| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/123 |
| Огноо | 2017-04-12 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Б.Батхишиг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2017/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,
Улсын яллагч Б.Батхишиг,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Н /ҮД:0342/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,
Техникийн шинжээч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох, эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2017 оны 3 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч.Д : Монгол улсын иргэн, 1984 оны 08 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хамгаалалтай нэгдүгээр газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, Толгойт гудамж, 000-00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.Д /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 9 сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвараар баруунаас зүүн зүгт өөрийн эзэмшлийн 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-г заасан “Улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөний хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан гэрэл дохио хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” мөн дүрмийн 9.2-д заасан /жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.А-г мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Доорс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016 оны 9 сарын 23-ны өглөө 06 цаг 55 минутанд ажилдаа явахаар гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн 00-00 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 загварын автомашинаа жолоодон цуг ажилладаг цагдаа Н, Г нарыг 3, 4-р хорооллын эцсийн буудал орчимоос аваад зүүн явж байгаад замын 3-р эгнээгээр Гандангийн уулзвараар дөнгөж өнгөрөөд явган хүний гарц өнгөртөл зүүн гар талаас нэг хүн урдуур ороод ирэх шиг болсон бөгөөд би тухайн үед нь тормоз гишгэтэл түсхийх чимээ гарсан ба би хүн мөргөчихлөө гэдгээ мэдээд баруун зүгт машинаа залж 2-р эгнээнд орж зогсоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүн дээр очтол 20 орчим насны эмэгтэй хүн газар хэвтэж байхаар нь өөрийн 00000000 дугаарын утсаар цагдаагийн 102 дугаарт “Гандангийн уулзвар орчим осол гаргачихлаа” гэж дуудлага өгсөн тэгээд шууд түргэн тусламжийн 103 дугаарт “Тасганы овооны уулзвар дээр хүн мөргөчихлөө яаралтай түргэн тусламж хэрэгтэй байна” гэж дуудлага өгсөн. Тэгээд 3-4 минутын дараа дахиж 103 руу залгаж дуулагаа шаардтал манайхаас гарсан гэж хэлсэн. Тэгээд би нөгөө мөргүүлсэн хүн дээр очиж үзэхэд амьсгаатай, хамраас нь цус гарсан байсан тул хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн, тэгээд замын цагдаа нар ирсэн байсан тул би түргэн тусламж ирэхээс өмнө би аваад эмнэлэг рүү явж болох уу гэтэл цагдаа нар түргэн тусламж ирэх хүртэл хөдөлгөөд хэрэггүй ээ гэж хэлсэн. Тэгээд 30 орчим минутын дараа түргэн тусламж ирж үзээд энэ хүн нас барсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх 120/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ар гэрт үхэл, хагцал учруулсандаа харамсаж гэмшиж байна. Энэ талаар Н.Эаас уулзах болгондоо буюу олон удаа уучлалт гуйсан. Мөн дахин уучлалт гуйж байна. 2016 оны 9 сарын 23-ны өглөө 06 цаг 50 минутын орчим гэрээсээ ажилдаа гарсан. Тэгэхдээ хамт ажилладаг дэд ахлагч Ныг гэрийнхээ гаднаас авсан. Мөн замдаа гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээрээс ахлагч Гийг авч цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан. Тэгээд би 7 цаг 20 минутын орчим тасганы овооны уулзварыг ногоон гэрлээр нэвтэрч орсон. Намайг уулзварт нэвтэрч орсоны дараа яасныг мэдэхгүй байна. Тэгсэн зүүн гар талаас буюу машины зүүн талын багананд хөдөлгөөн мэдрэгдэх шиг болсон. Тухайн үед маш хурдан болж өнгөрсөн болохоор тоормос гишгих тэр мөчид түс хийх чимээ гарсан. Би машинаас буугаад хартал 20-25 орчим насны нэг эмэгтэй байсан. Тэгээд 102, 103-т дуудлага өгч 10 орчим минутын дараа 2 цагдаа ирсэн. Тухайн үед талийгаач амьд байсан бөгөөд цагдаа дуудсаны дараа талийгаачийн судасыг бариад үзэхэд цохилж байсан. Тэгсэн талийгаачийн хамарнаас цус гарч эхлэхээр нь би гараараа цэвэрлэсэн. Тэгээд цагдаа ирэхээр нь би “энэ хүн амьд байна, яаралтай эмнэлэгт хүргье” гэж хэлсэн боловч цагдаа нар хөдөлгөж болохгүй түргэн хүлээхээс өөр арга байхгүй гэсэн. Тэгээд 20 гаран минутын дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Энэ үед ч талийгаач амьд байсан боловч 30 гаран минутын дараа түргэн ирээд авч явсан. Тэгээд би шалгагдаж эхэлсэн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. гэсэн мэдүүлэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Талийгаачийн хувьд зан байдлын хувьд үг дуу цөөтэй, төлөв даруу хариуцсан ажилдаа нягт нямбай, хариуцсан ажилдаа сайн, хамт олонтой нийтэч, хамт олондоо нэр хүнтэй хүүхэд байсан. Ахуй амьдралын хувьд хүнтэй зуугаагүй, ганц бие бөгөөд төрсөн дүү Аийн хамт Телевизэд түрээсийн байранд амьдардаг. гэсэн мэдүүлэг /хх 24/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би талийгаачийн төрсөн ах бөгөөд эхээс тавуулаа юм. 2016 оны 9 сарын 23-ны өдөр зам түгжрээтэй бороо орж байсан. Намайг гэртээ 10 цаг өнгөрч байхад дүүгийн утаснаас дуудлага ирсэн байсан боловч би 00-д байсан учраас утсаа авч чадаагүй. Харин манай эхнэр рүү залгаад З эгч осолд орчихлоо гэж ярьсан. Тэгээд удалгүй намайг замын цагдаа дээр яаралтай ирнэ үү гэсний дагуу очсон. Тэгэхэд надад талийгаачийн эд зүйлсийг хүлээлгэж өгсөн. Тэгээд бид нар ээжийн бие муу учраас тайвшируулж байгаад хэлсэн. Би айлын том хүүхэд болохоор эмэгтэй дүүгийнхээ хамт ажил явдлыг зохион байгуулж өнгөрөөсөн. Тэр өдөр намайг мэдүүлэг өгөөч гэсний дагуу мэдүүлэхдээ эхээсээ тавуулаа, талийгаач дүү маань ихэр байсан, үг дуу цөөтэй, маш даруухан, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, гэр бүлгүй, 28 настай, хамт олон дундаа нэр хүндтэй, ажилласаг хүн байсан. Мөн ажил хийж цалингаа аваад ээжийнхээ эмчилгээнд тусладаг байсан гэж хэлсэн. Талийгаачийн ажил явдлын үеэр Д утсаар яриад ирж учир байдлаа хэлсэн болохоор буруугаар хүлээж авалгүй үнэн зөв хүлээ гэж хэлсэн. Үүнээс хойш баримтаар 13 сая орчим төгрөгийн хохирол гарч Д цувуулаад өгсөн. Мөн Д нь хүн чанартай байсан. Бид ярьж байгаад нутагтаа суврага босгохоор болсон, түүнд хэдэн төгрөг буян болгож сэтгэлээсээ өгчөөрэй, шүүгдэгчид гомдолгүй. гэсэн мэдүүлэг.
Техникийн шинжээч Б.Ггээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Анх тусгай дугаар /102, 103/-т дуудлага өгсөн цагаар осол гарсан цагийг тодорхойлох нь техникийн шинжээчийн гол үүрэг юм. Учир нь тэр цаг, минут аль горим дээр таарч байгааг харуулна. Хавтаст хэрэгт өгсөн Дын тайлбараас хөөгөөд үзэхээр 3-р горим дээр буюу урдаасаа ногоон гэрэл ассан горим дээр осол гарсан. Тэр үед явган зорчигчийн гэрэл аль хэзээний нээлттэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл урдаасаа бүх чигт ногоон гэрэл асахад явган зорчигчийн ногоон гэрэл нээгдэж байгаа юм. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-г тавих болсон шалтгаан нөхцөл бол хажууд нь явсан гэрчийн мэдүүлэгт түс хийх дуу гарч баруун тийшээ дараад тоормос гишгээд зогссон. Мөн Дын мэдүүлснээр 50 км/ц хурдтай явсан бол машин зүгээр зогсоно. Тэгэхээр хурд болон гэрлэн тохионы асуудал яригдаж байгаа юм. Гэвч би хурдыг тогтоож чадахгүй. Учир нь хавтаст хэрэгт хурдыг тогтоосон тоормосны нэг ч мөр байхгүй. Гагцхүү хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй. Тоёота приүс автомашин баруун гар талдаа жолооны хүрдтэй бөгөөд жолоочийн харааны өнцөг 120 градуст нээлттэй байгаа. Гэтэл жолооч Дын баруун гар талд байгаа багана бол баруун гар талыг халхална. Харин зүүн гар талыг халхалахгүй. Ийм тооцоололоор дүгнэлтээ гаргасан. Тэгэхээр Д нь явган зорчигчийг хараагүй байгаа юм. Мөн шүүгдэгч нь 07 цаг 30 минутанд хамгаалалтын нэгдүгээр газарт хуралтай байсан. Гэтэл осол 07 цаг 21 минутад гарсан. Тэгэхээр уг осол гарсан газраас хамгаалалтын нэгдүгээр газар хүртэл 10 гэрлэн дохиотой уулзвар дамжих гэж явсан нь Дын хурд байгаа юм. Учир нь Д ажилдаа амжих гэж яарч явсан байгаа юм. Тасганы овоонд гэрлэн дохио зөрчиж гарсан болохоос цаашаа хэдэн гэрлэн дохиог улаанаар гарахыг би мэдэхгүй гэсэн мэдүүлэг.
Гэрч Н.А-ээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манайх тасганы овооны 4-н замын уулзвараас хойш Монголын Үндэсний телевизийн зүүн хойд талд байдаг бөгөөд манайхаас тасганы овооны уулзвар хүртэл 10 минут орчим л алхадаг юм. Миний эгч Н.А- архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй, 2016 оны 09 сарын 23-ны урьд өдөр ямар нэг байдлаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэсэн мэдүүлэг. /хх 26/
Гэрч М.Гөөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Намайг 2016 оны 9 сарын 23-ны өглөө 3, 4 дүгээр хорооллоос зүүн зүгт явж байхад Гандангийн автобусны буудлын харалдаах явган хүн гарцны гэрлэн дохио ногоон асаж байсан харин уг ногоон гэрэл асаж байх үед Тасганы овооны уулзварын гэрлэн дохио миний явах чигт ногоон асаж байсан бөгөөд намайг уулзварт тулж ирэхэд улаан гэрэл ассан ба би яг уулзварын цагаан зурвас өмнө зогссон. Намайг яг зогсохоос 2-3 секундын өмнө миний зүүн гар талд зэрэгцээд явж байсан цагаан өнгийн машин зүүн гар талаар орж уулзварт нэвтэрсэн. Энэ үед уулзварын цаана явган хүний гарцаар Петровис ШТС-ын харалдаа нэг хүн хойноосоо урагш зүгт явган хүний гарцаар гарч яваа харгдсан. Би ч яг энэ үед улаан гэрэл асч уулзварын нэвтрэх хэсгийн явган хүний гарцны цагаан шугамын наахан тормоз гишгэж зогсоод урагш хартал миний зүүн гар талаар уулзварт нэвтэрсэн цагаан өнгийн машин цаана явган хүний гарцаар гарч байсан хүнийг мөргөж тэр хүн агаарт шидэгдэж байгаа агшинг би харсан. Тэгээд миний явах зүгээс зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр баруунаас хойш, зүүнээс урагш явах гэрэл ассан үүний дараа хойноосоо урагш, урдаасаа хойд зүгрүү явах гэрэл асаж урдаас баруун, хойноос зүүн тийш явах гэрэл асаж үүний дараа миний явах чиглэл буюу баруунаас зүүн, зүүнээс баруун чигт явах гэрэл асаж би уулзвараар нэвтэрч осол гаргасан машин болон осолд өртсөн хүний хажуугаар явж харсан. Тэр осол гаргасан машин цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн машин байсан.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1776 дугаартай дүгнэлтэнд: Н.А- нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас шууд үхэлд хүргэсэн байна. Цус нь АВО-ийн системийн А2-р бүлэгтэй байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх 73-74/
Шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхний хуулбар /хх 140/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 141/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 112/ хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 143-159/, хохирлын баримт /хх 160-167/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх 168-177/, хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх 178-179/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8, 11-14, 68-69, 75/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 138/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн ¹8402 дугаартай Биологийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт /хх 77/, Н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 30 өдрийн дүгнэлт /хх 85/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт /хх 176/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч С Б.Д нь 2016 оны 9 сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тасганы овооны уулзвараар баруунаас зүүн зүгт өөрийн эзэмшлийн 00-00 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-г заасан “Улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөний хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан гэрэл дохио хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” мөн дүрмийн 9.2-д заасан /жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.А-г мөргөж, Н.А- нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас барсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-г заасан “Улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөний хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан гэрэл дохио хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна” мөн дүрмийн 9.2-д заасан /жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтуудыг зөрчсөн, талийгаач А- нь замын хөдөлгөөний ямар нэгэн дүрмийг зөрчөөгүй болох нь шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Дыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Дын бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс одоо ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон талаар мөрдөн байцаалтанд бичгээр гаргаж өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Дт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Дыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 8 сарын хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан гурван 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 3 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 8 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгч Б.Дын ****** дугаарын В, С ангилалын жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР