Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 01805

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2017/01805

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                             

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: оршин суух, Ц-д холбогдох 

 

Гэм хорын хохиролд 14.286.187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, иргэдийн төлөөлөгч Б.Мандахнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар  оролцов.                           

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д нь 2016 оны 06 сарын 25 -наас 26 -нд шилжих шөнө СБД-ийн 19-р хороо “Хуурай мухар”-ын замд хариуцагч Ц 1 УБЦ “Toyota fancargo” маркийн автомашинд сууж явж байгаад зам тээврийн осолд орж миний биед хүнд гэмтэл учирсанаас болж эмнэлэгт олон сараар хэвтэн эмчлүүлж одоо Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ болон боолт хийлгэж байгаа. СБДүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэл 144 тоот тогтоолоор Цд 1 жилийн хорих ялыг тэнссэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зөрүүг өгч байхаар шийдвэр гарсан. Ц нь эмчилгээний зардалд 2016 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар 9.500.000 төгрөг нэхэмжилж авснаас 9 280 350 төгрөг нь шүүхийн шийтгэл тогтоолоор баталгаажсан. Үүнээс хойшхи эмчилгээний зардал,цалингийн зөрүүг өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Анхан шатны эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарснаас хойшхи эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас тэтгэвэр авч ажил эрхлэхгүй байгаа тул дундаж цалин болон тэтгэврийн  зөрүү зэргийг нэхэмжилж байна. Голомт банкинд ажиллаж байхдаа авч байсан 1 сарын цалингийн дундаж нь 1.354.776 төгрөг, 1 сард авч буй тэтгэвэр 420.657 төгрөгийн зөрүүд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх 12 сарын хугацаанд 11.209.428 төгрөг, шийтгэх тогтоол гарснаас хойшхи эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зэрэг хохирол, зардалд 3.076.759 төгрөг, бүгд 14.286.187 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дийн нэхэмжлэлтэй Цд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээний зардлын тухайд: Нэхэмжлэгч Дийн эмчилгээний зардалд “...9,280,350 төгрөг нь шүүхээр баримтаар баталгаажсан...” гэж буруу зүйл бичсэн байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор баримттай 3,600,000 төгрөгийг төл гэсэн шийдвэр гарсан. Түүнийг мөрдөн байцаалтын явцад төлсөн байгаа. Түүнээс биш Шүүхээс Ц эмчилгээний зардалд 9,280,350 төгрөг төл гэсэн шийдвэр гараагүй. Гарсан бол шийдвэр гүйцэтгэх албаны журмаар төлөх ёстой. Ц нь 5.0 саяар 1 удаа, 4.5 сая төгрөгөөр 1 удаа нийт 9,500,000 төгрөгийг төлсөн байгаа. Илүү төлөлттэй явж байгаа. Энэ бүх баримт эрүүгийн хэрэг дотор байгаа. Ц “эмчилгээний зардалд” гэж өгсөн мөнгийг энэ хүн биеийнхээ эмчилгээнд зарцуулалгүй банкинд мөнгөн хадгаламж болгон өөрийнхөө нэр дээр хуримтлал бий болгосон байдаг. Яагаад мэдэж байна вэ гэхээр Д нь анх өөрийнхөө хадгаламжийн данс руу 9,5 сая төгрөгийг хийлгэж авсан. Уг мөнгийг эмчилгээний зардалд авч хэрэглээгүй байх магадлалтай. Тийм болохоор эмчилгээний зардал Цаас нэхэмжлээд байна уу? Мөнгөн хуримтлал бий болгох мөнгө нэхэмжлээд байна уу. Ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч, сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж зааж өгсөн байна. Харин мөнгөн хуримтлал хадгаламж төлөх үүрэгтэй гэж хуульчлаагүй байна. “Мөнгөн гүүр эмнэлэгт эмчилгээ болон боолт хийлгэхэд” хэвтэж эмчилгээ хийлгээгүй байхад 2.061.400 төгрөгний зардал гарсан гэдэгт итгэхгүй байна. Ц өгсөн мөнгийг эмчилгээнд хэрэглэхгүй банкинд хийчихээд давхардуулан эмчилгээний зардал нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дутуу авсан гэх цалин хөлсний тухайд: Хуулинд “цалингийн зөрүү” гэж зааж өгөөгүй байна. Ц нь ажил олгогч биш. Ажил олгогч бол Голомт банк. Голомт банк Дд дутуу авсан цалин гэж 30-40 сая төгрөг өгсөн байгаа. Тэр мөнгийг Дийн Голомт банкаас цалин авдаг цалингийн данс руу нь шилжүүлсэн гэж яригдаж байсан. Дутуу авсан цалин хөлсөө илүү хэтрүүлж авчихаад дахин давхардуулж цалингийн зөрүү гэж  нэхэмжилж байна. Эрүүгийн хэргийн яллах дүгнэлтийн хавсралтанд Дийг 3.386.075 төгрөгийн хохиролтой гэж бичсэн байна. Гэтэл Ц 9,5 сая төгрөгийг төлсөн байгаа. Мөн Голомт банк дутуу авсан цалин хөлсийг нь нөхөөд өгчихсөн. Ажлын газрынх нь хамт олон 25 сая төгрөг өгсөн нь өөрийнх нь дансанд орсон байхад хохирол нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэв.

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Дийн хариуцагч Цд холбогдуулан  гаргасан зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 14.286.187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хариуцагч Ц нь 2016 оны 06 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг 19 дүгээр хороо, Хуурай мухарын замд хариуцагч Ц нь 1 УБЦ улсын дугаартай “Toyota fancargo” маркийн автомашиныг жолоодож явахдаа  зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын ЗХД-ийн 2.7, 9.1-д заасныг зөрчиж нэхэмжлэгч Дийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 144 тоот шийтгэх тогтоол, Дийн  биед учирсан гэмтлийн гэрэл зургууд, Баянзүрх дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, тэтгэврийн дэвтэр, амбулаториор эмчлүүлэгчийн карт, эмчилгээний баримтууд зэргээр нотлогдлоо.

 

            Нэхэмжлэгч Д нь хариуцагч Цд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш эмчлүүлсэн эмчилгээний зардлын баримт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тогтоосон тэтгэврийн мөнгийг урьд авч байсан цалингаас хасч тооцон зөрүүг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой эмчилгээний зардлыг нэхэмжилсэн.

 

            Хариуцагч талаас шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө 9.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, мөн Голомт банкны ажилтнууд уриалга гаргаж 25 сая төгрөгийг нэхэмжлэгчид хандив тусламж болгож өгсөн, нэхэмжлэгчийн ажиллаагүй 2 сарын цалинг Голомт банк өгсөн, эдгээр мөнгөнүүд нь нэхэмжлэгчийн банкин дахь дансанд хадгалагдаж байх тул түүнд учирсан хохирол байхгүй, мөн хуульд цалин тэтгэврийн зөрүүг гаргах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 144 тоот шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт:

 

            “Дээрх гэмт хэргийн хохирогч Дд 9.280.359 төгрөгийн ... хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Ц нь хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа...”, “Харин Д болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч Д нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв” гэжээ.

 

            Нэхэмжлэгч Д нь дээрх шийтгэх тогтоол гарснаас хойшхи хугацааны эмчилгээний зардлыг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байх тул шийтгэх тогтоол гарахаас өмнө нэхэмжилж авсан эмчилгээний төлбөрийн баримттай цаг  хугацааны хувьд давхцах боломжгүй юм.

 

            Нэхэмжлэгч Д дээрх зам тээврийн улмаас шүд нь гэмтэж эмчлүүлсэн  гэж тайлбарлаж, эмчилгээний зардлаа нэхэмжилсэн байх боловч түүний шүд гэмтсэн талаар шийтгэх тогтоолд авагдсан шүүх эмнэлгийн дүгнэлтийн гэмтсэн эд эрхтнүүдэд дурдагдаагүй байх ба, нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтаа ирүүлээгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

            Нэхэмжлэгч Голомт банкинд ажиллаж байхдаа авч байсан 1 сарын цалингийн дунджийг 1.354.776 төгрөгөөр бодож, 1 сард авч буй тэтгэвэр 420.657 төгрөгийг хасч тооцон,  цалин тэтгэврийн зөрүүд 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 сар хүртэлх 12 сарын хугацаанд 11.209.428 төгрөг нэхэмжилсэн ба, уг шаардлагыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг үндэслэн хангаж шийдвэрлэх хууль  зүйн үндэслэлтэй.

           

            Иймд нэхэмжлэгч Дийн цалин тэтгэврийн зөрүү 11.209.428 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойшхи эмчилгээ, сувилалын зардалд нотлох баримтын шаардлага хангаж буй баримтыг үндэслэн 2.981.041 төгрөг, бүгд 14.190.469 төгрөгийг хариуцагч Ц төлөх үүрэгтэй байна.     

 

            Хариуцагч Ц эрүүгийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Дд 9.280.359 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байх тул түүний нэхэмжлэгчид шилжүүлсэн 9.500.000 төгрөгнөөс үлдэх 219.641 төгрөгийг хариуцагч Ц энэхүү иргэний хэрэг дээр төлбөл зохих 14.190.469 төгрөгөөс хасч тооцоход 13.970.828 төгрөг болж байна.

 

            Нэхэмжлэгч Дийн ажиллаж байсан байгууллага хамт олны дэмжлэг туслалцаа болгож цуглуулж өгсөн хандивын мөнгө, зам тээврийн ослоос учирсан гэмтлийн улмаас ажиллаагүй хугацаанд нь олгосон цалин хөлс, түүний хадгаламж болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг үндэслэн нэхэмжлэгч Дд учирсан хохиролгүй гэж үзэж байгаа хариуцагч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1-д зааснаар хариуцагч Цаас 13.970.828 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 315.359 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Цаас  227.804 төгрөг  гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Ж.БАЙГАЛМАА

 

                                                                                                Н.БАЯРМАА