| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/01019/и |
| Дугаар | 01755 |
| Огноо | 2017-09-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 01755
| 2017 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 182/ШШ2017/01755 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: байрлах, Т ХХК-нд холбогдох
Т ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Хадгаламж банкны /хуучнаар/ удирдлагаас санал тавьсны дагуу Хаан банкнаас Хадгаламж банкны Төв аймаг салбарт “Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” албан тушаалд шилжин орсноос хойш мэргэжлээрээ Хадгаламж, Т үр бүтээлтэй ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай, хариуцлагатай хандаж, өдөр тутмын ажил, үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Мөн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаваруудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажлын алдаа дутагдал, хариуцлага алдаж байгаагүй. Ийнхүү ажлын амжилт, идэвх санаачлага, үр бүтээлийг минь үнэлж Хадгаламж банкнаас “МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль 2012 он”, Тнаас “Сангийн яамны хүндэт тэмдэг 2014 он”, “Т тэргүүний ажилтан 2014 он” шагналаар тус тус шагнаж байсан. Гэвч 2017 оны 1-р сарын 30-ны өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Т Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр манай салбарын 2 /Хоёр/ “Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” албан тушаалын ажлын байрны 1 /Нэг/ орон тоог хассан тул надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай танилцуулж, миний ажлыг шуурхай хүлээлцэхийг шаардсан. Уг шийдвэрийн үндэслэл, шалтгаан ойлгомжгүй, мөн ямар үндэслэлээр ажлаас халж байгаа талаар надад тайлбарлаагүй тул миний хувьд мэдэгдэх хуудсанд гарын үсэг зураагүй болно. Гэсэн ч уг шийдвэртэй холбогдуулан миний бие 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Төв аймаг салбараар дамжуулан Т Хүний нөөцийн хэлтэст бичгээр тайлбар гаргасан боловч надад огт хариу өгөөгүй болно.
Ингээд Т Төв аймаг салбарын захирал С.Ариунболдын гарын үсэгтэй 2017 оны 3-р сарын 02-ны өдрийн 17/25 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан бөгөөд энэхүү тушаал нь дараах үндэслэлээр хууль бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-д ”ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэсэн. Гэтэл 2017.3.02-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 17/25 тоот тушаалыг Т Төв аймгийн салбарын захирал С.Ариунболд гаргасан нь хууль бус байна. Учир нь Иргэний хуулийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна”, Банкны тухай хуулийн 3.1.13-д ““Банкны нэгж” гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг” хэлнэ гэж тус тус заасан бөгөөд хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын эрх баригч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх эрхгүй байна. Харин Компанийн тухай хуулийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасны дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, түүнийг цуцлах тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Т Гүйцэтгэх удирдлага байна.
Мөн 2017.01.30-ны өдрийн мэдэгдэх хуудсанд Т Төв аймаг салбарын 2 /Хоёр/ “Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” албан тушаалын ажлын байрны 1 /Нэг/ орон тоог хассан гэх боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу ажилтны тоог цөөрүүлсэн байна. Учир нь нэг ижил буюу “Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” албан тушаалын ажлын байрны орон тоог нэгээр цөөлсөн байна. Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтнуудыг ажлын гүйцэтгэл, ур чадвар, ажлын амжилт зэргээр нь өрсөлдүүлсний үндсэн дээр үлдсэн нэг орон тоон дээр хамгийн сайн шаардлага хангасан ажилтанг томилох учиртай. Гэвч 2017.3.02-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 17/25 тоот тушаалд “Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” албан тушаалын ажлын байрны орон тоог хассан гэж дурдснаас үзэхэд мэдэгдэх хуудсанд заасан 2 /Хоёр/ “Мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн” албан тушаалын ажлын байрны орон тоог цөөрүүлэхдээ ажилтнуудыг өрсөлдүүлээгүй болох нь илэрхий байна.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй” гэж заасан.Т нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар үүсгэн байгуулагдсан төрийн өмчит банк юм. Иймд банкны хувьцаа эзэмшигч нь Монгол улсын Засгийн газар болно. Гэтэл 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол улсын Засгийн газрын бүрэлдэхүүн солигдсон. Үүнтэй холбоотойгоор тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн. Иймд банкны өмчлөгч буюу хувьцаа эзэмшигч, түүнийг төлөөлсөн ТУЗ өөрчлөгдсөний дараа миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг мэдсэн даруйдаа Т удирдлагад өөр ажилд оруулж өгөх, тэтгэмжийн хугацааг сунгах тухай хүсэлт, гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул ийнхүү шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Салбарын захирлын дээрх тушаалын эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 25.1-д зааснаар Т төв байгууллага хариуцах тул Т холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.
Т дүрмийн дагуу Гүйцэтгэх удирдлага төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулдаг, Компанийн тухай хуульд заасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байна.
Т дүрмийн 9 дүгээр зүйлд гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг заажээ. Уг дүрмийн 9.2 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь дор дурдсан үүрэг хүлээж, эрх эдлэнэ. Дүрмийн 9.2.19-д ТУЗ-өөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоо, үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт, урамшуулалын хэмжээг тогтооно, 9.2.20-д Ажилтнуудын ажил үүргийн хуваарыг тогтоох, ажилтныг ажилд авах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулах, цуцлах, дуусгавар болгох, 9.2.21-д ..салбарын удирдлага, ажилтнуудын гэрээг цуцлах, дуусгавар болгох зэрэг эрхийг эдлэхээр байна.
Гэтэл маргаан бүхий тушаал болох Т Төв аймгийн салбарын захирлын 2017.03.02-ны өдөр тушаал гарган Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох эрхгүй, гагцхүү гүйцэтгэх удирдлага, түүний захирал дүрэм болон Компаний тухай хуулиараа энэхүү эрхийг эдлэхээр байна. Гэтэл салбарын захирал С.Ариунболд нь ажилтны буюу Ө.Биндэрьяагийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох эрхгүй тул дээрх тушаал нь хууль бус байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг гагцхүү ажил олгогчийн санаачилгаар цуцлана гэж заасан. Тус хуулийн 3.1.6-д ажил олгогчийн төлөөлөгч гэж аж ахуйн нэгжийн удирдлагыг хэлнэ, мөн түүнээс эрх олгосон этгээдийг хэлнэ гэж заасан байна. Дээрх заалтын дагуу бол Т гүйцэтгэх удирдлага ажил олгогчийн төлөөлөгч болохоос салбарын захирал ажил олгогчийн төлөөлөгч биш байна. Түүнд аж ахуйн нэгжийн удирдлагын эрх хэмжээг олгосон тухай шийдвэр, итгэмжлэл байхгүй болно.Т гүйцэтгэх захирлын 2017.01.20-ны өдөрийн Орон тоо хассан тухай тушаалын 1, 2, 3 дахь заалтанд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох тухай огт заагаагүй, энэхүү тушаалаар салбарын захирал С.Ариунболдод нэхэмжлэгч Б хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай эрхийг олгоогүй байна. 2017.01.18-ны өдрийн Хүний нөөцийн хорооны шийдвэрт хамгийн бага ажилласан ажилтанд мэдэгдэх хуудсыг олгох зарчмыг баримтлах гэж ямар зарчим байна. Энэ нь ажлыг гүйцэтгэлийн дүгнэсэн шийдвэр мөн үү? Ямар ч хуульд тусгаагүй, шударга ёс, хуулинд үл нийцэх зарчмыг баримталсан нь хууль бус байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан. Дээд шүүхийн 2006 оны тогтоолд “мэдэгдэнэ” гарын үсэг зурж баталгаажуулсан байхыг ойлгоно. Гэтэл Т 2017.01.30-ны өдрийн Ө.Биндэрьяаг ажлаас чөлөөлсөн тухай Мэдэгдэлд ажилтны гарын үсэг байхгүй, зурж баталгаажуулаагүй, түүнд хууль ёсны дагуу албан ёсоор мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан процессийн алдаа гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэртээ заах ёстой. Мөн хуулийн 43.2-д ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. Гэтэл 2017.03.02-ны өдөр тушаал гарч, мөн өдрөө ажил хүлээлцэж байгаа нь тус хуулийн 43.1-д нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д ажилтанд 1 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлс олгоно гэж заасан. Гэвч маргаан бүхий тушаалын 2 дахь хэсэгт 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж заасан нь хууль бус. Гэтэл тушаал гарсан өдөртөө ажил хүлээлцүүлэхийг заасан байна.Эцэст нь нэхэмжлэгч Б нь эхнэр, хоёр охины хамт амьдардаг бөгөөд цалингийн болон орон сууцны зээлийн төлбөрийг cap бүр төлдөг. Гэтэл энэхүү хууль бус шийдвэрийн улмаас банкны зээлийн төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болж байгаа бөгөөд дан ганц эхнэрийнх нь цалин амьдралд нь хүрэлцэхгүй болж хохирч байгааг нь харгалзан үзэж зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгөхийг хүсч байна.
Иймд Т Төв аймгийн салбарын захирлын 2017.03.02-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 17/25 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь Сангийн яам, “Хадгаламж даатгалын корпораци” ХХК-иудын хувь нийлүүлсэн, төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Т эрх барих байгууллагын бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл цаашид хэрэгжүүлдэг. Т ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.19.-д заасан эрхийн хүрээнд Хүний нөөцийн хорооны 2017.01.18-ны өдрийн 07/12 дугаар хурлын шийдвэр, Т Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Төв аймаг салбарын "Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаалын нэг орон тоо хасагдсан.
Улмаар 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.5 дахь заалтын дагуу Төв аймаг салбарын “Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал хашиж байсан Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 сарын дараа цуцлах болсон тухай мэдэгдсэн. Хуульд заасан мэдэгдлийн 1 сарын хугацаа дууссанаар 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Төв аймаг салбарын захирлын 17/25 дугаар тушаалаар “Мэдээлэл технологи мэргэжилтэн” гэх албан тушаал хашиж байсан Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу Бд тэтгэмжийг нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгосон.
Т Хүний нөөцийн хорооны 2017.01.18-ны өдрийн 07/12 дугаар хурлын шийдвэр, Т Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Төв аймаг салбарын захирал С.Ариунболдод "Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд ажиллаж байсан Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай эрхийг шилжүүлэн өгсөн учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд гэж үзэхгүй.
Мөн ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж өгөх асуудлыг тус банкны ТУЗ-өөс гаргасан журмыг үндэслэн 1 сарын тэтгэмжийг өгдөг бөгөөд уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.
Иймд Ө.Б тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Б гаргасан хариуцагч Т ХХК-д холбогдох Т Төв аймаг салбарын захирлын 2017.03.02-ны өдрийн 17/25 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч талаас Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг Гүйцэтгэх удирдлагаас эрх олгогдоогүй этгээд болох Салбарын захирал гаргасан, мөн түүний албан тушаалын орон тоог цөөрүүлэхдээ ажлын гүйцэтгэл, ур чадвар, ажлын амжилт зэргээр нь өрсөлдүүлээгүй, мэдэгдэх хуудсаар 1 сарын өмнө бичгээр мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй, тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгохоор тушаалд заагаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан,
Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх бүхий этгээд болох банкны Гүйцэтгэх захирлаас салбарын захиралд Хүний нөөцийн хурлын шийдвэр болон гүйцэтгэх захирлын А/20 тоот шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхээ шилжүүлсэн, хамгийн сүүлд томилогдсон буюу хамгийн бага хугацаанд ажилласан ажилтанд мэдэгдэх хуудсыг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд ажлын гүйцэтгэл, ур чадвар зэргээр өрсөлдүүлэх шаардлагагүй, ажлаас халагдсан ажилтанд 1 сарын тэтгэмж олгохоор банкны Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэсэн журам байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
Хариуцагч Т ХХК нь Төв аймаг салбарын Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б Т Төв аймгийн салбарын захирлын 2017.03.02-ны өдрийн 17/25 тоот тушаалаар мөн өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдлоо.
Т Төв аймаг салбарын захирал С.Ариунболд нэхэмжлэгч Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Т дүрмийн 9.2.13, 9.2.20, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 11 дүгээр зүйлийн 11.4, Т Хүний нөөцийн хорооны 2017.01.18-ны өдрийн 07/12 дугаар хурлын шийдвэр, Т Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/20 дугаар тушаал зэргийг баримталжээ.
Т Хүний нөөцийн хорооны хурлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/12 дугаартай шийдвэрээр Төв аймаг салбарын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний 1 орон тоог хасч цөөрүүлэх, ийнхүү орон тоог цөөрүүлэхдээ хасагдаж буй албан тушаалын орон тоонд нэгээс дээш жил ажилтан ажиллаж байгаа тохиолдолд хамгийн сүүлд томилогдсон буюу хамгийн бага хугацаанд ажилласан ажилтанд мэдэгдэх хуудсыг олгох зарчмыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Салбарын захирлын зөвлөлд үүрэг болгосон байна.
Мөн Т гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/20 дугаартай орон тоо хасах тухай тушаалаар Төв аймаг салбарын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний 1 орон тоог хасч, уг тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүргийг орлогч захирал, Хүний нөөцийн газар, орон нутгийн банкны газарт өгчээ.
Т Төв аймаг салбарын Захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17/03 дугаартай хурлаас гарсан шийдвэрт: мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Бд мэдэгдлийг өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Т Төв аймаг салбарын Захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17/04 дугаартай хурлаар Т Хүний нөөцийн хорооны 2017.01.18-ны өдрийн 07/12 дугаар хурлын шийдвэр, Т Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/20 дугаар тушаалын дагуу Бд мэдэгдэх хуудсыг гардуулж өгөх асуудлыг хэлэлцсэн байх ба, нэхэмжлэгч Б “мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй учраас гарын үсэг зурахгүй” гэсэн тул түүнд мэдэгдлийг танилцуулж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд тусгагджээ.
Т ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.20-д “Ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд авах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулах, цуцлах, дуусгавар болгох”,
9.2.21-д “банкны газар, нэгж, салбар, тооцооны төв, касс, төлөөлөгчийн газар байгуулах, татан буулгах, тэдгээрийн удирдлага, ажилтнуудыг ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болгох” зэрэг эрхүүдийг банкны гүйцэтгэх удирдлага буюу Гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр заасан байна.
Мөн хариуцагч Т ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4-т “ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилга гаргасан бол ажилтанд 1-3 сар хүртэл хугацааны үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 1 удаа олгож болно”,
11.6-д “энэ журамд заасан нөхөн олговор, мэргэжлийн зэргийн нэмэгдэл, хөнгөлөлт, тэтгэмж, тусламжийг олгох шийдвэрийг Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулна” гэжээ.
Дээр дурдсан байдлуудаас үзэхэд Т ХХК нь Төв аймаг салбарын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний 1орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэсэн байх ба, уг албан тушаалын орон тоог цөөрүүлэхдээ хасагдаж буй албан тушаалтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх бүхий албан тушаалтан нь банкны Гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал байна.
Гэтэл Т ХХК-ийн Гүйцэтгэх захирлаас орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж буй нэхэмжлэгч Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг Төв аймаг салбарын захирал С.Ариунболдод шилжүүлсэн гэх тайлбар нь нотлох баримтгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Т Хүний нөөцийн хорооны 2017.01.18-ны өдрийн 07/12 дугаар хурлын шийдвэр, Т Гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/20 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч, уг баримтуудаар “орон тоог хасах, хасагдаж буй ажилтанд мэдэгдэх хуудас олгох” асуудлыг шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Мөн Т Төв аймаг салбарын Захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17/03 дугаартай хурлаар “Бд мэдэгдлийг өгөх”-өөр шийдвэрлэсэн болох нь нотлогдлоо.
Иймд Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хариуцагч Т Төв аймгийн салбарын захирлын 2017.03.02-ны өдрийн 17/25 тоот тушаалыг эрх бүхий албан тушаалтан гаргаагүй, хууль ёсны шийдвэр биш гэж үзсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үндэслэлийг буруутгах боломжгүй байна.
Мөн Гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд шийдвэрлэгдвэл зохих асуудал болох орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдаж буй ажилтанд 1-3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох Хөдөлмөрийн тухай хуулийн стандарт хэмжээг хэрхэн олгох асуудал нь хариуцагч Т ХХК-ийн дотоод журамд зааснаар Гүйцэтгэх захирал болон бусад бүрэн эрх олгогдсон албан тушаалтанд харьяалуулсан байна.
Гэтэл салбарын захирал хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа “1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох”-оор шийдвэрлэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчиж ажлаас халагдаж буй ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргажээ.
Иймд нэхэмжлэгч Б ажлаас чөлөөлсөн ажил олгогч буюу хариуцагч Т Төв аймаг салбарын захирлын шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул, Т Төв аймаг салбарын захирлын 2017.03.02-ны өдрийн 17/25 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Т ХХК-ийн Төв аймаг салбарын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 03 дугаар сарын 03-наас шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 21 хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ө.Б 2016 оны 12 сар, 2017 оны 1, 2 саруудад авч байсан сарын дундаж цалинг түүний нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн тооцоход 581.400+1.459.236+1.088.000=3.128.636:3 сар=1.042.878 төгрөгийн 1 сарын дундаж цалин хөлстэй байх ба, 2017 оны 9 дүгээр сард ажлын 21 хоногтой байх тул өдрийн дундаж цалин нь 1.042.878:21 хоног = 49.660 төгрөг байна.
2017.03.03-наас 2017.09.03 хүртэл 6 сар * 1.042.878 = 6.257.268 төгрөг, 2017.09.04-нөөс 2017.09.21 хүртэл ажлын 14 хоног * 49.660 = 695.240 төгрөг, 6.257.268 + 695.240 = 6.952.508 төгрөгийг хариуцагч Тнаас гаргуулж нэхэмжлэгч Бд олгохоор шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчийн дээрх олговроос тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг нөхөн хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т Төв аймаг салбарын захирлын 2017.03.02-ны өдрийн 17/25 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б Т ХХК-ийн Төв аймаг салбарын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Т ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 6.952.508 төгрөгийг гаргуулж Бд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ө.Б дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Т ХХК-иас 126.190 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч шийдвэрийг гардан авснаас хойш14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ