Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/903

 

          

 

                                 

 

 2021         12          21                                     2021/ШЦТ/903

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Сундуйгүн овогт Дашдондогийн Нд холбогдох эрүүгийн 2109 01451 1608 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 17-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 00-ийн өрөөнд Б.Сы гээсэн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

        Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 00-ийн өрөөнд Б.Сы гээсэн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Сы өгсөн мэдүүлэг /хх-ийн 46/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Орлонжавын мэдүүлэг /хх-ийн 28/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн СБ1-21-1388 тоот “Самсунг нөт 10” загварын гар утас 1.000.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 32/-р тал, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 32/-р тал, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 4/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс харахад шүүгдэгч Д.Н  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

        Түүнчлэн шүүгдэгч Д.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, нөгөөтээгүүр шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд, шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Д.Нг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сд учирсан хохирлыг /гар утас/ шүүгдэгч Д.Н нь биет байдлаар буцаан олгосон хохирогч Б.Сы зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгч Д.Нг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх тухай саналыг гаргажээ.

Шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг тус тус хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Нд холбогдох хэргийн өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Д-ийн Нг “Бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                             Х.ИДЭР