Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2274

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01693 дугаар шийдвэртэй, Л.Ггийн нэхэмжлэлтэй хариуцагч “Кмк ҮЦК” ХХК-д холбогдох, ажилласан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговорт нийт 7 765 909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Кмк ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05/2014 тоот тушаалаар тус компанийн санхүүгийн шинжээчийн албан тушаалд томилогдсон бөгөөд мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2014 тоот хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Компанийн удирдлага, менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан.

Хариуцагчийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй тул нөхөн олговор олгохыг хүсэж “Бишрэлт холдинг” ХХК-ийн группийн удирдах зөвлөлийн даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч оны дараа болох, төсөв хөрөнгө байхгүй гэх шалтгаанаар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговрыг олгоогүй.

Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл эрхэлж байсан боловч тус компанийн хувьцаа эзэмшигчид болон хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сараас хойш 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс 6 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговор 965 909 төгрөг, нийт 7 765 909 төгрөгийг олгоогүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Г нь “Кмк ҮЦК” ХХК-д 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №05/2014 тоот тушаалаар санхүүгийн шинжээчийн албан тушаалд томилогдон ажиллах хугацаандаа идэвхи зүтгэлтэй ажилласан тул компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2014 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд томилсон. Үүнээс хойш ажиллах хугацаанд нь “Кмк ҮЦК” ХХК-д Бишрэлт группийн Дотоод Аудитын газраас шалгалт хийсэн.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шалгалтын акт танилцуулгаар зөрчил дутагдалтай ажилласан ба Л.Г өөрөө хүлээн зөвшөөрч хувьдаа завшсан 500 000 төгрөгийг компанид тушааж хохиролгүй болгосон. Шалгалтын акт болон Л.Ггийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргээс үндэслэн “Кмк ҮЦК” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2016 тоот тогтоолоор нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Гэтэл Л.Г нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн атал 2016 оны 08 дугаар cap хүртэл ажилласан, энэ хугацааны хөдөлмөрийн хөлс, ээлжийн амралтын олговор зэргийг авна гэж нэхэмжилж байгаа нь хууль ёсонд нийцэхгүй асуудал юм. Иймд Л.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч “Кмк ҮЦК” ХХК-иас Л.Ггийн ажилласан хугацааны хөлс болон ээлжийн амралтын олговорт нийт 6 606 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 159 121 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч “Кмк ҮЦК” ХХК-иас 120 658 төгрөгийг гаргуулж Л.Гд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139 210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хариуцагч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “Кмк ҮЦК” ХХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сараас мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр цалин хөлс 6 800 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралт олгогдоогүйн улмаас олговорт 965 909 төгрөг, нийт 7 765 909 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Л.Г нь “Кмк ҮЦК” ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын 01/2014 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Компанийн удирдлага, менежментийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байна. /хх 6-8/ Уг гэрээнд зааснаар гүйцэтгэх захирлын сард олгох хөдөлмөрийн хөлсийг 1 500 000 төгрөг байхаар тохиролцсон байх боловч бодитоор 850 000 төгрөгийн цалин олгогдож байсан нь Цалингийн тооцооны хүснэгт гэх баримтуудаар тогтоогдсон талаар шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх 25-35/

“Кмк ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/2016 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирал Л.Гг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах боловч хэрэгт авагдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай Өөрчлөлт бүртгүүлэх тухай тогтоолоор тухайн компанийн шинэчилсэн дүрмийг баталж, Л.Гг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, М.Мэргэнбаатарыг томилсон байна. /хх 67/

Түүнчлэн нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22 хүртэл хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан үйл баримтыг нотлох хангалттай баримтууд хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч Л.Г нь дээрх хугацаанд ажил үйлчилгээ гүйцэтгэсний хөлсийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч тал хөлс төлөх үүрэгтэй. Энэ талаарх анхан шүүхийн дүгнэлт зөв бөгөөд олгогдох цалинг 6 027 248 гэж тооцоолсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ээлжийн амралтын олговорт 965 909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 579 540 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Зохигчдын хооронд байгуулсан Компанийн удирдлага, менежментийн гэрээнд гүйцэтгэх захиралд жилийн ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эдлүүлэнэ гэж тохиролцжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшууллыг олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан. Гэтэл мөнгөн урамшуулал олгох талаар зохицуулсан хамтын гэрээ болон эрх бүхий албан тушаалтнаас тухайн ажилтанд дурдсан хугацааны ээлжийн амралтын олговор нөхөн олгох талаар гаргасан шийдвэргүй байгаа нь уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж үзэв.

Хариуцагч “Кмк ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 45/2015 дугаар шийдвэр хэрэгт авагдсан ба үүгээр “гүйцэтгэх захирал Л.Ггийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн ээлжийн амралт авах тухай хүсэлтийн дагуу амралтын мөнгийг тооцон олгох, компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдахаар ээлжийн амралтыг зохицуулж, 2016 онд нөхөн амрахыг зөвшөөрсүгэй” гэжээ. /хх 9-10/

Нэхэмжлэгчийн хувьд ээлжийн амралтын мөнгийг олгох тухай хүсэлтийг компанийн удирдлагад 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан /хх13/ байх боловч ийнхүү биеэр эдэлж чадаагүй учраас ээлжийн амралтын мөнгөн урамшуулал олгох тухай ажиллуулагчийн шийдвэр гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Ээлжийн амралтыг биечлэн эдлээгүйтэй холбоотой мөнгөн урамшуулал шаардах эрх үүссэн буюу ажил олгогчийн шийдвэр гарсан, эсхүл хамтын гэрээнд энэ талаар заасан баримтгүй байх тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 606 780” гэснийг “6 027 330” гэж, “1 159 121” гэснийг “1 738 579” гэж, 2 дахь заалтын “120 658” гэснийг “111 387” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА