Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Туяа |
Хэргийн индекс | 183/2017/1885/и |
Дугаар | 2270 |
Огноо | 2017-10-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2270
Д.Гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар шийдвэртэй, Д.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-т холбогдох, 9 сарын тэтгэмж 7 234 164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Г би ЗТН ОНӨААТҮГ-ын Автобус-1 баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар ажилд орж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/172 тоот тушаалаар 7 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.Г нь энэ байгууллагад насаараа ажилласан боловч Автобус-1 ОНӨААТҮГ-ын захиргаа, үйлдвэрчний хорооны хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж уг тэтгэмжийг олгоогүй. Ажиллаж байх хугацааны 1 сарын дундаж цалин 803 796 төгрөг байсан учир хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5 заалтын дагуу 9 сарын тэтгэмж 7 234 164 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус дүүргийн шүүхэд иргэн Д.Г нь хамтын гэрээний дагуу тэтгэмж олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Д.Г нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар кондуктороор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/717 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч Д.Гийг өндөр насны тэтгэвэрт гаргахад байгууллагаас 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 967 500 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/338 дугаар тушаалаар олгосон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 баазын ҮЭХ-д мэдэгдсэн. Учир нь НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар тус Автобус-1 татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ЗТН ОНӨААТҮГ байгуулагдсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т аж ахуй нэгж байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэсний дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. ЗТН ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 баазын ҮЭХ, Автобус-3 баазын ҮЭХ гэсэн 4 хороотой учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй.
Нэхэмжлэлийн шаардлага болсон энэхүү хамтын гэрээг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэсэн нь Нийслэлийн иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар ЗТН болон өөрчлөн байгуулагдснаар дээрх хуулийн заалтад нийцэж байгаа.
Мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХ-д хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцоололын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй энэ асуудлыг гацаанд оруулж байсан. 2016 оны 03 дугаар сарын 01-нд МҮЭ-ийн холбоонд хамтын гэрээ байгуулагдахгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн ЗТН ОНӨААТҮГ-ын ажилчдын төлөөлөл 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж Эв нэгдэл үйлдвэрчний хороог шинэчлэн зохион байгуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгууллагын захиргаатай хамтын гэрээ байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ХУД-ийн ЗДТГ-т бүртгүүлсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч ЗТН Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 7 234 133.6 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Гд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 130 696 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар кондуктороор ажилд орсон. 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж өндөр настны тэтгэвэрт гарсан. Цалин хөлсний дундаж тодорхойлохдоо нэхэмжлэгчид 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б/338 дугаар тушаалаар 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу нэг сарын 483 500 төгрөгөөр тооцож, нийт 967 500 төгрөгийн тэтгэмж олгосон. Тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн.
Цалин хөлсний дунджийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын 4-т ажилтанд олгож байгаа бүх төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход байгууллагаас олгох тэтгэмжийг дутуу тооцсон гэх үндэслэлээр 7 234 164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын тайлбар, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Г нь “ЗТН” ОНӨААТҮГ-т 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс кондуктороор ажиллаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн буюу 7 жил 11 сар ажилласан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Гд 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 967 500 төгрөгийн тэтгэмж олгосон гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
“Автобус нэг” ОНӨААТҮГ болон тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээний 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгох...” нэмэлт өөрчлөлт оруулсан байх тул нэхэмжлэгч өөрт олгогдох тэтгэмжийг шаардах эрхтэй юм.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хамтын гэрээний үйлчлэл, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацааны талаар хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч Д.Гд олгох 9 сарын хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжид 7 234 133 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтийг үндэслэн тодорхойлсон нь зөв байна.
Хариуцагч байгууллагад нэхэмжлэгч ажиллаж байхдаа 483 500 төгрөгийн дундаж цалин хөлс авч байсан гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээс үзвэл тэрээр сар бүр өөр өөр хэмжээний цалин хөлс авч байжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/01885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Т.ТУЯА