| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0820/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/896 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/896
2020 12 16 2020/ШЦТ/896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шинжээч М.Аригуунтөгс,
мөрдөгч О.Гарьд /онлайнаар оролцсон/,
хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч А.Д,
шүүгдэгч О.Ч , түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн О.Ч ад холбогдох эрүүгийн 2003004170347 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн О.Ч, 1955 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, 65 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ..дүгээр хороо Хайлаастын ... дугаар гудамж ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Ч 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн... дүгээр хороо Шадивлангийн автобусны буудлын баруун замд Киа .. маркийн 64-.. УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Дий жолоодон явсан Ямаха маркийн 84-66 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөснөөс жолооч Б.Дий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэрээсээ гараад Шадивлан руу явж байгаад зүүн гар тийш туслах уулзвар дээр дохио өгч эргэсэн. Миний урд талд саарал өнгийн приус маркийн харагдаж байсан. Би тухайн машиныг урдуураа оруулаад эргэхэд ард нь мотоцикл дуугарсан. Би мотоциклийг хараагүй. Саарал өнгийн приус машиныг л харсан. Түргэн тусламжийг би дуудсан. Миний хувьд мотоциклийн жолоочийг жолоо барих эрхтэй юу, мөн түүний буруутай үйлдэл байна уу гэдгийг шалгуулах хүсэлтэй байсан боловч эдгээр хуралд оролцсон мөрдөгчийн тайлбарыг сонсоод ойлголоо. Би 20 гаран жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Миний хувьд 350.000 төгрөгийн тэтгэвэртэй. 2020 оны 12 дугаар сар хүртэл тэтгэврийн зээлтэй байгаа учраас хохирол төлөх боломжгүй байна. Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох портер машинаар ажил хийвэл сард 100.000 төгрөгийн орлого орох боломжтой. Ачаа бараа зөөх ажил хийж хохирлоо барагдуулах бодолтой байна...” гэв.
Хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 7 сарын 29-ний өдөр өглөө ажилдаа явах гэж гэрээсээ гарсан. Хэрэг болсон газар манай зуслангийн байрнаас 2 км зайтай байдаг. Ачааны машиныг эргэж орж ирэх хүртэл дохио өгсөн байгааг харсан. Надад зай тавьж өгч байна гэж бодсон учраас би хурдаа нэмэхгүй, хасахгүй үргэлжлүүлэн замын хөдөлгөөнд оролцсон. Дөхөж ирэхэд тоормос болон дуут дохио өгсөн. Үйл явдал хоромхон зуур болсон. Би унаад босох гэсэн боловч босох боломжгүй байсан учраас хөлөө хугарсан байгааг анзаарч хэргийн газар эмнэлгийн тусламж иртэл 30-40 минут хэвтсэн. Шүүгдэгч нь надад эмнэлгийн тусламж дуудаагүй. Цагдаа болон түргэн тусламжийг миний эргэн тойронд байсан хүмүүс дуудсан. Эмнэлэгт хүргэгдсэн даруйд яаралтай мэс ажилбарт орсон. Бүтэн болон хагас мэдээ алдуулагчтай 2 удаа мэс ажилбарт орсон. Хэрэг болсноос хойш 5 сарын хугацаа өнгөрсөн боловч надад учирсан ил хугарлын шарх эдгээгүй байна. Одоогоор цар тахлын улмаас би өдөр бүр эмнэлгийн байгууллага явах боломжгүй учраас боолтоо би өөрөө сольж байгаа. Нэхэмжилж буй зардал үүссэн бодит зардлаас бага гэдгийг хэлэх нь зүйтэй. Би хохирол барагдуулах талаар шүүгдэгчтэй хэд хэдэн удаа холбоо барьсан боловч өөрийгөө өмөөрч уурлаж намайг загнасанд гомдолтой байна. Баримтаар учирсан хохирлоо нэхэмжилж байна...” гэв.
Шинжээч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр очиж үзлэг хийсэн. Өвчний түүх болон тухайн үед хийгдсэн шинжилгээнд үндэслэн дүгнэлт гаргасан. Чөмөгт ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Чөмөгт ясанд бугалга, дунд чөмөг, шаант яс хамаардаг. Үүний чөмөгт хэсгийн ил хугарал нь амь насанд аюултай байдал үүсгэдэг тул гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаардаг. Хохирогчийн тухайд хавчлага ясны хугарал буюу шагайн яс хугарал гэмтэл нь чөмөгт хэсэгт ороогүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь хүн өөртөө үйлчлэх чадварыг хэлдэг. Үүнд хүний өдөр тутмын үйлдэл хамаардаг. Хохирогчид учирсан гэмтэл нь эдгэрч өөртөө үйлчлэх чадвар хэвээр үлдэнэ. Хавчаар болон хашлага яс зэрэг нь нэг ойлголт. Тахилзуур яс нь өөр ойлголт. Чөмөгт ясны хугарал гэмтэл нь чөмөг яс нь ил гарч амь насанд аюултай гэмтэл үүсгэдэг. Хохирогчийн тухайд чөмөгт хэсэг рүү ороогүй гэмтэл авсан тул амь насанд аюултай байдал үүсгээгүй тул гэмтлийн хүндэвтэр гэмтэл учирсан байна. Эдгэрэлтийн хугацаа нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан байдаг. Тухайн хүний биеийн онцлог болон арчилгаанаас хамаарч эдгэрэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. Хохирогчийн яс бороолж эдгэрсэн тохиолдолд хөл дээрээ хэвийн явах боломжтой...” гэв.
Мөрдөгч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч магадалгаа гаргаж болно гэсэн заалт бий. Энэ хэрэгт техникийн шинжээч томилох шаардлагагүй байсан тул мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой гэж үзсэн. Би замын цагдаагаар 15 жил, зам тээврийн ослын мөрдөгчөөр 7 жил ажиллаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр зүйлд уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалт бий. Зам тавьж өгнө гэдэг нь давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үйлдлийг хэлнэ. Шүүгдэгч нь замын нэгдүгээр эгнээнд явж байсан приус маркийн машиныг харсан нь мотоциклыг харах боломжтой нөхцөлд байсан. Хоёрдугаарт уг тээврийн хэрэгслийг өнгөрөөж зүүн гар тийш эргэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн гол зорилго нь хөдөлгөөний оролцогч нарын дараалал тогтоох зорилготой байдаг. Энэ ослын тухайд О.Ч нь дарааллын дагуу хоёрдугаарт байгаа. Гэтэл дарааллын дагуу биш урдуур нь эргэх үйлдэл хийсэн учир мотоциклтой хүн тухайн тээврийн хэрэгслийг хараад хурдаа хасах, мөргөж шүргэхгүйн тулд 2 тийш займчих гэх мэтээр хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах юм бол зам тавих үйлдэл бүрэн төгс хийгдэх боломжгүй болж зам тээврийн осол гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийг баримтлан шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэн магадалгаа гаргасан. Цагдаагийн Ерөнхий Газрын бүртгэл хяналтын төвд жолоочийг сургах ажиллагаа явагддаг. Үүнээс авсан лавлагаагаар хохирогч нь “Б” ангиллын үнэмлэхтэй байгаа. Хохирогч нь өөрөө “А” ангиллын улаан хавтастай жолооны үнэмлэхтэй гэж мэдүүлсэн. Тухайн үед жолооны үнэмлэхийг бүртгэл хяналтын төв олгодоггүй байсан бөгөөд авто спортын холбоо байхад холбоогоор дамжуулан үнэмлэх олгодог байсан. Тэр үедээ үнэмлээхээ авсан бол хохирогч нь бүртгэл хяналтын төвд сургалтад суухгүйгээр явсан нь зөрчлийн шинжтэй байх боломжтой боловч осол хэргийн шалтгаан нөхцөл биш юм. Осол хэргийн шалтгаан замын хөдөлгөөнд оролцох дараалал зөрчсөнөөс үүссэн байна. Тухайн зам нь 4 эгнээтэй эсрэг урсгалтай зам байсан. Гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар ачааны машин нь зүүн гар тийш эргэх дохио өгөөд зогсож байсан. Шүүгдэгч нь аюул саад учруулахгүй хөдөлгөөнд оролцох ёстой. Хохирогч нь зогсож байгааг нь харсан учраас аюул саад биш. Зогсож байгаа тээврийн хэрэгслийг хараад надад зам тавьж өгнө гэсэн ойлголтоор замын хөдөлгөөнд оролцсон бөгөөд хурдаа хасаагүй, нэмээгүй гэдгээ мэдүүлэгтээ дурдсан. Аюул саад харсан үед зогсоох арга хэмжээ авах үед зогсооно гэсэн заалт хохирогчид үйлчлэхгүй. Замын хөдөлгөөнд оролцох дарааллын дагуу явна. Хохирогчийн явж байгаа хурдыг тогтоох боломжгүй. Тухайн замд хурд хэмжигч ажиллаж байсан бол хурд тогтоох боломжтой байсан. Шүүгдэгчийн хараагүй байна гэдэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн асуудал...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-13/,
Хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 7 дугаар сарын 29-ний өглөө зусландаа байж байгаад 11 цагийн үед хот руу орох гээд, найз Б ээж С эзэмшлийн Ямаха маркийн 84-.. УБ дугаартай мотоциклыг унаад Яргайтын аманд байх зуслангаасаа гарсан. ...Шадивлангийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд замын 2 дугаар эгнээгээр 50-60 орчим км/цагийн хурдтай явж байхад миний эсрэг урсгалын 2 дугаар эгнээнд нэг цэнхэр өнгийн Портер маркийн ачааны машин зүүн гар тийшээ дохио өгөөд зогсож байхаар нь намайг өнгөрөөчхөөд араар зүүн гар тийшээ эргэх гэж байна гэж бодоод явж байтал гэнэт намайг ойртоод ирэх үед миний урдуур зүүн гар тийшээ эргээд ороод ирэхээр нь би урд болон хойд тоормосоо гишгэж атгасан боловч зогсож амжилгүй тухайн машины баруун хойд хэсэг рүү нь мөргөөд, мөргөсөн эрчиндээ урагшаагаа мотоциклоосоо сугараад ачааны машины ачаанд нь хөлөө цохиод газарт унасан...” гэх мэдүүлэг /хх 19-20/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №8988 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Дий биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн болон зүүн хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шагайн үений ил хугарал, мултрал, баруун тахилзуур ясны хугарал, эрүүнд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 84-86/,
Иргэний нэхэмжлэгч Ж.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний нэр дээр Ямаха-.... маркийн 84-.... УБ дугаартай мотоцикл байдаг. Манай компани гадаадаас ирсэн хүмүүсийг эх орноороо аялуулдаг, дээрээс нь мотоцикл унуулдаг юм. Яг ийм 5 ширхэг мотоцикл байдаг. Энэ онд өвчин гараад гадаадаас хүмүүс ирээгүй учраас мотоциклуудыг манай хүү Б, түүний найз Д нар нэг нэгээр нь унах гэсэн юм гээд надаас авсан байсан, би өөрөө зөвшөөрөл өгөөд тэр 2 мотоциклийг өгсөн. ...үнэлгээгээр гарсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 59/,
..... ХХК-ний автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн №3624 дугаартай тайланд: “...Ж.С эзэмшлийн Ямаха-ТТ250Я маркийн 84-.... УБ улсын дугаартай мотоцикл-525.000 төгрөгийн шууд, 815.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан /хх 94-95/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Г 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №149 дүгээр магадалгаанд: “... маркийн 64-..УБЦ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Ямаха-250 маркийн 84-.. УБ дугаартай мотоциклийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа /хх 89/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 109/, жолоочийн эрхийн лавлагаа /хх 111/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 112/, оршин суугаа газрын тодорхойлолт, хохирогч Б.Дий гаргаж өгсөн хохиролын баримт /хх 22-51/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №43230 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 76-80/, хохирогч Б.Дий эрүүл мэндийг тодорхойлох баримт /хх 112-135/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэргийг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ч 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 20 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн автобусны буудлын баруун замд Киа Бонго маркийн 64-.. УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Дий жолоодон явсан Ямаха маркийн 84-..УБ улсын дугаартай мотоциклыг мөргөснөөс жолооч Б.Дий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-13/, хохирогч Б.Дий “...2020 оны 7 дугаар сарын 29-ний өглөө зусландаа байж байгаад 11 цагийн үед хот руу орох гээд, найз Бат-Эрдэнийн ээж Соёлмаагийн эзэмшлийн Ямаха маркийн 84-.. УБ дугаартай мотоциклыг унаад Яргайтын аманд байх зуслангаасаа гарсан. ...Шадивлангийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд замын 2 дугаар эгнээгээр 50-60 орчим км/цагийн хурдтай явж байхад миний эсрэг урсгалын 2 дугаар эгнээнд нэг цэнхэр өнгийн Портер маркийн ачааны машин зүүн гар тийшээ дохио өгөөд зогсож байхаар нь намайг өнгөрөөчхөөд араар зүүн гар тийшээ эргэх гэж байна гэж бодоод явж байтал гэнэт намайг ойртоод ирэх үед миний урдуур зүүн гар тийшээ эргээд ороод ирэхээр нь би урд болон хойд тоормосоо гишгэж атгасан боловч зогсож амжилгүй тухайн машины баруун хойд хэсэг рүү нь мөргөөд, мөргөсөн эрчиндээ урагшаагаа мотоциклоосоо сугараад ачааны машины ачаанд нь хөлөө цохиод газарт унасан...” гэх мэдүүлэг /хх 19-20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №8988 дугаар шинжээчийн “...Б.Дий биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн болон зүүн хажуугийн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун шагайн үений ил хугарал, мултрал, баруун тахилзуур ясны хугарал, эрүүнд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 84-86/, иргэний нэхэмжлэгч Ж.Соёлмаагийн “...миний нэр дээр Ямаха-ТТ250 маркийн 84-.. УБ дугаартай мотоцикл байдаг. Манай компани гадаадаас ирсэн хүмүүсийг эх орноороо аялуулдаг, дээрээс нь мотоцикл унуулдаг юм. Яг ийм 5 ширхэг мотоцикл байдаг. Энэ онд өвчин гараад гадаадаас хүмүүс ирээгүй учраас мотоциклуудыг манай хүү Б, түүний найз Д нар нэг нэгээр нь унах гэсэн юм гээд надаас авсан байсан, би өөрөө зөвшөөрөл өгөөд тэр 2 мотоциклийг өгсөн. ...үнэлгээгээр гарсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 59/, ..... ХХК-ний автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн №3624 дугаартай “...Ж.С эзэмшлийн Ямаха-ТТ250Я маркийн 84-... УБ улсын дугаартай мотоцикл-525.000 төгрөгийн шууд, 815.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан /хх 94-95/, тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Г 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №149 дүгээр “...К.Бонго маркийн 64-.. УБЦ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Ямаха-250 маркийн 84-.. УБ дугаартай мотоциклийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадалгаа /хх 89/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Ч ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхээс шүүгдэгч О.Ч ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирол болох нийт 15.659.984 төгрөгийг шүүгдэгч О.Ч аас гаргуулан хохирогч Б.Дд 14.844.984 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Соёлмаад учирсан 815.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ч нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн О.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Ч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч аас 15.659.984 төгрөгийн гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн ..дугаар хороо .. тоотод оршин суух Б.Д /ЖЭ890214../-д 14.844.984 /арван дөрвөн сая найман зуун дөчин дөрвөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг, Хан-Уул дүүргийн .. дугаар хороо .. дүгээр хороолол ... тоотод оршин суух Жигжидсүрэнгийн С /ЖЭ680220../-д 815.000 /найман зуун арван таван мянга/ төгрөгийн тус тус олгосугай.
5. Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН