Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Нид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энхжаргал,

шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Нид холбогдох 1803005880327 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Г-н Н, 1993 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Цагийн зүү инженеринг” ХХК-д цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Баянгол дүүргийн .................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .................../,

Г.Н нь 2018 оны 7 дугаар сарын 5-ны шөнө 02 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Мөнххада” ХХК-ны урд замд “Тоёота Приус” загварын 11-24 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ныг мөргөж амь насыг нь хохироосон, уг гэмт хэргийг үйлдсэний дараа мөн дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа  буцаж  ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигин овогт Г-н Нийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгжээр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Г.Нийн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Г.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ноос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чулуунсүрэнд 14.700.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Г.Нийн “В” ангилалын №1205041 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Н анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14.700.000 төгрөгийг төлсөн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол Яармагын зам дээр 3 дугаар эгнээгээр хохирогч гэнэт гарч ирсэн. Тухайн үед замын ажил хийгдэж байсны улмаас замын гэрэлтүүлэггүй байсан, мөн замын камер ажиллагаанд ороогүй байсан. Харанхүй үед хохирогч гэнэт үсэрч гарч ирсэн тул Г.Нийн хувьд автомашиныг зогсоох ямар ч боломж байгаагүй. Тиймээс автомашины хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Г.Нийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Осол гарсны дараа хэргийн газарт үзлэгийн тэмдэглэл хийсэн бөгөөд Г.Нийн согтуурлын зэргийг шалгахад “0” зэрэгтэй байсан. Явган зорчигч өөрийгөө хянах чадваргүй үедээ буюу 1.6 бүхэл согтуурлын зэрэгтэй үедээ гарцгүй газраар зам гарсан. Энэ нь хавтас хэргийн 145-146 дугаар талд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн техникийн шинжээч Нансалжав нь хохирогч явган хүний гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан, өөрийгөө хянах чадваргүй үедээ зорчих хэсгээр явсан гэж дүгнэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна. Үүнийг хэрэглэх боломжгүй бол Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж ял хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх дээр тэнсэх асуудлыг хэлэлцсэн. Үүнд анхан шатны шүүхээс гэм хор арилаагүй гэж гэж үзэж хорих ял оногдуулсан. Хүний амь нас хохирсон хэрэгт хор уршиг арилсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны шөнө 02.30 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт дэвсгэрт, “Мөнххада” ХХК-ны урд замд        “Тоёота Приус-30” загварын 11-24УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ныг мөргөж амь насыг нь хохироосон, уг гэмт хэргийг үйлдсэний дараа мөн дүрмийн 2.5-д заасан үүргээ зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч Г.Нийн “...3 дугаар эгнээгээр явж байтал замын тусгаарлах зурвасаас, миний зүүн талаас ямар нэгэн юм гэнэт гарч ирээд автомашины зүүн урд булан хэсэгт мөргүүлсэн. Автомашины шил хагарахаар нь осол гарсан гэж мэдээд автомашинаас буугаад харахад 50 орчим насны хүн байхаар нь ... айсандаа хэргийн газрыг орхиод явсан.” гэх мэдүүлэг /хх1-х188-189/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “С02485618” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх 7153 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х145-146/,

“...Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн 11-24 УНТ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашины жолоочийн эсрэг талын салхины шилэн дээрээс үс болон арьсны хэсэг илэрч байна. Автомашины бусад хэсэгт биологийн ул мөр илрээгүй.” гэх 8083 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х167-168/,

“...Талийгаачийн цогцост зүүн чамархай ясны цөмөрч, дээш суман заадас, доош суурийн зүүн дунд хонхор руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун дух, чамархай, баруун, зүүн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал ялтаслаг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх тархмал няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун, зүүн чамархайн булчингийн цус, хуралт, зүүн хацар, эрүүний язарсан шарх, дух, зүүн чамархай, баруун, зүүн тохой, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганы цус хуралт, баруун бугалга, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, баруун өвдөг, шилбэний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл болох зүүн чамархай ясны цөмөрч, дээш суман заадас, доош суурийн зүүн дунд хонхор руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун дух, чамархай, баруун, зүүн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал ялтаслаг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх тархмал няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр зүүн чамархайн тус газарт хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой байна. Бусад гэмтлүүдийн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоодсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 50 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байна. Талийгаач нь ГССҮТ-н ЭЭМТ-н 08270 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр В /III/ бүлгийн цустай байна.” гэх 1568 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х150-154/,

Техникийн шинжээчийн “Т.Приус-30 загварын 11-24 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;’’ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Ц.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.” гэх 610 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1, х172/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Г.Нийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Нийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан үүргээ зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн “...айсандаа хэргийн газрыг орхиод явсан.” гэх мэдүүлэг /хх1-х188-189/, Техникийн шинжээчийн дүгнэлт /хх1, х172/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс түүний хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ... тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан бөгөөд Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан “...ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Учир нь, Г.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, шүүх хуралдаанд оролцсон прокурорын “Г.Нийг тэнсэхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбар, мөн шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, уг хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг өөрчилж 3 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх талаар зохих өөрчлөлтүүдийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Нид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогчийн ар гэрт 14.700.000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг давхар харгалзан үзсэн болно.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Нид оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэн даруй суллах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолын: тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Нид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 63 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ