Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/607

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч  Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Эрдэнэчимэгийн Э.Дд холбогдох эрүүгийн 1810017660719 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер, загвар зохион бүтээгч мэргэжилтэй,  0 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.Д

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 71 тоотод хохирогч 79 настай Б.Дад агсам тавьж, улмаар таягийг нь авч зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч Э.Дгээс: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Дын: “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэртээ Э.Дгийн ах Болд, манай охин У бид нар байж байтал орой 22:30 цагийн үед манай хүү У_Бийн салсан эхнэр Э.Д нэг өндөр шар залуугийн хамт орж ирээд “манай шинэ нөхөр” гэж танилцуулсан. Ингээд удаагүй байж байтал Э.Д намайг баруун өрөөнийхөө диван дээр урагшаа хараад сууж байхад миний урдуур өнгөрч байхдаа баруун талд минь байсан таягыг аваад намайг үгийн зөрүүгүй зодож эхэлсэн. Э.Д таягаар миний баруун шуун дундуур 2-3 удаа, баруун гуяны дээд хэсэгт 2 удаа цохичихоод таягыг минь хаячихаад гараад явсан. Тухайн үед Э.Д манайд орж ирэхдээ архи уучихсан согтуу байсан, архи үнэртээд байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

Гэрч У_Бийн: “...Э.Д нь нийтэч харьцаа байхгүй, зан байдлын хувьд ширүүн, хүнтэй үг хэлээ ололцож чаддаггүй, манай гэрийнхэнтэй таарамж муутай. Э.Д манай эмээг зодож, цохиж байх үед би байгаагүй. Гадуур хүүхдүүдээ салхилуулж байсан юм. Зодсон гэх өдрийн маргааш өглөө гэртээ ирэхэд эмээ “өчигдөр намайг Э.Д орж ирээд миний таягаар зодсон” гэж ярьж байсан. Мөн толгой өвдөөд байна гэсэн бөгөөд эмээгийн гар болон хөлөнд нь хөх няц болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, 

Гэрч Ц.Болдын: “...Э.Д жижиг өрөө рүү орж ирээд намайг “ манайд очъё, манайд хоно” гэхээр нь би “үгүй, үгүй би энд хононо” гэсэн. Тэгтэл Э.Д Друу заагаад “энэ хүн намайг таньд муу хэлж байна уу” гэхээр нь би “үгүй хэлээгүй” гэхэд Э.Д “энэ муу намайг муу хэлж байгаа” гээд Дуламхандыг орныхоо булан дээр сууж байхад таягыг нь аваад 3 удаа гар, хөл рүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №9004 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/

                                                                  

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тэдний зээ хүү У_Бтэй хамт амьдарч байхдаа зээ хүү У_Бтэй би гэр бүлийн асуудлаар болж маргалдахад У_Бийг өмөөрөөд надтай Дгуай маргалдаж муудалцах зүйл зөндөө байдаг байсан. Энэ нь бодогдоод цохисон юм болов уу даа...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Э.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны 71 тоотод хохирогч 79 настай Б.Дад агсам тавьж, улмаар таягийг нь авч зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/, гэрч У_Бийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,  гэрч Ц.Болдын мэдүүлэг /хх-ийн 11-12 пугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №9004 дугаартай  шинжээчийн:

  1. Б.Дын биед баруун шуу, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэнд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн хохирогч Б.Дын биед учирсан “баруун шуу, гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн  зэргийн гэмтэл нь шүүгдэгч Э.Дгийн дээр дурьдсан тодорхой шалтгааны улмаас зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл байна.

Шүүгдэгч Э.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 79 настай хохирогч Б.Дад агсам тавьж, улмаар таягийг нь авч зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтанд заасан /хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж/ гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлсэн.

      Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний гэм буруутай дээрх үйлдэлд нь тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

       Шүүх, шүүгдэгч Э.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

     

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч нь Б.Д нь мөрдөн шалгах ажиллааны шатанд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэгтээ нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шарнууд овогт Эрдэнэчимэгийн Э.Дг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Дгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Дд мэдэгдсүгэй.

5.Хохирогч Б.Д нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ