шилжүүлсэн байгаа. Төлбөрийн даалгаварт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б918, Б919 тоот тушаалын дагуу гүйлгээ хийж байгаа гэх үндэслэлээр 2 сарын тэтгэмжийн мөнгийг олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх дууссан гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЗТН-аас 7 117 957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ЗТН-аас улсын тэмдэгтийн хураамжид 128 837 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.

ЗТН-аас 2016 Оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 2 сарын тэтгэмж шилжүүлсэн ба 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шүүх хуралдаан хоёр удаа хойшилсон бөгөөд эхний шүүх хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Төрбат итгэмжлэлээсээ татгалзсан. Хоёр дахь шүүх хуралдаан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болж нотлох баримт гаргах үндэслэлээр хойшлуулж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд Н.Т гэрчээр оролцсон.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан гомдлоор хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа нь нэг талын эрх ашиг сонирхол бүхий этгээдүүдийн гаргасан бичиг баримтыг үндэслэсэн тул учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгосон тэтгэмжид 7 117 957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн маргаантай холбоотой шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т тэрэг тавигч механикаар ажиллаж байсан ба хариуцагч байгууллага нэхэмжлэгч Б.Аг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэд үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх11, 56/

Харин 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн харилцах дансанд 2 033 702 төгрөгийг цалин гэж шилжүүлснийг хариуцагч 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон гэж тайлбарласан бол, нэхэмжлэгч үүнийг тухайн үед АСЕМ-ийн үйл ажиллагаанд холбогдуулан тэрэг хариуцагч ажилтнаар түр томилсон тухай тушаал гарсан байсан учраас энэ хугацааны цалин гэж ойлгосон гэх тайлбар хийж маргажээ.

“АН” ОНӨААТҮГ болон тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээний 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад нь байгууллагад тасралтгүй 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох...”-оор  нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.

Энэхүү нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “...хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх ба хамтын гэрээг шинээр батлаагүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний дагуу дутуу олгосон тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Д.Ад дутуу олгосон 7 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7 117 957 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хамтын гэрээний 8.5-д заасантай нийцэж байна.

Анхан шатны шүүхээс хамтын гэрээний үйлчлэл, хуулийн этгээдийг нэгтгэснээс үүсэх эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчид олгох болон олгогдсон тэтгэмжийн хэмжээ, нэхэмжлэл гаргах хугацааны талаар хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч, тэтгэмжтэй холбогдуулан ЗТН Автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороонд удаа дараа гомдол гаргасан ба хариуг 2017 оны 01 дүгээр сарын 10, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд албан бичгээр өгсөн болон Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргаснаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус байгууллагаас хариу ирүүлсэн зэргийг харгалзан нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй талаар зөв дүгнэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01874 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР                                                                                                    

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА