| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0012/э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2020-12-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Г-т холбогдох эрүүгийн 2021005750451 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .... овогт Г /РД: ................./.
Шүүгдэгч Г нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ******* хороололд байх “*******” гэх зочид буудлаас иргэн С-гийн эзэмшлийн “Ред ми ноте 8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гадуур архи ууж яваад Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн хороололд зүс таних ******* 21-22 цагийн орчимд тааралдсан юм. Энэ үед мөн адил ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас бид 2 хамтдаа архи уухаар тохиролцож дэлгүүрээс архи аваад тус багт үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй буудалд орж өрөө захиалан архи ууж эхэлсэн. ******* бид хоёр хамтдаа архи уугаад сууж байх үед үл таних 20 гаруй насны залуу манай өрөөнд орж ирээд бид хоёртой юм яриад байсан. Энэ үед ******* бид хоёр жаахан халамцуу байсан учраас тухайн залуутай хамтдаа сууж архи уусан. Ингээд би нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагийн орчимд сэрэхэд миний зүс таних ******* байгаагүй. Харин ******* бид хоёртой хамт архи уусан 20 гаруй насны залуу байж байсан. Ингээд би өөрийн эзэмшлийн “Ред ми ноте 8” маркийн гар утсаа хайтал байгаагүй. Тэгээд тухай залуугаас “миний утсыг харсан уу” гэхэд тэрээр “найз чинь аваад явсан” гэсэн. Ингээд би тухайн залууг буудлын өрөөнд үлдээгээд буудлаас гараад *******ыг хайж очоод уулзахад тэрээр миний гар утсыг аваагүй байсан. Ингээд бид хоёр ******* буудал дээр ирэхэд үл таних залуу байгаагүй. Ингээд ******* бид хоёр ломбард болон буудлуудаар тухайн залууг хайж эхэлсэн. Ингээд миний санаж байгаагаар 13 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар баг, 19 дүгээр байрны “******* *******” ломбард руу ороход ******* бид хоёртой хамт архи уусан залуу тухайн ломбардан дотор байж байсан. Тэгтэл тэрээр миний гар утсыг аль хэдийн тус ломбарданд миний санаж байгаагаар 160.000 төгрөгөөр тавьсан байсан бөгөөд түүний биед тухайн мөнгө байгаагүй. Мөн тэрээр дээр нь нэмээд 120.000 төгрөг авсан байсныг би түүнээс аваад ломбардны ажилтанд өгч учир байдлаа танилцуулсан. Тэгээд тухайн залууг зугтаах гээд байхаар нь цагдаа дуудаад өгсөн. Удалгүй цагдаа нар ирэхэд тухайн залуу цагдаад “намайг Г” гэдэг гэж нэрээ хэлж байсан. Ингээд би маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 170.000 төгрөгийг ломбардны ажилтанд өгөөд гар утсаа авсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 12-14/
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны орой жаахан эвгүй алхдаг 30 орчим насны залуу орж ирээд “Ред ми ноте 8” маркийн гар утсыг 150.000 төгрөгөнд барьцаанд барьцаанд тавьсан шиг санаж байна. Ингээд маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн орчимд манай ломбарданд дахин орж ирээд миний санаж байгаагаар 120.000 төгрөг нэмж авсан. Ингээд тухайн залуу мөнгөө аваад гарын үсгээ зураад гарсан. Удалгүй түүний араас хоёр залуу орж ирээд “Ред ми ноте 8” барьцаанд тавьсан сонин явдаг залуу орж ирсэн үү” гэхээр нь би “дөнгөж сая гараад явсан” гэж хэлсэн. Ингээд тухайн залуучууд нөгөө эвгүй явдаг залуугийн хамт орж ирээд түүнээс 120.000 төгрөгийг аваад манай ломбарданд тушаалгасан. Тухайн эвгүй алхдаг залууг цагдаа аваад явсан. Тухайн өдрөөс 1-2 хоногийн дараа тухайн гар утасны эзэн нь ирээд мөнгөө төлөөд гар утсаа аваад явсан. ...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/
Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 22/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36/
“Ред ми ноте 8” маркийн гар утсыг барьцаат зээлийн газарт барьцаанд тавьсан тухай баримт /хх-ийн 39/
Г-ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21, 28-30/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..... овогт Г нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр ******* хороололд байрлах “*******” зочид буудлаас хохирогч Сгийн эзэмшлийн “Ред ми ноте 8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч С, иргэний нэхэмжлэгч *******, гэрч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, “Ред ми ноте 8” маркийн гар утсыг барьцаат зээлийн газарт барьцаанд тавьсан тухай баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Г-т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч С-д 400.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хохирогч С нь хууль бусаар алдсан эд зүйлээ буцааж авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г-ийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийн дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА