Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 115/ШЦТ/2020

 

  

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр              Дугаар: 2020/ШЦТ/115                                    Зуунмод сум

 

                                 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд 

-улсын яллагчаар М.Гансувд

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цээпил

-хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сэлэнгэ

-шүүгдэгчийн өмгөөлөгч  М.Нямханд,

-шинжээч Г.Цэндсүрэн, М.Базаррагчаа

-шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц холбогдох эрүүгийн 1834004500385 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Ц нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг сумын төвийн салдаг уулзварын баруун талд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өглөө “Тоёота Приус-11” маркийн 33-73 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Ш.Цэрэннадмидын жолоодож явсан “Мицубиши Кантер” маркийн 13-46 УБИ улсын дугаартай цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч М.С, Д.Тд нарын амь насыг хохироож, М.Сэлэнгэ, Ц.Бүрэнтогтох нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Бодьбаатарын эрүүл мэндэд хөнгөн, Ш.Цэрэннадмидын эд хөрөнгөд 8,935,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Ц нь: “Би 1970 оны 5 сард Увс аймгийн Завхан суманд төрсөн. 1992 онд багшийн их сургууль төгссөн. 1992 оноос бага ангийн багшаар ажилласан. 1993-1994 математикийн багш мэргэжлийг эзэмшсэн. 1996 он хүртэл сумандаа хичээлийн эрхлэгчээр ажилласан. 2018 оны 06 сарын 25-нд Улаанбаатар хот явахаар гарсан. Гарахад машины рулийн аппарат нэг талдаа түгжигдээд гацаад байсан. 2018 онд энэ машиныг авсан. Энэ машинд дагалдаж нэг рулийн аппарат ирсэн. Тэгээд аймаг ороод Бадаа гэдэг хүнээр солиулсан. 4-н дугуйндаа олгой хийлгэсэн. Гэтэл тэр хүн бас шинэ аппарат чинь дуутай байна гэсэн. Би Увсаас хадам ах Сэргэлэн түүний хүү болон өөрийн  эхнэртэй гарсан. Тэгээд гараад Тосонцэнгэл дээр дараа нь Чулуут дээр амраад хамгийн сүүлд Лүн суман дээр амраад хөдөлсөн. Баянхайрханы уулзвар дээр урдаас машин ирж байсан. Урд суудал дээр эхнэр сууж байсан учраас тэр машиныг харсан. Гэнэт машины доод талд тас гэсэн чимээ гарсан. Гэтэл руль ажиллагаагүй болсон. Кардан болоогүй, тоормос бариагүй. Тэгээд урд машинаа мөргөсөн. Тэр үед ард 2 бүрлээч, миний хүү байсан. Тэгээд хэсэг ухаан алдаад сэрсэн. Цээпилийн нөхөр, манай хадам ах тусламж гуйгаад нилээн явсан. Тэр хүн сумын эмнэлэг дээр очоод нас барсан. Хүүхдийн хувьд бас машинаас гаргаад нас барсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цээпил нь: “Хэргийн талаар өглөө мэдсэн. Дүү маань залгаад осол боллоо гэсэн. Манай нөхөр явж байсан болохоор ах чинь яаж байна гэж асуухад ах зүгээр хөл нь хугарсан, хүүхэд хэцүү байна гэсэн. Тэгээд би дахиад холбогдох гээд чадаагүй. Нөхөртэйгээ ярьтал гайгүй байсан. Тэгээд очтол нас барсан байсан. Тэгээд эмч танай нөхөр олон хүний амийг авраад нас барсан гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сэлэнгэ нь: “Ослын үед цуг байсан. Эхлээд бид хэд Лүнгээс наана яваад унтсан. Тэгээд би нэг сэртэл нар гарч байсан, цагаа хартал 5 өнгөрч байхаар нь буцаж унтаад сэртэл нар мандаад 6 өнгөрч байсан. Тэгээд босоод наашаа гарсан. Тэгээд колонкоос бензин авна гэж бодоод явж байтал машин цагаан зураас даваад байсан. Тэгээд зам гээд хэлтэл нөхөр маань машин жолоодлогогүй, руль гэж хэлж байсан. Үг хэлэхийн завдалгүй мөргөлдсөн. Тэгээд сэртэл энэ хүн хэл нь гарсан ухаангүй байсан. Тэгээд арын хүмүүс яав гэтэл ах буугаад тусламж гуйсан. Нөхрийг ах буулгасан байсан. Тэгээд хүүгээ буулгасан. Тэгээд би бууж ирсэн. Тэгээд ах маань намайг харахад гайгүй байсан. Тэгээд хайрцаг аваад ир гээд байсан. Энэ хэдийг эмнэлэг явуулчихаад өнгөрсөн дүүгээ хараад байж байтал эгч ирээд тэгээд эмнэлэг ортол ах нас барсан байсан. Тэр үед энэ хүнд хиймэл амьсгал хийж байсан. Хүүд маань бас тариа хийсэн байсан. Тэгээд би наашаа ирсэн байсан. Утасны цэнэг дууссан байсан. Машинаас бууж байхад хойноо эргээд хартал талийгаач дуугарч байсан. М.Ц өргөөд буулгасан. Миний Бие зүгээр. Нэхэмжлэх зүйл байхгүй. Сэргэлэн миний төрсөн ах, нөгөөх нь түүний хүү” гэв.

Шинжээч Г.Цэндсүрэн нь: “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд жолооны аппарат бол гадна харагдах гэмтэлгүй, цахилгаан мотортой холбоосууд бол бүрэн бүтэн, тайг нь бүрэн бүтэн, нугасан холбоос нь нугарсан гэмтэлтэй байсан. Хавтаст хэргийн 121, 122 дугаар хуудсуудад харуулсан байна. Энэ гэмтэл нь ослын үед шууд үүссэн байна. 13-46 УБЭ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөд үүссэн гэмтэл гэж үзэж байна. Энэ шинэ хугарал байсан. Жолооны механизмын ажиллагааг шалгах зорилгоор жолооны аппаратыг мушгиж үзэхэд хэвийн байсан. Хөндлөн тайг бол сунаж ажиллаж байсан. Баруун урд дугуй залагдаж эргэж байгааг зургаар харуулсан. Ослын өмнө хэвийн ажиллаж байсныг нотлож байна. Энэ байдлаас харахад доторхыг нь задалж үзэх шаардлагагүй. Жолооны аппарат дээр үүссэн гэмтэл нь осолд нөлөөлөөгүй...намайг үзлэг хийж байхад Тоормосны аппарат бол үндсэндээ эвдрэл гэмтэлтэй, зүүн урд дугуй нь тоормосны шингэн дамжуулах гуурс нь хугарсан байсан. Тоормосны системийн ажиллагааг шалгах боломжгүй. Тоормосны аппарат эд ангид ил харагдах эвдрэл гэмтэл харагдахгүй. Битүүмжлэл алдагдсан учраас тэлэгчийг шалгах боломжгүй. Наклад бол 7 см өргөн, хагарч гэмтсэн байсан. Хугарсан байсан. Ослын үед хагарсан боловч тоормосны ажиллагаанд нөлөөлөхгүй. ABS системийн мэдрэгч шалгах боломжгүй байсан... Зүүн урд дугуйны гэмтэл нь осол гарахад буюу мөргөлдөх үед гэмтсэн... Ослын өмнө гэмтэл гарсан байсныг ил харагдах боломжгүй. Гэхдээ эвдрэлтэй байсан. Механик систем ажиллаж байсан. Шингэнээ шахаад тоормос нь ажиллана. ABS систем ажиллахгүй байсан... Энэ систем бол тоормосны хүчийг тэнцвэржүүлэх үүрэгтэй. Туслах маягийн үйлчилгээ үзүүлдэг...Ослын газар гэрэлтэй хуурай байсан учраас тоормос бол хэвийн ажиллана...ABS систем нь зүүн урд дугуйнд нөлөөлөхгүй. Тоормосны хувьд дугуйг эргүүлж зогсоох үйлдэлтэй. Тухайн ослын үед шууд тоормос гишгэсэн болохоор тоормосны хүчээр тоормос гулгаад мөр нь урсдаг... Дугаралттай холбоотой шинжилгээгээр зүйл илрээгүй... тоормос нь барьсан бариагүйг шалгах боломжгүй... Энэ бол ослын үед үүсдэг эвдрэл болохоор энэ байдал ослын нөхцөлд хамаарахгүй... Криминалистикийн шинжилгээгээр аливаа үйлдэл мөрөө үлдээдэг. Тэгэхээр зүүн хойд дугуй нь ослын үед хагарсан. Обудын амсар дэрвийсэн хэсэгт хий алдаж байсан нь шалгагдсан байна. 47 зураг дээр энэ байдал харагддаг. Энэ бол механик хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг. 52, 53 дугаар зураг дээр хийн бөмбөлөг үүсч байгааг үзүүлсэн. Зүүн урд дугуйн дээр хаймар дугуй цоорсон гэмтэл байна. Обуд хавчигдсанаас болж хаймарт гэмтэл үүссэн...хаймар ослын үед л хагарсан. Ослоос өмнө хагарсан бол мөрөө үлдээнэ. Хаймар эдлэлийн бат бөхийн хязгаар ашиглалтын нөлөөгөөр даралтын нөлөөгөөр эмэрч сэмэрдэг. Ослын өмнө үүсээгүй. Ослын өмнө дугуй хагарсан бол обудны ирмэг шууд газартай харьцаад зам дээр мөр үлдээнэ. Обудны эрмэг дээр мөр үүснэ...жолооч замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой. ABS систем ажиллахгүй байгаа байдал бол нүдэнд харагдахгүй болохоор тодорхойлж чадахгүй мөн туршлагын хувьд мэдэхгүй байж болно. Хянах самбар дээр шар улаан гэрэл асч анхааруулсан байх ёстой... гэв.

Шинжээч М.Базаррагчаа нь: “Дугуйнууд ослын үед хагарсан, дугуйнууд нь зэвэрсэн байсан. Хагарсан хэсгээрээ биш хагараагүй хэсгээрээ зэвэрсэн байсан. Энэ бол хуучин муу дугуй гэсэн үг. Дугуй гаднаа биш дотроо цууралт гэж зүйл үүссэн байж болдог. Дугуйнд хээний сүвд гангаар холбоос хийсэн байдаг. Энэ хэсэгт ус орвол зэвэрдэг. Гэхдээ гаднаасаа харахад хээний гүн бол хэвийн байдаг. Ийм зүйл байсныг үгүйсгэх аргагүй. Бид нар тэрийг нотлох боломжгүй байсан. Осол болоод удсан дээрээс нь тухайн машин гадаа байсан. Г.Цэндсүрэн бол ослын газар дээр шинжилсэн. Бид нар бол удаан хугацааны дараа эд мөрийн баримт байхгүй болсны дараа очсон. Дугуй хагараагүй хирнээ дотроо цууралт гарсан байж болно. Ийм байдлыг жолооч харах боломжгүй. Монголын замд дугуй гаднаасаа шавартай байдаг. Үүнийг харахын тулд сайн угааж арчиж байж харж болох байх. Тэгэхээр ослоос өмнө урьдчилан гэмтэл гарсан бол жолооч мэдэх боломжгүй... Жолооны механизмыг эргүүлэхэд дугуйгаа залаад байсан. Машины үйлдвэрлэгчид машин үйлдвэрлэхдээ хамгийн түрүүнд тоормосыг хамгийн найдвартай хийгээд дараа нь жолоог хийдэг. ABS гэдэг зүйл бол тоормосонд нөлөөлөхгүй. Автомашин тоормослохдоо дугуй нь газар дээр шүргэж тоормослодог. 1000 км явахад нөлөө үзүүлнэ. Дугуйнд үзүүлэх накладны халалт өөр болсон байх ёстой. Сүүлийн үеийн тоормос нь яг чигээр нь хавчиж тоормослодог. Дээр үед бол чиглэлээ алддаг байсан. ABS  нь тоормосыг 100 хувь чигээр нь зогсоох гэсэн зорилготой гэж ойлгож болно. Урд юм байж байвал залаад гаргах боломжтой байсан. ABS систем байхгүй бол чигээрээ тоормослох хэдий ч залалт хэвийн бус болно. Жолооны механизм гэдэг бол элдүүр шиг зүйлийг тавьчихаад 2 тийш нь хөдөлгөөд байдаг зүйл юм. Энэ бол гацдаггүй. Цахилгаан хүчлүүр юм. Цахилгааныг огт гацаагүй гэж үздэг. Яагаад вэ гэхээр энэ бол хажууд нь нэмэлт арааг нь эргүүлж өгдөг зүйл. Энэ байсан байгаагүй зүгээр л жолоодно. Машиныг өргөхөөр нэг дугуй эргээд нөгөө дугуй нь зүгээр байгаад байдаг. Энэ системийг приуст ашигласан. Машины дифиранциал хийцийг жолооны механизмд хийсэн. Жолоон дотор таг таг хийгээд дугараад байх нь голууд нь сулраад дотроо хөдлөөд байдагт оршдог. Энэ бол хэдийд үүсэх вэ гэхээр тэр эд анги нь шахуу болсон хагарсан үед илэрнэ. Энэ машины хувьд бол тийм зүйл байхгүй. Энэ талаар зураг авч хэрэгт хавсаргасан байгаа. Татуурганы дунд нь нугасан холбоос мултарч унадаг. Энэ холбоос мултраагүй байхад хугарсан. Өндгөн тулгуур мултарсан нь явж байхад мултарч болох ч гэхдээ энэ тохиолдолд хүчтэй зүйлээр цохисны улмаас мултарсан. Дугуйны хувьд техникийн бүрэн байдлыг хангаагүй, ашиглалтын байдал муу байна... Гэнэт чимээ гарсан гээд байна. Яг тэгж дугарах зүйл ховор. Тэгсэн тохиолдолд заавал тэр бөмбөлгөн холбоос мултарна. Дугуйны өндгөн тулгуур мултардаг. Тэр машины хувьд маш хүчтэй цохилтын дараа унасан... Доторх холбоосууд нь хөдөлсөн байна. Супермаркетын түрдэг тэрэгний дугуйтай адил. Тэгээд тэр бөмбөлгөн холбоос элэгдээд зай гарахаар жолооны руль хөдлөөд байна. Энэ байдлаар бид нар оношилдог... Зүүн урд талын дугуй буудаж руль ажиллагаагүй болсон бол эсрэг талд зам чөлөөлж зогсож чадах эсэх нь хурд, жолоочийн дадлага 2-оос шалтгаална... Тоормос ажиллахгүй тохиолдлын хувьд болохгүй. Автомашин ийм зүйл болохоос сэргийлж байдаг. Миний ажлын туршлагын хувьд хэзээ ч ийм зүйл болж байгаагүй. Дугуй хагарснаас болж жолоо дайвалздаг. Тэгээд жолооч бол эсрэг тийшээ дарж унадаг. Тоормос ажиллахаа больсон бол тоормостойгоо ноцолдоод байдаг. Өөр зүйлд анхаардаггүй...Жолооч замын хөдөлгөөнд хэвийн орж байхдаа дугуй хэдийд хагарна гэж урьдчилан мэдэх боломжгүй. Гэхдээ жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж явах үүрэгтэй... Дугуй хавагнасан бол мэднэ. Дугуй элэгдсэн бол мэднэ. Дугуйгаа бат бөх болгоно гээд хаймар хийдэг. Гэхдээ дугуйн дотор хаймар хийх нь амиа хорлож байгаа хэрэг... замын хөдөлгөөний дүрэм дээр өөр өөр дугуйтай явж болохгүй гэж цусаар бичсэн байдаг. Хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хориглосон заалтад тоормос, жолоо, дугуй гэмтэлтэй бол гэсэн заалт орсон байдаг... Манай замд 80 км цагийн хурдтай явсан бол зогсож чадна. Түүнээс илүү бол чадахгүй. Дугуй хагараад уналаа гэхэд хаймартай дугуй обуд нь дотроо хий эргэдэггүй. Хаймаргүй бол обуд нь дотроо хий эргэдэг... Олгойтой дугуйруу хадаас шаахаар хий нь хурдан гараад байна гэдэг. Тэгээд олгойг авдаг. Ихэнх тохиолдолд дугуйны дотор талд түрхлэг түрхдэг. Ийм тохиолдолд хадаастай дугуй яваад байдаг. Тэгээд хаймартай бол түрхлэг, хаймар 2 хоорондоо үрэлдээд байдаг. Энэ нь хар толбоор илэрдэг. Энэ 2 бие биенээ идээд байдаг. Хэрэв хаймаргүй дан түрхлэгтэй бол хадаас шаагаад орохоор тэр түрхлэг нь хадаасаа барьцалдуулаад хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжтой байдаг...60 км-ийн хурдтай яваа машиныг 10 гишгэхэд ус буцалгахаар халуун болдог... Замдаа хоноод өглөө босоод явахад наклад хөрнө. Халаалт маань барьцалдлалын кофицент нь өөр болдог. Барьцалтын хэмжээ өөр болдог. Энэ 2 өөр болохоор чиглэлээ алддаг... Осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй байсан... Чулуу үсэрсэн ч байж болно. Замд явж байхад юу ч дугарсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ... Тарпец салаад унавал жолоодлогогүй болно. Гэхдээ дайвалзаад явна... Шүдтэй нь тарпец. Энэ хүний яриад байгаа нь тарпецийг хөдөлгөдөг араа... Руль чичрээд байгаа нь аюултай. Тог тог гэж дугарах нь аюултай... Энэ дугуй хэрвээ ослын өмнө хагарсан бол жолоо булаах боломжтой юу гэхэд би боломжтой гэсэн. Гэхдээ жолооны хүрдэнд нөлөөлөхгүй гацаагүй гэсэн. Урд дугуй, хойд дугуй 2 нь тусдаа трупптэй. Хойд дугуйны трупп тасрахад урд 2 дугуйнд нөлөө байхгүй. Хэрвээ дугуй ослын өмнө хагарсан бол дугуй хагарсан тал руу жолоо булаана гэсэн. Дугуй хагараад энэ осол гарсан гэж хэлээгүй... Автомашин явж байгаад дугуй хагарсан бол руль эсрэг талруугаа булаана гэсэн үг. Жолоо булаана гэдэг нь тэр дугуйны хөдөлгөөн удаашраад нөгөө 3-н дугуй нь тойрч эргээд чиглэлээ өөрчилдөг гэсэн үг юм...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч М.Цгийн мэдүүлгүүд /хх-ийн 81, 84, 163 тал/, хохирогч Ш.Цэрэннадмидийн мэдүүлэг /хх-ийн 51 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 тал/, хохирогч М.Сэлэнгээгийн мэдүүлэг /хх-ийн 62 тал/, 52-83 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 114 тал/, шинжилгээний дүгнэлт /2-р хх-ийн 55 тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 57,59 тал/, техникийн шинжээчийн тайлбар /2-р хх-ийн 133 тал/, төлбөрийн баримт /2-р хх-ийн 13 тал/, М.Цгийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /2-р хх-ийн 79 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 8-9 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-23, 24-26 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-30, 34 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэмбэрэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цээпилийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 тал/, насанд хүрээгүй хохирогч Ц.Бүрэнтогтохын мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Энхзаяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 тал/, гэрч Б.Нямсамбуугийн мэдүүлэг /2-р хх-ийн 17-19 тал/, шинжээчийн 418 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 87 тал/, шинжээчийн 416 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 89 тал/, шинжээчийн 403 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 96-97 тал/, цогцост шинжилгээ хийсэн шинжээчийн 86 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 99-101 тал/, цогцост үзлэг хийсэн шинжээчийн 87 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 103-104 тал/, автомашины эвдрэлийн үнэлгээ /1-р хх-ийн 106-107 тал/, техникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 5283 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 114-142 тал/, техникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 тал/, шинжээч Л.Мөнх-Эрдэний 125 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 112 тал/, техникийн шинжээчийн 12/54 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 55-56 тал/, шинжээч М.Базаррагчаагийн мэдүүлэг /2-р хх-ийн 57-58 тал/, тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй 391 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 134-136 тал/, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 51 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 173-175 тал/ болон шүүгдэгч М.Цгийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ц нь Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг сумын төвийн салдаг уулзварын баруун талд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өглөө “Тоёота Приус-11” маркийн 33-73 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Ш.Цэрэннадмидын жолоодож явсан “Мицубиши Кантер” маркийн 13-46 УБИ улсын дугаартай цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас зорчигч М.С, Д.Тд нарын амь насыг хохироож, М.Сэлэнгэ, Ц.Бүрэнтогтох нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Т.Бодьбаатарын эрүүл мэндэд хөнгөн, Ш.Цэрэннадмидын эд хөрөнгөд 8,935,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

  • Хэрэг учралын газарт үзлэг хийсэн: “...Уг зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Төв аймгийн Баянхангай сумын нутаг Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр буюу Баянхангай сумын салдаг эргэх уулзвар Атарын гуанзны баруун талд Булган уул хүнсний дэлгүүрийн хойд талын засмал замын хойд талын шороон хөвөөн дээр урд талын хэсэг нь буюу кабин хэсэг нь эвдэрч хэлбэр дүрсээ алдсан тэвш хэсэгтээ цэнхэр өнгийн бүтээлэгээр бүтээсэн хүнсний болон ахуйн бараа ачсан 4346 УБИ улсын дугаартай цагаан өнгийн Кантер маркийн тээврийн хэрэгсэл байх ба...уг тээврийн хэрэгслийн урд талд засмал зам дээр хайрцагтай эд зүйл гялгар ууттай зүйл унасан мөн шороо, хар өнгийн тос масло цацагдаж асгарсан, Т.Приус машины өрөөсөн гэрэл, цагаан өнгийн карлан төмөр хэлбэр дүрсээ алдаж унасан мөн шилний хагархай тарсан засмал замын урд талд засмал зам, шороон хөвөөг дамнас 3373 УБХ улсын дугаартай цагаан өнгийн Т.Приус 11 маркийн тээврийн хэрэгсэл урд болон зүүн урд хэсэг эвдэрч чихэгдсэн байдалтай баруун хойд зүгт харж зогссон байх ба урд талд нь буюу зүүн хойд хаалганы болон дугуйны хажууд...эрэгтэй хүний цогцос дээшээ харсан байрлалтай нас барсан байдалтай засмал зам дээр 2 тээврийн хэрэгслийн талд 3373 УВХ тээврийн хэрэгслийн урд хойд дугуйны мөргөлдсөний дараах даралтын мөн, зүүн талаас засмал зам дээр үүссэн байв...” гэх тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-16 тал/,
  • Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 8-9 тал/,
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-23, 24-26 тал/,
  • Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-30, 34 тал/,
  • 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №418 дугаартай: “...М.Сэлэнгээгийн биед өвчүү, баруун 2, 3-р хавирганы хугарал, зүүн бөөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...шинэ гэмтэл байна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 87 тал/,
  • 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн №416 дугаартай: “...Ц.Бүрэнтогтохын биед баруун дунд чөмөгний хугарал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..шинэ гэмтэл байна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 89 тал/,
  • 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн №403 дугаартай: “...Т.Бодьбаатарын биед баруун 1-р шүдний хугарал, зүүн өвдөгт шарх, баруун чих, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...шинэ гэмтэл байна...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 96-97 тал/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №86 дугаартай: “...Талийгаач М.Сгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хэвлийн хөндийн цус алдалт /2300 грамм/, дэлүү, нарийн гэдэс, чацархайд язарч задарсан шарх, цус хуралт, зүүн 4, 5, 6, 7-р хавирга, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирга далд хугарал, доод уруул шарх, цус хуралт, зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалага, баруун шилбэ, зүүн шилбэ зулгаралт, нуруу цус хуралт гэмтэл тогтоогдлоо...шинэ гэмтэл байна...Талийгаач нь хавсарсан гэмтэл дэлүү задрал хэвлийн хөндийн цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 99-101 тал/,
  • Шүүх шинжилгээний албаны шинжээчийн №87 дугаартай: “...Талийгаач Д.Тдын цогцост хийсэн шинжилгээгээр нугас тасралт, хүзүүний 1-р нугаламын мултрал, 2, 3, 4-р нугалмын хугарал, бамбай булчирхай, уушгинд цус хуралт, элэг язрал, хуйханд шарх, эрүү, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Талийгаач нь хавсарсан гэмтэл нугас тасрал, хүзүүний 1-р нугаламын мултрал, 2, 3, 4-р нугаламын хугарал гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 103-104 тал/,
  • “Ашид Билгүүн” ХХК-ний Автомашин техникийн эвдрэл, үнэлгээний: “...1346 УБИ улсын дугаартай цагаан өнгийн Мицубиши Кантер маркийн машины үнэлгээгээр тогтоосон дүн 8,935,000 төгрөг...шууд зардлын дүн 7,840,000...шууд бус зардлын дүн 1,095,000 төгрөг...” гэх тайлан /1 хх-ийн 106-107 тал/,
  • Техникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 5283 дугаартай автотехникийн шинжилгээ хийсэн: “ М.Цгийн жолоодож явсан 33-73 УБХ улсын дугаартай, цагаан өнгийн, Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй бөгөөд автотехникийн шинжилгээнд тэнцэнэ 33-73 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооны механизм ажиллана...” гэх дүгнэлт /1 хх-ийн 114- 142 хуудас/
  • Шинжээч замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Л.Мөнх-Эрдэний гаргасан 125 дугаартай: “...Тоёота приус-11 маркийн 33-73 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 112 тал/,
  • Техникийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12/54 дугаартай: “...2.Тоёота Приус-11 маркийн 3373 УВХ улсын дугаартай автомашины жолоо болон тоормосны системд дараах төрлийн эвдрэл гэмтэл үүссэн нь үзлэгээр илэрлээ. Үүнд: Жолооны системийн зүүн талын хөндлөн татуурга тахийсан, жолооны трапецийн зүүн талын хажуугийн хөшүүрэг хугарсан, зүүн урд талын өндгөн тулгуур мултарсан, зүүн урд талын амартизаторын дээд бэхэлгээ тасарсан, зүүн урд талын дугуйн тоормосны трубка тасарсан, тоормосны системийн битүүмж алдагдан, шингэн гоожиж дууссан зэрэг орно. Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн гэж үзэж байна. Харин зүүн урд талын дугуй их хэмжээгээр гэмтсэнийг ослын өмнө эсвэл ослын үед үүссэнийг тогтоох боломжгүй байна...Дугуйнд үүсэн гэмтлийг жолооч ослоос өмнө урьдчилан мэдэх боломжгүй...” гэх дүгнэлт /2 хх-ийн 55-56 тал/,
  • 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 51 дугаартай: “...Тоёота Приус маркийн 33-73 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ. а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажпын тормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдснаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно. Мөн дүрмийн 9. Тээврийн хэрэгслийн хурд 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 2 дугаар хавсралт Гурав:..Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан гэх заалт /Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн лабораторийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5283 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Тоёота Приус маркийн 3373 УВХ улсын дугаартай авто машины урд тэнхлэгийн зүүн урд талын дугуй Япон улсад үйлдвэрлэгдсэн “Kenda” фирмийн 5 эгнээ бүхий ромбо, дөрвөлжин хэлбэрийн хээтэй, баруун урд талын дугуй Хятад улсад үйлдвэрлэгдсэн “КЕМОА” фирмийн 4 эгнээ бүхий тууш хээтэй дугуй тавьсан талаар дурьдагдсан байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах, 8.2.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх дүгнэлт /2 хх-ийн 173-175 тал/,
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач хүү Д.Тд Улаангом сумын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг байсан бөгөөд зуныхаа амралтыг Улаанбаатар хотод очиж гадаад хэлний сургалтанд суух, хотын ах дүү нар дээрээ очиж амарч өнгөрөөхөөр миний төрсөн дүү Сэргэлэн, Сэлэнгэ, зээ хүү Бүрэнтогтох, хүргэн Цолмонтой хамт 2018 оны 06 дугаар сарын 26-нд Цолмонгийн цагаан өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явсан...надад оршуулгын зардал болон бусад зүйлд хохирол төлбөр болгон ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47 тал/
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цээпилийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 06 сарын 26-ны өдөр талийгаач Сэргэлэн Увс аймгийн Завхан сумаас дүү Сэлэнгэ, түүний нөхөр Цолмон хүүхэд болон ахынх нь хүүхэд болох Төрболд нарын хамт 33-73 УВХ улсын дугаартай Т.Приус-11 маркийн машинтай Улаанбаатар хот руу гарч байна гэж утсаар ярьсан. Тэгээд 2018 оны 06 сарын 27-ны өдөр 17 цагийн орчим утсаар яриад замдаа явж байна одоо 400 км яваад очно юу байхав ядарч байна шүү гэж байсан. Тэгээд ахиж яриагүй. 2018 оны 06 сарын 28-ны өдөр 07:30 минутанд Сэлэнгэ над руу яриад замдаа явж байгаад зам тээврийн осолд орсон талаар хэлсэн... Сумын төв орох гээд явж байхад 08:50 минутанд эмнэлгээс эмч яриад 3 минутын өмнө Сэргэлэн гэх хүн нас барчихлаа гэж хэлсэн...Хамаатны хүмүүс учир хохирол нэхэмжлээгүй, хохирлын баримт бүрдүүлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59 тал/,
  • Хохирогч М.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би нөхөр Цолмон, хүү 10 настай Бүрэнтогтох, төрсөн ах Сэргэлэн, бага ахын хүү Төрболд нарын хамт 33-73 УВХ Т.Приус-10 маркийн машинтай Увс аймгийн Завхан сумаас Улаанбаатар хот орохоор 2018 оны 06 сарын 28-ны өглөөний 06 цаг өнгөрч байхад манай машин өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Тухайн үед барьсан манай нөхөр Цолмон руль залагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд зам руу харахад голын цагаан шугам харагдсан. Тэгээд хурдан хугацаанд мөргөлдсөн. Тухайн үед би болон манай нөхөр бид 2 хамгаалах бүс зүүсэн хойд талд сууж явсан хүмүүс зүүгээгүй байсан. Мөн осол болох үед хэдэн км-ын цагийн хурдтай явахыг хараагүй замд явахад би харахад 67, 73 км цагийн хурдтай явсан ба Төв аймгийн Лүн сумын төв зүүн зүгт өнгөрөөд явж байгаад Цолмон болон бүгд унтаж байгаад хөдлөөд явж байсан. Цолмон бол үүрэглэж ядарсан юм байгаагүй ...Миний хавирга хугарсан, өвчүү хугарсан, бөөрний зөөлөн эд гэмтсэн гэмтэл учирсан, миний хувьд гэр бүлээрээ явж байсан тул гомдол санал болон нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-64 тал/,
  • Насанд хүрээгүй хохирогч Ц.Бүрэнтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би аав Цолмон, ээж Сэлэнгэ, өөрийн ах Сэргэлэн болон Төрболд ах нарын хамт 2018 оны 06 сарын 26-ны өглөө Увс аймгийн Завхан сумаас Улаанбаатар хот орохоор гарч яваад 2018 оны 06 сарын 28-ны өглөө замдаа Төв аймгийн Баянхангай гэх газар өөр машинтай мөргөлдсөн байсан. Би тэр үед унтаж явсан болохоор юунаас болоод яагаад мөргөлдсөнийг мэдээгүй, аав намайг машинаас өргөж гаргахад сэрсэн ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68 тал/,
  • Хохирогч Ш.Цэрэннадмидийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "... тухайн тээврийн хэрэгслийг би 2018 оны 06-р сарын 23-ны өдөр Д.Туяацэцэг гэж хүнээс бэлэн 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэгээд нэрээ шилжүүлээгүй байсан Баянхонгор аймгийн Баянговь суманд ачаа хүргэж буулгаад буцаж ирээд нэрээ шилжүүлье гэж бодоод явж байсан юм. Тэгсэн уг зам тээврийн осолд орчихлоо. Тухайн 13-46 УБИ улсын дугаартай, цагаан өнгийн М.Кантер маркийн ачааны тээврийн хэрэгсэл бол миний өөрийн машин бөгөөд Туяацэцэг гэж хүнд машин худалдаж авсан бүх мөнгийг өгсөн ямар ч асуудалгүй байсан. Тиймээс тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг би нэхэмжилж хохирогчоор оролцох болно.,.2018 оны 06-р сарын 28-ны өглөө 06 цаг 40 минутын орчим засмал замаар Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз, сумын төвийн салдаг уулзвар өнгөрөөд явж байхад өөдөөс цагаан өнгийн суудлын машин хурдтай ирж яваа харагдсан. Тэгсэн урсгал сөрөөд миний явж байсан эгнээнд орж ирээд шулуун яваад ирэхээр нь би баруун гар тал руугаа дараад замаа чөлөөлж шороон хөвөө рүү зогсох үйлдэл хийж байх үед уг цагаан өнгийн суудлын 33-73 УВХ улсын дугаартай Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан 13-46 УБИ улсын дугаартай цагаан өнгийн М.Кантер маркийн ачааны тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалга хэсгээс эхэлж ирж мөргөлдсөн миний машин бараг зогсох гэж байсан учир мөргүүлээд тэр дороо шарваад зогссон юм...манай ах Бодьбаатар хэлэхдээ би ирж мөргөхөд нь харахад доошоо тонгойсон унтсан юм уу гэмээр харагдаж байсан гэж хэлж байсан...Надад бол тээврийн хэрэгсэл учирсан эвдрэл хохирол 8,935,000 төгрөг болон баримтаар гаргасан бусад хохирлыг гэм буруутай этгээдээс төлөх юм бол гомдол санал гэх зүйл байхгүй дээрх хохирлоо л нэхэмжилж байна...”, “...тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 8,940,000 төгрөгийг жолооч М.Цгийн зүгээс надад төлж барагдуулсан надад одоо нэмж нэхэмжлэх хохирол байхгүй...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/
  • Хохирогч Т.Бодьбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз гэх газрын урдуур засмал замаар баруун зүгт өнгөрөөд явж байхад өөдөөс цагаан өнгийн суудлын машин гэнэт урсгал сөрөөд өөдөөс чиглээд ирсэн тэгсэн машин барьж явсан Цэрэннадмид баруун гар талруугаа дараад засмал замаа чөлөөлж шороон хөвөөн дээр зогсолт хийхээр замаа чөлөөлөх үйлдэл хийж байх явцад миний сууж явсан зүүн талын хаалга хэсгээс тэр цагаан өнгийн Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирж мөргөсөн...Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанзны урд талын хурд сааруулагч гараад хүчээ сайн авч чадаагүй явж байсан ба 20 орчим км/цагийн хурдтай л явж байсан байх би км/цагийн заалтыг нь хараагүйБи тэр цагаан өнгийн 33-73 УВХ улсын дугаартай Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл нь өөдөөс хурдтай явж ирсэнээ 100 метр орчим л байх зайнаас гэнэт эсрэг урсгалдаа буюу манай машины явж байсан урсгалд орж ирээд шулуун явж ирж манай машиныг замаа чөлөөлж зөрж өнгөрөх үйлдэл хийж байхад мөргөсөн ба би тэр цагаан енгийн Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ирж мөргөхөд нь жолоочийг нь харахад толгой нь доошоо тонгойсон үүрэглэсэн, унтсан байдалтай юмуу гэмээр харагдаж байсан...миний биеийн байдал хэвийн болсон...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 14, 75 талууд/
  • Насанд хүрээгүй гэрч Б.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...дараа нь харж байхад мөргөлдсөн 33-73 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл манай машиныг ирж мөргөсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 тал/,
  • Шинжээч М.Базаррагчаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...жолооны механизмыг рүлийн баранкийг хөдөлгөж дугуйны хөдөлгөөнийг харж шалгахад эвдрэлгүй зүгээр байсан ба рүлийн аппаратанд тог ирж байгааг шалгах боломжгүй бүх цахилгаан гэмтсэн байсан, тоормосны механизм бол мөн хэвийн ажиллагаатай байсан харин труп нь ослын үед тасарч гэмтээд тос нь асгарсан байсан...өөр эвдрэл гэмтэл байгаагүй...Хагарч буудсан дугуй тал руугаа рүль булаана тэрнээс рүль цоожлогдохгүй, тормоз хагарсан дугуй барихгүй ч гэсэн бусад тодорхой хэмжээний барина...Жолооны механизм болон тоормозонд тийм зүйл байхгүй эвдэрч гацсан бол тэр хэвээрээ байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 57-58 тал/,
  • Техникийн шинжээч Г.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Уг тээврийн хэрэгслийн рулийн аппарат гаднаас харахад эвдрэлгүй хэвийн байсан ба оношлолын аргаар ажиллуулж үзэхэд хэвийн ажиллаж байсан ба эд ангиуд хугарч гэмтсэн ослын улмаас эвдэрсэн байхад рулийн аппарат гацсан бол мөн адил эвдрэл учрах ёстой тиймээс хэвийн байсан гэж оношилсон...тээврийн хэрэгслийн зүүн хөндлөн татуурга нугасан холбоосоор хугарч салсан гэмтэл нь...шулуун хэвийн замаар явж байхад үүсэхгүй ба мөргөлдөх онхолдох гэх мэт ослын үед үүсэх эвдрэл гэмтэл юм. Уг тээврийн хэрэгсэлд осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 143-144 тал/,
  • Шүүгдэгч М.Цгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Надад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зүйл ангиар ял сонсгон мэдүүлэг авч байгааг ойлголоо, би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний холбогдсон хэрэгтэй тохирч байна...”, “Би уншиж танилцсан санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэгүүд /1 хх- ийн 162-164, 2 хх-ийн 142-144 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч Г.Цэндсүрэн, М.Базаррагчаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Цг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч М.Цг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Цээпил “...хамаатны хүмүүс учир надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сэлэнгэ “М.С миний төрсөн ах, нөгөөх нь түүний хүү...миний хувьд хохирол нэхэмжлэхгүй, баримт бүрдүүлээгүй, гэр бүлээрэй явж байсан тул гомдолгүй, миний бие зүгээр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, шүүхээс хохирогч Т.Бодьбаатар, иргэний нэхэмжлэгч Ш.Цэрэннадмид нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасах ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын  дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “М.Цд 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар яллах хангалттай нотлох баримт нэг ч байхгүй байна. Шалгавал зохих байдлууд шалгагдсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэж хэлэх нэг ч нотолгоо байхгүй байна. Жолоодож явсан машины дугуй хагарч, жолооны хүрд түгжигдсэн байдлыг арилгах зорилгоор зам чөлөөлөх ямар ч боломж байхгүй болж богино хугацаанд урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. 1000 гаруй км-ыг аюулгүй туулсан, жолоочийн буруутай үйлдлээс болоогүй ослоос учирсан хор хохирлыг арилгасан. Учрах байсан хохирлыг мэдэх ёстой мэдэх боломжтой байсан бол хор уршиг болгоомжгүйгээр учруулсан гэж заадаг. Гэтэл энэ байдлыг мэдэх боломжгүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй богож цагаатгаж өгнө үү“ гэх саналыг,

Хохирогч М.Сэлэнгэ: “М.Ц 3 төрлийн элэгний вирустай. Биеийн эрүүл мэндийг нь харгалзаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Ц: “Миний амьдрал ахуй болон санал хүсэлтийг минь харгалзан цагаатгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан “хэргийн шалгавал зохих байдлууд шалгагдсан боловч гэмт хэрэг үйлдсэн гэж хэлэх нэг ч нотолгоо байхгүй, жолоодож явсан машины дугуй хагарч, жолооны хүрд түгжигдсэн байдлыг арилгах зорилгоор зам чөлөөлөх ямар ч боломж байхгүй болж богино хугацаанд урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн, жолоочийн буруутай үйлдлээс болоогүй...Учрах байсан хохирлыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бол хор уршиг болгоомжгүйгээр учруулсан гэж заадаг. Гэтэл энэ байдлыг мэдэх боломжгүй байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ш.Цэрэннадмидын “...Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз, сумын төвийн салдаг уулзвар өнгөрөөд явж байхад өөдөөс цагаан өнгийн суудлын машин хурдтай ирж яваа харагдсан. Тэгсэн урсгал сөрөөд миний явж байсан эгнээнд орж ирээд шулуун яваад ирэхээр нь би баруун гар тал руугаа дараад замаа чөлөөлж шороон хөвөө рүү зогсох үйлдэл хийж байх үед уг цагаан өнгийн суудлын 33-73 УВХ улсын дугаартай, Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан 13-46 УБИ улсын дугаартай, цагаан өнгийн М.Кантер маркийн ачааны тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалга хэсгээс эхэлж ирж мөргөлдсөн, миний машин бараг зогсох гэж байсан учир мөргүүлээд тэр дороо шарваад зогссон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51/, гэрч Т.Бодьбаатарын “...Төв аймгийн Баянхангай сумын Атарын гуанз гэх газрын урдуур засмал замаар баруун зүгт өнгөрөөд явж байхад өөдөөс цагаан өнгийн суудлын машин гэнэт урсгал сөрөөд өөдөөс чиглээд ирсэн, машин барьж явсан Цэрэннадмид баруун гар талруугаа дараад засмал замаа чөлөөлж шороон хөвөөн дээр зогсолт хийхээр замаа чөлөөлөх үйлдэл хийж байх явцад миний сууж явсан зүүн талын хаалга хэсгээс тэр цагаан өнгийн Т.Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирж мөргөсөн...” гэх мэдүүлэгүүд /1-р хх-ийн 75/ мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч Г.Цэндсүрэнгийн: “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд жолооны аппарат бол гадна харагдах гэмтэлгүй...13-46 УБЭ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөд үүссэн гэмтэл...жолооны аппаратыг мушгиж үзэхэд хэвийн байсан...Баруун урд дугуй залагдаж эргэж байгааг зургаар харуулсан. Ослын өмнө хэвийн ажиллаж байсныг нотлож байна...Жолооны аппарат дээр үүссэн гэмтэл нь осолд нөлөөлөөгүй...Наклад бол 7 см өргөн, хагарч гэмтсэн байсан. Ослын үед хагарсан боловч тоормосны ажиллагаанд нөлөөлөхгүй... Зүүн урд дугуйны гэмтэл нь осол гарахад буюу мөргөлдөх үед гэмтсэн...Механик систем ажиллаж байсан. Шингэнээ шахаад тоормос нь ажиллана...Ослын газар гэрэлтэй хуурай байсан учраас тоормос бол хэвийн ажиллана... ABS систем нь зүүн урд дугуйнд нөлөөлөхгүй. Тоормосны хувьд дугуйг эргүүлж зогсоох үйлдэлтэй. Тухайн ослын үед шууд тоормос гишгэсэн болохоор тоормосны хүчээр тоормос гулгаад мөр нь урсдаг...Дугаралттай холбоотой шинжилгээгээр зүйл илрээгүй...зүүн хойд дугуй нь ослын үед хагарсан...Зүүн урд дугуйн дээр хаймар дугуй цоорсон гэмтэл байна. Обуд хавчигдсанаас болж хаймарт гэмтэл үүссэн...хаймар Ослын үед л хагарсан. Ослоос өмнө хагарсан бол мөрөө үлдээнэ...” гэх тайлбар, мөн шинжээч М.Базаррагчаагийн: “Дугуйнууд ослын үед хагарсан...ослоос өмнө урьдчилан гэмтэл гарсан бол жолооч мэдэх боломжгүй...Жолооны механизмыг эргүүлэхэд дугуйгаа залаад байсан...ABS гэдэг зүйл бол тоормосонд нөлөөлөхгүй...ABS  нь тоормосыг 100 хувь чигээр нь зогсоох гэсэн зорилготой гэж ойлгож болно. Урд юм байж байвал залаад гаргах боломжтой байсан...Жолооны механизм бол гацдаггүй, цахилгаан хүчлүүр юм, энэ бол хажууд нь нэмэлт арааг нь эргүүлж өгдөг зүйл. Энэ байсан байгаагүй зүгээр л жолоодно...Жолоон дотор таг таг хийгээд дугараад байх нь голууд нь сулраад дотроо хөдлөөд байдагт оршдог. Энэ бол хэдийд үүсэх вэ гэхээр тэр эд анги нь шахуу болсон, хагарсан үед илэрнэ. Энэ машины хувьд бол тийм зүйл байхгүй...Дугуйны хувьд техникийн бүрэн байдлыг хангаагүй...Гэнэт чимээ гарсан гээд байна. Яг тэгж дугарах зүйл ховор. Тэгсэн тохиолдолд заавал тэр бөмбөлгөн холбоос мултарна. Дугуйны өндгөн тулгуур мултардаг. Тэр машины хувьд маш хүчтэй цохилтын дараа унасан...жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж явах үүрэгтэй...Дугуй хавагнасан бол мэднэ. Дугуй элэгдсэн бол мэднэ...замын хөдөлгөөний дүрэм дээр өөр өөр дугуйтай явж болохгүй гэж цусаар бичсэн байдаг...Манай замд 80 км цагийн хурдтай явсан бол зогсож чадна. Түүнээс илүү бол чадахгүй...Осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй байсан...Энэ дугуй хэрвээ ослын өмнө хагарсан бол жолоо булаах боломжтой юу гэхэд би боломжтой гэсэн. Гэхдээ жолооны хүрдэнд нөлөөлөхгүй, гацахгүй гэсэн. Урд дугуй, хойд дугуй 2 нь тусдаа трупптэй. Хойд дугуйны трупп тасрахад урд 2 дугуйнд нөлөө байхгүй. Хэрвээ дугуй ослын өмнө хагарсан бол дугуй хагарсан тал руу жолоо булаана гэсэн. Дугуй хагараад энэ осол гарсан гэж хэлээгүй...Автомашин явж байгаад дугуй хагарсан бол руль эсрэг талруугаа булаана гэсэн үг. Жолоо булаана гэдэг нь тэр дугуйны хөдөлгөөн удаашраад нөгөө 3-н дугуй нь тойрч эргээд чиглэлээ өөрчилдөг гэсэн үг юм...” гэх тайлбар болон 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэмэлт шинжилгээ хийсэн 51 тоот бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт /2-р хх-ийн 173-175 тал/ зэргээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч М.Цгийн жолоодож явсан машины дугуй хагарч, жолооны хүрд түгжигдсэнээс болж осол гарсан гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ” Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно”  гэж зааснаар М.Ц нь өөрийн үйлдэлийн улмаас учирч болох хор уршгийг гаргахгүй байж чадна гэж тооцон болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас хохироож бусдад хор уршиг учруулсан байна.

Шүүх шүүгдэгч М.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас садан төрөл болох түүний хадам ах болон түүний хүүгийн амь нас хохирсон, шүүгдэгч М.Ц нь элэгний циррозтой, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар грүпптэй болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0187933 дугаартай актын хуулбар /3-р хх-ийн 47 тал/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу М.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834004500385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний №945600 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Ц хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /жил/ 1 /нэг/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Цгийн жолоодох эрхийг 5 /жил/ 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний №945600 дугаарын үнэмлэх /1 ширхэг/-ийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.   

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА