Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Г.Г, С.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Алтансүх,

яллагдагч Б.Баяртулгын өмгөөлөгч О.Даваажаргал,

яллагдагч С.Гын өмгөөлөгч Д.Батсүх,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3125 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 108 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн С.Г, Б.Б, Г.Г нарт холбогдох 1806082621918 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Б-н Б, 2000 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ..................../,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Барга овгийн Г-н Г, 2000 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, өвөө, эмээ, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....................../,

3. Дайртан овгийн С-н Г, 2000 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

Б.Б, Г.Г, С.Г нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл
ашиглаж, 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнийн 02 цаг 40 минутын
орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан цайз”
гэх караокены орчим иргэн Б.Дгийн эзэмшлийн “Жи 7” загварын гар утсыг
хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 150.000 төгрөгийн хохирол учруулсан
гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, Г.Г, С.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан байна.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, зохих журмын дагуу битүүмжилсэн, эсхүл хураан авсан, үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд энэ нь шүүх уг хуулийн заалтыг хэрэглэх, биелүүлэх нөхцөлийн үндэслэл юм.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон яллагдагч нарын мэдүүлэгт тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн талаар мэдүүлсэн байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг тогтоож битүүмжлээгүй, үнэлгээг хийлгээгүй байна.

Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл эвдэрч, устаж үгүй болсон эсхүл бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдож байгаа бол хөрөнгийг үнэлүүлж дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна гэх үндэслэлээр Б.Б, Г.Г, С.Г нарт холбогдох 1806082621918 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Б, С.Г, Г.Г нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Алтансүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт Б.Б, Г.Г, С.Г нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Д, гэрч Г.Одонтөгс нарын мэдүүлэг, мөн яллагдагч нарын өөрийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон. Гэвч дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Мэндбаярын эзэмшлийн автомашин бөгөөд “Бичил глобус групп” ХХК-ийн өмчлөлд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасныг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3125 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч С.Гын өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Автомашиныг улсын орлого болгох нь үндэслэлтэй. Гэхдээ автомашин Мэндбаярын өмчлөлд байсан тул нөгөө талаар үндэслэлгүй юм.” гэв.

Яллагдагч Б.Баяртулгын өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуульд өөр зохицуулалт байсан боловч Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн зарчим байгаа. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх боловч энэ автомашин нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа учраас хураах нь зохисгүй юм. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заавал өмчлөлд байгаа тохиолдолд тухайн гэмт хэрэгт буруутай этгээдийн өмчлөлөөс гаргуулна гэж заасан. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т  өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан. Гэтэл хуульд хязгаарласан зохицуулалт байхгүй байхад ямар нэгэн практик зарчмаар хурааж улсын орлого болгох нь зохисгүй юм. Гол зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх гэж байгаа боловч Б.Б, Г.Г, С.Г нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж байгаа гар утсыг тухайн үед хүмүүст нь хүлээлгэн өгч нөхөн төлөх төлбөргүй болсон учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3125 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа тэргүүн ээлжинд хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг төлүүлэх зорилгыг агуулсан хууль зүйн ойлголт юм.

Шүүгдэгч Б.Б, Г.Г, С.Г нарын холбогдсон энэхүү хэргийн хувьд гэмт хэргийн улмаас хууль бусаар авсан гэх “G-7” загварын гар утсыг хохирогч Б.Дд буцаан өгсөн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, энэ талаар хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хураах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Б.Б, Г.Г, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3125 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, Г.Г, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцтэл Б.Б, Г.Г, С.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ