Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

 

                                     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                             

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Л.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос  О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805048590362 тоот хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Эс Эс клаб ресторанд тогооч ажилтай, ам бүл 1, ... аймгийн ... сум ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  О-

 

Холбогдсон хэрэг/Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг 10 дугаар хорооллын замын хойд талд гар утас авч явсан гэх шалтгаанаар Ө.Золбаяртай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11434 дугаартай:

          “1. Б.Золбаяр-н биед баруун хөмсөгт шарх, баруун доод зовхинд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун, зүүн үүдэн дээд 1, баруун доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 15 дугаар хуудас/

 

          Хохирогч Б.Золбаярын “2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Билгүүн, Мягмардорж, Гэрэлчулуун гэх 3 найз нарынхаа хамт 00 цагийн орчим 10 дугаар хорооллын гудамж Стелла баарны урд талд явж байтал нэг өндөр шар залуу муухай хараад байна уу гэхээр нь үгүй, чи яагаад байна гээд бид нар уг залуутай маргалдсан ба тэр залуу өөрөөсөө гадна бас 4 залуутай явж байсан. Бид нар маргалдаад бие биетэйгээ хэрэлдэж байснаа больё гээд гар барилцаад уучлалт гуйгаад салаад явсан. Тэгээд бид нар уг газраасаа цаашаа зүүн тийш явж байтал нөгөө залуучууд араас дуудсан. Тэгэхээр нь бид нар эд нар аягүй бол олуулаа болоод араас  дуудлаа гээд зугтаасан. Бид нар тал тал зүг рүү гүйсэн. Тэгтэл миний араас О- гэх залуу /сүүлд цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ гүйж ирээд намайг хойноос татаж газар унагаасан. Энэ үед миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд О- бид нарын нэгний гар утас алга болсон, та нар авсан уу гэсэн. Тэгээд би үгүй утас аваагүй гэхэд газар байсан миний гар утсыг аваад найзын утсыг өгөөд гар утсаа аваарай гэж хэлсэн. Би юм дуугараагүй. Тэгтэл О- тухайн үед нэг утасны дугаар хэлээд маргааш энэ утас руу яриад утсаа ав гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нэг залуу бас гүйж ирээд тэр хоёр намайг орхиод яваад өгсөн. Тухайн үед миний нүүр рүү өшиглөхөд миний хамарнаас цус гарсан ба О- найзтайгаа яваад өгөхөөр нь би босоод цагдаад өргөдлөө бичиж өгсөн.

          ... Миний биед О- гэгч намайг хөөж байгаад араас татаж газар унагаагаад дээрээс хөлөөрөө нүүр рүү өшиглөх үед уг гэмтэл надад учирсан. Өөр намайг цохиж зодсон хүн байхгүй.

          ... Би тухайн үедээ найз нар утсыг нь авсан юм байна гэж бодоод зөвшөөрч дугараагүй. Тэгээд гар утсыг аваад дугаар өгөхөөр нь зөвшөөрч толгой дохиод явуулсан. Түүнээс надаас гар утсыг авахдаа хүч хэрэглэж болон зөвшөөрөлгүй аваагүй. Би харин маргааш нь өгсөн утасны дугаар руу залгах үедээ буруу дугаар цээжилчихээд залгаад байсан юм байна лээ.

          ... Надад эмчилгээний зардал баримт байхгүй. Харин надад О- уучлалт гуйгаад 500.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Харин гар утсыг маань хадгалуулсан Өлзийсайхан гэх залуу миний гар утсыг ямар нэгэн байдлаар эвдэж ашиглаагүй хэвийн бүрэн бүтэн эргүүлж өгсөн учир надад хохирол учраагүй. Одоо надад гаргаж өгөх баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би О-т гомдол саналгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдүүлэх хүсэлтэй байна.

          ... Миний ярьсан зүйл үнэн зөв. Эмчилгээний зардал болох 500.000 төгрөг гаргуулж авсан учир нэхэмжлэх зүйлгүй. Би эргээд Өвөрхангай аймаг руу явчих учир дахин ирэх боломжгүй. Шүүх хуралд оролцохгүй. Хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 58-60 дугаар хуудас/

 

          Л.О-ын яллагдагчаар өгсөн “... Дөрвөн залуу гарч ирээд зогсож байснаа том биетэй залуу нь муухай хараад байна уу гээд Өлзийсайхантай  маргалдсан. Тэгээд Энх-Амгалан, Өлзийсайхан, Наранчулуун гуравтай сөргөлдөөд нөгөө залуучууд хавирч газар унагасан. Тэр үед бид нар за за больё, учраа олъё эр хүмүүс байна, уучлаарай гээд салаад явж байтал Өлзийсайханы Нокиа маркийн гар утас нь халаасанд нь байсан алга болчихсон байна гэж хэлээд нөгөө залуучуудын араас Өлзийсайхан хөөе зогсож бай, гар утсаа авъя гэхэд тэнд байсан дөрвөн залуу тал тал тийш зугтаасан. Тэгэхээр нь бид нар бас залуучуудын араас тал тал тийш хөөж гүйсэн. Тэгээд би нэг залуугийн араас хөөж байгаад Олон Улсын эдийн засгийн сургуулийн урд талд хөөж гүйцээд барьж авахдаа өмсөж байсан цамцных нь малгайнаас нь татаад араас нь газар хавирч газар унагаагаад дуудаж байхад зогсохгүй гээд гэдэс орчим руу нь нэг удаа өшиглөсөн. ... Тэр үед хохирогч буюу Золбаяр газраас босож ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан.

          ... Би уг залууг огт танихгүй. Тухайн өдөр л зугтах үед нь араас нь хөөгөөд зогс гэхэд зогсохгүй зугтаад байсан учир хөөж очоод барьж авахдаа хөлөөрөө хөлийг нь хавсарч газар унахаар нь дээрээс нь өшиглөсөн. Түүнээс өөр бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй байсан.

          ... Миний хувьд Золбаяртай сайн дураараа эвлэрсэн. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан одоо байхгүй. Тухайн үедээ би өөрийн сэтгэлийн хөөрлөөр маш буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж ойлгож байгаа. Дахин ийм гэмт хэрэг хийхгүй. Надад хөнгөн шийтгэл хялбаршуулсан журмаар шийдэж оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 107-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Л.О- нь Ө.Золбаярыг “найз Өлзийсайханы гар утсыг авч явлаа” гэсэн шалтгааны улмаас хөөж маргалдан зодож түүний биед баруун хөмсөгт шарх, баруун доод зовхинд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун, зүүн үүдэн дээд 1, баруун доод үүдэн 1-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Ө.Золбаяр, гэрч М.Сайнболд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,  Л.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч  Ө.Золбаяр мөрдөн шалгах явцад “... Эмчилгээний зардал болох 500.000 төгрөг гаргуулж авсан учир нэхэмжлэх зүйлгүй” /хэргийн 55-60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг өгсөн мөн “... миний хувьд  гомдол саналгүй ...” гэсэн хүсэлт /хэргийн 113 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.О- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүх шүүгдэгч Л.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Л.О- торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Л.О- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Л.О- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ