Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/01678

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

   Дугаар 182/ШШ2017/01678

      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: С.Л

Хариуцагч:  “ТА-3” төсөл,

Хариуцагч: Сангийн яам, 

ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол, ээлжийн амралтын олговорт нийт 3.574.188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч “ТА-3” төслийн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

                                                  

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Л нь “ТА III” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн сум дэмжих багт Санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1.200.000 төгрөгийн цалинтай 8 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Гэхдээ төслийн нэгжээс ажилласан нийт хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар заасан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд хөлсөөр ажиллах гэрээг заасан бөгөөд С.Лгийн ажилласанд хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөхөөр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ” гэж заасан. С.Л нь хуульд заасан шаардлагыг хангасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүссэн байсан бөгөөд харин “ТА III” төсөл хэрэгжүүлэх нэгж түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тэрээр хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байна. С.Лгийн авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу /15, түүнээс дээш жил шимтгэл төлж ажилласан бол 70 хувиар/ 2.710.188 төгрөг болж байна.

“ТА III” төсөл хэрэгжүүлэх нэгж болон С.Л нарын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ”, 9.2-д “Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговор олгоно” гэж тус тус заасны дагуу С.Лгийн ээлжийн амралтын олговор нь 864.000 төгрөг болж байна. Иймд хариуцагч “ТА III” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Монгол Улсын Сангийн яамнаас ажилгүйдлийн тэтгэмж, ээлжийн амралтын олговорт нийт 3.574.188 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Лтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1.300.000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж тодорхой заасан бөгөөд үүнээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үндсэн цалингаас 130.000 төгрөгийн татварыг суутган авч улсын төсөвт төлдөг байсан. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг С.Лгийн гарт очих цалин дээр нэмж нийт 1.170.000 төгрөгийг сар бүр олгосон юм. Тодруулбал энэхүү 1.300.000 төгрөгт ажил олгогчийн зүгээс төлөх ёстой 11 хувь болох 143.000 төгрөг болон даатгуулагчаас төлөх ёстой 10 хувь болох 130.000  төгрөг буюу нийт 21 хувь болох 273,000 төгрөг багтсан юм. Өөрөөр хэлбэл даатгуулагчаас нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасаж 897.000 төгрөгийг тухайн ажилтны гарт олгох ёстой юм. Иймд нэхэмжлэгч С.Лд өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийг 8 сарын хугацаанд нийт 2.184.000 төгрөгийг гарт нь илүү төлсөн байна. Хэрэв нэхэмжлэгч энэ талаар хохирсон гэж үзэж байгаа бол бидний өгсөн 8 сарын нийт илүү төлсөн 2.184.000 төгрөгийг бидэнд олгож өгөх ёстой. Тодруулбал иргэн С.Л хохирсон биш илүү хөлс авч байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 2.184.000 төгрөгийг бидэнд өгвөл нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилтийг хийлгэж өгч болох юм. Нөгөө талаар, нэхэмжлэгч ажлаас халагдсан биш, шийдвэр гараагүй, ажиллаж байсан гэрээний хугацаа л дууссан. Тэгэхээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэхгүй юм.

Иргэн С.Лтэй хийсэн гэрээ нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ. Учир нь “ТА III” төсөл нь тодорхой хугацаатай, уг хугацаандаа тодорхой ажлыг хийж гүйцэтгэн дуусах төсөл юм. Тиймээс нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан болно. Иймд Иргэний хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр амралтын харилцаа зохицуулагдах ёстой юм. Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т “.. гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж, мөн 9.2 дахь хэсэгт “... жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж тус тус заасан. Гэрээнд заасан эдгээр зохицуулалт нь ажилтан заавал амралт авах зохицуулалт биш, мөн ажил олгогч заавал ажилтныг амраах зохицуулалт ч биш, өөрөөр хэлбэл тухайн ажилтанд амрах эрхээ эдлэх эрх нээгдэж байгааг илэрхийлж байна. Тодруулбал ажилтан гэрээний 9.1-д заасан эрхээ эдлээгүй байхад Сангийн яам, “ТА III” төслийн нэгжээс амралтын мөнгө бодож олгох гэрээний үүрэг үүсэхгүй. Харин С.Л амраагүй тул түүнд олгох ёстой амралтын хөлс тооцохгүйгээр гэрээний хөлсийг бүтнээр нь олгосон ом. Иймд С.Л гэрээнээс үүдэж хохирсон асуудал байхгүй ба бид гэрээнд заасан хөлсийг сар бүр бүрэн олгосон юм.

Мөн манай төслийн хувьд ажилчдын олговол зохих хөлсийг бүрэн олгож байсан, өөрөөр хэлбэл гэрээний үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсныг энд дурдах нь зүйтэй. Харин ч нэхэмжлэгч ажиллаагүй мөнгө авч байсан, ажлын байр, ширээ, сандал байгаагүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч “ТА-3” төслийн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тогтвортой амьжиргаа-3” төслийн нэгж нь Сангийн яамны харъяа нэгж бөгөөд Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай ижил байна гэв.

 

Шүүх хөлсөөр ажиллах гэрээ, ажлын байрны тодорхойлолт, харилцагчийн дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “ТА III” төслийн 21 аймгийн сум дэмжих багийн гишүүдийн цалингийн гүйлгээний жагсаалт, Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулах тухай Сангийн сайдын тушаал, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтцийг шинэчлэн тогтоох тухай Сангийн сайдын тушаал, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам, түүнийг баталсан Сангийн сайдын тушаал зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагч “ТА III” төсөл хэрэгжүүлэх нэгж, Сангийн яам нараас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан хохирол, ээлжийн амралтын олговорт гэж нийт 3.574.188 төгрөг нэхэмжилж байна.

           

            Хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр биш, хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан, гэрээний хугацаа дууссан, ажил олгогч ямар нэг шийдвэр гаргаагүй тул хохироосон зүйлгүй, үргэлжлүүлэн ажиллавал 8 дахь сараас ээлжийн амралт авах эрх нээгдэнэ гэж гэрээнд заасан нь заавал ээлжийн амралт олгоно гэсэн үг биш, нөгөө талаар хөлсөөр ажиллагч гэрээний хугацаанд ажиллаагүй, ажлын байр ширээ сандал компьютер байгаагүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

           

            “ТА III” төсөл хэрэгжүүлэх нэгж нь уг төслийг хэрэгжүүлэхээр Монгол улсын “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын дагуу Сангийн яам байгуулсан нэгж байх бөгөөд нэхэмжлэгч С.Лтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, нэхэмжлэгчийг Өвөрхангай аймгийн сум дэмжих багт Санхүүгийн удирдлага төсөв төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллуулж, сард 1.300.000 төгрөг цалин, хөлсийг олгох, үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан байхаар тохиролцсон байна. Гэрээг талууд 2 сараар сунгасныг тайлбарлаж байх ба хариуцагч 2016 оны 02 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд хүн амын орлогын албан татварыг суутган нэхэмжлэгчид сар бүр 1.170.000 төгрөгийг төлж байсан нь талуудын тайлбар, цалингийн гүйлгээний жагсаалтаас харагдаж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийг үндэслэж, хөлсөөр ажиллуулагч ажиллагчийг нийгмийн даатгалд заавал хамруулах байсан, хамруулаагүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авч чадалгүй хохирсон гэж тайлбарлаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:

1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;” гэж заажээ.

            Хуулийн заалтаас харахад хөлсөөр ажиллаж буй ажилтан нийгмийн даатгалд заавал даатгуулна гэж заасан байх ба үүнийг заавал хөлсөөр ажиллуулагч хийнэ гэж ойлгогдохгүй байна. Тэдний гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1.300.000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно” гэж заасан ба хариуцагч хүн амын орлогын албан татварт 130.000 төгрөгийг суутган авч үлдсэнийг хөлсөөр ажиллагчид өгч байсан байх тул хөлсөөр ажиллагч нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлж явах байжээ. Талууд хөлсөөр ажиллах гэрээгээр ингэж тохиролцсоныг буруутгах боломжгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйд нэхэмжлэгч өөрөө буруутай байна.

            Нөгөө талаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийн заалтаас харахад ажлаас халагдсан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмжийг авахаар байна. Хуулийн 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажилгүй болсноо ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн  тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба,  уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана”, 6.2-т “Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 10 дугаар зүйлд “Даатгуулагч мэргэжлийн сургалтад хамрагдах, ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгоход дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

1/ өргөдөл;

2/ нийгмийн даатгалын дэвтэр;

3/ ажлаас халсан тухай шийдвэр гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн хувьд, ажлаас халагдаагүй тул түүнийг ажлаас халсан тухай шийдвэр байхгүйн

гадна ажилгүй болсноо бүртгүүлсэн эсэх, тэтгэмж авах өргөдлөө хугацаанд нь гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөл гарцаагүй бүрдсэн байсан гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй болно.

            Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас болж ажилгүйдлийн тэтгэмж авч чадалгүй хохирсон гэж хохиролд 2.710.188 төгрөг нэхэмжилсэн шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Л нь ээлжийн амралтын олговорт 864.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд талууд Хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т “.. гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж зааж тохиролцжээ. Нэхэмжлэгч 9 сар ажиллаад гэрээний хугацаа дуусаж, сунгагдаагүй ба нэхэмжлэгч гэрээний хугацаанд ээлжийн амралт эдлэх боломжтой байжээ. Нэхэмжлэгч гэрээний хугацаанд ээлжийн амралт эдлээгүй ба гэрээний хугацаанаас хойш ээлжийн амралт эдлүүлэх үндэслэлгүй байна, үүнтэй холбоотойгоор ээлжийн амралтын олговор олгогдохгүй болно.

Мөн түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг ажиллаагүй, ажлын байр ширээ сандал, компьютер зэрэг ажлын хэрэгслээр хангагдаагүй гэдэг ба нэхэмжлэгч ажилласнаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Иймд хариуцагч нараар 3.574.188 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.           

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1.   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.1-ийг баримтлан “ТА III” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Сангийн яамнаас ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол, ээлжийн амралтын олговорт нийт 3.574.188 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч С.Лгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 72.140 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД