Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00478

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00334 дүгээр шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 213/МА2019/00021 дүгээр магадлалтай,

Д.Бын нэхэмжлэлтэй

БТХХК болон тус компаний ТУЗД Н.О нарт холбогдох

БТХХК-ийн ТУЗийн 2018 оны 02, 04 тоот сахилгын арга хэмжээ авсан тогтоолууд, тус компаний гүйцэтгэх захирлын 2018 оны 05, 06, 07, 13 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, олох байсан орлого 8.064.341 төгрөг гаргуулж, БТХХК-ийн хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Г.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Д.Б 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Д.Б нь 2004 оноос эхлэн Баянхонгороос Улаанбаатар, Улаанбаатараас Баянхонгор аймгийн чиглэлд Пургон автомашин жолоодон зорчигч тээврийн үйлчилгээ явуулж эхэлсэн. Ингээд 2007 онд анх Тээвэрчин хоршоо байгуулагдаж, хоршооны даргаа томилж бүх хот хоорондын тээвэр хийдэг жолооч нарыг нэгтгэсэн. Миний бие ч мөн адил тус хоршоонд нэгдэн орж сар бүр хуримтлалын мөнгө болох замын хуудасны 35.000 төгрөгийг төлөх болсон. Ингээд 2008 оноос Солонгос улсаас автобус оруулж ирэн зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлж Тээвэрчин хоршоо нэрээр үйл ажиллагаа тасралтгүй эрхэлж ирсэн бөгөөд нэг эргэлтэндээ 50.000 төгрөгийг тус хоршооны үйл ажиллагаанд хураамж болгон оруулж жилд 38-48 эргэлт явж хувь нэмрээ оруулж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ингээд тус хоршоо нь 2018 оны 4 дүгээр сард үйл ажиллагаагаа компанийн хэлбэрээр явуулахаар болж дүрмээ батлан биднээр гарын үсэг зуруулан ТУЗ-ийн даргаар Н.Оыг сонгосон байсан. Тухайн үед би байгаагүй, улмаар 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зорчигч тээврийн жолооч бидэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болж Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тус компаний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүйтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээг байгуулсны дараа БТХХК-ний ТУЗийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор надад Хөдөлмөрийн гэрээ болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчин удаа дараа зөрчил гаргаж хүн хэтрүүлэн тээвэрлэж зорчигчийн амь нас, тав тух, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 1 сарын хувиараас хасч арга хэмжээ авах шийдвэрийг дарга Н.О гэгч нь гаргасан байсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хөдөлмөрийн гэрээнд заасан хариуцлага тооцох үндэслэлд дурьдсан зөрчлийг гаргаагүйгээс гадна яг надтай адил зөрчил гаргасан жолоочид сануулах сахилгын шийтгэл ногдуулж надад хувийн өс хонзонгоор хандаж арга хэмжээг хүндрүүлэн авсан. Учир нь би ТУЗДтай хувийн таарамжгүй харилцаатай болоод удаж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтууд надад байдаг. Би 1 дүгээр сард Улаанбаатараас Баянхонгор, Баянхонгороос Улаанбаатар чиглэл рүү явахыг 1 удаа гэж тооцвол нийт 4 удаа, явсан хоногоор тооцвол 8 удаа зорчигч тээвэрлэж хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлдэг байсан атал миний хөдөлмөрлөх эрхэд өс хонзонгийн байдлаар халдаж, хот хооронд зорчигч тээвэрлэх эрхийг хууль бусаар хасаж байгаад маш их гомдолтой байна. Иймд БТХХК-ийн ТУЗийн даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор надад авсан зорчигч тээвэрлэх эрхийг 1 сарын хувиараас хасах сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 9 дүгээр сард ажиллаагүй тул хөдөө Жинст сум руу явж аав ээжийндээ очиж байж байгаад иртэл Баянхонгор аймгийн БТХХК-ний ТУЗөвлөл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 04 дүгээр хурлын тогтоолоор мөн л тус зөвлөлийн гишүүдийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрийг өмнөх сахилгын шийтгэлд дурдсан үндэслэлтэй хамт баримтлан дахин сахилгын шийтгэл ногдуулж миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж тодорхойгүй хугацаагаар хот хоорондын тээвэр үйлчилгээ эрхлэх хуваариас хассан байна. Иймд намайг ажил үүргээ гүйцэтгээгүй байхад шалтаглан өмнөх сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэсэн шалтгаанаар дахин сахилгын шийтгэл ногдуулсаныг хууль бус гэж үзэж байх тул БТХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор надад ногдуулсан сахилгын шийтгэл буюу хот хоорондын зорчигч тээвэрлэхийг тодорхойгүй хугацаагаар хассаныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад маргаан бүхий 2 тогтоол буюу БТХХК-ийн ТУЗийн даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаар тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолуудыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгосныг мэдлээ. Би сахилгын шийтгэл ногдуулсан 05, 06, 07 дугаар тушаалуудыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Миний бие БТХХК-ний ТУЗийн 2 дугаар тогтоол гарснаас хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зорчигч огт тээвэрлээгүй бөгөөд би Улаанбаатар, Баянхонгор чиглэлд зорчигч тээвэрлэж сүүлийн 8 сарын хугацаанд л гэхэд /2018 оны 1 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал/ нийт 53.057.366 төгрөг, үүнийг 8 сард хуваавал 1 сард 6.632.170 төгрөгийн орлого олдог байсан. Хуваарийн дагуу жолооч бүр сард 4 удаа эргэлт /рейс/ хийдэг бөгөөд нэг рейс хийхэд нэг замын хуудсанд 50.000 төгрөг төлөх журамтай бөгөөд өөрөөр хэлбэл сард 200.000 төгрөгийг замын хуудасны зориулалтаар компанид төлдөг, мөн нэг эргэлтэд /рейс/ 600.000 төгрөгийг шатахуунд зарцуулах бөгөөд 4 удаа рейс хийхэд сард 2.400.000 төгрөгийн шатахуун зарцуулагддаг. Үүнийг зорчигч тээвэрлэсэн орлогоос жолооч өөрсдөө зарцуулдаг юм. Ингээд сард олсон орлогоос 2.600.000 төгрөгийн цэвэр зарлага гардаг гэж тооцвол би дунджаар сард 4.032.170.75 төгрөгийн цэвэр орлогоор ар гэрээ тэжээдэг байсан. Гэтэл дээрх хүмүүсийн хууль бус шийдвэрээс шалтгаалан 2018 оны 9, 10 дугаар саруудад ямар ч орлого олоогүй байгаа тул үндэслэлгүй шийдвэрийн улмаас олж чадаагүй 2018 оны 9, 10 дугаар сард олох байсан сарын цэвэр орлого 1 сарын 4.032.170.75 төгрөг бөгөөд огт ажиллаагүй 2 сарыг тооцвол нийт 8.064.341.5 төгрөг болох бөгөөд дээрх цалин түүнтэй адилтгах орлогыг гаргуулах нь зүйн хэрэг гэж бодож байна. Иймд 1. БТХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаалуудаар надад сахилгын шийтгэх ногдуулсныг хүчингүй болгуулах, 2. 2018 оны 9, 10 дугаар саруудад БТХХК-ний ТУЗ болон гүйцэтгэх захирлын хууль бус шийдвэрээс шалтгаалан олж чадаагүй, олох байсан орлого 8.064.341.5 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Үүнд: 1. БТХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2. БТХХК-ийг Д.Б миний биетэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, 3. Д.Б миний биеийг БТХХК-ний хот хоорондын зорчигч тээврийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Банхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компаний эрх барих дээд байгууллага нь ТУЗ байна гэсний дагуу БТХХК-ний ТУЗ нь бүх хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгож баталсан таван хүний бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах эрх бүхий компаний удирдах дээд байгууллага мөн. ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76.1.1-д заасан компаний үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоон БТХХК-ний дүрмийн 2.7-д заасан өөрийн ажлын онцлогт тохирсон Хөдөлмөрийн дотоод журмыг ТУЗ-өөр батлан хэрэгжүүлж ажилладаг, гаргасан шийдвэрээ хувьцаа эзэмшигчид болон хуулийн этгээдийн өмнө бүрэн хариуцдаг. Жолооч Д.Б нь өөрийн эрхэлж буй ажил үйлчилгээний онцлог байдал, зорчигчийн амь нас аюулгүй байдлыг харгалзахгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм журам, Хөдөлмөрийн гэрээний 4.4, 4.6 дахь заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-д заасан сахилгын ноцтой зөрчлүүдийг гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж алдаагаа засаагүй давтан зөрчил гаргаж ТУЗ-өөс удаа дараа шат дараалсан арга хэмжээ авагдсан, инжинер Б.Чулуунбат ажлын хариуцлага алдаж цалингийн хувь хасуулсан, жолооч Д.Мөнхбат анх удаагийн зөрчлөөр хатуу сануулга авсан зэрэг зөрчлүүд нь ТУЗийн 2 удаагийн хурлын тэмдэглэл, хурлын тогтоол зэргээс үзэхэд үндэслэлтэй гэж үзэхээр байна. ТУЗ-өөс авсан сахилгын арга хэмжээ нь нэг хүний шийдвэр биш бөгөөд зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг ТУЗД тогтоолоор баталгаажуулан гарын үсэг зурж тэмдэг дарж албажуулдаг. Гүйцэтгэх удирдлага /Компанийн гүйцэтгэх захирал/ нь ТУЗийн гишүүн биш тул ТУЗийн гаргасан шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээхгүй болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч О.Бнэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагуудад холбогдуулан гаргасан тайлбарууддаа: БТХХК нь маргаан бүхий 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 , 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот ТУЗийн хурлын тогтоолууд нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчин гарсан байх тул 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ТУЗийн 05 дугаар тогтоолоор хүчингүй болгож уг шийдвэрийг зөвтгөж гүйцэтгэх захирлын тушаал нөхөн гаргасан. Ингэхдээ 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар захирлын тушаалаар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаар тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тушаалаар, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар тогтоолыг 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 05 дугаар тушаалаар тус тус нөхөн зөвтгөлөө. Нэхэмжлэгч болох Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ээлжийн жолоочгүй, компанид бүртгэлгүй жолоочоор тээвэрлэлт гүйцэтгүүлж зорчигчийн амь нас, аюулгүй тээвэрлэлтэд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон тул 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндсэн хоёр хуваариас хасах арга хэмжээ авсан. Үүнийг Д.Б өөрөө хүлээн зөвшөөрсөн учир энэ тушаал дээр гомдол гаргаагүй байх. Дараа нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус тус зорчигч тээвэрлэх явцдаа хүн хэтрүүлэн тээвэрлэж, авто тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй зэргээс зорчигчийн амь нас, тав тух, аюулгүй тээвэрлэлтэд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон болох нь Авто тээврийн төвийн зөрчлийн бүртгэл, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Албан мэдэгдэл зэргээр илэрсэн тул 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 9 дүгээр сарын хуваариас хасч арга хэмжээ авсан. Энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 9.1, хөдөлмөрийн гэрээний 4.4, хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээний 4.2.18 дугаар заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Автотээврийн үндэсний төв, төрийн өмчит үйлдвэрийн газрын тэргүүн дэд захирал Б.Мөнхгарьдийн албан бичиг болон баталсан хуваарийн дагуу БТХХК-ний бүх автобус улс, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 21-ний өдрийн хооронд хамрагдах хуваарийн дагуу хамрагдсан боловч Д.Б автобусаа үзлэгт оруулаагүй. Компанийн зүгээс 80-88БНХ улсын дугаартай БТХХК-ний эзэмшлийн автобусыг дээрх заасан хугацаанд хамруулах талаар удаа дараа утсаар ярьж, өөрөө амжихгүй бол ээлжийн жолоочоороо явуул гэсэн боловч ирэхгүй байсаар хугацаа дууссан тул 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношлогоонд орж, өвлийн улиралд тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах хүртэл тодорхойгүй хугацаагаар хуваариас хасч арга хэмжээ авсан. Д.Бын энэ мэт үйлдлүүд компанийн ажлыг хойш татаж, компаний үйл ажиллагааг дэмждэггүй байдлын илрэл юм. Д.Б нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа сард 4 рейс явдаг үүнээс цэвэр 4.032.170 төгрөгийн орлого олдог гэжээ. Гэтэл сард 1 жолооч үндсэн 3 хуваарийн дагуу явдаг, Нэмэлт хуваарь, урсгал нэмэгдсэн үед тавигддаг хуваарь юм. 45 суудалтай автобусны суудал дүүргэлт дунджаар 70-80 хувь байдаг. 80 хувь гэж үзвэл 36 хүн нэг талдаа явна. 1 рейсд 72 хүн тээсэн гэвэл зорчигчийн тасалбарын үнэ болох 27.500 төгрөг үүнээс амь даатгал 500 төгрөг, АТҮТ-д үйлчилгээний хөлс 8 хувь төлдөг гэхээр 2.160 төгрөг ингээд 1 зорчигч 24.840 төгрөг, 72 хүн 1.788.480 төгрөгийн нэг рейсийн орлого. Үүнээс жолооч шатахуунд 100 км-т дунджаар 35 литр шатахуун зарцуулдаг. Баянхонгороос Улаанбаатар, Улаанбаатараас Баянхонгор ороход 1260 км-т 441 литр шатахуун 2200 төгрөг = 970.200 төгрөг, ээлжийн жолоочийн цалин дунджаар 200.000 төгрөг, замын хуудас 50.000 төгрөг хасаад 568.250 төгрөгийн цэвэр орлого үүнийг сард 3 явсан гэж үзвэл 568.250х3=1.704.750 төгрөгийн сарын орлого олдог. Автобус өнөөгийн зах зээлийн ханшаар 270.000.000 сая төгрөгийн үнэтэй бөгөөд үүнийг МЫЗ 5012:2011 стандартын 7.4-д заасны дагуу 12 жилээс дээш ашиглахыг хориглоно гэсний дагуу актлагдана. Автобусны элэгдлийг шулуун шугамын аргаар бодоход 270.000.000 /12 жил=22.500.000 төгрөгийн жилийн элэгдэл, жилийн элэгдлээ 22.500.000 /12 сард хуваахад 1.875.000 төгрөг, сард 3 рейс гэж үзвэл 1 рейсэнд 625.000 төгрөгийн элэгдэл гаргадаг. Д.Б 9, 10 сард автобусаа явуулаагүй гэж үзэхэд автобус элэгдээгүй байна. Автобусны элэгдлээ тооцоогүй, мөн жолоочийн зардал тооцоогүй засвар үйлчилгээ тос тосолгооны материал тооцоогүй, MNS 4601:2011 стандартын дагуу 3500-4000 км тутамд тос солих зардал, гражийн түрээсийн төлбөр нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг хасах ёстой зардлуудыг хасаагүй тооцсон байна. Жолооч бүр жилд олсон орлогын хэмжээгээр татварын албанд жилийн эцсийн тайланг гаргаж, иргэний орлогын албан татварт орлогын 10 хувийг төлдөг. Д.Б 2013-2018 онд төлсөн татварын тайлангаас ийм өндөр орлого олох боломжгүй байгаа нь харагдаж байна гэжээ.

Хариуцагч БТХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Д.Бт авсан сахилгын арга хэмжээ, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухайд компанийн үйл ажиллагааны онцлог, хөдөлмөрийн хууль, бусад холбогдох хууль тогтоомж, дотоод журамд заасан үндэслэлээр арга хэмжээ авсан болно гэжээ.

Хариуцагч БТХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.О анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би хувийн өс хонзон яриад ганцаараа шийдээд арга хэмжээ авдаг хүн биш. ТУЗийн гишүүд бүгд сууж байгаад арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч нь үүргээ биелүүлдэггүй, дандаа зөрчил гаргаж байдаг. 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан зөрчилд нь арга хэмжээ аваагүй. 2018 оны 8 дугаар сард дахин Замын цагдаагаас мэдэгдэл хүрээд ирсэн, танайх энэ зөрчлөө арилга гэсэн, тэгээд гаргасан зөрчлийг нийлүүлж байгаад нэг арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчихгүй гээд гарын үсэг зурсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил гээд Авто тээврийн үндэсний төвөөс удирдлага болгоод үзлэг оношилгоо хийсэн. Тэгээд хэлэхээр хөдөө байна гээд ирээгүй, утсаа авна гэж байхгүй, зөвхөн өөрийнхөө хэрэгтэй үед бид нар руу залгадаг. Сахилгын арга хэмжээтэй байсан юм чинь гээд тээврийн хэрэгслийн оношилгоонд ороогүй гэж байгаа. Би явж чадахгүй та нар өөрсдөө оношилгоонд оруулаад ир гээд бид нарт автобусаа авчирч өгсөн бол бид нар оношилгоонд оруулаад явах боломж байсан. Нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00334 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7-д тус тус зааснаар БТХХК-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаал, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Быг БТХХК-ний улс, хот хоорондын зорчигч, жуулчин, шуудан тээвэрлэлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, БТХХК-ний ТУЗ-ийн хурлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 02, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс Д.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахыг БТХХК-ний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүйд даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар БТХХК-иас ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин 546.516 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.517.825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.979 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч байгууллага БТХХК-иас 17.045 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 213/МА2019/00021 дүгээр магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00334 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч БТХХК-ний гүйцэтгэх захирал О.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Бат-Ирээдүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус компани нь БТХоршоо байсан 2018 оны 04 дүгээр сард хуулийн этгээдийг өөрчлөн байгуулж компанийн зохион байгуулалтад орсон. Компанийн зохион байгуулалтад ороход 21 жолооч өөрийн автобусаа компанийн өмчлөлд шилжүүлж компанийн хувьцаа эзэмшигч болж хувьцаа эзэмшигчид компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажиллах болсон. Д.Б нь хоршооны гишүүн байсан ба өөрийн өмчлөлийн автобусыг компанид хөрөнгө болгон оруулсан хувьцаа эзэмшигч, компанийн үндсэн үйл ажиллагаа болох хөдөлмөрийн гэрээний дагуу хот хоорондын зорчигч тээвэрлэх жолоочоор ажилладаг. Компанийн хувьцаа эзэмшигч Д.Б нь өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, АТҮТ-тэй байгуулсан гэрээ хүчингүй болгоход хүргэх зөрчил гаргасан байдаг. Тухайлбал: 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3 зорчигч илүү тээвэрлэж авч явсан, 1 зорчигчийг нь буцааж, 2 зорчигчийг шаардлага биелүүлэхээс татгалзаж авч явсан. 2018 оны 08 дугаар сарын 23-ны Баянхонгор Аймгийн ЗЦТасгийн албан мэдэгдэл, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дахин зорчигчийн тоо хэтрүүлэн тээвэрлэсэн 50000 төгрөгөөр торгуулсан/ учраас бид өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон хөдөлмөрийн гэрээнд заасан /Хөдөлмөрийн гэрээний 4.12 дугаар зүйлд заасан хариуцлагыг ТУЗ-ын хурлаас оногдуулна/ хариуцлага хүлээлгэх эрх бүхий субьект болох ТУЗ-н гишүүдийн хурлаар 2018 оны 08дугаар сарын 27-ны, №02 тоот тогтоолоор 1 сарын зорчигч тээвэрлэх эрхийг хассан арга хэмжээг авсан юм. “АТҮТ” ТӨҮГ-с “Нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагуудад” хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №2/1752 тоот “Техникийн хяналтын үзлэгт хамруулах тухай” албан бичгийн дагуу 9 дүгээр сарын 05-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээний” 3.2.16, 4.2.16-т заасны дагуу компанид бүртгэлтэй тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулах даалгавар ирсэн. Албан бичгийн хавсралт буюу хяналтын үзлэгт тус компанийн хувиарт /хувиарын 22-т/ 1Х/05-1Х21-ны өдөрт багтаж орох ёстой байсан. Гэтэл Д.Б нь тухайн үөд компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ байлгаж, тогтоосон хугацаанд мэдэгдсээр байтал оношилгоонд оруулаагүй БТҮТ-тэй байгуулсан гэрээний 4.2.16-д заасан улирал бүр хяналтын үзлэгт тогтоосон хугацаанд оруулах үүргээ биелүүлээгүй. Энэ нь цаашдаа нийтийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой буюу гарах үр дагавар нь үйлчлүүлэгч иргэд буюу зорчигчдын эрх ашиг, сонирхолд хохирол учрах үр дагавартай байсан учраас зөрчлөө арилгаж үзлэгт орох хүртэлх хугацаагаар хувиариас хассан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т сахилгын зөрчил гаргасан байхыг шаарддаг. Д.Бын гаргасан зөрчил нь хөдөлмөрийн сахилгын зөрчил мөн юм. Учир нь 2012.6.15-ны өдрийн УДШ-ийн “Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 2 дах хэсгийн 2.4-т Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. гэж заажээ. Мөн энэ хэсэгт “хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой, дүрэм, журам зэргийг зөрчих зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.” гэж заажээ. БТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 13 тоот тушаал гарах болсон гол үндэслэл нь тушаалын 1.4-т заасан зөрчлийг гаргасан байдаг. Энэхүү тушаалд дурдагдсан зөрчлүүд нь бүгд сүүлийн 6 сард гаргасан зөрчилд гэдгийг энд дурдах нь зүйтэй болов уу. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг тодорхой ойлгомжтой давтан гаргасан гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн өмнө гаргасан зөрчлүүдийг дурьдсан болохоос сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан арга хэмжээ аваагүй бөгөөд тушаалын 1.4-т гаргасан энэхүү зөрчлийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн хууль зүйн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Гэтэл Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болно. “Баянхонгор тээвэрчин” ХХК-ийн үндсэн эрхэлж байгаа үйл ажиллагаа нь Зорчигч тээвэр юм. Нэхэмжлэгч нь тус компанийн хувьцаа эзэмшигч, хөдөлмөрийн гэрээгээр жолоочоор ажилладаг. Үйл ажиллагааны онцлогоос хамааран ажил үүрэгтээ холбогдох Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, журмыг баримтлан ажиллах ёстой атал зорчигч, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэнд, компанийн хувьцаа эзэмшигч бусад 20 хүний эрх ашигт ноцтой хохирол учруулах эрсдэлтэй зөрчлийг удаа дараа гаргасан байхад шүүх үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Д.Б нь компанийн хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ноцтой зөрчил гаргасан. Харин Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь БТХХК-ийн 9.2-т заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байгаа талаар дурьдсан бөгөөд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн 2 агуулгыг илэрхийлсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан агуулгаар бус сахилгын зөрчлийг давтан зөрчил гаргасан гэсэн хуулийн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсныг шүүх анхаарч үзээгүй болно. Мөн Нэхэмжлэгч нь зөрчилд авсан арга хэмжээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан, зөрчлийг гаргасан эсэх талаараа маргадаггүй юм. Нэхэмжлэгч Д. Д.Б нь компанийн ТУЗ-ийн дарга Н.О холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагч Н.Од давж заалдах шатны шүүх хуралдааны хурлын товыг мэдэгдээгүй, хариуцагч Н.О шүүх хуралдаан болох өдөр Улаанбаатар хотруу зорчигч тээвэрлэх батлагдсан хувиарын дагуу тээвэрлэлт хийх хувиар, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн атал хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Магадлалд энэ талаар дурьдаагүй болно. Зорчигч тээврийн үйл ажиллагаа нарийвчилсан хуулийн зохицуулалттай байдаг. Нэхэмжлэгч одоог хүртэл өөрийн хариуцсан, компанийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж, хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх үед хууль бусаар хот хоорондын зорчигч тээвэрлэлт хийж компанийг эрсдэлд оруулж байгааг нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийн алдааг засахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлэхгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Дээрхи тайлбар үндэслэлийг харгалзан үзэж шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б нь БТХХК, БТХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.О нарт холбогдуулан тус компанийн ТУЗийн хурлын 2018 оны 02, 04 тоот сахилгын арга хэмжээ авсан тогтоолууд, компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05, 06, 07, 13 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, олох байсан орлого 8.064.341 төгрөг гаргуулах, жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг БТХХК-д даалгуулах  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг  зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул нотлох баримтын үнэлгээний талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Маргааны зүйл болох БТХХК-ийн ТУЗийн хурлын 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Д.Бт нэг сарын тээвэр хийх хуваариас хасах, дахин 2018 оны 10 сарын 01-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тодорхойгүй хугацаагаар хуваариас хасах сахилгын шийтгэл ногдуулсан боловч ТУЗ-өөс эдгээр тушаалаа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүчингүй болгосон,

ТУЗөөс дээрх тогтоолыг хүчингүй болгосны дараа БТХХК-ний гүйцэтгэх захирал О.Бнь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дараах 3 тушаалыг гаргаж,

05 тоот тушаалаар Д.Б нь 2018 оны 5 дугаар сарын 04-нд ээлжийн жолоочгүй, компанид бүртгэлгүй жолоочоор тээвэрлэлт гүйцэтгүүлж зорчигчийн амь нас, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон гэж 6 дугаар сарын үндсэн хоёр хуваариас хасах,

06 тоот тушаалаар “удаа дараа зөрчил гаргаж Хөдөлмөрийн гэрээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчин зорчигч тээвэрлэх явцдаа хүн хэтрүүлэн тээвэрлэсэн, Автотээврийн төвийн тээвэр зохицуулагчийн тавьсан шаардлага биелүүлээгүй зэргээс үүдэн зорчигчийн амь нас, тав тух, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон” гэж 9 дүгээр сарын хуваариас хасах,

07 тоот тушаал гарган компаний үйл ажиллагааг дэмждэггүй, өөрийн хариуцсан тээврийн хэрэгслийг АТҮТөвөөс заасан хугацаанд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношлогоонд оруулах үүргээ биелүүлээгүй, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хийсэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах гүйцэтгэлийн шалгалтад хамрагдаагүй, компаний дотоод хяналт шалгалтын автобусны техникийн байдлыг шалгах хуудсаар тээврийн хэрэгслийг шалгуулаагүй байх тул тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг оношилгоонд орж, өвлийн улиралд тээвэрлэлтийн бэлэн байдлыг хангах хүртэл тодорхойгүй хугацаагаар хуваариас хасах арга хэмжээг тус тус авсан,

Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 тоот тушаал гаргаж, жолооч Д.Б сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь компаний үндсэн үйл ажиллагаанд эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон гэж үзэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогч 2 тушаалаа хүчингүй болгон, дараа нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 05, 06, 07 тоот тушаал гаргаж, сахилгын арга хэмжээг хуульд нийцүүлэн нөхөн гаргасан гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан байна.

Хариуцагч нь 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 02, 2018 оны 10 сарын 01-ны өдрийн 04 тоот тушаалаа хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, эдгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийг зөрчөөгүй юм.

1.Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулахаар бусад жолооч нартай нэгдэж, 2007 оноос эхлэн хоршоо байгуулан, 2018 оноос тус хоршоо нь компанийн хэлбэрээр өөрчлөгдөн байгуулагдаж, тээвэр хийх үйл ажиллагааг явуулж байсан,   жолоочоор ажиллахдаа БТХХК-тай гэрээ байгуулсан байх ба зорчигч тээврийн үйл ажиллагааг явуулах хүрээнд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

БТХХК-ийн гүйцэтгэх захирал, Д.Б нар 2018 оны 05 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Д.Б нь тус компанийн улс, хот хоорондын зорчигч, жуулчин, шуудан тээвэрлэлтийн жолоочоор ажилласан байх ба  хөдөлмөрийн гэрээний 2.2.1-д зааснаар жолоочийн сарын үндсэн цалинг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 250.000 төгрөгөөр тогтоосон, үүнээс гадна сар бүр тээврийн үйл ажиллагаанаас нэмэгдэл авдаг болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогджээ.

БТХХК нь тээвэрлэлт хийх нөхцөлөөр хангах, цалин олгох үүрэг хүлээсэн нь ажил олгогчийн, Д.Б нь зорчигч тээврийн үйлчилгээг зохих журмын дагуу явуулах үүрэг хүлээсэн нь ажилтны эрх зүйн байдал, шинжийг тус тус агуулсан, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, шүүх эрх зүйн харилцааг үндэслэлтэй тодорхойлсон байна.

2. Ажил олгогч нь хуульд байхгүй сахилгын шийтгэлийн төрлийг тогтоож, Хөдөлмөрийн дотоод журмын 9-р зүйлийн 9.1-д “...сахилгын ноцтой зөрчил гаргасан жолоочийг үндсэн хуваариас тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах”, хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.6-д “...ажилтан зөрчил гаргасан бол үндсэн хуваариас хасч /1-3 удаагийн хуваариас хасч/ арга хэмжээ авна...” гэж тус тус зааж, уг арга хэмжээг ажилтанд авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн талаар хоёр шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, БТХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 05, 06, 07 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах”-ыг заажээ.

БТХХКомпанийн захирлын 2018 оны 12 сарын 19-ны өдрийн 13 дугаар тушаалд “Д.Б нь удаа дараа компанийн дотоод журам, компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээний заалтуудыг зөрчсөн үйлдлүүд гаргасан” гэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба тушаалд дурьдсан уг зөрчлүүдэд 2018 оны 05, 06, 07 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан атлаа сахилгын давтан зөрчил гэж үзэж ажлаас халсан нь нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.3 дэх хэсгийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т нийцсэн гэж үзнэ.

4. Нэхэмжлэгч нь 8.064.341 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол /олох байсан орлого/, ажилгүй байсан хугацааны цалин гэж тодорхойлжээ.

Шаардах эрхийг хэд хэдэн үндэслэлээр тодорхойлсон нь хууль зөрчихгүй бөгөөд хохирол, эсхүл гэрээний харилцааны эрх зүйн үндэслэлийг тухайн маргаанд хэрэглэсэн аль ч тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

БТХХК нь зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгчийг ажлын байраар хангаж, жолооч Д.Б нь хүн хэтрүүлэн тээвэрлэсэн, ээлжийн жолоочгүй явсан, автомашиныг хугацаанд нь оношилгоонд оруулаагүй нь зорчигчийн амь нас, аюулгүй тээвэрлэлтэд ноцтой эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болгосон буруутай, дээрх зөрчилд арга хэмжээ авсан ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн боловч жолоочийн гэм бурууг харгалзан үзвэл хохирол, үндсэн цалин дээр нэмж олгодог нэмэгдэл цалинг аль алиныг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин Д.Бын сарын дундаж цалин 250.000 төгрөг, үүн дээр тээвэр хийснээс буюу хийснээр олгодог нэмэгдэл нь цалин хөлсний хэмжээг бүрдүүлж байсан байх ба анхан шатны шүүх 2018 оны 08 сарын 27-ны өдрөөс 2018 оны 10 сарын 31-ны өдрийг хүртэлх ажлын 47 өдрийн цалин 546.516 төгрөгийг хариуцагч БТХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2019/00334 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 213/МА2019/00021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА