Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/354

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч  Д.А-,

хохирогч Э.Азжаргал түүний өмгөөлөгч Т.Золбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокуророос  А-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000820116 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, .... аймгийн ... уурхайд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...  дүгээр хороо ... дугаар байр ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,  А-.

 

Холбогдсон хэрэг /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Бадрал зочид буудлын зогсоол бүхий замд Тоёота Приус маркийн 76-44 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 40 настай эрэгтэй Э.Азжаргалыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А- мэдүүлэхдээ: “Тэр өдөр машинаа гадаа тавьсан байсан. Азжаргал орж ирээд машинаа граш руу хийчих гэсэн. Азжаргал гарч ирж грашийн хаалга онгойлгож өгсөн. Тухайн үед хашаанд эргэх үйлдэл хийх боломжгүй байсан учраас би ухрах гэтэл дугуйнд юм тээгэлдээд гацчихсан ухарч болохгүй байсан. Тэр үед Азжаргал, манай найзын хамт урдаас түрж өгсөн. Би гацаад ухарч болохгүй байсан учраас дайрах үйлдэл хоёр, гурван удаа хийсэн. Сүүлийн үйлдэл дээр ийм юм болсон. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Азжаргал мэдүүлэхдээ: “Би тэр өдөр ажлаа хийж байсан. Өглөө 6 цагт А-ийн машиныг ухрааж байгаад ийм зүйл болсон. Тухайн үед ухаан балартаад сайн санахгүй байна. Эмч хэлэхдээ 90 хувь найдваргүй хөлтэй болсон гэсэн. Одоогоор хохирлын тооцоо байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 3-4 дүгээр хуудас/

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-8 дугаар хуудас/

         

          Хохирогч Э.Азжаргалын “Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бадрал нэртэй зочид буудалд манаачийн ажил хийгээд хагас жил болж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөн ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Манай зочид буудалд үйлчлүүлсэн хүн буудлын доор грашинд машинаа тавьсан байсан. Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад явахаар болоод манай грашнаас машинаа авах болсон. Тухайн үед граш дотор машин их байсан учраас эргэж эгцээрээ гарах боломжгүй байсан тул ухарч гарах болсон. Манай граш өгсүүр байдаг, би граш дотор тэр машиныг гарахыг нь хараад зогсож байсан. Ухарч гарч байгаад гэнэт буцаад урагшаа эрчтэй хөдлөөд миний хөлийг ханатай хавсраад мөргөчихсөн. Тэгээд надад мэдэх юм байхгүй. Нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Зүүн шаантны яс хоёр хугарсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтээд 195.000 төгрөг өгсөн. Яс бороолуулдаг нэг эм авч өгсөн. Өвчин намдаах эм, таяг зэргийг авч өгсөн. Өөр авсан зүйлгүй ээ. Эмнэлэгт байхад хоол хийгээд авчирдаг байсан.

          ... Гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ. Ажлаа хийгээд зүгээр явж байсан хүнийг ийм байдалд оруулж ажилгүй болгосон учраас цалин мөнгө төгрөгөө нэхэмжилмээр байна. Өдрийн 25.000 төгрөгөөр 24/48 цагийн хуваариар ажилладаг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1567 дугаартай:

          “1. О.Азжаргалын биед зүүн шаант ясны олон сэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй ил хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал /2019.01.18/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт. /хэргийн 25 дугаар хуудас/

         

         

          Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №122 дугаартай:

          “1. Тоёота Приус маркийн 76-44 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.Азжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

          2. Зам тээврийн осол хэрэг гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 42 дугаар хуудас/

         

          Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх №00672 дугаартай хуулбар. /хэргийн 53-63 дугаар хуудас/

         

          Д.А-ийн яллагдагчаар өгсөн “... Өглөө 06 цаг 30 минутын орчимд буудлаас гарахад машин грашид байсан. Буудлын жижүүр араас гарч ирээд грашийн хаалгыг онгойлгож өгсөн. Миний машиныг граш дотор урд хэсгээр нь чигээр нь оруулаад тавьчихсан байсан. Эргэх үйлдэл хийж гарах боломжгүй байсан учир хойшоо гарах гэтэл 2-3 удаа хүч алдсан. Урагшаа дахин ухарч байх үед жижүүр нь машины урдаас түлхэж өгч байсан. Дахин ухрах үйлдэл хийхэд ухрахгүй байхаар нь дахин урагшлах гэтэл огцом урагшлаад жижүүр эрэгтэйн зүүн хөлний шилбийг нь грашний ханатай хавсраад мөргөчихсөн. Би тэр хүний шууд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.

          ... Одоогийн байдлаар эмчилгээний зардал эм тарианы мөнгийг цаг тухай бүрт нь нэхэмжлэхээр нь өгч байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал хохирлыг бүрэн барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Д.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.А-ийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө, зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

 

Хохирогч Э.Азжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт “Одоогоор хохирлын тооцоо байхгүй” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Д.А- нь хохирогчид нийт 628,350 төлсөн ба энэ төлбөрийг хохирогч хүлээн авсан гэж мэдүүлж байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс нэмж гаруулах төлбөргүй гэж үзэв.   

Харин хохирогч Э.Азжаргал өөрт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” бол гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч  Д.А- тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй  хэлбэрээр үйлдсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоос сайн дураар төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

 

Ингэж тэнсэхдээ шүүгдэгч Д.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйл хэсгийн 2.3 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, харин хязгаарлалт тогтоох шаардлагагүй үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Д.А- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Д.А-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйл хэсгийн 2.3 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.А-ийн жолоочийн 518485 дугаартай түр үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Д.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.Азжаргал нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

            8 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ