Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/711

 

 

 

 

 

 

    2019           08         19                                     2019/ШЦТ/711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: Б.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905030580851 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 204 тоотод байрлах нийтийн байранд маргааны улмаас Б.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баттөр гэртээ байхдаа намайг боож унаган цохисон. Тэгээд хутга шөвөг аваад байсан. Тэр үед Тайванжаргал ах салгасан. Тэгээд би Баттөрийн гэрээс гараад доод давхарт нь сууж байсан чинь Баттөр араас гарч ирээд миний нүүрэнд өшиглөж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би жоохон сэргээд харахад Баттөр Баатарболдын нүүрэнд гараараа нэг удаа цохиж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад “та хоёр чинь яаж байгаа юм бэ” гээд Баатарболдыг Баттөрийн гэрээс “ахын дүү чи гарч бай” гээд гаргасан. Тэр үед миний ард Баттөр “энэ муу пиздаг алчихъялдаа” гээд хутга авахаар нь би “чи одоо юун хутга болоод байгаа юм, наадахаа боль” гээд хутгыг нь авсан. Тэр үед Баттөр миний хажуугаар гарсан. Тэгээд байж байтал Баттөрийн амьдардаг нийтийн байрны доор Баатарболд “одоо болъё хөгшөөн” гэж хэлэн чимээ гарахаар нь би Баттөрийн гэрээс гараад доош бууж байтал Баттөр миний өөдөөс “муу пизда минь” гэж хэлсээр гараад ирсэн. Тэр үед би шууд доошоо буугаад Баатарболд дээр очиход Баатарболд толгойгоо хоёр гараараа дарчихсан, хоёр хөлөө жийгээд сууж байсан бөгөөд миний харсанаар бол хамарнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Шинжээчийн 9074 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Яллагдагчаар Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт ажилладаг Баатарболдын биед халдан гэмтэл учруулсан байгаа. Энэ асуудлын улмаас хохирогч Б.Б-од учирсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримт /хх-н 23, 26-/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 29-44/, хохирогчийн хүсэлт /хх-н 46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 204 тоотод байрлах нийтийн байранд маргааны улмаас Б.Б-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ын: “...Баттөр гэртээ байхдаа намайг боож унаган цохисон. Тэгээд хутга шөвөг аваад байсан. Тэр үед Тайванжаргал ах салгасан. Тэгээд би Баттөрийн гэрээс гараад доод давхарт нь сууж байсан чинь Баттөр араас гарч ирээд миний нүүрэнд өшиглөж гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-э 12-13/, гэрч Г.Т-ын: “...би жоохон сэргээд харахад Баттөр Баатарболдын нүүрэнд гараараа нэг удаа цохиж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад “та хоёр чинь яаж байгаа юм бэ” гээд Баатарболдыг Баттөрийн гэрээс “ахын дүү чи гарч бай” гээд гаргасан. Тэр үед миний ард Баттөр “энэ муу пиздаг алчихялдаа” гээд хутга авахаар нь би “чи одоо юун хутга болоод байгаа юм, наадахаа боль” гээд хутгыг нь авсан. ...Тэгээд байж байтал Баттөрийн амьдардаг нийтийн байрны доор Баатарболд “одоо болъё хөгшөөн” гэж хэлэн чимээ гарахаар нь би Баттөрийн гэрээс гараад доош бууж байтал Баттөр миний өөдөөс “муу пиздаа минь” гэж хэлсээр гараад ирсэн. Тэр үед би шууд доошоо буугаад Баатарболд дээр очиход Баатарболд толгойгоо хоёр гараараа дарчихсан, хоёр хөлөө жийгээд сууж байсан бөгөөд миний харсанаар бол хамарнаас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, шинжээчийн 9074 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 46/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР