Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 0433

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 он 07 сарын 08 өдөр           Дугаар 128/ШШ2019/0433            Улаанбаатар хот

 

 

                                     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, ГГ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, Газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

ГГ ХХК нь 2008 онд Булган аймгийн Т******* сумын нутагт Ц******* нэртэй 2500 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дүгээр тусгай зөвшөөрлийг 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн эзэмшиж, хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болно.

Манай компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг тогтоосон хугацаанд тогтмол төлж, хуульд заасны дагуу энэхүү үйл ажиллагааг эрхэлж байсан бөгөөд дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд 2008-2019 онуудад геологи, хайгуулын нийт 415,756,739.00 төгрөгийг зарцуулсан байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдаж, хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолуудаар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар болон ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон байна.

Манай компанийн ашигт малтмалын хайгуулын Булган аймгийн Т******* сумын нутагт Ц******* нэртэй 2500 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар болон ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцаж байгаа болно. 

Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдийн 1/3976 дугаар албан бичигт “...Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сантай 2371.32 гектар, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор баталсан усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 246.68 гектар талбай нь давхцал үүссэн байна” гэж дурдсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, 11 дүгээр зүйлийн 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг хуульчлан тогтоож өгсөн байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2-т “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг дор дурдсанаар тооцож олгоно” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах...” гэж тусгайлан зохицуулсан байна.

Манай компанийн зүгээс дээрх хууль, журамд заасны дагуу 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/01 дүгээр албан бичгээр “...ГГ ХХК нь Булган аймгийн Т******* сумын нутагт Ц******* нэртэй 2500 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор гаргуулах” хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/3976 дугаар албан бичгээр “...журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул манай газраас дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг хүлээн авч Сангийн яаманд хүргүүлээгүй байна. Иймд танай компанийн ирүүлсэн нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн.

Манай компани ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд ашигт малтмалын хайгуулын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн авах хүсэлтэй байгаа болно.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар болон түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “...нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлынявцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, түүнчлэн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн.

Ингээд манай компанийн зүгээс Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтынтусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 6 дугаар зүйлийн 6.6-д “Нөхөх олговор олгохтой холбогдсон маргааныг шүүхээр шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Иймд ГГ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгаж өгнө үү.” гэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“ГГ ХХК-ийн эзэмшиж байсан Булган аймгийн Т******* сумын нутагт Ц******* нэртэй газарт орших 2500 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 240 тоот шийдвэрээр 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ГГ ХХК-д 3 жилийн хугацаатайгаар анх олгосон байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 140 тоот шийдвэрээр 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс тооцон 3 жилийн хугацаагаар, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 85 тоот шийдвэрээр 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс тооцон 3 жилийн хугацаагаар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 78 тоот шийдвэрээр 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс тооцон, 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгаж кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны “Хилийн заагийг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сантай 2371.32 гектар, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолоор баталсан усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй 246.68 гектар талбай нь давхцал үүссэн байна.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид олговор олгох харилцааг зохицуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэвч дээрх журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй байгаа тул манай газраас дээрх тогтоолоор баталсан хилийн заагт хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нараас нөхөх олговор хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлээгүй байх тул ГГ ХХК-ийн ирүүлсэн нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн хариуг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/3976 тоотоор өгсөн.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох тухай" журмын 3 дугаар зүйлд нөхөх олговор олгохгүй нөхцлийг заасан бөгөөд уг журмын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй бол”, 3.4.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-д заасан үүргээ биелүүлээгүй” бол нөхөх олговрыг олгохгүй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй нь ...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж...“заасан байна.

Иймд Эс үйлдэхүйтэй холбоотой асуудал байхгүй. Хүсэлтийг хүлээн авч бичгээр зохих хариуг өгч шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ГГ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа үйлдэхүйг хууль болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид олговор олгох харилцааг зохицуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй нь ...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж...“ заасан байна.

Мөн нэхэмжпэгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээрзүйлийн 14.1 дэх хэсгийн ...Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана..., 14.1.1 дэх хэсгийн ...Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;... гэх шаардлагыг тус тус хангахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГГ ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, Газрын тосны газарт тус тус холбогдуулан “ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газраас гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрүүд гаргахыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч ГГ ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

ГГ ХХК-д Булган аймгийн Т******* сумын нутагт Ц******* нэртэй газарт орших 2500 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 240 тоот шийдвэрээр 3 жилийн хугацаатай олгож, тус хэлтсийн даргын 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 140 тоот шийдвэрээр 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 85 тоот шийдвэрээр 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 78 тоот шийдвэрээр 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгаж, кадастрын мэдээллийн санд бүртгэсэн нь хүчин төгөлдөр байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар 05-ны өдрийн “Хилийн заагийг тогтоох тухай” 194, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолуудаар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар болон ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоожээ.

Ийнхүү тогтоосон хилийн заагт ГГ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-0******* тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бүхэлдээ давхцсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдийн 1/3976 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

ГГ ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/01 дүгээр албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор гаргуулах” хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж, тус газрын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/3976 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгчээ.

Нэхэмжлэгч ГГ ХХК нь “... ашигт малтмалын хайгуулын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн авах боломжийг Монгол Улсын Засгийн газар болон түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраас хэрэгжүүлээгүй” гэж маргажээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3.1-д “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн зөвхөн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт нөхөх олговрыг тооцож олгоно.”гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж тус тус зохицуулжээ.

Дээр дурдсан хууль журмын заалтуудаас үзэхэд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээний зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахад нөхөх олговор олгохоор журамласан, уг нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцож, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, эсхүл сонгон шалгаруулалтаар олговол зохих талбайгаас тусгай зөвшөөрлийг сонгож олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох яам, Засгийн газарт хүргүүлэх, уг талбайг солбицлоор тодорхойлох үүргийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газарт олгосон байна.

Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрх хууль, журмын дагуу төрийн мэдэлд очсон боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан хэлэлцэн тохиролцох, нөхөх олговор олгох үйл ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэгчээс хууль журамд заасны дагуу нөхөн олговор авахаар Ашигт малтмал газрын тосны газрын газарт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх үүргээ Ашигт малтмал, газрын тосны газар биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно.” гэж заасан үүргийн дагуу нэхэмжлэгч ГГ ХХК-ийн нөхөн олговорын авах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгчээс “ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу гаргуулах” хүсэлтийг хариуцагч нарт гаргаж байгаагүй, зөвхөн нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж байсан, түүнчлэн энэхүү хүсэлтийг нь Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох яам, Монгол улсын Засгийн газарт хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Монгол улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иймээс ГГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал газрын тосны газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргахгүй байгаа Монгол улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг баримтлан ГГ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “ГГ ХХК-ийн ашигт малтмалын XV-0******* дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг гаргахгүй байгаа Монгол улсын Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ашигт малтмал, газрын тосны газраас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН