Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0152

 

Н С д М А Х н м д Б.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, Х.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Ч.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Н С д М А Х н м д Б.Б-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дахин сонгууль явуулах тухай“ 22 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах, 2012 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр Сүхбаатар дүүрэгт явагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нийт 45767 сонгогч оролцсон болохыг тогтоон, ...суудлыг Монгол Ардын нам-4, Ардчилсан нам-6, Монгол Ардын Хувьсгалт нам-2 гэж хуваарилахыг, мөн жагсаалтын дагуу Монгол Ардын Хувьсгалт намаас Ц.Ч-ны нэрийг оруулж, Монгол Ардын намын жагсаалтаас сонгогдсон 5 дахь хүнийг хасахыг тус тус хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тухайн сонгуулийг явуулахдаа Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д “сум, баг, хороонд тухайн сум, баг, хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50-аас дээш хувь нь оролцоогүй бол уг сум, баг, хорооны 50-аас дээш хувь оролцоогүй хэсэг тус бүрд” гэж заасны дагуу 22 дугаар тогтоол гарсан. 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн сонгуулийн дүнг хүчин төгөлдөр бус гэж үзэж 13 хэсэг дээр дахин санал хураалт явуулсан” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Хууль зөрчин хүчингүй болсон санал хураалтын тоог дахин санал хураалтад санал өгсөн сонгогчдын тоо гэж үзэх үндэслэлгүй. Дахин санал хураалт явуулсан хэсэг болон дахин санал хураалт явуулаагүй хэсгийн дүнг хооронд нь нэгтгэж, дүүргийн сонгуулийн дүнг гаргах нь хуульд заасан журам болно. ... Нам, эвслийн болон нэр дэвшигчийн санал хураалтыг салгаж ойлгохгүй. Санал хураалт хуулийн дагуу явагдсан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар шийдвэрээр: “1. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2, 54 дүгээр зүйлийн 54.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүрэгт явагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нийт 45767 сонгогч оролцсон болохыг тогтоон, нэхэмжлэгч Монгол Ардын Хувьсгалт намд ногдох суудлыг 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сонгуулиар авсан саналын хувиас тооцож хуваарилахыг хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж,

2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дахин сонгууль явуулах тухай" 22 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж давж заалдах гомдолдоо: “1. Анхан шатны шүүх Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дахин санал хураалт явуулах журмыг заасан 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь “Сум, баг, хороонд тухайн сум, баг, хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь оролцоогүй бол уг сум, баг, хорооны 50-аас дээш хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд" гэсэн заалтыг “сонгуульд оролцож буй “нам, эвсэл“-д үл хамаарах бөгөөд учир нь сонгогчдын “ирц”-ийг нам, эвслийн хувьд “дүүргийн хэмжээгээр нэгтгэн” харин нэр дэвшигчдийн хувьд “хэсэг тус бүрээр” тооцож гаргахаар хуульчилжээ” хэмээн утга агуулгаас нь илтэд зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Хуульд “Санал тоолох" ажиллагааг 52 дугаар зүйлд зохицуулсан ба 52.3-д “Хэсгийн хороо энэ хуулийн 52.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал тоолно” гэж заасны дагуу хэсгийн хороо саналыг тоолох ба мөн зүйлийн 52.5.4-д “нэр дэвшигч болон нам, эвсэл бүрийн авсан саналын тоо” гэсэн үзүүлэлтээр санал хураалтын дүнг гаргахаар заасан. Тиймээс хэсгийн хорооны санал тоолох ажиллагаа нь сонгуульд оролцож буй “нам, эвсэл”, “нэр дэвшигч”-ийн аль алинд нь хамаарах ёстой.

Харин сонгуулийн дүнг гаргах, мэдээлэх нь хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Аймаг, сум, дүүргийн Сонгуулийн хороо нь хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг энэ хуулийн 52.5-д заасан үзүүлэлтээр нэгтгэн, тухайн аймаг, сум, дүүргийн санал хураалтын эцсийн дүнг нэгтгэн гаргана” гэж заасны дагуу дүүргийн Сонгуулийн хороо хэсгийн хороодын саналыг нэгтгэн гаргана. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцож байгаа “нам, эвсэл”, “нэр дэвшигч”-ийн аль алины нь санал хураалтын дүнг нэгтгэх, мэдээлэх ажиллагааг Аймаг, сум, дүүргийн Сонгуулийн хороо хариуцсан байна. Иймд сонгогчдын саналыг “нам, эвсэл”-ийн хувьд дүүргийн хэмжээгээр нэгтгэх, харин “нэр дэвшигч”-ийн хувьд хэсэг тус бүрээр тооцож гаргана гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.

2. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо ... 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан дахин санал хураалтад сонгогчдын зөвхөн нэр дэвшигчдийн төлөөх саналыг авах ёстой байтал намын төлөөх саналыг хамтад нь авснаар хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн ...” гэж дүгнэсэн нь хариуцагчийг хууль зөрчихийг шаардсан төдийгүй гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн. Учир нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд саналын хуудаст тавигдах шаардлагыг заасан. Тус шаардлагад буюу 47.6-д “Саналын хуудас нь сум, баг, хороонд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсгээс бүрдэнэ” гэж хуульчилсан ба өөр саналын хуудас ашиглахыг хориглосон. Мөн дахин санал хураалт явуулахад зөвхөн “нам, эвсэл”-ийн төлөө эсхүл зөвхөн “нэр дэвшигч”-ийн төлөөх саналыг тооцох тухай болон саналын хуудаст бичигдсэн “нам, эвсэл”-ийн хэсгийг бөглөхгүй байхаар журамласан зүйл байхгүй юм. Дахин санал хураалт явуулахад сонгогчдын ирцийг анхаарах ёстой ба хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д “Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирсэн хувиар хүчинтэйд тооцно” гэсний дагуу тус санал хураалтын дүнг дахин санал хураалт явуулаагүй хэсгийн дүнтэй нэгтгэн дүүргийн санал хураалтын эцсийн дүнг гаргана.

Мөн анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 2-т “Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19, 20, 21 дүгээр тогтоолоор нийт 13 хэсэгт явагдсан санал хураалтыг хүчингүйд тооцсон тул Сонгуулийн хорооноос мөн өдрийн 22 дугаар тогтоолоор тухайн хэсгүүдэд дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, ...иймд тогтоолын 1 дэх заалтыг нэхэмжлэгчийн тайлбарласнаар “хэсэгчлэн” хүчингүй болгох боломжгүй юм” гэсэн дүгнэлт хийсэн атлаа өмнөх санал хураалтын дүнгээр намд оногдох суудлыг хуваарилахыг даалгасан нь логик зөрчилтэй шийдвэр болсон.

Иймд дээрх нөхцөл байдлыг нягтлан шалгаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Маргаан бүхий Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн заалтаар Сүхбаатар дүүргийн нийт 13 хэсэгт дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгчээс “дахин санал хураалт явуулахдаа зөвхөн нэр дэвшигчийг сонгох санал хураалтыг явуулж, нам, эвслийг сонгох санал хураалтыг явуулахгүй байсан” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9, 4.11 дэх хэсэгт зааснаар сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг ба олон мандаттай олонхын хэлбэрээр явуулахаар зохицуулжээ.

Улмаар мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг авсан саналын тоогоор эрэмбэлэн “А” жагсаалтыг гаргасан байх ба тус дүүргийн хувьд сонгогчдын ирц хүрээгүй, санал тоолох автомат төхөөрөмжөөс зөрүүтэй дүн гарсан, ноцтой зөрчил илэрсэн зэрэг үндэслэлээр нийт 13 хэсэгт дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэжээ.

Энэ тохиолдолд нэр дэвшигчийг сонгох санал хураалтыг дахин явуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх боловч харин нам, эвслийг сонгох санал хураалтын тухайд дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.6, 54.6.1 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн хороо нь нам, эвсэлд өгсөн сонгогчдын саналын тоог үндэслэн сонгуулийн дүнг дүүргийн хэмжээгээр нэгтгэн гаргаж, саналын хувиар нь дараалалд оруулан “Б” жагсаалтыг гаргахаар зохицуулжээ.

2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэдийн Хурлын сонгуулийн нэрсийн жагсаалтад 90240 сонгогч бүртгэгдсэнээс 45767 хүчинтэй саналын хуудас тоологдож, нийт сонгогчдын 50.7 хувь нь санал хураалтад оролцсон байна. Эндээс үзэхэд Сүхбаатар дүүргийн хэмжээнд нам эвслийн тухайд сонгуулийн ирц хангалттай, санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах хуульд заасан нөхцөл бий болоогүй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Гуравдагч этгээдийн “дахин санал хураалт явуулах тухай 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэрнэ өмнөх санал хураалтын дүнгээр намд оногдох суудлыг хуваарилахыг даалгасан нь шалтгаант холбоогүй, ойлгомжгүй” гэх гомдлын тухайд маргаан бүхий Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн дагуу нэр дэвшигчдийн санал хураалт явагдаж, 13 хэсэгт нэр дэвшигчид сонгогдсон байх ба хэргийн оролцогчид энэ асуудлаар маргаагүй болно.

Харин энэхүү маргааны үйл баримт нь “нам эвслийн” санал хураалтын хүрээнд, нам эвслийг сонгох санал хураалтыг дахин явуулах эсэхэд маргаж байгаа, шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул дээрх гомдол үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн “санал хураалтыг хүчингүйд тооцсон 19 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байгаа” гэх гомдлын тухайд Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар нийт 11 хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцсон байна.

Энэхүү тогтоол нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь хэсэгт зааснаар хорооны сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50-аас дээш хувь нь оролцоогүй бол санал хураалтыг хүчингүйд тооцно гэсэн үндэслэлээр гарчээ.

Эндээс үзэхэд нэр дэвшигчийн тухайд дахин санал хураалт явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн, харин талуудын маргаж байгаа “нам эвслийг” сонгох тухайд сонгогчийн ирц хангалттай байсан учир дахин санал хураалт явуулах үндэслэлгүй байна.

Иргэдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа холимог хэлбэрээр явагдаж байгаа учир нэр дэвшигч болон нам эвслийг сонгох санал хураалтыг тооцож бодох аргачлал нь өөр өөр, санал хураалт, жагсаалт гаргах ажиллагаа тусдаа байх тул гуравдагч этгээдийн “нэр дэвшигч болон нам эвслийн санал хураалтыг салгаж ойлгохгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн “шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 26 тогтоолыг шийдээгүй” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 26 дугаар тогтоол нь сонгуулийн дүнгийн тухай тогтоол байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү тогтоолын нам, эвслийн жагсаалтад холбогдох хэсэгт маргасан, шүүх энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Гуравдагч этгээдийн “эрх ашиг нь хөндөгдөж байгаа Х.Б-ыг гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оруулаагүй” гэх гомдлын тухайд энэхүү маргаан нь сонгуулийн “Б” жагсаалт буюу нам эвслийн авсан саналын хувиар дараалалд оруулах жагсаалттай холбогдуулан маргаж байгаа бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээд болох нам, эвслийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Д.БАТБААТАР

П.СОЁЛ-ЭРДЭНЭ


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.