| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/01599/и |
| Дугаар | 01912 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 01912
| 2017 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 182/ШШ2017/01912 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух П-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ү-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговорт 14.588.899 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, хариуцагчийн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: П нь Завхан аймгийн аудиторын тушаалаар 2013.03.14-ний өдрийн 01 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн.Энэ тушаалд П гомдол гаргаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.05.04-ний өдрийн 249 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.27-ны өдрийн 412 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.11.02-ны өдрийн 302 дугаар тогтоол зэргээр ажилд нь эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Үндэсний аудитын газар шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн аваагүй байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр гарсан 2015.05.04-ний өдрөөс 2017.05.19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 14.588.899 төгрөгийг Үндэсний аудитын газраас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.05.04-ний өдрийн 249 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.27-ны өдрийн 412 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.11.02-ны өдрийн 302 дугаар тогтоол зэргээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд хүчин төгөлдөр захиргааны хэргийн эцсийн шатны шүүхийн шийдвэр байгаа. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.6 дах заалтыг зөрчиж тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байгааг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч П нь 2015.05.04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 14.588.899 төгрөг нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч Пг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.05.04-ний өдрийн 249 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.27-ны өдрийн 412 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.11.02-ны өдрийн 302 дугаар тогтоол зэргээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх боловч, тэрээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарсан 2015.11.02-ны өдрөөс хойш 2017.05.26-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах талаар хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлээгүй, шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”,
Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “шүүх хянан шийдвэрлэхээс зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ”,
Мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч П хэдийгээр 2016.11.04-ний өдрөөс жирэмсэн эхийн хяналтанд орж 2017.04.26-ны өдөр хүүхэд төрүүлсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, жирэмсэн эмэгтэйн хяналтын карт, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх боловч энэ байдал нь Улсын дээд шүүхийн тогтоол 2015.11.02-ны өдөр гарснаас хойш 3 сарын дотор ажилгүй байсан хугацааны олговроо зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нотлох баримтгүй байна.
Хариуцагч тал хэргийн харъяаллын талаар маргаж байх боловч уг маргаан нь захиргааны акттай шууд холбоогүй бөгөөд иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан юм.
Иймд нэхэмжлэгч Пг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Үндэсний Аудитын газраас ажилгүй байсан хугацааны олговорт 14.588.899 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 230.894 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ