Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00475

 

Н.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

БГДийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02584 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2009 дүгээр магадлалтай, 

Н.Бийн нэхэмжлэлтэй

БГДийн 47 дугаар цт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, Б.Алтансүх, нарийн бичгийн даргаар Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 3 сарын 02-ны өдөр Нийслэлийн БГДийн 47 дугаар цийн эрхлэгч М.Оюунбилэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, манаачийн ажилд орсон. Ажилд орсон цагаасаа ямар нэг хөдөлмөрийн сахилга батын зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ биелүүлж ирсэн. Би өвчний улмаас 2019 оны 4 сарын 01-ний өдрөөс 4 сарын 11-ний өдөр, мөн 2019 оны 4 сарын 21-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, магадлагаа байгаа. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж, эмчилгээ хийлгэж дуусаад 2019 оны 4 сарын 22-ны өдөр ажилдаа очтол цийн эрхлэгч М.Оюунбилэг нь ... ажилдаа ирээд хэрэггүй хүлээж бай, би дуудна гэхээр нь дуудахыг нь хүлээсэн. Гэтэл эрхлэгч М.Оюунбилэг нь 2019 оны 4 сарын 23-ны өдөр Б/17 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгчид 2019 оны 5 сарын 02-ны өдөр тушаалын хувийг өгч, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг баримталсан байсан. Гэтэл би сайн дураараа хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагүй. Яагаад намайг миний хүсэлтээр ажлаас чөлөөлөх болсныг ойлгоогүй. 2018 оны 3 сарын 02-ны өдөр надтай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Миний хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 3 сарын 02-ны өдөр дууссан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх хийсэн хугацаагаар сунгагдсанд тооцно гэсэн байна. Гэтэл цийн эрхлэгчийн болон, миний зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хэн аль нь санаачилга гаргаагүй, би ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2019 оны 4 сарын 01-ний өдөр өвдөж эмчилгээ хийлгэсэн. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7-д Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно гэснээс үзэхэд намайг анх ажилд ороход хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах ёстой байсан байгаа юм. Бодит байдал дээр Н.Б өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй. 2019 оны 4 сарын 23-ны өдөр Н.Б нь БГДийн 47 дугаар цийн удирдлагад хандаж ... миний бие өвдөж эмнэлгээр явах болсон тул ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна ... гэж өөрийн гараар бичиж өгсөн нь үнэн. Гэхдээ тэрээр уг бичгийг сайн дураараа бичиж өгөөгүй. Цийн эрхлэгч нь ингэж бичиг хийж өгөхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй шүү гэж хэлж дарамталж, нөлөөлж, төөрөгдүүлсэн учраас л ийм бичгийг нэхэмжлэгч хийж өгсөн. БГДийн 47 дугаар цчийн эрхлэгч М.Оюунбилэг нь үндэслэлгүй тушаал гаргаж намайг ажлаас халж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох манаачийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаа цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Н.Б нь анх ажилд орохдоо архи хэрэглэдэггүй, нийтэч, эвсэг хэмээн 2018 оны 3 сарын 12-нд бичиж байсан. Гэвч тэрээр зан харилцааны доголдолтойгоос гадна согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг болох нь илэрхий болсон. Согтууруулах ундаа хэрэглэж, улмаар ажлын байраа орхиж явсан нь илэрсэн тул энэ талаар түүнд 2019 оны 3 сарын 11-нд сануулахад ажил дээр архи уусан бол өөрийн хүсэлтээр ажлаас гарна хэмээн бичиж ажлын байранд архи ууж, ц эзэнгүй орхисон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэснийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Н.Б нь 2019 оны 3 сарын 29-нд ажилдаа ирээгүй буюу ажлаа тасалсан болохоо хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Цийн ёс зүйн хороо 2019 оны 4 сарын 23-нд хуралдсан ба Н.Б нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна, ажлаасаа гаръя хэмээн хэлж, хуралдааны тэмдэглэлд гарын үсгээ зурсан. Мөн өдөр тэрээр урт хугацаагаар эмчлүүлэх болсон тул ажлын гэрээгээ дуусгавар болгох хүсэлтэй байна гэж бичгээр өргөдлөө өгсөн. Н.Б нь нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдөх тухай ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй, яагаад намайг миний хүсэлтээр ажлаас чөлөөлөх болсныг ойлгоогүй хэмээн бичсэн байна. Гэвч 2019 оны 4 сарын 23-нд гаргасан өргөдлийг нь үндэслэн Н.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул түүний уг тайлбар үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь эхлээд архи уугаад байсан учир сануулсан бөгөөд дахин архи уусан учир өөрөө ажлаас халах хэрэггүй гээд өөрөө хүсэлтээ бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

БГДийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02584 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2009 дүгээр магадлалаар БГДийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2009 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. Магадлалд “…ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байсан эсэх, ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг тодруулах, уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх хурал нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг ба нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийн бүх эдлэх эрх, хүлээх үүргээ итгэмжлэлээр олгосон ба төлөөлөгч нь шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон байхад мэтгэлцүүлээгүй хэмээн шийдвэрийг хүчингүй болгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Б нь БГДийн 47 дугаар цт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй БГДийн 47 дугаар цийн эрхлэгчийн 2019 оны 4 сарын 23-ны өдөр Б/17 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг баримталж, “Н.Бийн хүсэлтийг үндэслэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн” үйл баримт тусгагджээ. /хх-ийн 6, 27-р тал/

Н.Б нь 2019 оны 4 сарын 23-ны өдөр ажил олгогчид гаргасан өргөдөлдөө ... “миний бие Н.Б нь бие өвдөж эмнэлгээр явах болсон, урт хугацаагаар эмчлүүлэх болсон тул ажлын гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна...” /хх-27/ гэж бичсэн байх ба уг баримтыг ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу эсвэл ажил олгогчийн дарамт шахалтаас шалтгаалан бичиж өгсөн эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн,  маргааны зүйлийн талаар мэтгэлцсэн, шүүхэд баримт гарган өгсөн байхад давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч, хэргийг хянахгүйгээр шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэн тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгоно.

Нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг тул ийнхүү хүсэлт гаргаагүй байхад, нөгөө талаар шүүх зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Магадлалыг хүчингүй болгуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д заасан эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ. Н.Б нь ажил олгогчийн дарамт, шахалтанд орж, хүсэлт гаргасан гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүйгээс гадна хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан байв.

Шүүхийн шийдвэрт маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдэл, үнэлгээний талаар тодорхой тусгасан, хяналтын шатны шүүхээс тэдгээрийг үгүйсгэх үндэслэлгүй  байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2009 дүгээр магадлалыг хүчингүй болгож, БГДийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/02584 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                                   П.ЗОЛЗАЯА